“Тэсийн хишиг” МСУХ-ны тэргүүн Н.Дамдинжав: Хишигбатын хонгорыг арилжаа халтараараа сольж авч байлаа

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 10 -нд

- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын МСУХ хэзээ байгуулагдаж байв?
- Цэцэрлэг бол аймгийнхаа хамгийн баруун талын сум. Тэсийн гол гэдэг угшлын хурдан адуу эрт үеэс гаргаж ирсэн түүхтэй. Сумын МСУХ-г 1995 онд би санаачлан байгуулсан, одоогоор 130 гаруй гишүүнтэй. Аймгийн хэмжээнд  МУ-ын Алдарт уяач 12 бий. Тэднээс  улс даяар шуугиулж явсан Дашнямын Хишигбат, Гомбын Намсрайдорж, Дашдоржийн Санжаа гэсэн гурван МУ-ын Алдарт уяач манай сумаас төрсөн.  Аймгийн Алдарт уяач 12, сумын Алдарт уяач 30 гаруй хүн бий, эднийгээ манай сумын МСУХ-ноос тодорхойлж, гавьяаг нь улсаар үнэлүүлсэн. Мөн Алтангадас одонтой  тав, Хөдөлмөрийн хүндэт медальтай найман уяачтай. Манай сум бол хуучин Эрдэнэдүүргэгч вангийн хошуу гэж үе удмаараа Тэсийн голын хурдан хүлгүүдийг уяж сойж ирсэн нутаг.
- Танай сум хоёр түмэн адууны баярыг хийж байсан. Сумын хэмжээнд наадам  олон хийж байна уу?
- Сумын МСУХ хоёроос гурван наадам зохион байгуулсан. Сумын хувьд нэлээд онцлог, зах хязгаар нутаг, жилийн 50 хувьд нь цасаар хучигдмал, хүйтэн цаг агаартай. Бид 1986 оноос “Буман хонины баяр” гэж хийж эхэлсэн. Аймгийн наадмын дараа орох анхны том наадам байсан. Тэрийгээ уламжлал болгон “Хоёр түмэн адууны баяр” гэдгийг монголд анх удаа хийж, нас насны эхний таван адууг даагаар байлж байсан. Тэр үед манай адуу 23 мянга хүрсэн юм.  Монголд манай сумаас өөр хоёр түмэн адууны баяр хийсэн сум байхгүй. 2006 онд “Тэсийн хурд” гэж аймгийн чанартай том наадам хийсэн.
- Арван жилийн давтамжтай наадам билүү?
- Тийм ээ, 2016 онд хийнэ. Манай сум битүү цастай байдаг учир өвлийн уралдаан зохион байгуулах боломжгүй. Тийм учраас тухайн жилийн уралдаанаа нээж хаврын адаг сарын шинийн 15-ныг сонгож уралдаан зохион байгуулаад долоо дахь жилээ үзэж байна
- Адууныхаа удам угсааг сайжруулахын тулд ямар ажил хийж байна?
- Би орос адуу нэлээд цуглуулсан. 2006 оноос эхлэн Ч.Улаан сайд, Ц.Даваасүрэн гишүүн хоёроос удамтай адуу авсан. Мөн зүүн аймгаас зургаан азарган үрээ, нэг унагатай гүү авчирч байлаа. Удахгүй манай сумын адууны угшил сайжрах байх гэж бодож байна.  Ер нь манай сум хурдтай нутаг. Хишигбатын хонгор морийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэднэ. Намсрайдорж гуай аймагтаа дийлдэхгүй уяач. Санжаа гуайн хулгар хээр гэж алдартай хүлэг байсан. Хулгар хээрийг хөтлөөд гарахад Увсын зүүн хойд, Завханы хойд, манай аймгийн сумдад айраг түрүү алдахгүй. Хулгар хээр аймгийн наадамд ганц удаа аман хүзүүдсэн. Хишигбат гуай 1994 оны аймгийн наадамд алдарт хонгор морио татуулж хээр морио түрүүлгэсэн. Хонгор морь нь аман хүзүүд, айргийн гурав дээр манай сумын Тогоонтөмөрийн Бадарч гэдэг хүний хээр морь давхисан. Ингэж аймгийн наадмын их насны морьдын эхний гурвыг манай сум авч байлаа.
- Орон нутгийн уяачид нийлж гал болдог болсон. Танай сумынхан энэ тал дээр ямар байр суурьтай байна?
- Цаашдаа бид сумандаа нэгдсэн жүчээ бариад хурдан морьдоо нийлүүлээд тэжээдэг  болох талаар ярьж байна. Ер нь энэ талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол гадагшаа дотогшоо явж, аймаг бүсэд морио айрагдуулж түрүүлгэх нь ховордож байгаа нь ажиглагдсан. Энэ байдалдаа дүгнэлт хийгээд сайжруулъя гэж бодож байна. Би Тэсийн голын тухай ном бичсэн, одоо нэг морины тухай ном бичнэ. Тэрнээс гадна би Эрдэнэдүүргэгч вангийн үүх түүхтэй холбоотой ном бичиж байна. Тэрэн дээрээ Тэсийн голын адууны үүсэл гарлын талаар оруулахаар төлөвлөсөн. “Монголын нууц товчоо”-ны 274-р хэсэг дээр Өгөдэй хааны зарлиг байдаг. Багдадад хүзүү урт, хөнгөмсөг явдалтай, гоёмсог адуу байна, тэрнээс авчир гэж. Тэрний дагуу арабаас адуу авчирсан. Манай морь судлаачид араб адууны цус ганцхан монгол адуунд ороогүй. Тэр бол худлаа, монгол адуунд араб цус орсон.  Өгөдэй хаан бол Монгол улсад өртөө улааг бий болгосон. Гэхдээ арабаас хурдлуулах гэж адуу авчраагүй. Харин өртөө улаагаа хурдан шуурхай болгох, дараагийн дугаарт нь цэрэг дайныхаа унаа морьдыг хурдан болгох зорилготой байсан. Тэр авчирсан адуугаа хэсэг хугацаанд Тэсийн голын сав дагуу газар дангаар нь өсгөсөн байдаг. Угаасаа Тэсийн голын сав дагуу газар бол Өгөдэй хааны эзэмшил нутаг. Монгол адуутай арай ойролцоо адуу бол араб адуу. Монгол адуу шиг арчилгаа маллагаа бага шаарддаг, эдэлгээ уналгаанд тохиромжтой. Араб адуугаа нутгийн адуутай нийлүүлэгт оруулаад, гурав дөрвөн үеийн дараа буцааж нийлүүлэгт оруулж гаргасан морьдоо өртөө улаанд ашиглаж эхэлсэн. Нэг өртөө газар гэдэг бол одоогоор 30 км газар байсан юм билээ. Цагт 60 км-ын хурдтай морьдууд гаргаж ирж, өртөө улааг сайжруулсан. Тэр адуугаа хурдны морьтой яваандаа нийлүүлж, гүйцэгдэхгүй хурдан адуу гаргаж авсан юм билээ. Тэсийн адууны үүсэл гарал эндээс л угшилтай. 
- Та юунаас олж мэдэв дээ?
- Зарим судлаачид  тогтоосон байдаг. Мөн нутгийн ардын дунд ам дамжин домог мэт яригдсаар ирсэн түүхээс мэдсэн.  Хотгойдууд бид болохоор ойрд халхын дундаас гарч ирсэн үндэстэн. Нууц товчоон дээр бас бичсэн байдаг. Чингис хаан Их монгол улсаа байгуулаад жижиг омог аймгуудыг дайлаар мордоход Ойрдын хойд талыг дайтахгүйгээр шууд нэгдсэн байдаг юм.  Тэгэхэд нь Цэцээхэн гэдэг охиноо хатан болгож өгсөн, сүүлдээ Цэцээхэн чинь Хойд Их Монгол улс буюу Хотгойд гэдэг үндэстний эх болсон. Хотгойд гэдэг үг чинь Хойд Их Монгол гэдэг үгнээс үүдэлтэй. Би энийг яагаад үзсэн харсан юм шиг ярьж байна гэхээр олон жил үүнийг судласан. Ер нь бид баримтан дээрээ тулгуурлан гаргалгаа хийх хэрэгтэй. Манай Тэсийн адууг англичууд судлаад Английн цэвэр цусны адууг гаргасан гэж би ойлгодог.
- Сая намайг Хөвсгөлд очиход Тэсийн адуу гэж үзүүлсэн. Бусад адуугаа бодвол бие хаа арай өөр юм билээ. Яс томтой, хангай газрынх болохоор адууны бие жижиг болов уу гэж бодож байсан, үгүй юм билээ. Та Тэсийн адууг судласан хүний хувьд хангай ч юм уу зүүн зүгийн адуунаас яг ямар онцлогтой байдаг юм байна?
- Тэсийн адууг Манжийн дарлалын үед манжууд хурааж байгаад Дарьгангад аваачсан байдаг юм. Эхлээд аваачаад адуунууд нутагшихгүй байхаар нь нутгийн адуучинг аваачсан байгаа юм. Тэр адуучин Сономдовдон гэж хүн 1914 оны тооллогоор би Хотгойд хүн гэж хэлж бичүүлсэн байдаг. Тэгэхээр зүүн зүгийн адуу Тэсээс аваачсан тэр адуунаас гаралтай. Яахав, Хардэлжанжин бээсийн үед То ван тахийн  эрлийз адуу өгсөн явдал бий. Тэр ч нөлөөлсөн.  Дараа нь 1937-1938 оны их хураалгын үеэр Гандан жасын адуу гэж гол цөм сүрэг нь болсон адууг хурааж авчраад Талбулагийн морин заводын үржлийн суурь болгосон байдаг. Миний энэ яриад байгаа баримтууд анх удаа олонд дэлгэгдэж байна. Цаашдаа би номондоо оруулж, хэвлүүлнэ. Оросууд анх Тувагийн нутагт морин завод байгуулахдаа Тэсийн адууг аваачиж нийлүүлж, дайны уналга, морьт цэргийн адуугаа өсгөсөн юм билээ. Гэтэл яг дайнд явах гэхээр Саяны нурууг давуулахад хэцүү, вагон байхгүй байсан учраас морин заводоо Монголд байгуулсан нь Талбулагийн морин завод. Эх орны дайны дараагаар морь хэрэггүй болсон болохоор Талбулагийн морин заводыг тараасан. Тэрнээс Оросын Дон адуу, Будённый адуу үүссэн. Монголчууд дараа нь Оросоос авчирч морин заводын буюу Жаргалант угшлын адууг гаргаж ирсэн. Тэгэхээр зүүн зүгийн адуу Тэсийн гаралтай,  Жаргалантын адуу ч Тэсийн гаралтай. Энэ хоёр угшил Монголд дийлж байна. Яг Тэсийн гол дээрээ байгаа адуу нь хол учраас очиж уралдаж чадахгүй байна. Анх 1942 оны улсын наадамд Тэсээс доголон Мижиддоржийн хүрэн морь улсад түрүүлсэн байдаг. Харамсалтай нь архивын баримтанд тусгагдаагүй юм билээ. Баярмагнай гуайн 100 жилийн айраг түрүүн дээр ч байхгүй. Дорноговийн Тайж угшил гэж байдаг шүү дээ. Энийг чинь Хилэнхар гэдэг хулгайч манай нутгаас Тэсийн адуу аваачиж өгсөн гэдэг домог байдаг юм билээ. Миний “Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” домогт халхын Хар хулгайч гэдэг хүн Тэсийн голын адууг аваачиж тараасан гэж гарсан байгаа. Өвгөн ноён зандан хүрэн,  гуулин зээрдээ Ёст бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Сүхбаатар сумдын нутгаас авсан байдаг юм. Өөрөө Цэцэнхан аймгийн цэргийн жанжин байсан хүн. Албан тушаалаа ашиглаад ч юм уу сайн адуу цуглуулсан байдаг. Зүүн зүгийн адуу, Жаргалант угшлын адууг ялгаж судалгаа хийж байна гэж яриад байхаар миний инээд хүрдэг. Эцэст нь хэлэхэд одооны шигшмэл адуунууд Тэс гаралтай.
- Хөвсгөлд очоод 70-аад хүнтэй уулзсан.  Тэгэхэд одоо зүүн зүгийн адуугаар уралдаж байна, нутаг адуугаар уралдахад одоо хэцүү болчихлоо гэж олон уяач ярьж байна билээ. Зарим уяач нар адуу зөөж байгаа гэсэн?
- Тийм, би ч гэсэн 2006 онд адуу зөөсөн. Миний аваачсан адууны төлүүд түрүүч нь хязаалан болж байна. Одоо дахиад тэд нарыгаа эвцэлдүүлчихвэл гайгүй адуу гарах байхаа. 
- 1996 онд хоёр түмэн адууны баяр хийсэн. Цэцэрлэг суманд адуу ингэж тааваараа өсөхөд юу нөлөөлдөг вэ?
- Уг угшил нь нөлөөлсөн. 23 мянган адуу хүрсэн нь манай сум ганцаараа биш. Дундговь аймгийн Эрдэнэдалайн адуу 30 мянга гарч байсан. Заавал талд адуу өсдөг, тайгад адуу өсдөггүй гэдэг бол биш юм байна. Манай сум бол талтай , уултай, салхитай тийм  газар. Одоо бол тийм байхаа больсон, хоёр гурван жил том зуд дайрлаа. Манай нутаг бол их хүйтэн, аравдугаар сарын дундаас тавдугаар сарын дунд хүртэл цасан бүрхүүлтэй байдаг. Мөн чоно ихтэй учраас адуу өсөхөд хэцүү.
- Танайх жилдээ хэчнээн уралдаан хийдэг вэ?
- Наадмаа хийнэ, хаврын уралдаан гэж хийдэг. Ноднингоос би нэг баяр сэргээсэн. Манай суманд могойн хөндий гэж их сайхан хөндий байдаг. Тэр хөндийд эрт үед Эрдэнэдүүргэгч вангийнхан хошуу наадмаа хийж байсан юм билээ. Тэсийн голын эх манай сумын нутагт байсан. Түүнийг зуны адаг сарын харагчин могой өдөр тахидаг байсан. Зуны адаг сард яг морьдын тарга тэвээрэг гүйцсэн үед Могойн хөндийд уралдаан зохион байгуулдаг болсон. Ноднин Завханы наад талын  долоон сум, манай Цэцэрлэг, Бүрэнтогтох сумдууд нийлээд  зургаан насны морьд  уралдуулсан сайхан наадам болсон. Цаашдаа энэ уралдааныг наадамтайгаа хавсруулан хийдэг болгоё гэсэн зорилттой байгаа.
- Хишигбатын хонгор морины чихмэлийн талаар ярилцах нь зүйтэй байх. Монголд хурдан морины чихмэл хоёрхон байгаа. Нэг нь Нийгмийн хонгор. Та энэ санаачлагыг гаргасан юм уу?
- Бид хоёр багын найзууд. Би Хишигбатын уясан морийг наадамд унаж байсан. Хонгор морио уралдуулж эхлэснээс нь хойш би их дэмжсэн. Тэр үед би ардын аж ахуйтан компанийн захирал байлаа. Сүүлд манай нэг хүүхэд “Пионерийн үнэн” гээд хүүхдийн сонин барьж ирээд “манай нутгийн Дагиймаа гэж хүн Байгалийн төв музейд чихмэл хийдэг гэнэ” гэж ярилаа. Би дараа нь нутгийн хүн юм бол тэр хүнийг олж хонгор морины чихмэл хийлгэе гэж бодоод Хишигбатад хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би Долгоржавын Дагиймаа гэж хүнтэй ирж уулзаад хэрэг зоригоо хэллээ. Тэр хүн Цэцэрлэг суманд төрсөн нь үнэн,  зургаан настайдаа Цэцэрлэг сумаас гарч Алаг-Эрдэнэ сум, сүүлдээ Хатгалд байсан юм билээ. Миний зорилгыг сонсоод бололгүй яахав, туслая дэмжье гэсэн. Тэгээд би сайхан тэжээж байгаад, намар сайхан тарга тэвээрэг аваад, үс нь гуужаад, сайхан болсон үед нь янзлая гэж бодсон. Тийм ч учраас өөрийнхөө арилжаа халтар морийг Хишигбатад өгч хонгор морийг оронд нь аваад, өөр дээрээ авчраад хашаанд тэжээж байсан. Гэтэл хавар 2005 оны гуравдугаар сарын 21-нд тэжээлийн хор болсон уу хөрвөөгөөд, хөлс нь гоожоод өнхрөөд ойчсон.  Эмч ч босгож чадагүй. Үхчихээр нь Дагиймаа гуай руу утсаар хэлсэн чинь “туурайг нь салгахгүйгээр өвчөөд ав” гэсэн. Тэгээд өвчиж аваад, давсалж тавьж байгаад намар хүүхдүүдээ сургуульд явахад нь хот руу өгөөд явуулсан. Яснуудыг нь ч хадгалж байсан. Толгой нь хэрэгтэй боллоо гэхээр нь  аравдугаар  сард толгойг нь аваачиж өгсөн. Бусад ясыг нь Тэсийн голынхоо ойр булсан. 2006 оны дөрөвдүгээр сард би өөрөө хотод ирж үзэхэд хийгээд дууссан байсан.
- Чихмэл хэдэн төгрөгөөр хийдэг вэ?
- Тэр эгч маань одоо тэтгэвэртээ сууж байгаа. Бага үнээр хийж өгсөн. Надаас 400 мянган төгрөг авсан. Бараг өвлөөр өнгөрсөн болохоор чихмэл маань ийм өтгөн үстэй болчихсон.
- Улсад ирж уралдаад морь будлиад өөр морийг цоллосон гэсэн.  Гэхдээ Хишигбат гуай түрүү морины медалийг авсан гэдэг юм билээ?
- Тэгсэн медалийг нь авсан. Яг энэ голынх/ зураг заав/. Тэр үеийн алтан медаль, олон жил болоод хүрэл шиг болчихсон.
- Хотод  ирж уралдаад буцахдаа хөл нь эвгүйдчихсэн байсан гэсэн. Хишигбат гуай тэр тухай ярихгүй байсан даа?
- Өөрөө яриагүй юмыг би яриад ч яахав. Тэр үед морь мал ачна гэж байдаггүй байсан болохоор Хишигбат улсын наадам явахын тулд эндээс их эрт мордсон, би гаргаж өгсөн. Даваахүү гуай хөдөлмөрийн баатар болсонд би баяртай байгаа. Манай уяач нарын хөдөлмөрийг төр засаг үнэлж байна. Гэхдээ Даваахүү гуай морин тойруулгын бэлэн хурдан дээр ажилласан хүн. Манай Хишигбат бол 1000 км хол газраас  хоёр удаа хөлөөр нь морь аваачиж улсад тавьж байсан хүн. Энд хэр зэрэг их хүч хөдөлмөр, хэр зэрэг их хөрөнгө мөнгө, хэр зэрэг их эр зориг орох вэ. Манай Хишигбатын тэр хөдөлмөрийг үнэлэх ёстой гэж би боддог. Сая л Алтангадас өгсөн. Хонгор морины хөлийг амьтан төмөр утсаар боосон байсан гэж огт худлаа шүү. Хан-Уул дүүргийн наадамд тавьсан хонгор морио татаатай явуулж байгаад наадам будлиулах гэлээ гэж хэлсэн цагдаа уурласан шарандаа огцом тавиулаад хөлийг нь эвгүйдүүлчихсэн. Тэр жил улсад уралдсан соёолон, хээр морь хоёр нь хоёулаа үхсэн. Хонгор морио буцаагаад хөлөөр нь авч ирж байгаад Тариалан суманд найз Бадрахдаа хатгуулж эмчлүүлэх гээд үлдээгээд ирсэн. Хоёр жилийн дараа Эрдэнэтэд болсон Хангайн бүсийн анхны даншигт уралдуулаад хөлийг нь бүүр муутгасан. 2001 онд аймагт аваачиж зодог тайлсан. Би 2004 онд сумандаа зодог тайлъя гэж бодоод хавар аваачсан байсан чинь хулгайд алдаад Хул азаргын нуруунаас олж авсан, тэгээд Гандангийн баяр хийхэд тал дундаас нь тавьж зодог тайлсан түүхтэй юм даа.
- Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. 

А.Мөнх

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна