"Их уул трейд" ХХК-ийн захирал Ц.Жаргалсайхан: Төрсөн нутгийн сайхныг мэдрүүлдэг нь адуу

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

-Булангийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Миний бага нас Хөвсгөл аймгийн Их-Уул суманд өнгөрсөн. Зуныхаа амралтаар хөдөө гараад ах нарынхаа өгсөн ганц нэг үрээ даагыг сургачихаад, сумуудын хооронд унаад давхичихна. Айлын эрх хүүхэд байсан болохоор аав, ээж маань хурдан морь унахыг зөвшөөрөхгүй л дээ. Тэгээд л нууцаар унана. Хөвсгөлийн хамгийн наад талын Тариалан сумаас аймгийнхаа төв хүртэл хязаалан үрээгээр 3 хоног явж очдог. Тэр ахынд, тэр найзындаа байна гэчихээд 2-3 хоногийн дараа морьтой давхиж очоод аав, ээжийгээ гайхшруулдаг тийм л хүүхэд байлаа. 1979 онд  цэргийн албанд татагдаж ирээд цэргийн хүн болсон. Тэгээд нэг хэсэг юун морь мал манатай л болсон л доо. Зах зээл эхлэхэд армиас бэлтгэлээр халагдаж, амьдралын төлөө бас нэг хэсэг зүтгэсэн.
-Хот бараадсан хүмүүс нэг хэсэгтээ малаас, адуунаас хөндийрдөг л дөө?
-Харин тийм. 2001 онд АХ-ын 80-н жилийн ойн баяр наадамд анх удаа морь уяж, тэр үеэс шандаст хүлгийнхээ тоосонд хутгалдах болсон доо. Тэгэхээр энэ үеэс эхлээд албан ёсоор уяач гэж хэлэгдэх эрхтэй болсон гэж болно.(инээв )
-Эхэн үедээ өөрийн унаган адуугаар наадсан уу?
-Ахад нь унаган адуу гэх юм байгаагүй ээ. Энд тэндээс л хэдэн адуу цуглуулсан. Цуглуулсан адуунаасаа өөрийн унаган хүлгүүдээ гаргаад л түүгээрээ уралдаж байна. Хамгийн анх Хэнтий угшилтай азарга, Жаргалант угшилтай хоёр гурван гүү аваад адуутай болж байлаа. Миний анхны авсан адуунаас хурдан төлүүд зөндөө  гарсан. Нэг мэдсэн гурван азарга адуутай болчихож. Алтанбулагт очоод Жаргалсайханы хээр гэвэл андахгүй. Том жижиг наадамд нилээн хэд түрүүлсэн хавчиг үрээ байгаа.
-Хэдийгээр адуунд дуртай ч тэр бүр гардан оролцож амждаггүй байх. Таны морьдын уяаг хэн тааруулдаг вэ?
-Би өөрөө уядаг. Миний анхны багш МУ-ын Алдарт уяач Да тамга  гэж өвгөн байсан юм. Алтанбулагаас морио аваад явж байхдаа замдаа таараад 2-3 жил морио уяулж, их зүйлд суралцсан. Өвгөн ахын маань нас дээр гарсан учраас түүнээс хойш, өөрөө л уяа сойлгыг нь тааруулж байна даа. Сүүлийн үед уяачид чинь нутаг ус найз нөхдөөрөө нийлж гал уяа болж морьдоо уядаг болж. Тэр жишгээр хэдэн найз нөхөд, дүү нартайгаа нийлээд   “Хойтгойдын унага” нэртэй гал байгуулж байгаа юм. Урьд нь улсын начин Алтангадасын галтай наана уу, цаана уу гээд хэсэг явсан.
-Улсын наадамд морь мордуулаад нэлээдгүй хугацаа өнгөрчихөж. Анхны айраг түрүү хэзээ байсан бэ?
- Хамгийн анх морио улсын наадамд уралдуулах жил түүхт ой гэдгээрээ 800 морь уралдсан юм. Тэгэхэд миний морь мухар 100-д давхиж байсан юм. Тэгээд үнэмлэхээ очоод авсан чинь “100” гээд биччихсэн сайхан л санагдаж “хэзээ энэ хоёр тэгийг нь арилгачихаад ирэх бол доо” гээд хэлж байлаа.Тэрнээс хойш улсын наадамд 5-6 жил морио уралдуулсан байна.Улс бүсийн наадмаас бол айраг, түрүү аваагүй ээ. Төв аймгийн Алтанбулаг сумын наадмаас анхныхаа айргийг авч байлаа. МУ-ын Алдарт уяач Усны-Эх гуайн дүү Сандаг гэж хүн манай уяан дээр хэдэн үрээтэй ирчихсэн байхад үсээ хаячихсан цоо эмнэг үрээг сонгож авч  байсан юм. Үрээгээ авчихаад , тэр жилээ уралдуулж чадаагүй. Хойтон жил нь хязаалан уралдаад түрүүлсэн.Ер нь Алтанбулагт очих болгондоо  том жижиг бүх л наадмуудад түрүүлсэн.
-Цус сэлбэхдээ гаднаас адуу авсан гэж дурьдсангүй?
-Байхгүй ээ.Одоохондоо монгол адуугаараа л наадаж байя гэж боддог.Монгол адууг сайхан тэжээгээд өвөл, хаварт нь аятайхан оруулаад уяж чадвал эрлийз адуунаас дутаад байх зүйлгүй. Ойрын зайнд яадаг юм гэхээс холын зайнд бол монгол адууг арабууд гүйцэхгүй л дээ.  Цаашид ч ер нь болсон болоогүй шалтгаанаар уралдааны замыг л ойртуулаад баймааргүй байгаа юм.  Хүн хүний бодол өөр байх. Миний хувьд цэвэр монгол адуугаараа уралдвал дээр юм шиг санагддаг. Шинэ монгол адуу гээд байгаа энэ эрлийз адууг цэвэр монгол адуунаас ялгахад бас хэцүү болсон байна.Нийт Монгол ард түмний наадам гэдэг утгаар нь бодоод үзэхэд хүн болгон эрлийз, шинэ монгол адуу уралдуулаад байж чадахгүй шүү дээ.Тэгэхээр нийт уяачдын эрх ашиг гэдэг үүднээс одоохондоо цэвэр монгол адуугаар нь уралдуулж байгаад цаг нь болохоор шинэ монгол адуугаар уралдуулбал яасан юм бэ гэж боддог шүү.
 -Саяхан ММСУХ-ны удирдах зөвлөл хуралдаад дараа жилээс эрлийз адууг ялгах тухай шийдвэр гаргасан байна лээ?
- Энэ их хэцүү асуудал л даа.Одоо энэ эрлийз биш, мөн гээд ялгахад бэрх.Миний Хэнтий гаралтай азарга, Жаргалант гүүнээс гарсан цэвэр монгол үрээг уралдаад ирэхэд хүмүүс  эрлийз гээд байдаг.Тэгэхээр яаж ялгах болж байна. Одоохондоо ялгах боломжгүй учраас уралдах зайг нь жаахан холдуулаад өгөхөд л болмоор санагдаад байдаг юм.
-Шинэ Монгол адуутай уялдаад уяаны арга барил ч гэсэн өөрчлөгдсөн. Таны хувьд юуг голчилдог вэ?
-Ерөнхийдөө эрт дээр үеэс уламжилж ирсэн өвөг дээдсийнхээ тэр арга барилаар л уяж байна. Ер нь адууныхаа өвөлжилтөнд л их анхаардаг даа.Өвөл  сайн орсон адуу арай  л өөр байдаг юм. Уг нь өвөл ганц нэг уралдчихмаар санагддаг ч ажил төрлөөсөө болоод амжихгүй л дээ.
-Уяаны үеэр баримталдаг Жаргалсайхан уяачийн баримтлал?
-Хурдан морь гэдэг чинь эмзэг амьтан. Тэр утгаараа уяач өөрөө их  зөв бодол, зөв сэтгэлтэй байх ёстой. Миний хувьд наадмыг том бага гэж ялгах дургүй. Тэр олон сайхан хурдан буян тоосоо өргөж байгаа л бол наадам ш дээ. Тэгэхээр хамгийн эхлээд ийм сэтгэлтэй байх ёстой. Мөн адуундаа харам загнаж болохгүй. Энэ бол миний баримталдаг зарчим. Санаа дагаад ч тэрүү гаргах тусам орж ирээд байх шиг санагддаг юм.
-Энэ үгийг олон хүнээс сонсож байсан юм байна. “Хобби” булангийн зочид адуун дээрээ байхдаа л аз жаргалыг мэдэрдэг хүмүүс байдаг?
-Тэгэлгүй яахав. Адуун дээрээ очих гээд явж байхад л догдлоно. Тэр тусмаа хавар оторт явж байгаад нутагтаа ирсэн адууныхаа дунд ороод “энэ тийм орж, энэ хээлтэй , энэ хээл нь тийм байна” гээд алхаж явах жаргал шүү дээ. Тэр үед нээрээ эр хүний жаргал эзгүй хээр гэж үнэн юм даа гэж бодогддог. Адуунаас мэдэрдэг өөр нэг сайхан мэдрэмж бол нутаг усаа гэх сэтгэл. Төрсөн нутаг гэдэг ямар агуу сайхан юм бэ гэдгийг адуу л хүнд мэдрүүлдэг юм байна лээ.
- Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцаж байдаг. Бусдад сургамж болохоор тохиолдлуудаасаа хуваалцаач?
-Өнгөрсөн жил миний унаган хээр үрээ дунд сунгаан хүртэл тасархай түрүүлээд их сайн байлаа.  Сунгааны дараа хот руу  орж ирчихээд явж байхдаа Дорноговь аймгийн Алдарт уяач Баяржаргал гээд хуурай дүүтэйгээ таараад тэгсэн манай хүн  “Жагаа ахаа би Түмэнбаяртай уулзах гэсэн юм.Налайх яваад өгөөч ” гэнэ. Тэгэхээр нь явалцлаа. Очсон Түмэнбаяр  “Ер нь хөлсийг майхандаад авах л хамгийн сайн юм байдаг ” гээд ярьж байна шүү. Тэгэхээр нь маргааш нь давхиж очоод хээр үрээгээ улам сайн болгох гээд майхандаад хөлс авчихсан чинь мултарчихдаг байгаа.( инээв) Бас уржинан манай туслах уяач Алтанбулагийн Гэрлээ гээд залуу “хээр үрээ сайн байгаа Жагаа ахаа, маргааш сунгаатай.Та ирэхдээ шингэн аваад ирээрэй” гэж байна.Тэгээд эмийн сан орсон чинь 09 нь байдаггүй. “Ямар шингэн байна ” гэсэн чинь  “глюкоз байна ” гэж байна. Тэрийг нь аваад Гэрлээ рүү ярьсан чинь “өө болно болно, илүү сайн байх биз ” гэж байна.Тэгээд аваачаад хийчихлээ. Тэгсэн хурдан байсан адуу чинь юу ч үгүй болчихдог байгаа. Ингэж л хоёр жил дараалан хөдөлмөрөө эвгүйдүүлж байлаа. Ер нь ч тэгээд нэг жилийн уяаны дараа нэг юм сураад л буудаг даа.
-Илэн далангүй сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-За баярлалаа. Нийт монголынхоо ард түмэнд аз жаргал эрүүл энхийг хүсье.

"Тод магнай" сэтгүүл дугаар №5

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна