Б.Бат-Өлзий: Байнгын бэлтгэлтэй адуунд тэжээлийн хор суудаггүй

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 02 -нд

Хурдан морь уяж сойх цаашлаад төр түмнээ их цэнгүүлэх үйлсэд шамдан буй залуу уяач та бүхэнд зориулан хүргэдэг “Уяач зөвлөж байна” булангийн энэ удаагийн зочноор Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий уригдан оролцож, “Өвлийн адууны уяа, тэжээл, арчилгаа” сэдвээр уншигчдаас ирсэн  асуултанд хариулт өгсөн юм. Шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд их насны морь аман хүзүүнд хурдлуулан амжилтын гараагаа эхэлж байсан Тод манлай өдгөө “Их хурд”, улс, бүсийн наадмаас 13 түрүү, 33 айраг хүртэн ММСУХ-ны оны шилдэг уяачаар гурван жил дараалан шалгараад байгаа билээ. Өвлийн уяа буюу тэжээл арчилгаа ид эхэлж байгаа энэ үед Тод манлайн зөвлөгөө танд тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Хурдан морины уяа сойлгын талаар судар бичигт “хаврын цагт дэл дүүрэн, зуны цагт салмаатай, намрын цагт чөмөгтэй, өвлийн цагт өөхтэй уралдвал сайн” хэмээн сургасан нь дөрвөн цагийн улиралд уях морьдын уяа сойлгыг хичээнгүйлэн тааруулахыг сануулсан хэрэг юм.
Өвлийн арчилгаа маллагаа нь сүүлийн 20 гаруй жил эрчимтэй хөгжиж буй бөгөөд “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаан тогтмолжсон нь хүйтэн сэрүүний үеийн уяа сойлго, арчилгааг сайжруулахад улам бүр түлхэц болж байна.Өвөл буюу хүйтэн сэрүүний үеийн уяа нь зун уралдах морио онгойлгох давуу талтайгаас гадна хэдий чинээ сайн бэлтгэнэ зун төдий чинээ  сайн амжилт гаргахын эх суурь болдог учир орчин цагт өвөл ажил хийгээгүй адууг зун амжилт гаргана хэмээн хүлээх нь учир дутагдалтай. Шууд хэлэхэд боломжгүй зүйл юм. Гэхдээ өвлийн буюу хүйтэн сэрүүний улиралд уяа морьдондоо ажил хийхдээ анхаарал болгоомжтой байхгүй бол хатгаа авахаас эхлээд уушиг гэмтэх, цагаан мөгөөрс нь үрэвсэх, дороосоо хайрагдаж бөөр нь муудах зэрэг эрүүл мэндийн хүндрэлтэй асуудлууд гарч болзошгүйг залуу уяачид анхаарах хэрэгтэй.Миний саяын хэлсэн хүндрэлүүд гол төлөв даарч хөрснөөс болох тул цасан шуургатай юмуу салхитай үед мориндоо ажил хийхдээ даарч хөрөхөөс маш сайн хамгаалах хэрэгтэй.
Зуны уралдаанууд дууссаны дараа уяа морьдоо адуунд нь тавьж, бэлчээрээр нь тарга тэвээрэг суулгаж, тамир тэнхээг нь сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ аль болох ус ургамал сайтай нутгийг сонгох нь чухал. Морь тэжээдэггүй байх үед уяачид намрын сойлго гэдгийг хийж, байгаль цаг уурын гэнэтийн өөрчлөлт цасан шуурга, зуд турхан зэргээс урьдчилан сэргийлж биеийг нь чийрэгжүүлэн хяруунаар уяж хонох зэргээр хөлчиржүүлдэг байсан. Харин одоо цагт буюу тэжээлийн адуунд үүнийг хийх онцын шаардлагагүй. Магадгүй адуугаа тэжээдэггүй нутгийн уяачид хуучны уламжлалаа даган хяруу унаж сэрүүн ороод ирэхийн үеэс эхлээд 10-15 хоног дээр дурьдсанчлан хөлчиржүүлж болно.
Сүүлийн үед намар сэрүүн унах үед  зун уяаны явцад хөлдөө бэртэл гэмтэл авсан морьдоо голын усанд олон хоногоор сойдог “мода” гараад байна. Уг нь бол аливаа бэртлийг усаар анагаахдаа тухайн үед буюу халуун сэргэг дээр нь усанд хийснээр хавдар нь бууж, цаашлаад бороошилт нь бага тогтдог хэмээдэг байсан. Гэтэл нэгэнт хөлгүй болсон хойно нь ингэж олон хоногоор усанд уях нь сөрөг зүйлүүдийг дагуулах магадлалтай. Ядаж адуу маш их турна. Доороосоо хөрж, чөмөг нь царцана. Бөөр нь муудна.Бүр цаашлаад  биеийн эсэргүүцэл нь суларна шүү дээ.Туранхай  муу адууг ингэж усанд уябал хууч эмгэгүүд нь хөдөлж адуу их дор ордог. Ер нь дороосоо даарсанаас болж элдэв өвчин эмгэг тусах нь элбэг. Энэ мэт нарийн учрыг нь ойлгохгүй байж бусдыг дагаад адуугаараа тоглоод байх хэрэггүй болов уу.
Өвлийн уяа эхлэхийн өмнө нь морины хорыг гаргах хэрэгтэй. Ингэхдээ цасны хор гарсны дараа хийнэ. Цасны хор гарна гэдэг нь хоёр буюу түүнээс дээш удаа цас орж ерөнхийдөө цасан бүрхүүл тогтсон үеийг хэлэх бөгөөд энэ үеэс адууны хорыг гаргавал нуруугаа авахгүй хэмээдэг. Хор гаргах гэдэг нь адуун дээрээ очиж өвөл тэжээх морьдоо барьж ойр зуурхан унаж тавина. Энэ үйлдлээ хэд хэдэн удаагийн давтамжтай хийж өөхөн тамрыг нь барагдуулан, хүчийг нь хөдөлгөнө. Ингэснээр  адуун дахь сүүний хүчил гадагшилж /өтгөн хөлс нь гадагшилах хэмээн ойлгож болно/, хөлс нь шингэрэн үс нь  ширхэг ширхэгээрээ салаад ирдэг. Товчхондоо тохомны доор хөлс тогтохоо байна.Нэг зүйлийг анхааруулахад намар тарга тэвээрэг авч чадаагүй адууг дээр хэлсэнчлэн хорыг нь  гаргаж, унаж эдлэх шаардлагагүй, шууд бэлчээрээс нь авчраад тэжээж болно.
Хорыг нь гаргаж  хөнгөрүүлсэн адуугаа 11 дүгээр сарын  сүүл 12 дугаар сарын дунд үеэс бүр тодруулбал цасан бүрхүүл тогтож, ажил хийхэд адууны ул тавагт халгаагүй болсон үеэс эхлэн тэжээлд оруулах бөгөөд энэ үеийг өвлийн уяа эхэлж байна гэдэг. Газар хөлдсөн хүйтний улиралд цас ороогүй байх үед моринд ажил хийвэл ул, таваг гэмтэх магадлалтай байдаг тул заавал цас орсны дараа өвлийн уяаг эхлэх нь зүйтэй.
Уях морьдоо жүчээнд оруулан тэжээхийн өмнө зайлшгүй хийх ёстой нэг зүйл бол шимэгчдээс нь ангижруулах явдал юм. Ингэхийн тулд эмчийн зааврын дагуу туулга өгөх хэрэгтэй. Ер нь болж өгвөл эмчид үзүүлээд ямар нэгэн гэмтэл болон эмгэг байгаа эсэхийг хянуулсаны дараа тэжээлд оруулж, өвлийн уяаг эхэлбэл илүү үр дүнтэй байх шиг санагддаг шүү. Тэжээх  морьдын нас, тарга тэвээрэг зэргээс шалтгаалан овъёос, хивэг хольсон тэжээлийг өглөө /8-9 цагийн үед/ оройд /5-6 цагийн үед/ усалсаны дараа 1-10 шанагаар өгнө. Морьд таргалаад ирвэл тэжээлийг нь хасч, турах маягтай байвал нэмнэ. Өөрөөр хэлбэл тэжээлийг төдөн шанага хэмээн нарийн хэмжих нь учир дутагдалтай. Гэхдээ дунджаар нэг удаа өгөхдөө 2-3 буюу өдөрт 4-6 шанага  тэжээл өгөх нь  нийтлэг жишиг юм. Өлзийт хорооллын ихэнх уяачид тэжээлийн хажуугаар  оройд нэг адуунд тал боодол өвс өгдөг. Усныхаа жаврыг нь гаргаж өгвөл морь өвлийн хүйтэнд даарч энерги алдахгүй  давуу талтайг мөн санахад илүүдэхгүй байх. Гэхдээ олон адуу тэжээж байгаа үед нь энэ хүндрэлтэй тул шууд усалж болно. Харин харшаа, зүдэргээтэй адуунд цөөн удаа хар цай өгөх нь дэм болж байх шиг санагддаг.
Ийнхүү тэжээж, арчлахын зэрэгцээ уяа морьдод тохирсон ажлыг тогтмол хийж, бэлтгэл базааж байх хэрэгтэй. Адуу болгон харилцан адилгүй учраас уяач хүн өөрөө мэдэрч ажил хийнэ. Зарим морь өдөр болгон ажил хийхээр байхад зарим нь хоёр өнжөөд нэг хийх адуу ч бий.Тэжээлийн морьдыг хамгийн багадаа ирж очихын зургаа, дунджаар арван км зайд унаж, ажил хийнэ. Заримдаа мориныхоо хүчийг хөдөлгөхийн тулд 40-50 км зайтай газарт ч ажил хийж болно. Ажил хийгээд ирсний дараа хөлсийг заавал хусах шаардлаггүй. Нэг зүйлийг анхааруулахад туршлага муутай залуу уяачид салхи шуургатай хүйтэн өдрүүдэд онцын шаардлагагүй гэж үзвэл ажил хийхгүй өнжөөж болно.Зун уралдах бага насны адууг өвөл гарцаагүй тэжээх ёстой. Гэхдээ намар хорыг нь гаргаад, хавар урь орсны дараа  бага зэрэг унаж эдлэх зэргээр л ажил хийнэ. Бусад үед ачаалал өгөх шаардлагагүй. 
Өвлийн уяа сойлготой холбогдуулан асуусан асуултуудын нэлээд нь тэжээлийн хорын тухайд байна. Ихэнх хүмүүс тэжээлийн адуунд хор сууна гэж боддог бололтой. Миний хувьд харин ч эсрэгээрээ байнгын бэлтгэлтэй байгаа адуу хор сууна гэж байхгүй. Яагаад гэхээр идсэн тэжээлийнх нь хор хийсэн ажлаар буюу хөлсөөр нь гарчихаж байдаг. Харин ажил дутуугаас юмуу улаан буудайгаар голдуу тэжээдгээс болоод цус өтгөрч хордлогонд орох тохиолдол бий байх. Тэжээлийн хордлогонд орсон гэж бодож байвал аль болох их шингэн өгөх хэрэгтэй. Гэхдээ дуслаар бол дэмий. Ер нь адуу амаараа л шингэнээ нөхөж байдаг.Тэгэхээр  ханатал нь сайн усалж байх хэрэгтэй. Шингэний дутагдлыг нөхөх энэ арга бол зуны уяаны үед ч мөн хамаатай.
Уяа морьдын хувьд жилийн аль ч улиралд хамаатай нэг чухал асуудал бол эрдэс бодисын нэмэгдэл юм. Өөрөөр хэлбэл байнгын бэлтгэл сургуультай байгаа адуу хөлсөөрөө маш хэмжээний эрдэс алдаж байдаг бөгөөд төмөр, магни, зэс  зэрэг эрдсийг эмчийн зааврын дагуу витаминаар нөхөж байх хэрэгтэй. Хөдөө орон нутгийн уяачид тэр бүр витамин олдохгүй байгаа бол адуугаа аль болох сайн саамалж сургах хэрэгтэй. Саамнаас илүү виматин гэж байхгүй. Саам олдохгүй бол үхрийн сүү өгч болно. Ер нь саамлаад сургачихсан адууг хаана ч очоод уралдуулахад төвөггүй.Яагаад гэвэл зуны цагт саам олдохгүй газар ховор шүү дээ. Тэгэхээр хаана ч очсон нэмэлт тэжээлтэйгээ явна гэсэн үг. За ингээд уншигчдаас ирсэн асуултанд хариулъя.
-Уяаны холбогдолтой ямар ном товхимол байдаг вэ. Та ямар ном сурах бичгийг гарын авлага болгодог вэ?
-“Гэрийн тэжээвэр амьтдын анатом физиологи” болон доктор Г.Төмөрхадуурын “Хурдан морины уяа заслын онолын үндэс” гэсэн номнуудыг л уншдаг даа.
-Өвлийн уяанд хар гэдэс авахдаа яаж авах нь тохиромжтой вэ? Зарим хүн шар тос өгөөд ав гэх юм, зарим нь хужиртай ус өгөөд ав гэх юм. Миний хувьд хужиртай усаар усалж авдаг. Энэ зөв болов уу? Хамгийн гол нь маш дулаахан уяж хонох хэрэгтэй болов уу. Та энэ талаар саналаа хэлээч?
-Тэжээлийн адуунд хар гэдэс гэж бараг байдаггүй юм.
-Яаж гундаахгүй уях вэ?
-Гундаахгүй уяна гэдэг нь үсийг нь гундаахгүйг хэлж байна уу ядрааж гундаахгүйгүйг хэлж байна уу? Ер нь бол уяач хүн адууныхаа ачааллыг тохируулж ядраахгүй зөв уявал адуу гундахгүй.
-Өвөл бээрүүлсэн морины бээрээг яаж гаргах вэ?
-Бээрнэ гэдгийг голд нь хүйтэн орж дааруулахыг хэлж байна гэж ойлголоо. Шинжлэх ухааны үүднээс бол яг бээрсэн гэсэн нэр томъёо байхгүй. Ер нь дааруулж хөргөсөнөөс болоод өвчин олох магадлал ихтэй байдаг тул энэ тал дээр болгоомжтой байх хэрэгтэй талаар дээр зөвлөсөн байгаа.
-Өвөл ахар сүүл нь цантаад байдаг юм энэ юутай холбоотой вэ?
-Холгосноос болоод ч юмуу, эсвэл адуунд хазуулж өшиглүүлснээс болоод ямар нэг шарх үүссэн байх  магадлалтай. Тийм үед л ингэж норж цантаад байдаг.
-Уушгиндаа гэм суусан адууг хэрхэн эмчлэх ёстой вэ?
-Нэгэнт оношийг нь мэдэж байгаа бол өөрсдөө элдэв арга хэрэглэхээсээ илүүтэй мэргэжлийн эмчид хандах нь зөв. Яагаад гэвэл уралдааны моринд уушги маш чухал. Хамгийн гол уушгины өвчний хүндрэл аюул ихтэй. Өвөл хүйтэнд давхиулах, салхинд цохиулах, ханиад хүрээд дутуу эмчилснээс болоод уушгинд сэв суух нь элбэг. Энэ асуулттай холбогдуулаад хэлэхэд адууны дархлааг сайн дэмжиж байх хэрэгтэй. Дархлаа суларснаас болоод элдэв өвчинд өртөмхий болох нь бий. Би бол витаминлаг, чанартай сайн тэжээл өгөхийн зэрэгцээ хүнд хийдэг тималин гээд дархлаа дэмжих тариаг нэг удаадаа гурваар хийчихдэг.
-Ажил хийгээд ирсэний дараа амьсгаа нь удааширч, хөлс нь хатсаны дараа  амьсгаа нь буудаг.Тэгсэн хэр нь  15 км замд сайн яваад тодорхой хугацааны дараа  буцаад сэргэдэг. Ийм адууг яах ёстой вэ? Уяаны алдаа байна уу?
-Уяаны алдаа байна. Морь бөглөрч сууснаас болно. 
-Зоо махны бариа хөөлтийг хэрхэн буулгах вэ?
-Энэ бол их ярвигтай асуудал. Морины махыг үндсэнд нь эр, эм, яргай гэж гурав ангилдаг. Яргай  бөгөөд эр махтай адуунууд хөөлт ихтэй байдаг юм. Тэр нь барагтай бол арилдаггүй. Ер нь адууны булчин хөөж байна гэдэг сүүний хүчил их хуримтлагдсанаас болдог. Тэгэхээр сүүний хүчлийг аль болох багасгах хэрэгтэй. Ер нь уяатай л холбоотой эд л дээ. Морины уяа ханаад ирэхээр хөөлт багасдаг.
-Зун уралдах  морио өвөл тэжээгээгүй бол хэдий үеэс барьж ямар ажил хийх ёстой вэ?
-Өвөл тэжээгээгүй зун уралдах морийг цагаан сарын ар дээр оруулж ирээд тэжээх хэрэгтэй. Тэгээд хавар дөрөв таван сард ганц нэг уралдуулбал зүгээр байдаг юм.
-Гэдэсний хөндүүрийг хэрхэн авах вэ?
-Ажлаараа л гарна даа. Гурван хөндүүр гэдэг байнгын бэлтгэлтэй адуунд байхгүй.
-Гэдэсний хөвөөг хэрхэн гаргах вэ. Хэт чангарсан гэдсийг яаж суллах вэ?
-Энэ хөвөө, хар гэдэс гээд яриад байгааг би бас сайн ойлгодоггүй юм. Хур баас хуримтлагдаад гэдэснээс нь ер гардаггүй. Түүнээсээ болоод морь явдаггүй гэж ярих уяачид таардаг л даа.Гэтэл ном сонин уншаад үзсэн шинжлэх ухаан талаасаа ийм байх үндэслэлгүй юм билээ. Аливаа амьтан  гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр хоол тэжээлийн үлдэгдэл буюу баасаа гадагшуулж байдаг. Харин ажил дутуугаас болоод морины гэдэс цүрдийгээд ирэх нь бий. Мөн их туранхай морь хийгээ түрж чадахгүй, гэдэс нь цараадаг. Гурав дахь хүчин зүйл бол уяан дундуураа шороо идсэнээс болоод  давхиж ирээд амьсгаадах, гуйвах, гэдсээ хайрах  зэрэг шинж тэмдгүүдийг гаргадаг. Мөн хэл ам нь хатна. Ийм шинж тэмдгүүд илэрвэл уяж хоноод давстай усаар услах юмуу амаар нь давстай ус цутгах, бургуйдах зэрэг аргыг хэрэглэж болно. Зарим хүмүүс хярамаар, зарим нь давстай усаар бургуйддаг юм билээ. Давстай усаар бургуйдах бол давсыг нь маш бага хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол түлэх гэмтэй. Мөн сүүлийн үед зарим хүн ургамлын тосоор бургуйддаг болсон байна лээ.
-Хэт чангарсан гэдсийг яаж суллах вэ?
-Уяаны алдаанаас болоод тарган морь няцарч халуураад хоолоо идэж чадахгүй. Түүнээсээ болоод гэдэс нь нарийсч чангарч болно. Мөн ажил нь ихэдээд бүр ядаргаанд орохоороо бас гэдэс нь чангардаг.Гэдэс чангарах нь олон шалтгаантай ч  зөөлөн ажил  хийж аажмаар суллах нь зөв. Зарим үед дулаан нэмнээгээр нэмнэж унах нь тус болдог л юм.
-Үзүүрийн суултыг хэрхэн арилгах вэ?
-Үзүүрийн суулт ганц  нэг удаагийн ажлаар арилчихдаг зүйл биш. Бүтэн жилийн турш зөв уяа, эдэлгээгээр засна. Их хурдан байгаа морийг гол уралдаанаас нь өмнө зориуд цуцааж суултыг нь гаргах явдал бий.Өөрөөр хэлбэл албаар сунгаан дээр цуцаана гэсэн үг. Унжааг нь арилгах гэж байгаа нь энэ гээд бага насны адууг олон удаа цуцааж болохгүй. Сунгаад ирсний дараа ганц нэг удаа өөд газар хөтөлж цуцааг нь гаргаж болно. Олон бол зүрх нь үхэх гэмтэй. Бага адуутай холбогдуулаад нэг зүйлийг сануулахад хэдий сайн байсан ч нэг жил хэт олон уралдуулж болохгүй. Зарим хүмүүс хурдан байна гээд давхар уяагаар их олон уралдуулчихдаг. Түүнээс болоод хамаг юмаа нэг дор шавхсан адуу дараа нь амжилт гаргаж чадахаа больдог.
-Өвөл уяад амжилт гаргах адууны онцлог, түүнийг хэрхэн мэдэх вэ?
-Уяж байж л мэднэ үү гэхээс биш гаднаас нь хараад мэднэ гэж байхгүй дээ. Ер нь ажиглаж байхад
арьс хөрс зузаантай,тачирхан үстэй, мах ихтэй адуу өвөл амжилт гаргах нь  арай илүү юм шиг байдаг шүү. Богино үстэй  адууны хөлс амархан хатдаг учраас өвөл уралдуулахад тохиромжтой л доо.
-Өвлийн адуунаас хөлс авч болох уу?
-Болохын хувьд болно. Гэхдээ ер нь дэмий дээ. Халуун хүйтэн харшлаад хатгаа авах эрсдэлтэй байдаг юм.
-Өвөл бага адууг унаж хөлөргөх нь зөв үү?
-Яг өвөл унаж хөлөргөх нь муу. Цагаан сарын дараа хаврын урь орсон үед бол болно.
-Өвөл азарга уралдуулах нь үр тогтоолтонд нь нөлөөлөх үү? 
-Ерөнхийдөө азаргыг өвөл уралдуулах нь сайнгүй байх. Гэхдээ хаа саагүй уралдуулж байна шүү дээ.
-Овъёосыг хуурайгаар нь өгөх, дэвтээж өгөхийн аль нь илүү тустай вэ?
-Мэдээж дэвтээж өгвөл илүү шингэц сайтай. Гэхдээ хуурайгаар нь өглөө гээд муудаад сүйд болохгүй.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.89.119

    Овъёосыг чанаж өгөх нь хэр үр дүнтэй вэ халуун усаар нь дэвтээхээр исээд байх юм..

    Reply