Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн Д.Гомбожав: Хурдан хүлгийнхээ хөлсийг нутагтаа шингээнэ гэдэг аргагүй том буян

Тэлмэн
2017 оны 7-р сарын 20 -нд

-Миний мэдэхээр Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүнээр хамгийн олон жил ажиллаж байгаа хүн нь та. Говь-Алтай аймгийн МСУХ-г үүсгэн байгуулсан цагаас хойш гэхээр та энэ албыг аваад хэдэн жил болж байна вэ?
-1996 оноос хойш Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байна. 2005 онд шинэчлэн зохион байгуулахад өмнөх тэргүүн Пүрэвдорж хөдөө суманд ажиллаж байсан болохоор хүсэлтээр нь намайг тэргүүнээр сонгосон юм. Түүнээс хойш 24 тэргүүлэгчтэй, тэдний талаас илүү хувь нь анх энэ холбоог үүсгэн байгуулалцсан хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүмүүс маань их ачаалалтай, нарийн чимхлүүр мөртлөө маш их хурд шаардсан ажил хийж байна. Тиймээс удирдлагын багаа удаан тогтвортой ажиллуулж, жилээс жилд чадавхжуулж, бусад холбоодоос туршлага судалж, алхам тутамдаа суралцагч, мэргэжлийн холбоо болгохоор зорин ажиллаж байна. Энэ ч утгаараа манай холбооныхон бүгд морин спортын хөгжлийн түүхэнд нэр хүндтэй, үнэ цэнэтэй байр суурь эзэлнэ гэж боддог.
-Танайх хоёр ч удаа “Улсын Шилдэг салбар холбоо”-гоор шалгарсан байх аа?
-Тийм. 2006 онд Баруун бүсийн уралдааныг аймагтаа зохион байгуулсан амжилтаараа “Улсын Шилдэг салбар холбоо”-гоор шалгарч байлаа. Дараа нь монгол морийг Геннисийн номд бүртгүүлэх арга хэмжээнд хамгийн холоос хамгийн олон морьтой очиж оролцсон гэдэг үзүүлэлтээр энэ шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн.
-Та ярианыхаа эхэнд холбоогоо “мэргэшсэн” гэж тодотголоо. Тэгэхээр энэ мэргэшсэн холбоо ямар, ямар томоохон ажлуудыг зохион байгуулж, Говь-Алтай аймгийн морин спортын хөгжилд хувь нэмэр оруулсан нь хүмүүст сонин байгаа болов уу?
-Бид Говь-Алтай аймгийн МСУХ-ны түүхэнд үлдэх хэд хэдэн томоохон ажлууд зохион байгуулсан гэж дүгнэдэг. Нэгдүгээрт, Алтайн адууны хурдыг сайжруулахын тулд тодорхой бодлого боловсруулан, зорилт дэвшүүлж ажилласан юм. Энэ зорилтыг 2006 оноос эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 10 жилийн хугацаанд 4000 азарганы 3/4 нь зүүн чигийн хурдан угшилтай азаргаар сайжирсан байгаа. Зөвхөн азарга гэлтгүй гүүнүүд ч гэсэн авч ирж, адууныхаа угшлыг сайжруулах ажлуудыг идэвхитэй хийсээр байна.
Хөдөө орон нутагт хурдан морины ажлыг хөгжүүлэх, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах ажил бол зүгээр гарын үзүүрээр бүтчих зүйл биш. Хөдөлгөөн болтол нь өрнүүлж хөгжүүлэх шаардлагатай байсан ажлуудын нэг. Бид аймгийнхаа удирдлагууд, УИХ-ын үе үеийн гишүүд, ММСУХ-ны тэргүүлэгчид, Говь-Алтай аймгаас төрсөн Алдарт, Тод манлай уяачидтайгаа хамтран том том ажлуудыг хэрэгжүүллээ. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ц.Дашдоржтой хамтарч “Адуужуулах хөтөлбөр” хэмээх хагас тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажлыг зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд сум бүрээс 10 гаруй уяачийг Улаанбаатар хотод аваачин сургалтанд хамруулж, зүүн аймгууд руу явуулан, газар дээрээс нь адуу сонгуулсан. Зөвхөн тэр жилдээ л гэхэд манайхан 1200 гаруй адуу гаднаас авч ирсэн.
Мөн хоёр, гурван аймгаар 10-аад хоногийн хугацаатай туршлага судлах ажил зохион байгууллаа. Ерөнхийдөө Алтай талын адуу бол бие жижигтэй, бахим байсан. Харин одоо шинээр төрж байгаа унагануудын шинж өөрчлөгдсөн.
Бид 2006 оны Даншиг наадмын үеэр зургаан насны 30 айраг, түрүүний зургааг авч байсан бол 2010 он болон түүнээс хойшхи Баруун бүсийн даншиг наадмуудаас 10-аас доошгүй айраг, түрүү авч байна. Эдгээр наадмын амжилтаас харахад Алтайд төрсөн бага насны хүлгүүд сайн давхиж байна. Энэ бол нутгийн унаган адуугаараа улсын баяр наадамд уралдъя гэсэн холын зорилт руу маань даллан дуудсан, урам зоригийг маань сэргээсэн мэдээ. Мөн өөр аймгуудаар явуулж, хүмүүсийн нүдийг нээж, мэдлэг туршлагыг нь дээшлүүлсэнээр уяачдын ур чадвар ч дээшилж байна. Сүүлийн үед шинжлэх ухаанч тал руугаа илүү ойртож байна.
 -Уяачдынхаа ур чадвар, мэдлэг туршлагыг дээшлүүлэхэд голлон анхаардаг юм байна. Тухайлбал, ямар ямар сургалт зохион байгуулж байв?
-Нутгийнхаа Тод манлай уяачид болон Д.Даваахүү, Дуламсүрэн зэрэг нэрт уяачдыг урьж хичээл заалган туршлага судлуулж, зөвлөгөө авдаг юм. Ганцаарчлан уулзах боломжийг хүртэл олгодог. Тэр уулзалт яриан дундаас хүмүүс маань цаашдын зорилго, арга барил, чиг шугамаа олж авдаг гэсэн үг. Сургалтаас гадна уралдааны төрлүүдийг ч бас нэмэгдүүлсэн. 2006 онд Аймгийн Засаг даргын захирамж гарч, Говь-Алтай аймгийн МСУХ-ноос зохион байгуулж байгаа аймгийн дотоодын бүсийн “Алтайн хавар” их гурван нас, бага гурван насны уралдаан зэргийг аймгийн зэрэглэлд оруулж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, энэ наадмуудаас айраг, түрүү авсан уяачид аймгийн баяр наадмын айраг, түрүүтэй ижил түвшинд үнэлэгдэж, аймгийн зэрэг цол хүртэх боломжтой болсон. Ингэснээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай аймгаас аймгийн Алдарт уяач цолтны тоо 200-гаад хүнээр нэмэгдлээ.
Жилд дөрвөн удаа аймгийн бүсийн уралдаан зохион байгуулж байна. Асар их зардал чирэгдэл гардаг ч уяачдынхаа чадварыг нэмэгдүүлж, морьдынхоо чансааг дээшлүүлэхийн төлөө хийж байгаа ажлуудын маань нэг бол энэ. Мөн Баруун таван аймгийн хүрээнд анх удаа “Монгол уяач 3000” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Геннисийн уралдаан гэх мэт ММСУХ-ноос зохион байгуулж байгаа ажлуудад тогтмол идэвхитэй оролцдог. Тэр уралдаанд л гэхэд манайхан 120-иод морьтой очиж оролцсон. Миний сайных ч биш ээ, энэ бол манай уяачид аливаа ажилд нэгдэж, нэгэн чигт зорьж, идэвхи санаачилгатай ажилладаг, тэднийг идэвхижүүлдэг тэргүүлэгчдийн ажлын үр дүн юм.
-Тахиа жилийн босгон дээр Говь-Алтай аймгаас Тод манлай, Алдарт, Манлай уяачид төрөн гарлаа. Жанчив гуайг оруулаад Тод манлайн тоогоор улсын хэмжээнд нэлээн дээгүүр ордог болчихлоо. Ялангуяа баруун аймгууд дунд улсын цолтой ийм олон уяачтай аймаг байхгүй байх шүү?
-Тийм ээ, манай тэргүүлэгч Т.Гантөмөр Тод манлай, Бигэрийн Л.Батмөнх Манлай, Шаргын Н.Зоригт алдарт цол хүртэж биднийгээ баярлууллаа. Манай аймагт Тод манлай тав,  Манлай гурав, улсын Алдарт 13 уяачтай боллоо.
-Говь-Алтай аймгийн хэмжээнд яг одоо морь ид уяж байгаа хэдэн хүн байна вэ?
-Аймгийн уяачдын холбоо 2006 онд дүрмээ шинэчилж үнэмлэхээ гаргуулаад, бүртгэлжүүлэхэд манай аймаг 2000 уяачтай байсан. Миний ойлгосноор бол аймгийн хэмжээнд 3000 айл уяач хэмээх алдарт харьяалагдаж байгаа. 10 жилийн өмнө зарим суманд салбар холбоо ч байгуулагдаагүй, аймгийн уяачдын холбоо мянга хүрэхгүй гишүүнтэй байлаа. Хамгийн сүүлд Тайшир, Есөнбулаг хоёрт салбар холбоо байгуулж, тамга тэмдэгтэй болгосон. Дотоод зохион байгуулалт, уяачдыг нь бүртгэлжүүлэх, сумдын уяачдын холбоодыг ажлаа явуулах боломжоор хангаж шинэ гэртэй болгох ажлыг ч хийсэн. Манай 24 тэргүүлэгчийн дөрөв нь хот руу шилжсэн учир залуу хүмүүсээр сэлбэсэн. Цаашид ч удирдлагын багаа залуужуулах, өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн ажлын зарчим, хэрэгжүүлсэн ажлуудаа тэдэндээ шингээж үлдээх бодлогын асуудлыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
-Сүүлийн үед морь бол соёл, уяачид бол соёлыг тээгчид юм гэж ярих болсон. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Санал нийлэлгүй яах вэ. Хамгийн гол нь Монгол хүн морьтойгоо ажиллах, өвөг дээдсээс уламжилж ирсэн адууны соёлоо дээдлэх, орчин цагт шинжлэх ухаанжсан уяа сойлгыг хэрэглэх завсраа уламжлалт арга барилаа хадгалах нь чухал гэж би боддог. Уламжлалт соёл дээр нийгэм, цаг үеийн шаардлагаар нэмэгдэн гарч ирж байгаа олон зүйл байна. Тухайлбал, хамгаалах хэрэгсэл ашиглан унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангана гэх мэт зүйлс бол цаг үеийн шаардлагаар гарч ирж байгаа шинэ зүйл шүү дээ. Эдгээрийг ч бас хамтад нь авч явах ёстой. Мөн хүүхдээр хурдан морь унуулж болохгүй гэх мэт морины соёлд буруу байдлаар хандаж байгаа нь ч ажиглагддаг. Малчны хүүхэд морио унаж, малаа маллаж, баяр наадамдаа оролцсоор л ирсэн. Энэ бол нүүдэлчин түмний соёлын нэг хэлбэр. Энэ талаар нүүдэлчний соёлыг мэдэхгүй гадны хүмүүсийг дагаад туйлшраад байх нь зохимжгүй. Хүүхдийн эрх талаас нь яривал өвөл, хаврын уралдааныг хэзээ, хаана зохион байгуулахыг нь хуулиар нэг мөр шийдэж өгөх нь зүйтэй. Ер нь аливаа асуудлыг түс тас шийдчихдэггүйгээс болж л иймэрхүү асуудлууд гарч ирээд байгаа юм.
-Говь-Алтай аймаг хурдан хүлгүүдээрээ алдартайгаас гадна сайхан жороо морьдын цөм сүрэг нь бас энд байдаг гэлцдэг. Гэвч сүүлийн үед жороо морьд цөөрсөн гэж уяачид халаглаж байна. Тэгэхээр жороо морь, жороо морьдын уралдааныг бодлогын хүрээнд дэмжих цаг үеийн шаардлага гарч ирж байгаа юм болов уу гэж бодогдлоо?
-Бид хаврын бүсийн уралдаанаас гадна зориулалтын уралдааныг давхар зохион байгуулж байгаа. Үүнийг хоёр хувааж авч үзэж болно. Нэгдүгээрт, манай аймгаас төрөн гарсан Тод манлай уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нарын нэрэмжит Алдрыг тэмдэглэх уралдааныг 2009 онд анх Баян-Уул суманд зохион байгуулсан. Дараа нь аймгийн төв дээр хийсэн. Түүний дараа Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн нэрэмжит уралдааныг хийсэн. Одоо Тод манлай уяач Т.Гантөмөрийн нэрэмжит уралдааныг зохион байгуулахаар ярилцаж байна. Иймэрхүү тухайн хүний нэрэмжит ард түмэндээ хандсан уралдаан өөр аймгуудад нэг их дэлгэрээгүй байгаа болов уу. Дараа нь бид УИХ-ын гишүүн Жадамбаагийн Энхбаяртай хамтарч, “Алтайн шигшмэл хурд” уралдааныг хоёр удаа зохион байгууллаа. Энэ уралдаан их онцлогтой. Тодруулбал, өнөө цагт өрсөлдөөн их болж байна. Тиймээс бид олон жилийн амжилтаараа Алтайн шигшмэл сайн морьдын нэг гэдгээ баталсан адууны эздэд урилга хүргүүлчихэж байгаа юм. Бай шагналыг нь ил тод зарладаг. Бай шагналынх нь хэмжээг ч хэвлээд тараачихдаг. Энэ нь хүмүүсийн таашаадаг ажлуудын нэг болж чадсан. Жороо морины тухайд ч мөн адил иймэрхүү зориулалтын уралдааныг зохион байгуулж байна. Жороо морь гэдэг бол морин доторх урлаг. Хурдан морь уралдуулж байгаа хүмүүс өнгөт кинонд өөрөө тоглоод явж байгаа мэт таашаал авч, түүх болж үлддэг. Жороо морь бол түмэн олон гараанаас нь бариа хүртэл хараа салгалгүй харж, биширч байдаг, нэг ёсондоо байгалиасаа заяасан морин тойруулга гэсэн үг шүү дээ. Энэ утгаар нь жороо морьдоо дэмждэг. Манай аймгийн Халиун сумын Охин гэдэг хүний жороо хээр морь 1990 онд улсын баяр наадамд түрүүлж байлаа шүү дээ. Лүндэгийн зээрд, манай Бигэрт л гэхэд Согоо хээр гээд хоёр жороо морь байлаа. Хээр морь нь 1962 онд байх аа, аймгийн наадамд аман хүзүүдэж байсан юм. Манай аав сайн сууж чадахгүй байхад аймгийн дарга Бадамжав гэдэг хүн дагаж яваад “сайн суу” гээд байхад нь “боль гэж байна” гэж бодоод амыг нь татаад хоёрт оруулчихсан гэдэг юм.  Намайг сургуульд ороход хот руу нүүж ирэхдээ Чандмань руу найздаа өгөөд тэр нь олон суманд түрүүлсэн. Түрүүлэхдээ зүгээр ч нэг түрүүлэхгүй, хэдэн зуун метр хол тасархай түрүүлж ирдэг байлаа. Согоо хээр гэж надтай нэг хавар, долоо хоногийн зайтай мэндэлсэн унага л даа. Тиймээс ч би жороо морины угшлыг сайжруулах, соёлыг хадгалж үлдэх талаар нэлээд бодож явдаг юм.
-Говь-Алтай аймгийн аль ч суманд очсон морь цоллож, найр эхлүүлдэг, уран цэцэн үг нь амандаа багтаж ядсан хүмүүстэй таарах юм. Танай нутгийнхныг энэ мундаг ёс заншлыг сайн хадгалж үлджээ гэж бахархан бодож явлаа?
-Өвөрхангай аймгийн морины их шүтээний нээлтэнд анх хоёр морь цоллоочтой, арваад хүн очиж оролцож байлаа. Тэр үеэр болсон улсын уралдаанд хоёр цоллоочийн маань нэг нь түрүүлж, нөгөө нь гуравдугаар байрт шалгарсан юм. Хоёрдугаар байрт Монголын үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга Цогтбаатар орж байлаа. Харин манай Баян-Уул сумын уяачдын холбооны тэргүүн, улсын тэргүүний уран сайханч Атарбаян маань түрүүлж, бидний бахархах сэтгэлийг огшоож байсан даа. Ер нь манай Алтайнханыг авьяаслаг ард түмэн гэж Монгол даяараа ярьдаг шүү дээ. Морьтой ойр байдаг хүмүүсээс захын нэгэн нь л толгой холбоод, аятайхан зүйрлэл зохиогоод хурдан хүлэг болон олон түмнээ магтчих жишээтэй. Хэлж ярьж байгаа нь ч товч бөгөөд ончтой. Манай холбооны нарийн бичгийн дарга /Ванчиг/ гэж Улсын тэргүүний морь цоллооч байна. Энэ хүн авъяастны томоохон дэг сургууль бий болгосон. Тэр нь юу вэ гэхээр, зарим газар нэг морь цоллооч л дахин дахин цоллоод байдаг даа. Харин манайд бол нэг хүн нэг морь цоллоод л байхад морь цоллоочид нь илүү гараад байдаг юм.
-Хурдан морь унаач хүүхдийн асуудал сүүлийн үед улам хурцаар яригдаж байна. Энэ жил нэг хүүхэд эндчихлээ. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр энэ асуудал ч олон хүнийг “түргэн авахууллаа”. Говь-Алтай аймгийн МСУХ уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар ямар арга хэмжээнүүд авдаг вэ?
-Бид аймгийнхаа хүүхдийн байгууллагатай хамтран уяачид болон уралдаанч хүүхдүүдийг хамруулсан сургалт зөвлөгөөнийг хоёр удаа зохион байгуулсан. Эхний сургалтаар хамгаалах хэрэгслийг хэрхэн хэрэглэх талаарх сургалт явуулж, аймгийн төсвөөс санхүүжүүлэлтийг нь гаргуулж, анх 100 ширхэг хамгаалалтын малгай захиалж авчраад, үнэ төлбөргүй тарааж байв. Өнгөрсөн жилээс хамгаалах хувцасгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гарган, хэрэгжүүлж байна. Манайд аймаг, бүс, сум, багийн бүх уралдаанаас энэ ажлын үр дүнг харж болно.       
Нөгөөтэйгүүр, манай аймагт болж байгаа уралдаан бүрийг телевизээр дамжуулдаг болсон. Энэ мэтээр бүх ажлаа ил тод, олон нийтэд нээлттэй зохион байгуулахыг эрмэлзэж байна. Мөн эрлийз морьдыг ялгах, телевиз, цагдаа, эмнэлгийн тэргээс өөр машин дагуулахгүй байхаар асуудлыг зохицуулж байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд мориноос унаж гэмтсэн асуудал гарахгүй байгаа нь зохион байгуулалт сайжирсантай холбоотой болов уу гэж бодож байна. Гарааны төхөөрөмжийг аймаг, сумдын бүх уралдаанд хэрэглэж хэвшсэн.
Бид тавьж байгаа асуудлаа зөв гэж санал нэгдэж байгаа бол аливаа ажил хэргийг сайжруулахын тулд өөрсдөө эхлээд хариуцсан ажлаа сайн хийж үлгэрлэе гэсэн зарчим баримталж ажилладаг юм.
Бас нэг асуудал нь уяачид жилийн жилд л морьдоо барьж уячихаад “Хавар уралдах уу, яах уу” гэж асуугаад эхэлдэг. Тэгэхээр ирэх хавар нь уралдах үгүйг энэ жилийн 10, 11 дүгээр сард нь шийдчихсэн байх шаардлагатай болж байгаа юм.  Иймэрхүү асуудлыг эртнээс нь нэг мөр болгочихвол олон хүний хөрөнгө, хөдөлмөр хэмнэгдэхээс гадна дараа нь гарах хэл ам ч багасна Үүнээс үүдээд, аюулгүй байдлыг хангахын тулд одоогийн дагаж мөрдөж байгаа дүрэм журмыг зохион байгуулж байгаа газраас нь эхлээд оролцож байгаа уяачид нь хүртэл ягштал мөрдөж, хариуцлагаа өндөржүүлье. Зохион байгуулах дээд байгууллага нь ч аливаа арга хэмжээг эртнээс маш тодорхой мэдээллэдэг байя гэсэн хоёр саналыг дэвшүүлж байгаа юм.
-Говь-Алтай аймгийн МСУХ ажлаа хэдэн жилээр төлөвлөдөг вэ. Хэтийн төлөвлөгөөнөөсөө бидэнд сонирхуулаач?
-Нэн тэргүүнд холбооныхоо бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, удирдлагын багаа шинэ залуу боловсон хүчнүүдээр сэлбэе гэж бодож байгаа. Мөн энэ жил бага хурал хийх ёстой. Өмнө нь намайг банкны захирлаар ажиллаж байхад уяачдын холбоо маань миний өрөөнд л байрладаг байлаа шүү дээ. Одоо бол манай дэд тэргүүний ажлын өрөөнд байрлаж байна. Тиймээс холбоогоо өөрийн гэсэн байртай болгох асуудлыг бага хурлаараа хэлэлцэнэ. Түүнчлэн одоо зохион байгуулж байгаа уралдаануудаа улам эрчимжүүлье. Сум бүрийн уяачдын холбоо жилд уяачдын баяраа хийж зургаан насны болон жороо морьд уралдуулж байх ёстой гэсэн зарчим уг нь байдаг юм. Гэвч энэ нь манайд алдаг, оног хэрэгжиж байгаа. Харин бүсийн уралдаануудаа манай сумд сайхан зохион байгуулдаг юм. Энэ ажлыг жигдлэх, түүнээс гадна зориулалтын уралдаан, “Алтайн шигшмэл хурд” зэрэг наадмыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн сургалтаа эрчимжүүлж, улам чанаржуулах талаар анхаарч ажиллана. “Тод магнай” сэтгүүлийн дугаар гарна гэдэг бас манай холбооны түүхэнд үлдэх том ажлуудын нэг. Бидэнтэй хамтран ажиллаж, түүх бүтээлцэж байгаа танай сэтгүүлийн хамт олонд талархаж байна.
-Өмнө нь Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн гэдгээр тань л мэддэг байлаа. Гэтэл дуртай дууны минь үгийг зохиосон гэдгийг тань өнөөдөр л мэдлээ. Энэ мэтээр хувь хүний тань талаар ярилцах зүйл бас багагүй байна. Та ингэхэд хэд дэх үеийн уяач вэ?
-Хүү маань одоо дөрөв дэх үеийн уяач болон гарч ирж байна. Учир нь, уяачийн замнал манай аавын аавын үеэс эхэлнэ. Түүнээс өмнө дээдчүүлийн морь уралддаг байсан эсэхийг нь би сайн мэдэхгүй. Миний буурал аав Намсрай гэдэг хүн Сампилын зээрд гэж хурдан буянг 50 хургатай хониор авч байсан гэдэг. Тэр морийг аав маань хүүхэд байхдаа унаж, олон түрүү авсан юм гэнэ лээ. Дараа нь сартай хүрэн морио бас их олон түрүүлгэж байж. Би аавынхаа уясан морьдыг таван жил унасан. Тухайн үед сумын наадам л болдог байлаа шүү дээ. Аавын аавын дүү Доржийн хүү Төмөрбаатар их сайн барилддаг аймгийн Начин хүн. Нэг жилийн наадмаар манай шарга морь, Төмөрбаатар ах хоёр түрүүлж бөөн баяр болж байсан түүхтэй.
Би тэр тухай нь хожим
“...Зодогт цээж ханхалзуулсан хүчтэй мэхтэй бөхчүүдээс
Доржийн хүү авна аа гэж идэр начинг бахдан байна
Хадагт хусуур хавчуулсан ханхар сайхан уяачид
Самбын шарга ирнэ ээ гэж тойрох морьдоос онцлон байна” гэж шүлэглээд аймгийн сонинд нийтлүүлж байлаа. Би дээр дурдаад өнгөрсөн дөө, Согоо хээр гэж надтай нэг жил төрсөн хурдан хүлэг байсан гэж. Тэр бол манай шарга морины ах.
Би 1963 онд шарга морио анх унаж, 1964 онд сумын баяр наадамд гуравлаад, 1965 онд түрүүлж байсан юм. Тэгэхэд Согоо хээр гэж аюултай жороо морь Бигэртээ түрүүлэхдээ түрүүлж, аман хүзүүдэхдээ аман хүзүүдээд явж байсан. Лүндэг Дүндээгийн хүрэн морьтой л урд хойноо орж ирдэг байлаа. Соёолондоо Бигэрийн наадамд түрүүлсэн. Хавчиг соёолон байхад нь миний буурал аав Намсрай халамцуухан унаж яваад жороо оруулсан гэдэг. Эх нь олсон дэлтэй хүрэн гүү байсан юм. Буурал аав маань тэр гүүг Залаа жинстийн унага гэж ярьдаг байсан. Их холоос адуу авч ирж байсан байгаа юм.
Түүний дүү хээр гүүнээс гарсан хүрэн морь бас их сайхан давхиж, 1983 онд хязааландаа аймгийн баяр наадамд түрүүлж байлаа. Тэр жил Жамсрангийн шарга гэж алдартай хүлэг дөрвөөр давхисан. Б.Жамсран гуай ааваас аваад, Улсын Алдарт уяач цолоо тэр морины амжилтаар хүртсэн юм.
-Сургууль соёл гээд нэгэн үе морь малаас бас хөндийрсөн л байлгүй?
-Манай холбооны тэргүүлэгчид бүгд удам дамжсан уяачид. Мал, морьтойгоо бага наснаасаа ойр өссөн, хөдөөгийн амьдрал болон морины соёлоо мэддэг хүмүүсийг тэргүүлэгчээр сонгож байсан юм. Намайг ч бас тэр утгаар нь л сонгосон болов уу. 
-Зарим хүүхэд унаачаас хасагдаад хорхой нь дарагдахгүй даага шүдлэн барьж авч унаад хурдлуулсан гэж сонсогддог. Танд тиймэрхүү түүх бий юу?
-Аав бригадын дарга, ажил ихтэй үед нь би арыг нь дааж, аавынхаа заавар зөвлөгөөгөөр идэш хоол, уяа сойлгыг нь тааруулж, үсэргээнд уралдуулдаг л байлаа. Бригадын өдөрлөг дээр бол айлын том хүү сайхан морь унаад л очдог байсан. Эмээлээ авч тавиад, унаж байсан морио зайдалж унаад түрүүлээд ирсэн тохиолдлууд р ч бий. Би чинь СЭЗДС, ХААИС, УХИ төгссөн нягтлан бодогч, эдийн засагч хүн шүү дээ.
Анх аймгийн Хүнсний үйлдвэрт дадлага хийгээд сургуулиа төгсөөд жилийн дараа  аймгийн Хэвлэх үйлдвэрийн ерөнхий нягтлан болсон. Тэндээс л нягтлан бодогчийн зэрэгцээ сурвалжлага хийдэг болсон доо. Гэтэл Намын хороонд ажилла гэдэг юм байна. Би ч хэвлэх үйлдвэртээ л ажилламаар байдаг. “Нам чамайг мэднэ ээ” гээд орлогчоор элсүүлж, Намын хорооны нэгдүгээр дарга Д.Даваацэрэн намайг анх туслахаараа авч байсан. Тэгээд л даргыгаа дагаад хөдөөгүүр их явдаг, малчидтай голдуу уулздаг, хүмүүсийн туршлагыг бичдэг байлаа. Тэндээсээ 10 жилийн дараа сургуульд явж ирээд Шаргын сум нэгдлийн даргаар томилогдсон юм. Ингээд малчид, хөдөөгийн амьдралтайгаа бүр ойртдог юм байна. Нэгдлийн даргаар дөрвөн жил ажиллаад аймгийн Хоршоологчдын холбооны даргаар сонгогдлоо. Дараа нь Азийн хөгжлийн банкны хөдөө аж ахуйн төслийн захирал, Монгол банкны захирлаар ажилласан.
-Хэдий үеэс шүлэг найраг бичиж эхэлсэн бэ?
-1974 онд “Нутгийн зам” тэргүүтэй хоёр, гурван шүлэг бичиж “Алтайн хөгжил” сонинд нийтлүүлж, урамшиж байлаа. Гэтэл “Соёл Эрдэнэ” хамтлаг Алтайд ирж тоглох үеэр нь би Наранбаатартай танилцаж, “Намрын аяс” гэдэг дууны үгийг бичиж өгсөн юм. Наранбаатар ч гоё ая хийгээд Улсын Ардын дуу бүжгийн чуулгын дуучин, Гавьяат жүжигчин Ягваанд өгч. Хөдөөгүүр тоглолт хийх үеэрээ дуулж байхыг нь манай авга ах, аймгийн Алдарт уяач Холдгор сонсоод, манайд ирж “за хүүдээ баяр хүргэе. Ямар сайхан дуу зохиогоо вэ. Нэг залуу янзын гоё дуулж байна” гэж байсан нь өчигдөрийн мэт тод санагдаж байна. Маргааш нь тэр тоглолтыг өөрийн биеэр үзэхээр очтол “Танай аймгийн Гомбожавын шүлэг” гээд л зарлаж байна. Тэгэхээр чинь хөөрч баярлалгүй ч яах вэ. Тэр л надад тэсрэлт болж, яруу найрагт орох замыг минь нээсэн дээ. Анхны номоо “Нутгийн зам” нэртэй хэвлүүлэхэд яруу найрагч Тоомойн Очирхүү багш “дууны шүлгээрээ л илүү юманд хүрэхээр байна” гэсэн утгатай үг бичиж байлаа. Одоо миний урын санд 60, 70 дуу лав бий. Хүмүүст хамгийн их хүрсэн нь “Бурхан буудай”, “Нарны шувуу”, “Нутаг шүтээн”, “Шаргын говь”,  “Уул талын унага”, “Намрын аяс” байна.
-Та “Миний уран бүтээл сэтгэлээс урган гардаг юм” гэж байсан. Таны уран бүтээлд ямар сэдэв зонхилдог вэ?
-Насаараа Алтай нутагтаа ажиллаж амьдарсан болохоор Алтай нутаг маань миний уран бүтээлийн голлох сэдэв болдог байх. Гэвч Алтайн өндөр уул цагаан хүрээтэй гэж байнга дуулаагүй, өөрийнхөө хэлэх гэсэн санааг өөрийн хөг аялгуугаар дамжуулан гаргахыг хичээсэн. Жишээлбэл, “Бурхан буудай” гэж миний хамгийн дуртай дуунд
“Өвөр бэл өөд нь авирахаар
Өргөөд авах шиг өөриймсүү” гэж гардаг юм. Энэ бол ганцхан Бурхан буудай уулыг хэлж байгаа хэрэг биш. Энэ дуугаараа би анх нутаг шүтээн гэдэг үгийг Монголын яруу найрагт оруулж ирсэн юм. Энэ дуугаа биччихээд Завханы С.Батсүх найзыгаа Алтайд ирэхэд нь ая хийлгэх гээд Жамьяанд өгөөд явуулсан. Тэр үед чинь ойролцоох уран бүтээлчид нэг нэгнээ мэддэг, хамтарч уран бүтээл хийх нь элбэг байлаа. Д.Цэвээнравдантай нэг дуу хийчихээр Ц.Жамьяан “Надад шүлэг өгөхгүй юу чи” гээд л. Завханыхан намайг тоогоод байхад бичихгүй яах юм гэж би ч онгирно. Яагаад гэвэл Батсүхээр дамжуулаад тэдний хамаг дуу хит болж байсан үе шүү дээ. Тэгсэн Батсүх долоо хоногийн дараа над руу кассет явуулдаг юм байна. “Нутаг шүтээн”-д маань сайхан ая хийгээд, гитартай дуулаад бичээд явуулчихаж. Хожуухан Жавхлан авч дуулсан. Дараа нь би “Нутаг сэтгэл” гэдэг дууны шүлэг бичсэн.
-Хүмүүс ихэвчлэн аав, ээждээ зориулж шүлэг зохиосон байдаг?
-Би “Бурхан буудай” дуугаа аавдаа зориулж бичсэн юм. Аав маань айлын өргөмөл хүү байхгүй юу. Төрүүлсэн ээж нь миний буурал ээжийн төрсөн эгч нь байсан юм. Анх Бурхан буудайгаас дүүрээд авчирч өгсөн юм гэнэ лээ. Түүний өмнөхөн аавын төрсөн ахыг  нь авчирч өгсөн боловч ер тогтолгүй буцаад явчихсан юм гэнэ лээ. Тэгэхтэй нь зэрэг ээж нь дүүг нь зөрүүлээд дүүрч ирээд өгчихөж. Ямар сайхан сэтгэл гэх вэ. Бурхан буудай маань Халиун, Цээл, Бигэр, Цогт дөрвөн сумын нутагт байдаг, дөрвөн сумаас л харагдаж байдаг уул шүү дээ.
“Нарлаг Алтай нутгийнхаа
Найман зовхист бараатай
Найргийн мөр шиг ижлээрээ
Таван богдод уяатай” гэж.  
- Бага залуугаасаа хурдан морьтой холбогдсон хүн морины тухай дуу шүлэг олныг л бичсэн байлгүй?
-Тэгэлгүй яах вэ. Алтайн уяачдын холбооны “Алтай нутгийн хурд” дууг бичсэн, Цэвээнравдантай хамт 2006 оны даншиг наадамдаа зориулан зохиосон юм. Анх удаа наадмын нээлтэн дээр цэнгэлдэх дотор Ганзориг, Батболд хоёр морин дээрээс дуулсан. Би Монголын гурван тёнороор дуулуулна гэж байсан ч Далантай Гавьяат ажилтай болоод амжаагүй. Дараа нь 1997 оны Дэлгэрийн даншигт зориулж “Уул талын унага” гэдэг дуу бичсэн. Манай Насанцогтын Энхбат дуулсан.  Энэ дуу маань Б.Цэрэндондов бид хоёрт дааганы шагнал авчирч байлаа. Дараа нь “Монгол уяач” гэдэг дуу бичсэн. Манай Тод манлай Бат-Эрдэнэ маань дүрсжүүлж дуу болгоно гэж амласан.
-Та хэдэн онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан юм бэ?
-2009 онд билүү дээ. Тоглолтын үеэр Соёлын яамнаас төлөөлөгч ирж гардуулсан. Түүнээс өмнө Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн.  2010 онд аймгийн ойгоор намайг Соёлын гавьяат зүтгэлтэн цолонд тодорхойлсон ч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгсөн. 
-2013 онд Геннисийн номд бүртгүүлэхээр тэр олон морьд цуглахыг хараад омогшиж бахархсан сэтгэлээс тань дуу төрсөн үү?
-Магадгүй тэндээс төрсөн сэтгэгдэл маань “Монгол уяач” дуу байх гэж боддог юм. Галбадрах хурандаа бид хоёр даамал хийж байлаа. Зургаан бүс болгоод хуваахад баруун бүсийнхнийг бид хоёр аваачиж уралдуулсан юм. Янз бүрийн өнгө гэрэлтэй, цэцгийн мандал салхинд яаж харагддаг билээ, тэгж л харагдаж байсан.
-Өөрийн нэр дээр морь уралдуулж байв уу?
-2005 оноос адуугаа сайжруулж, Асгатаас голдуу сайн морь авсан. Асгатын Дамдинсүрэнгийн Бат-Эрдэнэ, Нямцогт гэж ах дүү хоёр байгаа. 2006 онд би Бат-Эрдэнэ, Халзангийн Ооёо Алдарт хоёроос хоёр соёолон үрээ авсан. Тэгээд 2006 оны даншигийн өмнөх хоёр сунгаанд миний хоёр соёолон нэг, нэг түрүүлсэн. Аймгийн Алдарт уяач Цогбаатарын Адьяасүрэн гэж хүү манай морьдыг уядаг юм. Тэгтэл наадам ч боллоо. Бичээрэйн Далайн, Өвөрхангайн Отгоннасангийн хурдтай уралдаад байдаг Санданжигмэд хоёрын хоёр хонгор түрүүлж, Ооёогоос авсан хээр маань ард нь яваад байсан. Манайд чинь жаахан чулуутай газраар хошуу тойрдог байхгүй юу, тэгсэн тэнд чулуу гишгээд хойшлочихсон юм. Бат-Эрдэнийн хүрэн хондон аймгийн баяр наадамд гурвалчихсан байсан. Би улыг нь хайрлаад аймгийн наадамд явуулаагүй юм. Тэгсэн манай хоёр нэг нь 20-иор, нөгөөх нь 27-гоор ирсэн. Дараагийн жил нь Бат-Эрдэнээс даага авъя гэтэл дүүгээсээ авахыг зөвлөсөн юм. Тэндээс сайхан бор гүүний хул даагыг эхтэй нь аваад явахад тэр бор гүү цангинатал янцгаагаад л байсан. Авч ирсэнээс хойш аймгийн наадамд гурван жил дарааллан түрүүлсэн. Аймгийн баяр наадмын түүхэнд бага гурван насанд дарааллан түрүүлсэн адуу байдаггүй юм. Гэвч соёолонд нь зуд турхан болоод хөлийг нь муутгаад, тэр хоёроороо сайхан азарга тавьсан. Манай адуу ч энэ хоёр азаргаар янзын сайжирсан.
-Аймгийн баяр наадмаас нийт дөрвөн түрүү авсан юмуу?
-Тийм. Бас улсын бүсийн айраг ч бий. Би аавынхаа хүрэн морийг хязааланд нь уяж байсан юм. Мөн Жамсрангийн шаргын анхны уяач нь. Өдөр нь ажлаа хийгээд, зав зайгаараа морьдоо авчирч сойчихоод, орой нь майхнаа ачаад, морио аваад наадмыг өнгөрөөж байлаа.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2010 онд санагдана.
-Таны хүү дөрөвдэх үеийн уяач гэсэн байхаа?
- Би дөрвөн охин, нэг бандитай. Манай хүү аймгийн Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Ариунболд гэж залуу бий. Тэр морьдоо өөрөө уяна. Ач зээ нартаа адуу зүсэлж өгдөг. Томроод морьдоо таньж, унаж эхэлж байгаа нь хөөрхөн. Т.Тэмүүжин хүү маань хурдан морь унаж байна. Манай хоёр дүү Бигэрт бас морь уяж байна. Нарантуяа маань хоёр бандитай, нэг нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж, Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд ирсэн малын эмч. Тэр яг гардаж ажиллах биз. Дүү Эрдэнэбилэг аймгийн Алдарт уяач. Сүрхий уяна, төрсөн нутагтаа гал голомтоо бадрааж яваа хүн. Хурдан хүлгийнхээ хөлсийг тэр нутагтаа шингээж байна гэдэг чинь асар том хийморь буян шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажил үйлс тань арвай буудай шиг дэлгэрч явах болтугай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна