АДУУНЫ СЭТГЭЛ ЗҮЙ БУЮУ СУРГАЛТЫН АРГЫН ТУХАЙД NH

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 10 -нд

Адуу ухаантай амьтан. Үүнтэй маргах хүн манай уншигчдын дундаас гарахгүй байх. Гэхдээ яагаад адуу бусдаас илүү ухаантай байдгийг тэр бүр мэдэхгүй байх. Бид түүнийг батлах маш сонирхолтой нийтлэлийг уншигч танаа хүргэж байна. Их  Британий хатан хаанаас эхлээд дэлхийн морьтнууд энэ зүг рүү хараа шилжүүлж, яаж өөрсдийн орны хөрс шороонд нутагшуулах тухай бодоцгоох болж. Бид тэднээс юугаараа дутах вэ. Оролдоод үзэхэд болохгүй зүйлгүй шүү дээ. 

Адууны сэтгэл зүй гэдгийг хамгийн товчоор олз амьтны сэтгэл зүй хэмээн ойлгож болно. Хүн адууг гаршуулаад 7-8 мянган жил болж байгаа хэмээн судлаачид үздэг бол адууны дээд өвөг нь дөрвөн сая жилийн тэртээ үүссэн байдаг. Тиймээс сүүлийн 7-8 мянган жилийг эс тооцвол адуу нь  гурван сая гаруй жилийн туршид яавал араатны олз болчихгүй байх вэ гэдэгт гол анхаарлаа тавьж ирсэн хэрэг. Энэ бол асар их хугацаа тул сүүлийн 7 эсвэл 8 мянган жилийн селекци бодит нөлөө үзүүлж чадахгүй гэж болно. Тэгээд ч чоноо бараг бүрэн устгасан Европ тивийг эс тооцвол олз амьтны сэтгэл зүй нь одоо ч адууг амьд гарахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр, цаашдаа ч тийм байх болно. 
Тиймээс юуны өмнө адуунд өөрийгөө махчин, араатан биш, хамтрагч эсвэл удирдагч гэдгийг харуулах хэрэгтэй болж таарна. Үүний тул юуны өмнө орчин тойрноо хэрхэн хүлээж авдгийг ойлгох хэрэгтэй. Харин орчин тойрноо хэрхэн тусган авдгийг ойлгохын тулд  гадны өдөөгчийг хэрхэн хүлээж авч мэдэрдэг болохыг ойлгодог байх хэрэгтэй юм. 
ХАРАА
Аюулыг хамгийн хол зайнаас хурдан илрүүлэх боломж олгодог зүйл нь нүд, алсын хараа. Тиймээс адуунд эргэн тойронд нь байгаа юмс, хүн, амьтад яаж харагдаж байна түүнээс хамаараад тэдгээрт хандах хандлага ч янз бүр байх болно. 
Хэдий чинээ алсаас махчин араатныг олж хараад ялгаж таньж чадна тэр чинээгээрээ амьд үлдэх магадлал өндөр. Энэ зорилгод нийцэх үүднээс адууны нүд нь араатан амьтдынх шиг толгойн хоёр талд байрлан, эргэн тойрноо бараг 360 градусаар байнга харж байдаг. Ингэж нэг талын нүд нь өөрийн талаа дангаар харахыг монокуляр хараа гэнэ. Харин адууны дух хэсгийн зайнд хоёр нүдний хараа нийлж харах тул бинокуляр буюу хүнтэй адил хардаг. Монокуляр буюу зөвхөн нэг талын нүдээр харах үед анхаарлыг нь татсан эд зүйл эсвэл хүн, амьтан хүртэлх зайг тодорхойлоход их хэцүү байдаг. Иймд тухайн зүйл хүртэлх бодит зайг нарийн тодорхойлох үүднээс адуу нь сонирхсон зүйл рүүгээ толгойгоо эргүүлэн бинокуляр хараагаар хардаг гэж болно. Мөн нэг талын нүдээр харах үед зай тодорхойлох хэцүү байдаг тул давхих алхах үед хажуу талд нь гэнэт шувуу өвсөн дундаас нисэх эсвэл цаас салхинд туугдан хөдлөх үед  ихэд үргэдэг. Учир нь, тухайн зүйл хүртэлх бодит зай нь тодорхойгүй тул адуу төрөлхийн араншингаа дагаад аль болох хол зугатсан нь хамгийн зөв гэж бодон үргэж зайлдаг байна. 
Адууны харааны чадвар маш сайн хөгжсөн байдаг тул зөв сургаж чадвал хүний нүүр ба биеийн өчүүхэн төдий хувирлыг ялган таньж, тухай бүрт тохирсон хариу үйлдэл үзүүлж чаддаг. Үүний тод жишээ нь Ухаант Ганс нэртэй морины түүх юм. Энэ морь математикийн маш хүнд бодлогыг бодоод хариуг нь туурайн товшилтоор зөв өгч чаддаг гэдгээрээ цагтаа ихээхэн дуулиан тарьж байсан билээ. Энэ морийг судлахаар олон тооны комисс гарч нарийн судалсны эцэст бодлого тавих үедээ эзнийх нь нүүр, царайнд гардаг хүнд анзаарагддаггүй үл мэдэг хөдөлгөөнийг ялгаж таниад түүнд нь тохирсон хариу өгч товшдог байсныг тогтоосон байдаг. Тэгэхээр харааны чадвар ямар өндөр хөгжсөн нь ойлгомжтой. 
СОНСГОЛ
Аюулыг алсаас илрүүлэх боломж олгодог дараагийн зүйл нь дуу чимээ. Адууны сонсгол хүнийхээс хавьгүй илүү. Анхаарлыг нь татсан дуу чимээ гарсан зүгт чихээ эргүүлэн хөдөлгөдөг. Дуу чимээ мэдрэх чадвар маш өндөр тул хүний зан байдлыг дууных нь өнгөөр ялгаж мэддэг. Тиймээс айж эмээсэн, болгоомжилсон өнгө аясыг андахгүй. Учир нь, адуу нь хүний чих ялгаж таньдаггүй өндөр давтамжийг сонсох чадвартай байдаг. Одоогоор адуу нь уур, уцаар, баяр хөөрөл, гомдол гэх мэт сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн 100 орчим төрлийн дуу авиа гаргадаг болохыг тогтоогоод буй. Сонсох ба дуу авиа гаргах чадвар ийм өндөр хөгжсөн тул адуу нь дуут командыг хялбар тогтоон авч нарийн биелүүлэх чадвартай байдаг нь ойлгомжтой. Түүнчлэн адуу нь чихнийхээ хөдөлгөөнөөр өөрийн сэтгэл санааг илэрхийлж чаддаг. 
ҮНЭР
Дараагийн чухал өдөөгч нь үнэр. Үнэр мөн л аюулыг алсаас илрүүлэх боломж олгодог. Заримдаа харагдахгүй, дуу авиа ч сонсогдохгүй байж болох ч үнэр нь хэдийнэ хүрээд айх хэрэгтэй эсвэл хэрэггүй тухай мэдээллийг адуунд хүргэсэн байдаг. Иймд адууны хувьд шинэ газар орон, эмээл хазаараас эхлээд шинэ бүхэнтэй танилцахдаа заавал үнэрлэж үздэг. Танихгүй шинэ үнэрт дасч, аюулгүй гэдэгт нь итгэлтэй болсон цагт л үргэж болгоомжлохоо байдаг. Иймд шинэ хазаар гэх мэтийн зүйлс авсан бол зүүхийн өмнө адуунд заавал үнэрлүүлж дасгахыг туршлагатай дасгалжуулагчид зөвлөдөг. Үнэрлэх чадвар өндөр хөгжсөн байдаг тул хурц үнэртэй сүрчиг, архины үнэр зэрэгт тун дургүй. 
ХҮРТЭХҮЙ
Адууны хүртэх мэдрэмж маш өндөр хөгжсөн байдаг. Эндээс хамгийн мэдрэмтгий хэсэг нь олон тооны вибрис буюу мэдрэгч үс байрласан байдаг уруул юм. Эдгээр вибрисүүд нь мэдрэлийн үзүүрүүдтэй шууд холбогддог тул өчүүхэн төдий салхи, агаарын хөдөлгөөн, шүргэж байгаа зүйлийн хатуу зөөлөн зэргийг дээд зэргээр нарийн мэдэрч, тэр тухай мэдээлэл нь тархинд шууд хүрдэг.  Дээд уруул нь хамгийн  мэдрэмтгий. Иймд уруулд нь хүчтэй, огцом хүрэхэд тун дургүй. Энэ онцлогийг зөв ашиглавал шаардлагатай болзолт рефлексийг богино хугацаанд тогтоох боломжтой байдаг. 
ТЕМПЕРАМЕНТ
Эдгээр өдөөгчийг хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх онцлогоос хамаараад адууны зан байдал янз бүр. Адууны угшил, биеийн бүтцээс хамаараад цэвэр цусных, уналгынх буюу бүлээн цустай ба ачлагынх гэж ялгадаг бөгөөд үүлдрээ дагаад темперамент нь ч янз бүр. 
Бүлээн цустай адуу нь бие цэх, явдал хөнгөн ба угшил сайтай. Ийм үүлдрийн адууг цэрэг дайны зориулалтаар гаргаж авсан онцлогтой. Тэсрэмтгий ч хурдан бөгөөд дайчин үүлдрийн адууг хөдөө аж ахуйд гол төлөв ашигладаг тэвчээртэй, номхон үүлдрийн адуутай нийлүүлэх замаар гаргаж авсан тул зөөлөн темпераменттай, зоригтой байдаг онцлогтой. Маш их хөдөлдөг спортын ба уналгын хэв шинж бүхий адуу юм. 
Цэвэр цусны адуу гэдэг нь сайжруулах  үржүүлэгт ашиглагддаг нэг үүлдрийн адуу юм. Энэ төрөлд Араб, Ахалтек адуу, Англи үүлдрийн цэвэр цусны адуунууд багтана. Тэд маш хурц темпераменттай, өндөр хөгжсөн зөн совинтой, сэтгэцийн хувьд илүү нарийн. Байнгын арчилгаа, анхаарал шаарддаг адуу юм.
Ачлагын үүлдрийн адуу нь лагс биетэй, жин ихтэй, маш тэсвэртэй бөгөөд хүн ачаа зөөх, хөдөө аж ахуйд ашиглахаар гаргаж авсан. Ааш зан тайван, удаан бөгөөд хүнээс ч мөн адил тайван, тэвчээртэй харилцаа шаардаж байдаг гэж болно. Түүнчлэн өмнө нь таарч байгаагүй нөхцөлд ороход алдах онох зэргээр олон оролдлого хийлгүйгээр шууд зөв хариу үйлдэл хийх чадвартай. Ийм чадварыг инсайт гэдэг. Өөрөөр хэлбэл хийх үйлдлийнхээ үр дүнг урьдчилан тооцож, эргэцүүлж чаддаг гэсэн үг. Ингэж эргэцүүлэн бодож чадаж байгаа нь дүрслэн сэтгэх чадвартайг нь харуулдаг. Адуу  нь богино хугацаанд болзолт рефлекс боловсруулан олон жилийн турш тогтоох чадвартай. Адууны мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хэв шинж нь зан байдлынх нь онцлогийг тодорхойлж өгдөг. Мэдрэлийн системийнх нь өдөөлт ба сааралтын онцлогийн хослолоор нь дөрвөн төрлийн хэв шинжийг ялгаж үздэг. Үүнд:
Хүчтэй, тогтвортой, сааралт ихтэй. Ийм адуу тайван, шинэ нөхцөлд удаан хугацаанд дасан зохицдог, үргэмтгий. Ажиллах чадвараа удаан хугацаанд нөхөн сэргээдэг. 
Хүчтэй, тогтвортой, хөдөлгөөнтэй. Ийм адуу нь идэвхтэй, эрч хүчтэй, тайван, үр бүтээмж өндөртэй, богино хугацаанд хүчээ сэргээж чаддаг.
Хүчтэй, өдөөмтгий. Өдөөгдөх буюу хөөрөх явц нь саарах явцаасаа илүү хүчтэй. Хэвийн нөхцөлд маш өндөр үр дүнтэйгээр ажиллах чадвартай бол ачаалал өндөр үед ажлын чадвар унадаг.
Сул хэв шинж. Өдөөгдөх ба саарах явц нь адилхан сул. Ийм төрлийн адуу үргэмтгий, ааштай, зоргоороо. Ажлын бүтээмж бага. 
Дээр дурдагдсан темперамент, мэдрэлийн тогтолцооны хэв шинж зэрэг нь төрөлхийн онцлог гэж болно. Харин  адууны ааш нь хэрхэн сургаснаасаа хамаарна. Өөрөөр хэлбэл темпераментаас ялгаатай гэсэн үг. Хуучны хандлагаар бол адууны темперамент гэх мэт сэтгэл зүйн онцлог ямар байгаагаас үл хамаараад хүчээр бүрэн номхруулж, эрхэндээ оруулах замаар эзэн хүнд хэрэгтэй зүйлийг хийдэг болгодог байсан. Өөрөөр хэлбэл адуу юу мэдэрч, яагаад нэг зүйлийг сурахгүй удаад байгаа зэрэг нь хэнд ч хамаагүй, тоож ч үздэггүй байсан хэрэг. Харин амьтад ч хүнтэй адил янз бүрийн темпераменттай, өөрийн гэсэн сэтгэл зүйн онцлогтой, түүнээс хамаараад ойлгож, зөв арга барилаар хандвал илүү үр дүнд хүрч болдог гэдгийг 20-р зууны хоёрдугаар хагасаас нээж идэвхтэй ашиглах болсноор байдал өөрчлөгдсөн гэж болно. 
Адууны төрөлхийн темперамент, мэдрэлийн тогтолцооны хэв шинж гэх мэт сэтгэл зүйн онцлог дээр тулгуурлан хэрхэн сургах тухай маш олон янзын үзэл арга барил, сургуулиуд бий болсон. Үүний нэг тод жишээ нь “Natural Horsemanship” (товчлоод NH) гэж нэрлэгдсэн адуутай ажиллах аргачлал юм. 
“NH” нь ердөө 20-30 жилийн тэртээ АНУ-д үүсэн бий болсон ч өдгөө адуу сургах хамгийн моодны аргачлал, сургууль, манайхны ярих дуртайчлан “школ” болж хувираад байгаа. Гэхдээ Европ, Ази гэх мэт адуу сургах хэдэн мянган жилийн түүхтэй газар нутагт “NH”-ийг дагаж хуйлраагүй, нэлээд шүүмжлэлтэй  хандсан хэвээр байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. 
ОНЦЛОГ
Юуны өмнө “NH” гэсэн нэрийн доор сурталчлагдаж, түгэн тархаж байгаа урсгалд нэгдсэн арга барил гэхээр зүйл байдагггүй гэдгийг хэлэх хэрэгтэй.  “NH”-ийг мэргэжилтнүүд нэг арга барил бус харин адуутай харилцах сэтгэлгээг бүрдүүлэгч зарчим, философи гэвэл илүү ортой ч гэдэг. Тэгэхээр адуутай ажиллахдаа “NH”-ийн үндэс болсон ерөнхий зарчмууд дээр тулгуурладаг олон онолч, практикч нарыг ерөнхийд нь хамруулдаг нэр гэж болно. 
Энэ аргачлалыг дагагчид нь юуны өмнө адуунд хандах хандлагаа үндсээр нь өөрчлөхийг хүнээс шаарддаг гэж болно. 
Адууг хүнтэй адил ухаан, мэдрэмж, бодол санаатай бие хүний түвшинд хүлээн авч харилцах ёстой гэж үзнэ. Нэгэнт л хүнтэй адил бодол, хүсэл, зан ааштай гэж үзэж байгаа тул харилцан хүндлэх, харилцан ойлголцол, итгэлцэл гэсэн зүйл аяндаа л чухал болохоос өөр аргагүй. Энэ бүхний гол санааг нь товчилбол “Амжилтанд хүрэхийг хүсвэл адууг хүндэл, анхааралтай сонсож сур. Хэрэв “муухай ааш” гаргаад байгаа бол цаана нь тэгэх шалтгаан байгаа хэрэг. Тэр шалтгааныг нь олж, арилгавал адууны зан байдал аяндаа өөрчлөгдөнө. Ингэвэл адуу таныг хүндэлж өөрийн хүслээр таны тушаалыг биелүүлэн, хамтран ажиллах болно” гэсэн хэлбэртэй болох юм. 
ЭХ ҮНДЭС
“NH”-ий тулгын чулуу, эх нь амьтдын сэтгэл зүй юм. “NH”-ийн талаарх олон тооны нийтлэл, бүтээлд адууны зан байдлын аль нэгэн хэв загварыг дэлгэрэнгүй дүрслэн бичиж, үүсэх нөхцөл, үр дагавар зэргийг нь дэлгэрэнгүй авч үздэг. Тухайлбал, сүрэг доторх адууны зан байдал, адуу хоорондын харилцааны загварууд, сүрэг доторх шаталсан зиндааны бүтэц, сэлгээ зэргийг маш нарийн судална. Адууны нэгэн төрлийн “хэл” болж байдаг зогсолт, хөдөлгөөн зэрэгт ихээхэн анхаарал хандуулдаг. 
Энэ мэт адууны сэтгэл зүйн онцлогийг сургалт, дасгалжуулалтад маш идэвхтэй хэрэглэдэг. “NH”-ийн мэргэжилтнүүдийн өгч байгаа зөвлгөөний дийлэнх нь адууны зан байдлыг загварчлах, түүнтэй холбоотой аль нэг дутагдлыг арилгахад чиглэсэн байдаг. Ингэж сул талыг арилгахдаа адууны зан байдлын байгалиас заяагдсан, ердийн сэдэл ба загваруудыг ашиглах ёстой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл адуутай харилцахдаа адууны гаргадаг аль нэг зан байдлын хэвийн дуурайн харуулах ёстой. Ингэвэл хүн өөрөөс нь юу хүсээд байгааг адуу дээд зэргээр ойлгоно оо. Гэхдээ мэдээж хэрэг дуурайж харуулна гэдэг нь өөрөө адуу болох ёстой гэсэн үг биш. Хүн бол хүн болохоор адууны зан байдлын аль нэг хэвийг дуурайн харуулахад ч хязгаар бий. 
"Natural Horsemanship”-ийн ихэнх дасгалжуулагчдын мөрддөг үндсэн зарчим нь манлайллын, лидерийн онол юм. Энэ онол нь мөн л адууны сэтгэл зүй дээр тулгуурласан. Адууны сэтгэл зүй нь “олз амьтан”-ы сэтгэл зүй гэсэн онцлогтой тухай дээр дурдсан. Үүний дээр олз амьтан нь араатны хоол болохгүйн тулд дийлэнхдээ сүрэг болж амьдардаг. Сүргээр амьдрах нь сүрэгт багтсан адууны амьд гарах магадлалыг олон дахин өсгөдөг. Учир нь, ганцаар явбал хос нүд, хос чих эргэн тойрноо чагнаж, харах бол сүрэглэн явахад маш олон нүд, чих аюулгүй байдлыг хамгаална. Харин сүрэгт ахлагч, манлайлагч гэж байдаг. Хамгийн соргог, ухаантай, хүчтэй, алсын хараатай нь гол төлөв ахлагч болдог тул ахлагчийнхаа үгэнд орж аясаар нь явах нь тухайн сүрэг эсэн мэнд гарахын нэг гол нөхцөл. Харин адуу бол сүргийн амьтан бөгөөд сүргийн ахлагч азарганд үг дуугүй захирагддаг. Тиймээс адууг хүний үгэнд сайн дураар, өөрийн хүслээр бүрэн орж, тушаалыг нь биелүүлдэг байхын тулд хүн сүргийн ахлагч, манлайлагч нь болох хэрэгтэй гэсэн гаргалгаа аяндаа гарч ирнэ. Хэрхэн манлайллыг гартаа авах тухай цагийн шалгуур давсан олон тооны бодит аргачлал, заавар бий тул бүгдийг нь тоочих нь илүүц биз. 
“Natural Horsemanship”-д хөндөгддөг өөр нэг асуудал нь шийтгэл юм. Адууг сургахад огт шийтгэлгүйгээр хол явахгүй. 
Гэхдээ ташуурдах, цорводох гэх мэт хуучны хэрцгий аргуудыг “Natural Horsemanship”-д хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг юуны өмнө онцлох хэрэгтэй. Учир нь, адууны сэтгэл зүйн үүднээс ийм арга нь ямар ч утгагүйн дээр хэрцгий юм. Тиймээс шийтгэл ч мөн л сэтгэл зүйн түвшинд явагдах нь хамгийн үр дүнтэй гэсэн үг. 
Тоног хэрэгслийн хувьд хамгийн төгс хэлбэртээ “Natural Horsemanship”-ийн зарчмыг дагагч нь ямар ч хазаар, амгай, дөрөө, эмээлгүйгээр, зөвхөн дуу өгөх, гар ба биеийн хөдөлгөөнөөр залах ёстой. Гэхдээ ийм өндөр түвшинд хүрсэн нь тун цөөн тул бодит байдал дээр ногт, зөөлөн амгай, эмээл гэх мэт адуунд хамгийн бага зовиур төрүүлдэг, хамгийн зөөлөн гэж болохоор тоног хэрэгслийг ашиглахыг зүйд нийцнэ гэж үздэг. Ингээд зогсохгүй тэмцээн уралдаанд түрүүлэхийн тулд морийг зовоох нь зүйд нийцэхгүй гэж үзэх тул морийг сургах, дасгалжуулах бус хүмүүжүүлэх гэж ярих нь зүйтэй гэж үзнэ. Тиймээс “Natural Horsemanship”-ийн гол зорилго нь адууны сэтгэл зүйг ашиглаад тэмцээн уралдаанд түрүүлэх явдал бус харин бүрэн дүүрэн ойлголцолд хүрэх явдал юм. Байгалийг байгаа чигээр нь хүлээн авч, дасан зохицох гэдэг зарчимтай яв цав нийлж байгаа хэрэг. 
ҮНДЭСЛЭГЧ
Энэхүү аргачлалд “Natural Horsemanship” гэсэн нэрийг өгч, энэ “школ”-ын үндсийг тавьсан хүн нь Пат Парэлли гэдэг америк хүн юм. Тэрээр “NH”-тэй төстэй олон төрлийн аргачлалуудыг нэг гольдролд оруулан базаж, олон нийтэд эрчимтэй сурталчлан таниулж эхэлснээр “NH” нь үүссэн хэрэг. Пат Парэлли нь родеод (эмнэг сургагч) олон жил хүчээ үзэж, аварга гэх мэт олон цол хүртсэн, адууны тухай маш олон төрлийн нарийн мэдлэгтэй хүн байв. Тэрээр родеогийн мэргэжлийн тамирчны замналаа дуусгаад дасгалжуулагчаар ажиллах болжээ. Энд хоёр төрлийн хоорондоо нэлээд зөрчилтэй байдал үүсдэг аж. Богино хугацаанд их ашиг олохын тулд богино хугацаанд олон адуу сургаж, борлуулах хэрэгтэй. Гэхдээ богино хугацаанд адууг өндөр түвшинд сургаж, дасгалжуулахын тулд адууг дээд зэргээр ойлгодог мэдэрдэг, үүнд маш их цаг зарцуулдаг, өөрийгөө бүрэн зориулах ёстой. 
Ингэж явахдаа Пат нь хоёр хүнтэй таарсан нь түүнийг үзэл бодлыг үндсээр нь өөрчилж “NH”-ийг бий болгоход хүргэсэн  байна. 
Тэдний нэг нь тулааны урлагийн мэргэжилтэн Тони Эрнст, нөгөөх нь амьтдын сэтгэл зүй ба физиологийн үндсэн дээр адуутай ажиллаж сургах шинэлэг аргачлалын мэргэжилтэн Трой Хенри гэгч. Тулааны урлагийн мэргэжилтнээс  өөрийгөө удирдах, дотоод сахилга бат, биеэ бүрэн захирах урлагт суралцан нэг талаас өөрийгөө сайтар боловсруулсан. Харин Трой Хенри нь адууны сэтгэл зүйн онцлог зэрэг тухайн үед хэр баргийн хүн мэдэхгүй зүйлсийг Патад зааж, тэр бүхний үндсэнд адуунд хандах хандлага хэрхэн өөрчлөгдөх ёстой тухай зааж сургаснаар адууны талаарх мэдлэг, хандлагыг нь үндсээр нь өөрчилсөн байна. 


Ингээд өөрийгөө боловсруулах зуур шинэ аргачлалаар хэдий сайн сургасан адуу байлаа ч хуучинсаг арга барилтай хүн худалдаж аваад богино хугацаанд зөрүүд “адсага” болгон хувиргаж байгааг Пат удаа дараа харж байжээ. Улмаар, өөрийн гэсэн сургалтын аргачлалыг бий болгох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч. Пат Парэллийн сургалт нь адууны сэтгэл зүй, физиологи дээр тулгуурласан шинэ арга барилаар адууг хүмүүжүүлэхтэй зэрэгцээд, унаачтай ажиллах, адуунд  хандах хандлагыг нь эрс өөрчлөн, шинэчлэх тал дээр онцгой анхаардаг болов. 
1980-аад оны эхээр Пат Парэллийн сургууль анхны шавь нартай болж, нэр алдар нь ч олонд түгжээ. Пат Парэллийн сургууль нь 10 шаттай сургалттай бөгөөд адууны зан байдал ба үйлдэл, үйл хөдлөлийг ойлгох гэх мэт зүйлсэд онцгой анхаарал хандуулдаг онцлогтой болсон. Өөрөөр хэлбэл адууг хүмүүжүүлэх, сургах явцдаа хүн ч гэсэн адуунд хандах хандлага, үзэл бодлоо өөрчилдөг болно гэсэн үг. 
Энэ сургуулийг залган гарч ирсэн бусад олон тооны сургуулиуд нь Пат Парэллийн боловсруулсан үндсэн зарчмуудыг их бага тодорхой хэмжээгээр өөртөө шингээн хэрэгжүүлсэн байдаг.
Парэлли адууны сэтгэл зүйг ойлгох талаар хэлэхдээ “Адуу нь хүмүүсээс өөр сэтгэдэг. Тийм учраас олон хүн адуутай ойлголцохгүй асуудалтай байдаг. Өөрийгөө аюулд оруулалгүйгээр адуутай нүүр тулах, харилцаагаа төгс болгохын тулд адуутай адил сэтгэж, бодож сурах шаардлагатай. Өөрийгөө адууны оронд тавиад үз. Та бол олз амьтан. Та амьдралынхаа туршид зөвхөн яавал аль нэг араатны хоол болчихгүй байх тухай л боддог. Таны нүд толгой хоёр талд байрладаг, эргэн тойрноо 360 градус харж чаддаг.
Араатан аль ч талаас ойртсон олж харж чадах бөгөөд үүнд ямагт бэлэн байна. Таны сонсгол тун соргог бөгөөд ялигүй ширчигнэх чимээ, эсвэл таньж мэдэхгүй дуу авиа болгон араатан гэтэж явааг зааж байж болно. Тан шиг олз амьтны хувьд ганц агшин төдий эргэлзээ нь үхэл амьдралын заагийг тодорхойлох болно.
Та адуу тул булчин шөрмөс дээд зэргээр хөгжсөн. Нуугдах, далдлагдах нь амьд гарах боломж тул толгойд орж ирдэг цорын ганц бодол нь зугтах. Ганцаараа хашигдаж, эсвэл зугтах газаргүй болох давчуу, битүү орон зайд орохгүй гэдэгт ямагт итгэлтэй байх ёстой. Танд байгаа цор ганц зүйл бол хурд ч гэлээ гарцаагүй байдалд орвол амьд гарахын төлөө тэмцэх гэсэн өөр нэг боломж бий. Цахилгаан шиг хурдан рефлекстай, ганц хөдөлгөөнөөр байран дээрээ эргэн цохиж чадна. Ер нь бол та түрэмгий биш болохоор зодолдохын оронд зугатахыг дээрд үздэг ч сонголт үгүй тохиолдолд өөрийгөө хамгаалахын тулд юу ч хийж чадна.
Араатан /энэ тохиолдолд хүн/ амьтдыг танихад хялбар. Араатны нүд нь толгойн урд хэсэгт зэрэгцэн байрладаг, тэдний явдал итгэлтэй, ямагт олзны зүгт чигээрээ явна. Тэд иддэг зүйлээрээ “ханхална” /мах/. Тэд таныг барьж алахыг хүсвэл шууд эгцлэн ширтэх ч хангалттай хурдан гүйж чаддаг нь цөөн. Олуул эсвэл гэнэдүүлэн дайрвал л танд боломж гарахгүй.
Адууны сэтгэл зүйг ойлгохын тулд адуу нь амьд гарах талаар юу гэж бодож байдгийг мэдэх хэрэгтэй. Адууны хариу үйлдэл болгон амьд гарах шаардлага дээр суурилсан байдаг. Тэр бүх хариу үйлдлийг энгийн дүрэм болгон багцалбал маш чухал дөрвөн зүйл гарч ирнэ. Тэдгээр нь: 
1. Аюулгүй байдал. 
2. Тав тух.
3. Тоглоом.
4. Идэш. 
Адуу нь аюулгүй байдалд байгаагаа ойлговол тав тухыг хайж эхэлнэ. Аюулгүй бөгөөд тав тухтай орчинд байгаагаа мэдэрвэл тоглох болно. Адуу нийгмийн амьтан тул тоглох их дуртай. Хоол, идэш хамгийн сүүлд тавигдана. Энэ бүхэн нь хүмүүсийн ертөнцөд амьдарч байгаа адуунд хамаарах тул дугуйтай чингэлэгт адууг ачихтай холбоотой ээдрээтэй нөхцөл байдлыг ойлгоход тус болох болно. Ийм нөхцөлд адууг амттан өгөх төдийхнөөр хуурах бараг боломжгүй. Учир нь адуу өөрийгөө хамгаалахад хамаг анхаарлаа төвлөрүүлсэн байдаг. 
Зэрлэг адуу бүрийн дотор гэрийн, гаршуулсан адуу бий. Гаршуулсан, сургуультай адуу бүрийн дотор зэрлэг адуу байна. Үүнийг хэзээ ч бүү м арт. Байгалийн бий болгосныг өөрчлөхийн тулд та сая сая жил зарцуулж чадахгүй. Та адуугаар өөрийгөө хайрлуулж чадахгүй ч араатан хэрнээ нь адууны найз нь, сүргийн ахлагч нь, сүргийн гишүүн нь гэж итгүүлж чадна” гэсэн байдаг нь түүний аргачлалыг сурах, өөрийн болгоход адууны сэтгэл зүй ямар чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.
АДУУГ СОНСДОГ ХҮН
Пат Парэллийг “NH”-ийн бий болгосон хүн гэж үздэг бол энэ чиглэлийн аргачлалуудыг бүрэн утгаар нь олон нийтэд танилцуулан түгээж, жинхэнэ загалмайлсан эцэг нь болсон хүн бол Монти Робертс гэдэг өөр нэг америк юм. Адууг хүмүүжүүлэх туйлын өвөрмөц бөгөөд давтагдашгүй аргачлалыг нь харсан хүмүүс түүнийг “Адууг сонсож чаддаг хүн” гэж бахдан нэрлэдэг. 
90-ээд оны дундуур Робертсийн үзүүлэн тоглолт бүхий бичлэг дэлхий даяар цацагдаж олныг алмайруулж байлаа. Жишээлэхэд, тэрээр цугласан олны өмнө сүрэг адуунаас дурын эмнэг хязаалан эсвэл шүдлэнг сонгон аваад 30 минут өөрийн аргачлалын дагуу ажиллахад л дараа нь үрээнүүд хэзээний сургуультай адуу шиг дуулгавартай дагаж, тушаалыг нь гүйцэтгэж байсан нь адуу сонирхогч хүн болгоныг бишрүүлж байсан нь ойлгомжтой. Монти Робертс энэхүү өвөрмөц аргачлалаа “Join~Up” гэж нэрлэн патентлаж эрхийг нь авсан байдаг. Робертс нь өөрийн бүтээлдээ “Natural Horsemanship” гэсэн нэрийг ашиглаагүй хэдий ч аргачлал нь “Natural Horsemanship”-ийн үндсэн зарчмуудтай төгс нийцэлтэй байсан юм. 
Робертс нь газар дэлхийг хүнд, адуунд адилхан илүү ээлтэй болгох гэсэн зорилготой гэдгээ нэг бус удаа хэлж байсан. Тэрээр 40 гаруй жилийн тэртээ Америкийн Невада муж улсад байхдаа анхлан адууны зан байдлыг анхааралтай судлах болсноор шинэ аргачлал боловсруулах гараагаа эхэлжээ. Невада мужид мустанг буюу зэрлэгшсэн адуу олон тоогоор амьдардаг. Мустанг нь хүний бараа хардагггүй, харвал зугатахыг дээрд үздэг тул хуучинсаг аргаар сургах, дасгах нь тун амаргүй зүйл байв. Иймд тэрээр олон цагийн турш мустангийн сүргийг ажиглаж, тэдний зан байдал, үйлдэл, хоорондоо харилцах зогсолт, дохио зангаа зэргийг маш нарийн ажиглан судлаж, бүртгэх болсон байна. Ингэж ажиглах явцдаа өөрийн ажиглалт дээр тулгуурлан адууг огт өөрөөр сургах боломжтойг ухамсарлан ойлгож түүнээ “Join~Up” гэж нэрлэжээ. 
Удаан хугацаанд ажиглалт хийж, ихээхэн материал цуглуулсны дараагаар Робертс гэрийнхээ ферм дээр эргэн иржээ. Аав нь залуу адууг сургах амаргүй ажил хийдэг байж. Робертс эцгийнхээ ажлыг өөрийн хуримтлуулсан туршлагын үүднээс, огт өөр, шинэ өнцөгөөр харсан нь мэдээж. Ингэхэд аав нь залуу адууны сэтгэл зүйн онцлог зэргийг огт үл харгалзан хавтгайруулан зориг зүрхийг нь үхүүлэх замаар бүрэн номхруулж байсан нь хамгийн түрүүнд нүдэнд туссан нь ойлгомжтой. Иймд тэрээр өөрийн туршлага дээр тулгуурлан адуу сургах амаргүй ажилд бага багаар өөрчлөлт оруулж эхэлжээ. 
Робертсийн бий болгосон арга хүлээн зөвшөөрөгдөх хүртэл тун амаргүй зам туулсан нь мэдээж. Шинэ юм болгон ийм зам туулдаг бичигдээгүй хуультай. Жишээ болгоод өөрийн аргачлалаа аавдаа танилцуулаад, ямар үр дүнд хүрч байсан талаар бяцхан түүх сонирхуулсан нь зөв байх. 
Робертсийг өөрийн гэсэн өвөрмөц аргачлалаа дөнгөж боловсруулаад байсан үед Невада мужид Мустангийг тун хэрцгий гэмээр аргаар номхруулдаг уламжлалтай байжээ. Мустангийг хөөж хашин барьж авсны дараа шонгоос уяад бүрэн номхорч, эзэндээ “бууж өгөх хүртэл” хуйлсан брезентээр хэдэн цагийн турш ороолгож сургадаг байж. Олон арван жил дамжсан уламжлалт арга шүү дээ. Харин Робертс нь энэхүү аргыг үр өгөөж муутай гэж шүүмжлээд адууны сэтгэл зүй дээр тулгуурласан өөрийн илүү зөөлөн аргаар сургахыг санал болгоход орчин тойрных нь ковбойчууд шоолж, аав нь уурласандаа барьж аваад зодсон байдаг. Гэвч Робертс шантарч бууж өгсөнгүй өөрийн арга нь илүү үр дүнтэй гэдгийг бага багаар баталсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. 
Мустанг сургадаг зарим ковбой нар Робертсын аргачлалыг адуу шивших, тарнидах гэсэн дэмий зүйл гэж үзээд “Тэгж тарнидаж сургах  илүүдээ гарсан цаг байхгүй. Бид адууг бодох бус харин тасралтгүй ажиллаж, мөнгө хийж, өөрийгөө бодож, өөртөө цаг гаргах ёстой” хэмээн шүүмжилдэг байж. Үүний хариуд Монти Робертс “Зэрлэг адууны авирыг бүрэн эвдэж, номхруулахад гол төлөв сар, сар хагасын хугацаа хэрэгтэй. Гэтэл миний аргачлалаар бол үүнд ердөө хэдхэн цаг л зарцуулна. Ингээд бодвол аль арга нь илүү үр өгөөжтэй болж таарах вэ? Ингэж сурахад ямар ч онцгой авьяас энэ тэр хэрэггүй” гэж хариулдаг. Цаашлаад тэрээр “Адуу хоорондоо яаж ойлголцдог юм бэ? Хөдөлгөөн ба харцаараа. Үүнийг хэлгүй дүлийчүүдийн хэл гэсэн ч болно. Ийм хэлийг сурахад тийм ч хэцүү биш. Зүгээр л амьтан юу мэдэрч, юу хэлэх гээд байгааг ойлгохыг хичээхэд л хангалттай. Адууг зодох ямар хэрэг байна вэ? Адуу бол махчин араатан биш. Хэрцгий, түрэмгий авир угаасаа байхгүй. Адуу аюултай байдалд орохоороо дайрч давшилдаггүй, харин зугатдаг. Ийм байхад түүнийг зодож, заналхийлэх хэрэг юу байна? Америкчууд юу гэж ярьдаг билээ? Бид зэрлэг адууг номхотгох гэдэг. Яагаад номхотгох ёстой юм бэ? Номхруулах бус сургах ёстой. Энэ бол ер нь байгальтай бидний ханддаг хандлагатай адил. Бид байгалийг номхотгосноороо хүчирхийлж байгаа хэрэг. Энэ бол тэнэг бас хортой. Хүн гэдэг байгалийг номхотгогч биш. Хүн бол байгалийн хамтрагч нь юм ” гэсэн байдаг. 
Удалгүй вестерн стилийн уралдаанд түүний сургасан морьд амжилт гаргах болсноор нэрд гарч, Холливудад уригдан маш олон кинонд адуу сургагч, орлон тоглогч, адуу оролцсон адал явдалт зураг авалтын зохион байгуулагчаар ажиллах болжээ. 
Гэхдээ тэрээр Холливудын кинонд адуу сургагч бус харин уралдааны морьдын дасгалжуулагч байх нь илүү ирээдүйтэй гэж үзэн 1966 онд өөрийн гэсэн төв нээн амжилттай ажилласан байна. Робертс нь 18 жилийн турш Холливуд Паркийн хоёр настай адууны хамгийн шилдэг дасгалжуулагч гэсэн цолыг алдалгүй авч явж чадсан юм. Ингэснээр өөрийн нээсэн аргачлалыг бодит үр дүнтэй болохыг ч харуулж чадсан хэрэг. 80-аад он хүртэл тэрээр сургалтын төвөө ажиллуулан хурдны морьдын домог болсон дасгалжуулагч байсаар ирсэн ч нэр алдар нь мэргэжлийн хүрээнээс хэтрээгүй байж. 
Харин 1986 онд хурдан морины уралдаан сонирхогч Их Британийн хатан хаан II Елизавета түүний өвөрмөц аргачлалын тухай сонсоод Британид урьснаар байдал эрс өөрчлөгдсөн. Робертс нь Британид очиж хатан хааны өмнө өөрийн “Join~Up” аргачлал гэж юу болохыг бодитоор нь харуулан хүмүүсийн бишрэлийг төрүүлсэн байна. Улмаар хатан түүнээс энэхүү аргачлалынхаа талаар ном бичихийг хүсэхэд ёсоор болгосон нь түүний нэрийг дэлхий даяар алдартай болгосон юм. 1996 онд олны хүртээл болсон “Адууг сонсдог хүн” нэртэй ном нь таван сая гаруй хувиар борлогдсон байдаг. 
ОРЧИН ҮЕ
“Natural Horsemanship” чиглэлийг бүрэлдэж, олны хүртээл болон олон мянган дагагчидтай болоход голлох үүрэг гүйцэтгэсэн хоёр хүнийг энд сонирхуулав. Гэхдээ энэ урсгал нь зөвхөн үндсэн зарчмын тухай дурдсан тул өдгөө түүн дээр тулгуурласан өөр олон нэр алдартай хүн, олон сургууль, чиглэл бий болж, үйл ажиллагаа явуулж байна. “Nat-ural Horsemanship” гээд интернэтээр хайхаар асар олон төв, сургууль гарч ирнэ. Гэхдээ тэр болгонд “Natural Horse-manship”-ийн аргачлалыг бүрэн утгаар нь хэрэгжүүлээд байдаггүй, зарим нь жуулчдыг өөртөө татаж орлогоо нэмэгдүүлэх төдийгөөр энэ нэрийг ашигладаг болохыг жинхэнэ мэргэжилтнүүд анхааруулдаг. Иймд уншигч эрхэм аль нэг төвийг зорихын өмнө өөрөө энэ чиглэлийн олонд хүлээн зөвшөөрөгдсөн судлаач мэргэжилтнүүдийн бүтээлийг уншин дүгнэлт хийх хэрэгтэй байх. 
Эцэст нь амьтдын сэтгэл зүй, түүний дотор адууны сэтгэл зүйн талаарх нарийн ажиглалт, туршилт зэрэг дээр тулгуурласан өөр олон аргачлал байдаг гэдгийг давтан хэлье. Иймд энэ чиглэлээр сонирхож байгаа хүмүүс манай нөхцөлд, монгол адуунд тохирсон өөрийн гэсэн аргачлалыг сонгох эсвэл бий болгохын тулд нэлээд нухацтай судалгаа, уйгагүй эрэл хайгуул хийх шаардлагатай болох байх. 

Б.Бадрал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна