Уяачийн ёс зүй

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

Зөвхөн хөдөөгийн олон түмэнд төдийгүй, Монголын нийгэмд уяач хүн их хүндтэй байр суурь эзэлдэг. Орчин үед тэдний нэр нөлөө бүр ч их дээшилж байна. Ийм хүндтэй хөдөлмөр эрхэлдэг, нэр төртэй хүмүүс өөрсдөө ёс зүйн өндөр хэм хэмжээг мөрддөг байх учиртай. Энэ бол нийгмийн шаардлага. Энд зөвхөн уяачийн хувьд насан туршдаа мөрдөж явах ёстой уламжлалт зарим хэм хэмжээний талаар товч өгүүлнэ.
Уяач гэдэг хүндтэй нэрийг хүлээх хамгийн гол шалгуур юу вэ? гэвэл хурдан морийг уяж зөв сайхан эвлүүлэх явдал мөн. Өөрөөр хэлбэл уясан морио өөрөө эвлүүлж чаддаг хүнийг уяач гэж нэрлэдэг. Ийм болохоор уясан морьдоо хүнээр заалгалгүй өөрөө эвлүүлж чадаж байвал та өөрийгөө уяач болж байна гэж ойлгоод "би уяач хүн, би морь уядаг хүн" гэж нэрэлхэлгүй хэлж болох нээ. Түүнээс биш морио хүнээр уяулчихаад, өөрөө өөрийгөө уяач гэж хэлж таарахгүй, та өөрөө өөрийгөө уяач гэж нэрлэсэн ч, бусад хүн таныг "Буруу хойшоо уяач бол доо!" гэх нь байна шүү.
Уяач хүний шар гарах гэж нэг ойлголт бий. Энэ бол спортоор хичээллэдэг хүн бүрт хамаатай зүйл. Товчоор хэлэхэд уралдах бүртээ түрүүлэхийн чин хүслэн. Өнгөцхөн бодоход буруугүй, бүр зөв ч юм шиг санагдаж магадгүй. Үнэндээ амьдрал дээр тийм биш. Тийм хүслэн олон хүнд байдаг учраас бүгдийнх нь хүсэл нэгэн зэрэг биелэнэ гэж хэзээ ч байхгүй.
Нэг уралдаанд нэг л морь түрүүлж, бусад нь ч ар араасаа цуваад л ирнэ шүү дээ. Хоцорсон нь хордоод, бие, сэтгэлээ барих тэнхэлгүй болчихоод байвал хэцүү. Энэ бол хүний залуу насанд, морь уях олон жилийн хөдөлмөрийн дөнгөж эхний үед л байдаг зүйл. Ухаантай уяачийн хор шар нь эрт гарч, аливаа асуудалд уужуу тайвуу хандахыг эрхэмлэх болдог. Хор нь гараагүй уяач бол морь нь таранд түрүүлсэн ч, наадамд түрүүлсэн мэт ярвайгаад, морь нэг удаа хоцорсон ч нэг насаар хоцрох юм шиг урвайгаад байдаг. Хор нь гарсан уяач бол морь нь түрүүлсэн ч, хоцорсон ч төв түвшин байдлаа хадгалж чаддаг.
Уяачийн зан байдал морь унаач хүүхдэд шууд нөлөөлдөг, хүүхэд морийг унаж удирдаж уралддаг. Энэ гурав салшгүй холбоотой. Тийм ч учраас "гурван хор арилах" гэж ярьдаг. Энэ нь уяачийн хор, хүүхдийн хор, морины хор гарахыг хэлж буй хэрэг.
Гурван хор тэгшхэн арилж байж морь тэгш сайхан хурдалдаг жамтай.
Уяачийн ёс зүйн нэг гол хэмжүүр нь "унаган адуу" гэдэг ойлголтод тулгуурладаг. Энэ нь нөгөөх л өөрийн угшлийн адууны урьдач нөхцөлийг биелүүлэхийг уяачаас шаардаж байгаа хэрэг.
"Өрний хурдан морь айрагдуулснаас өөрийн унаган мориор мэнд сайхан уралдах нь дээр" гэцгээдэг. Энэ бол айраг, түрүү авахад хэт шунаад морь уяхын сайхныг огоорлоо гэж зэмлэсэн үг юм.
Уяан дээрээ ижил галбиртай, ижилдүү зүстэй, ижил тамгатай 12 адуу уячихаад байж байвал аргагүй л өөрийн гэсэн адуутай айл гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байдаг байна. Азаргаа айрагдуулж байж даагаа зар гэсэн үг бий. Азаргаа айрагдуулж чадаагүй байж даагаа зарвал "молиго", бэлэглэвэл "зусар" болно ч гэдэг. Бас их насны морь айрагдаагүй байхад бага насны адуу зарах арилжихыг яардаггүй. Эдгээр нь хурдан морины нэр барьж арилжаа наймаа хийх, ая тал засахыг цээрэлсэн ёс зүйн шаардлага юм даа.
Өөрийн унаган азарга, их морь айрагдаж байвал манай адуу үнэхээр сайжирчээ, манайх унаган хурдан адуутай болжээ гэж дотроо ойлгож болно, гадагш нь ярих хэрэггүй гэдэг.
Дээрх бүхнээс үзэхэд өөрийн ухаанаар бүрдүүлсэн унаган адуутай байхыг эрхэмлэх чанар их гол байр эзэлж байгаа биз.
Энэ бол уяачийн хөдөлмөрийн гол хэмжүүр нь юм шүү!
                                           "Тод магнай" сэтгүүл 2011 оны 4 сар дугаар № 15

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.91.161

    Эрлийз аваад байхад ирээдүйд ямар үр дагавар бий болох бол доо

    Reply