“Шанхын баруун хүрээ хийд”-ийнхэн Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэв

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 03 -нд

Хоёр он солигдох зааг дээр Их Эзэн Чингис хааны алтан ургийн хэлхээ Анхдугаар Богд өндөр гэгээн Г.Занабазарын анхлан үүсгэн байгуулсан Баруун хүрээний  “Цогчин дуганы”-хан үндэсний тусгаар тогтнолын 101 жилийн ойн баярыг сүсэгтэн олныхоо хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ. Тус дуганы хамт олон энэхүү өдрийг тэмдэглэдэг болоод арав гаруй жилийн нүүрийг үзэж байгаа юм. Ингээд баярын нээлтээр “Шанхын баруун хүрээ хийд”-ийн хамба лам Пүрэвсүрэнболдын хэлсэн үгээс хүргэж байна.

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, сүсэгтэн мөргөлчид өө

Та бүхний түмэн амар амгаланг эрхийн ялдамд, бидний урилгыг хүлээн авч, энд хүрэлцэн  ирсэнд тань талархал илэрхийлье.

Өнөөдөр бид Их Эзэн Чингис хааны алтан ургийн хэлхээ Анхдугаар Богд өндөр гэгээн Г.Занабазарын, анхлан үүсгэн байгуулсан Баруун хүрээний “Цогчин дуганы” өмнө, Богд хаант Монгол улсын төрийн тугны доор үндэсний тусгаар тогтнолын 101 жилийн ойн баярыг тэмдэглэхээр цуглаад байна.

Учир нь эдүгээгээс 101 жилийн тэртээ Монголын тооллын 16 жарны, усан гахай жилийн 11 сарын 09 буюу, Христийн тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-нд бидний өвөг дээдэс, 220 жил дарласан  харийн түрэмгийлэгчдээс эх орон газар нутгаа чөлөөлж, VIII богд Жавзүндамба хутагтыг хаан ширээнд залж, дэлхий дахинд Чингисийн Монгол дахин сэргэж тусгаар улс болсноо зарлаж, тунхагласан түүхэн өдөр билээ.

Энэ өдөр бол Монголын төр 1604 оноос хойш  308 жилийн дараа хаан эзэнтэй болж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө өөрсдийн хүчээр тэмцэж олсон  нийт монгол түмний  хамгийн гайхамшигт баярын өдөр юмаа.

Энэхүү түүхт өдрийн үйл хэрэг 101 жилийн тэртээ өрнөөгүй бол 1921 оны Ардын хувьсгал, 1945 оны Ялтын хэлэлцээгээр баталгаажсан Монгол улс, 1961 оны НҮБ-ын гишүүн орноор бүртгүүлж дэлхийд данслагдсан үйл явдал, 1990 оны Ардчилсан хувьсгал тэргүүтэн өрнөхгүй байсан нь түүхэнд тодорхой.

Хэдий 101 жилийн өмнө өрнөсөн түүхт, энэ “их үйлс”, улаан үзлийн уршгаар хилмэгдэн бүдгэрч,  их гүрний далд явуулга, үзэл суртлын гаж нөлөөнөөс үр хойч үе тэдний сэтгэлгээ, оюун санаанаас нь холдуулсан ч гэлээ түүхийг хэн ч гуйвуулж чадахгүй бодит үнэнийг төр засаг нэгэнтээ ухааран,  анхааран судлаж 2007 оноос хойш, жил бүрийн  12 дугаар сарын 29-ний өдрийг Монгол улс “Үндэсний тусгаар тогтнолын” өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь  нэн сайшаалтай байна.

Өнөөдрийн бидний эдлэж буй энэ  эрх чөлөө, тусгаар тогтнол олдохдоо, баталгаажихдаа амар байгаагүй юм. Үүнийг олж авахын тулд үе үеийн төр, шашны зүтгэлтнүүдийн шантрашгүй итгэл зүтгэлээр олдсон юм.

Тэдгээрийг төрүүлж өсгөөд, сурган боловсруулж, дэмжиж туслан явсан эгэл жирийн ардуудын итгэл сэтгэл, ерөөл залбирал дээр тусгаар тогтнол нь баталгаажсан юм.

Үндэснийхээ соёл заншил, итгэл үнэмшил, агуу түүхээсээ, хэзээ ч урваж шарваж, айж ичиж яваагүй, өвөг дээдэс, лам хуврагууд, эгэл жирийн ард түмэн, аав ээжийн минь  зүрхний ховдолд  манай улсын  тусгаар тогнол, оршиж ирсэн юмаа.

Элэгдэж хуучирсан ч гэлээ, тал нутгийн минь хаа сайгүй таарах эртний булш хэрэгсүүр, хүн чулуу, хадны бичээс, монгол мэргэдийн зохиол шастир, түүх сурвалжийн эд зүйлсэд тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг шингэж ирсэн байдаг.

Өвөг дээдсээс аман дамжлагаар дамжиж ирсэн сургаал, тууль, үлгэр домог, маанийн зургаан үсэг, мэгзэмийн дөрвөн шад тэргүүтнийг амандаа бувтнаж нүглийг цээрлэж, буяныг дурдах, өхөөрдөх энхрий бяцхан жаалуудын итгэл найдвар дээр тусгаар тогтнол дархлагддаг юмаа.

Гэхдээ бидний өнөөдрийн энэ баярт үйл хэргийг тэмдэглэх боломжийг олж өгсөн эх орон тусгаар тогтолынхоо төлөө золиослогдож, халуун амь бүлээн цусаа өгсөн, олон мянган лам хуврагууд, язгууртан ихэс дээдсүүд, улс төрийн зүтгэлтнүүд, тэдгээрийн амраг хань, үр хүүхдүүдийн түүхийг ямар нэгэн үзэл суртал, хэт туйлшралын харалган үзэлд уналгүй, бодит түүхээр судлан тодруулж, ойлгож, хойч үедээ сурталчлан түгээн дэлгэрүүлж,  тэднээр бахархах үзэлд төлөвшүүлэх нь хамгаас чухал байна.

Үнэнийг гуйвуулж эрхэм нандин түүх соёл, итгэл үнэмшил рүү минь гутаан доромжилж, шүн номонд мэргэшээгүй хэрнээ, учир утгыг нь ухаж ойлгоогүй байж, дур мэдэн хоосон чалчигч нар нийгэмд олширч, улаан үзлийн үед зохиогдсон түүх, кино, уран зохиол, элдэв зүйлүүд өнөө үед ч гарсаар байгаад сэтгэл өвдөж, түүнийг залруулахсан хэмээн  шаналдаг аа.

Иймд нийгмийн оюун санааны хөтөч болсон эрдэмтэн мэргэд, төрийн түшээд, сурган хүмүүжүүлэгчид, лам хуврагууд, аав ээжүүд та бид, хойч ирээдүй болсон үр хүүхэд, залуучуудад бахдам сайхан соёл уламжлалаа, итгэл үнэмшлээ үнэн зөвөөр ойлгуулж, өвлүүлж үлдээх нь нэн чухал билээ.

Эцэст нь хэлэхэд:

Гартаа илд бариад мордвоос

Дэлхийг ч эзлэх хүчтэй, түүхтэй.

 Өмнөө судар залаад судалваас

Хорвоог ч гийгүүлэх оюунлаг, сэтгэлгээтэй. 

Ийм агуу үндэстний үр сад болохын учир, та бид бүгдээрээ, сайтар шамдаж хичээвээс,  дахин нэг удаа Монгол хэмээх  их  гүрнийг, 21-р зуунд байгуулж чадна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

 

 


 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна