Эрдэнэт хот, Орхон аймгийн хурдан морины уралдааны хөгжил

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 28 -нд

Дэлхийн соёлын үнэт өвд 2010 онд бүртгэгдсэн Монголын эрийн гурван наадам түүний нэг гол бүрэлдэхүүн хурдан морины уралдаан нь нүүдэлчдийн соёл иргэншлийн нэгэн бэлгэ тэмдэг болж олон зууны турш  тасралтгүй хөгжиж ирэхдээ мандан бадрал, бууралт зогсолтын үе шатуудыг ээлжлэн дамжиж ирсэн түүхтэй. Тэгвэл Эрдэнэт хот үүсч байгуулагдсаны 35 жил түүхийн асар богинохон хугацаа боловч энэ л түүх давтагдсан байдаг. Эрдэнэт хотын хурдан морины уралдааны хөгжлийг хоёр үе болгон хуваан үзэж болох юм.


1976-1990 он буюу бууралт зогсолтын үе: Энэ нь социализмын  төгсгөлийн үе бөгөөд Ардын хувьсгалын ойн баяр, улсын наадмаар хурдан морины уралдааны ёс төдий болдог үе байсан. Энэ үед сэхээтэн, албан хаагч хүн хурдан морь уяж болохгүй хуурай хуультай байсан болохоор тэр үеийн Жаргалант хороо буюу Улаантолгойн сангийн аж ахуйн цөөн малчид, уяачид, нам засгийн удирдлагуудаасаа нууж хааж морио уядаг. Бараг гарын 10 хуруунд багтах цөөн хэдэн албан хаагчид, Эрдэнэт хотыг тойрсон Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хатгал, Орхон, Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн, Орхон туул сумын уяачдын оролцоотойгоор Эрдэнэт хотын баяр наадмаа хийж хурдан морио уяж уралдуулж хурдан морь сонирхогчид наадамчдаа баярлуулан цэнгүүлдэг байсан үе л дээ. Энэ үеийн хурдан морины уралдааны хөгжлийг бууралт зогсолтын үе гэж нэрлэж болох боловч Эрдэнэт хотод хурдан морины уралдаан тасарч, устчихаагүйд нь олзуурхууштай. Тэр үеийн нам засгийн удирдлагуудад дэлхийд гайхагдах Монголын соёлын их өв хурдан морины уралдааныг хөгжүүлэх тухай бүү хэл Эрдэнэт хотыг монгол гэргүй хот болгох тухай бодож сэтгэж ярьдаг байсан үе. Энэ үед хурдан морины уралдааныг зохион байгуулж наадамчид хурдан морь сонирхогчдыг баярлуулж цэнгүүлэх ажлыг Эрдэнэт хотын Ардын депататын хурлын гүйцэтгэх захиргааны даргын захирамжаар томилогдсон хурдан морины комиссын гишүүд /комисст заавал байх албан тушаалтан буюу албаны машин унадаг байгууллагын дарга нар голдуу ордог байв/ хариуцдаг байсан. Хурдан морины уралдаан зохион явуулахад Эрдэнэт хотын харъяат уяачид цөөн учраас комиссын гишүүд маань тэр үедээ л гайгүй дизайнтай урилга хэвлүүлж аваад эргэн тойрны сумдын уяач нарт өөрсдийн биеэр хүргэж өгөн ирэхийг ятгадаг байлаа. Гэтэл тэр үе чинь захиргаадалтын үе юм чинь Булган аймгийн хурдан морины комиссын дарга, Булган аймгийн шүүхийн дарга н.Раашзэвэг тэргүүтэй хурдан морины комисс өөрийн сумдын уяачдаа Булган аймгийнхаа наадамд уралдуулна гэж дарамталдаг зовлон бэрхшээл их л байлаа. Энэ үед жилдээ ганц болдог Ардын хувьсгалын ойн баяр наадамд 20-30 азарга, 40-70 их нас, бусад бага нас 30-40 морь уралдана. Уяачийн хөдөлмөрийг үнэлэх, тэдний эрх ашгийг хамгаалах тухай ярихын ч хэрэггүй. Хурдан морины бай шагнал ч одоогийнхтой харьцуулахад инээдтэй л байж дээ. Түрүү морь хавтастай толь, тэгээд л цай тамхи, аяга, шаазан л байсан шүү дээ. Гэхдээ төрийнхөө сүлдэнд морио дээдэлсэн, цусандаа морины  генитэй монгол уяачид маань түүнийгээ голно гэж хэзээ ч байхгүй хадагтай хусуур сойзоо дэвсэн, духандаа адислаж аваад л их л нандигнан хадгална шүү дээ.  Бас болоогүй хол ойрынхондоо Ардын хувьсгалын төдөн жилийн ойгоор тийм насны энэ морь маань ингэж түрүүлээд тэгж айрагдаад байнд нь авсан юм гэж гайхуулан хөөрч ярихдаа л нэг омогшдог байсан юм. Энэ үеийн уяачид гэвэл Эрдэнэт хот үүсч байгуулагдсан 1976 оны анхны наадамд хул алаг шүдлэн, хүрэн даага хоёроо айрагдуулсан Жаргалант хорооны аймгийн Алдарт уяач асан Самдангийн Базар, 1980 оны наадамд их насны саарал морио түрүүлгэсэн Жаргалант хорооны уяач, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Намсрайн Дашбалжир агсан, мөн наадамд сартай хүрэн даагаа түрүүлгэсэн Баян-Өндөр хорооны уяач Булган аймгийн Сайхан сумын уугуул аймгийн Алдарт уяач агсан  Бадарчийн Барсболд, хүрэн соёолонгоо аман хүзүүдүүлсэн Баян-Өндөр хорооны уяач Булган аймгийн Бугат сумын уугуул Сономбалын Хишгээ, 1981 оны наадамд их насны сартай хул морио айрагдуулсан Баян-Өндөр хорооны уяач Булган аймгийн Орхон сумын уугуул Чойжамцын Баасансүрэн, 1982 оны наадамд их насны хүрэн морио айрагдуулсан Жаргалант хорооны уяач, Булган аймгийн Орхон сумын уугуул Ш.Нямсүрэн, хар хязаалангаа айрагдуулсан Жаргалант хорооны уяач, Булган аймгийн Орхон сумын уугуул Нямдаваагийн Эрдэнэсайхан, 1983 оны наадамд хээр халзан азаргаа айрагдуулсан Баян-Өндөр хорооны уяач Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул Гонгорын Цэнгэл нарыг дурьдаж болох юм.
Мөн 1976 онд болсон Эрдэнэт хотын анхны наадамд Булган аймгийн Хангал сумын уяач Дорлигийн Пүрэвжал, Санжаагийн Дашбальдир, Б.Нямдаваа, Б.Дэрэм, Д.Лувсансамбуу, Сэлэнгэ сумын уяач Гунгаагийн Намхай, Нямын Раднаабазар, Нарангэрэл, Лхагвадорж, Г.Дорж нар морь түрүүлгэж, айрагдуулж байснаас зарим нь хожмоо Эрдэнэт хотын харъяат болж улс, аймгийн алдар цолонд хүрсэн билээ. Тухайлбал Монгол улсын Алдарт уяач Дорлигийн Пүрэвжал, Орхон аймгийн Алдарт уяач Санжаагийн Дашбальдир, Нямын Раднаабазар, Гунгаагийн Намхай нар одоо Эрдэнэт хот Орхон аймагт амьдарч хурдан шандаст хүлгүүдээ уяж сойж залгамж хойч үе залуу уяачиддаа үлгэр дууриал болсоор явна.
1991 оноос хойшхи үе буюу сэргэлт бадралын үе:  Монгол орон ардчилал зах зээлд шилжих шилжилтийн эхний үе. Энэ үед улс орон даяар үндэсний уламжлалаа сэргээн дээдлэх, хөдөлгөөн салбар бүхэнд өрнөсний нэгэн адил морьтон монголчуудын үндэсний бахархлын нэг хурдан морины уралдааныг уламжлалын дагуу сэргээж хөгжүүлэх ажлыг “Мон-Эрдэнэ” ХХК-ийн захирал Галбадрахын Пунцагбалжир тэргүүтэй санаачлагчдын зөвлөл зохион байгуулан 1995 оны 5-р сарын 25-нд Монголын Морин Спорт Уяачдын Холбоог анх үүсгэн байгуулсан. Ингэж Монголын морин спорт уяачдын холбоо байгуулагдсанаар хурдан морины уралдааныг уламжлалын дагуу сэргээн хөгжүүлэх, уяачдын нөр их хөдөлмөрийг шударгаар үнэн зөв үнэлж дүгнэх, тэдний эрх ашгийн хамгаалах үйлст эргэлт хийсэн томоохон үйл явдал болсон юм. Монголын уяачдын анхдугаар их хуралд Эрдэнэт хотоос төлөөлөгчөөр оролцсон ХАА-н биржийн захирал агсан Чүлтэмжамцын Бадамдорж “Эрдэнэт импекс” ХХК-ийн захирал Нямдаваагийн Эрдэнэсайхан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эмнэлэг сувилалын албаны эмч Чулуунбатын Жигжидсүрэн, уяач агсан Намсрайн Дашбалжир, уяач Гонгорын Цэнгэл нар санаачлан зохион  байгуулж Орхон аймгийн уяачдын бага хурлыг 1995 оны 06-р сарын 26-нд хийжээ. Тухайн үед Орхон аймгийн гэх уяачид цөөн байсан учраас жил бүр Эрдэнэт хотын наадамд хурдан морио уяж уралдуулдаг Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хангал, Орхон сумдын уяачдыг урьж оролцуулан Орхон аймгийн МСУХ-г байгуулан 42 хүнийг гишүүнээр элсүүлэн бүртгэж үйл  ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Энэ өнгөрсөн 16 жилийн хугацаанд Орхон аймгийн МСУХ-г үйл ажиллагааг нь тогтмолжуулах санхүүгийн хувьд бэхжүүлэх улмаар уяачид, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалан тэдний хөдөлмөрийг шударгаар үнэн зөв үнэлж дүгнэхэд онцгойлон анхаарч тодорхой ажлуудыг зохион байгуулж үр дүнд хүрэхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага, Аймгийн ЗДТГ ихээхэн туслаж дэмжиж ирснийг зориуд онцлон тэмдэглэхэд таатай байна. Орхон аймгийн МСУ-ын холбоо үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллаж Эрдэнэт хотынхоо нутаг дэвсгэр дээр улс бүсийн чанартай уралдаан наадмуудыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирлээ. Эдгээрээс зарим нэгийг дурьдвал Орхон аймгийн МСУ-ын холбооноос анх удаа Монголын морин спорт уяачдын холбоотой хамтран 17 дугаар жарны гал хулгана жилийн сар шинийн баярт зориулсан “Морин-Эрдэнэ" их насны морины уралдааныг 1996 оны 2-р сарын 28-нд Зүйлийн хөндийд зохион байгуулсан  бөгөөд энэхүү уралдаанд Орхон, Булган, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ зэрэг таван аймгийн 173 морь уралдаж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Д.Дамбын хээр морь түрүүлж мотоцикль авч байсан билээ.
1990 оноос ардчилал, эрх чөлөөний хийрхэлээр бамбай хийсэн хэсэг бүлэг увайгүй хүмүүсийн балгаар улс, аймаг, сум хүртэл хурдан морио уралдуулж чадахгүй 2-3 дахин уралдуулж уяачдын хөдөлмөрийг үрэн таран хийж морьдын хурд хүчийг шударгаар үнэлж чадахгүйд хүрч байв. Энэ үед Эрдэнэт хот Орхон аймагт 1996 онд их насны морь тал нь дутуу эргэж хасагдсанаас өөр ямарч будлиан гараагүй боловч цаашид хурдан морины гарааг баталгаатай болгох зорилгоор хурдан морины комиссын дарга, тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Дэжидийн Байгал хурдан морины гарааны төхөөрөмж санаачлан засвар механикийн заводоор хийлгэж 1997 оны ардын хувьсгалын 76 жилийн ойн баяр наадмаар туршжээ. Энэхүү туршлагаар гарааны төхөөрөмж ихээхэн хэрэгтэй нь нотлогдсон тул 1997 оны 8 дугаар сарын 1-3-нд Эрдэнэт хотод болсон Хангайн бүсийн шилдэг хурдан морьдын даншиг наадамд 613 их нас, 328 азарга, 313 соёолон, 339 хязаалан, 290 шүддэн, 259 даагыг ямарч будлиангүй сайхан эргүүлж уралдуулсан нь оролцсон 15 аймаг, нийслэл Улаанбаатар хотын уяачдын талархалыг зүй ёсоор хүлээж ММСУХ-ны удирддагаас өндөр үнэлгээ авч байсан юм.
Энэ гарааны төхөөрөмж маань жилээс жилд улам боловсронгуй болж, улс, бүсийн болон их хурд уралдаанд уригдан ашиглагдаж явсаар өнөөдөр бараг бүх аймаг иймэрхүү төхөөрөмж ашигладаг болж морь дутуу эргэж будилдаг зөрчлийг таслан зогсоож чадсаныг дуулгахад таатай байна.
1997 оны 8 дугаар сарын 1-3-нд Эрдэнэт хотод болсон Хангайн бүсийн шилдэг хурдан морьдын даншиг наадмын үеэр орон нутагт анх удаа хурдан морины ойрын зайн уралдааныг зохион байгуулсан. Энэ уралдаанд 15 аймаг нийслэл Улаанбаатар хотын уяачдын 50 морь 2,7 км замд уралдахад МУ-ын Манлай уяач Д.Гарамжавын хүү Г.Ганбатын Гоё хүрэн түрүүлж, Орхон аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Чүлтэмжамцын Бадамдоржийн шар хээр морь аман хүзүүдэж байлаа. Мөн энэ үеэр жороо морины бүсийн уралдааныг  орон нутагт анх удаа зохион байгуулж, 112 хүлэг шандас сорин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач Ж.Бат-Очирын хээр морь түрүүлж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Мөнхбадрахын хар морь аман хүзүүдэж байсан юм. Өөрөөр  хэлбэл монголын морин спортын түүхэн дэх олон зүйлийн анхдагчид Орхончууд байсныг хэлэхэд сэтгэл өег байна.
Орхон аймгийн МСУХ өнгөрсөн 16 жилийн хугацаанд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, уяачид нь дор бүрнээ хичээл зүтгэл гаргасны үр дүнд нутгийн дэвжээгээ хамгаалж чадахуйц болсон юм.  1995 оноос өмнөх наадмуудын айраг түрүүг Булган аймгийн Бүрэнхангай, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхонтуул сумдын уяачид хамаад авчихдаг байсан бол өнөөдөр Орхон аймгийн уяач төрийн наадамд их морь айрагдуулаад зогсож байна. 1976 оны Эрдэнэт хотын анхны наадмаас Эрдэнэтчүүд хоёр айраг, 1995 оны наадмаас 12 айраг түрүү авч байсан бол 2010 оны АХ-ын 89 жилийн ойн баяр наадмаас 28 айраг түрүү авсан  нь жил ирэх тусам уяач, адуу сайжирч байсныг гэрчилж буй юм. 1997 онд Эрдэнэт хотод болсон хангайн бүсийн даншиг наадмаас Эрдэнэтийн уяачид ганц ч айраг хүртэж чадаагүй бол 1999 оны "Бат-Оршил -99" даншиг наадмаас гурван айраг, 2010 оны "Эрдэнэтийн хурд-2010" төвийн бүсийн хурдан морьдын уралдаанаас хоёр түрүү, найман айраг авч нутгийн дэвжээгээ хамгаалж чадсан байх юм. Ийнхүү нэг хэсэг зогсонги байдалд ороод байсан Эрдэнэтийн адуу  сайжирч, уяачдынх нь ур чадвар дээшилснийг дээрх хэдхэн наадмын цуваанаас бэлхнээ харж болохоор байна.  Цаашид ч Эрдэнэтийн уяачид хийморьтой, адуу нь хурдан байж бүхэл бүтэн угшил гарах цаг ойртож буй бизээ. 


Ч.Жигжидсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна