МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх удаа төрийн наадамд азарга түрүүлгэлээ

Сэтгүүлч
14 цагийн өмнө

“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын азарганы уралдааны түрүү магнайд хурдалсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын  харьяат "Шандас транс" ХХК-ийн захирал Монгол улсын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хүрэн халзан азарганы уяа сойлгыг тааруулсан Баянхонгор аймгийн  Бууцагаан сумын  харьяат Монгол улсын Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаагийн баярын сэтгэгдэлийг  хүргэе.

-Төрийнхөө наадамд адуун сүргийн манлай азарга түрүүлгэлээ. Халуун баяр хүргэе ээ. 

-Баярлалаа. Монгол улсын Алдарт уяач Искрагийн Золбоогийн халзан азаргыг уяж төрийнхөө наадамд түрүүлгэлээ. Баянхонгор нутгаас анх удаа азарга түрүүлж байгаа гэдгээрээ онцлог болж байна. 
-Алтан азарганы төл аргагүй хурдан байна шүү. 
-Тиймээ, хурдан байна. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Гансүхийн Хадбаатар гэж манай найзын Сагур хэмээх алдарт азарганы төл байгаа юм. Энэ дашрамд унаган эзэнд нь баярласнаа илэрхийлье ээ.  
-Төрийн наадмын хэд дэх хишиг вэ? 
-Өмнө нь сонгомол дээд насанд азарга аман хүзүүдүүлж, сонгомол дунд насанд үрээ айрагдуулж байсан. Ер нь голдуу  7, 8-аар л орчихоод байдаг юм. 
-Халзан азарга хэдэн настай билээ? 
-Энэ жил хавчиг азарга. Ноднин сумынхаа 100 жилд түрүүлсэн. Шүдлэндээ улсын бүсэд  түрүүлээд, хязаалан Архангайн 100 жилд  айрагдсан. 
-За таны дараа, дараагийн уралдаанд нь амжилт хүсье. Сайхан наадаарай.
-Баярлалаа. Нийт Монголчууддаа баяр наадмын мэнд хүргэе.

А.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна