Б.Баасанбазар: Хүүхэд үлгэр сонссоор байгаад унтчихдаг шиг морь яриулсаар байгаад орчихсон хүн дээ

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

- Морины их олимп гэгддэг шигшмэл морьдын уралдаанд их морь түрүүлгэсэн танд сэтгүүлийнхээ нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

- Баярлалаа. Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан моринд элэгтэй монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүлье. Миний хонгор морь Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Батжаргал гэдэг хүний зээрд гүүний төл. Төв аймгийн Баян сумын уугуул Д.Оюунбилэг ахын маань ам цагаан хул азарганы төл.  Соёолонд нь Оюунбилэг ахын маань  эхнэрийн төрсөн дүү Батжаргал гэдэг хүн надад бэлэглэсэн юм. Сайн адуу эзнээ хайж явдаг гэдэг үг байдаг даа. Дөлгөөн хонгор маань надад ирснээсээ хойш Төв аймгийн 85 жилийн ойн наадамд соёолондоо дөрвөлж, Багануур дүүргийн 30 жилийн ойд гурвалсан. Мөн Баяндэлгэр суманд болсон олимпийн аваргын наадамд аман хүзүүдсэн юм байна. Тэгээд хавчигт нь өнжүүлээд энэ жил Борнуурын наадамд тавласан. Гаргаж өгч байсан морь нь хальтарч унаад  жаахан хойшилсон байх л даа. Улсын наадмын өмнө Төв аймгийн наадамд түрүүлсэн. Их нас 250 хүрч мордсон байна лээ. Гарсан цагаасаа хөтөлсөөр түрүүлсэн  ч уяач маань улсад уралдуулахгүй “Их хурд”-д тавина гэсэн болохоор төрийнхөө наадамдаа давхиулаагүй.

- Дөлгөөн хонгор маань хэдхэн хоногийн зайтай хоёр түрүүг эзэндээ авчирсан. Эрдэнэтэд болсон төвийн бүсийн наадмыг ярихгүй өнгөрч болохгүй байх?

- Морь дагах боломжгүй юм чинь уулан дээр гараад дурандаж байсан юм. Тэгсэн 180 гаруй адуу гараанаас эргэж халтар халзан морь нь ес дээр, харин Дөлгөөн хонгор байдаггүй ээ. За тэгэхээр нь тооллоо доо. 17 дээр байдаггүй 27, 37, 47 дээр байдаггүй. Яахаараа байдаггүй билээ, хүүхэд нь уначихсан юм биш байгаа даа гэтэл 68 дээр явж байнаа. Хүүхэд нь ташуураа хаячихсан. Унаач хүүхэд нь их сэргэлэн тулдаа сайхан урагшлуулсаар байгаад барианаас 5 км орчмын наана ороод ирлээ. Тэгсэн олноо Дааган хэмээн алдаршсан  Цэндээ ахын унаач хүүхэд “За миний найз түрүүлээрэй” гээд ташуураа өгсөн байгаа юм. Үнэхээр сайхан байгаа биз. Мориноос өөр спорт дээр ийм сайхан юм бол байхгүй дээ. Тэр болтол бид нар яаж ч чадахгүй дэмий л дурандаад сууж байгаа юм чинь. Тэгсээр байгаад яг орж ирэхийг нь үзэж чадаагүй.

- Их хурдын түрүү Баасанбазарыг нэлээд догдлуулсан. Бүсийн наадмын түрүүг хүртэх агшинд хэр догдолж байв даа?

-Манай Билгээ ахын хэлсэн нэг үг байдаг даа “эр хүний нулимс ийм л үед захирагддаггүй юм билээ” гэж. Үнэхээр тэр л болсон. Хүмүүс баяр хүргээд, сэтгүүлчид ярилцлага авъя гэхэд нулимс ердөө тогтохгүй урсаад л байсан. /инээв/ Бүсийн наадмын үеэр харьцангуй гайгүй. Гэхдээ адуутай холбогдсон хүний эрхэм дээд жаргал болсон тэр мөчид догдлохгүй байхын аргагүй шүү дээ.

- Жаахан зөөлөн талдаа юу?

-За ер нь тийм юм болов уу. Заавал морь  гэлтгүй хаана л юу л болохоо болино тэнд л дуудагдаастай явдаг хүн дээ. Ямар сайндаа “обойгоо” солих гэсэн юм, чи арай мэдрэмжтэй байх хамт  явъя” гэж байхав. Зөөлөн болохоор л тэгдэг байх даа. Бүр дунд сургуульд байхаас л надгүйгээр бүтэх юм байдаггүй байсан юм.  Зохион байгуулах тал дээрээ гайгүй юм байлгүй дээ.

- Морь мал сонирхох болсоор удаагүй ч сүүлийн 3-4 жил томоохон наадмуудаас ганзага хоосон ирсэнгүй. Ер яаж яваад хурдан морь сонирхох болсон юм бэ? 
 - Манай уяач Билгээ ах чинь уг нь дархан хүн шүү дээ. Хүмүүс мэдэх байх. Би бас тэр чиглэлийн хүн. Тэр утгаараа бид нэг дор өрөө түрээслэдэг байсан юм билээ. Яагаад билээ гэж байгаа вэ гэхээр би эхлээд Оюунбилэг ахыг танихгүй ээ. Одоо энэ манай галын Толя бид хоёр болохоор найзууд. Тэгж яваад танилцаад бие биенийхээрээ орж гардаг болохгүй юу. Тэгээд хурдан морь гэдэг чинь яадаг юм,  ямар учиртай юм гээд Билгээ ахаас баахан юм асууна. Хүүхэд үлгэр сонссоор байгаад унтчихдаг шиг. Морь яриулсаар байгаад л орчихсон хүн дээ. /инээв/Тэгээд нэг өдөр “дүүдээ нэг морь бэлдэж байгаарай. Азаргатай болмоор байна” гэлээ. Тэгсэн надаас ав л гэж байна. 2003 онд шүү дээ. Тэгээд нөгөөдөхөө Билгээ ахаар  уяуллаа. Сэтгэлийн хөөрлөөр авчихсан болоод тэрүү, ажил энэ тэрээ зохицуулж чадахгүй адуутай хүн байж ирсэнгүй гээд загнуулнаа.
- Тэгээд хэзээнээс зэмлэлийг хүлээж авав?

-Хаалгаар орж ирээд л адуутай гэдгээ санав уу гээд л ах чангарнаа. За тэгж байсан 2005 онд нэг сунгаан боллоо. Тэгсэн нөгөө азарга маань тэр үеийн алдар цуутай морьдыг сунгаан дээрээ нам тавьдаг юм даа. /Инээв/ Түрүүлээд ирлээ, морио таньдаггүй ээ. Хөлөрсөн морины зүс өөр болчихдог ш дээ. Тэгсэн их хөгтэй морио таньдаггүй дээ. Хайгаад  л байдаг, хайгаад л байдаг олдоггүй ээ. Хүмүүс намайг явуулаад “за азаргаа ол, хурдал” гээд байдаг. Тэгж байгаад л нэг юм оллоо.

 -Юугаар нь танив?

-Анх авчихаад харж байхад хамар дээрээ сүү асгачихсан юм шиг цагаантай байсан нь гэнэт санаанд ороод түүгээр нь олсон. Тэгээд болоогүй ээ, бас их хөгтэй. Намайг нэг нэмнээ аваад ирээрэй гэхгүй юу. Азаргаа олчихоод сандарч очоод машинаасаа нөгөөхөө шүүрч аваад  нөмөргөчихлөө. Тэгсэн хүүхдийнхээ өлгийг нөмөргөчихөж. Тэр үед манай бага хүү гараад удаагүй байсан юм л даа. Тэгээд тэр чигт нэмнээ болгож, хүүдээ шинэ өлгий авч өгч байлаа. Тухайн үед адууныхаа тамгыг харна гэдгээ мэдэхгүй л амьтан байлаа шүү дээ. Тэр үеэ бодвол одоо овоо дөртэй болж байнаа.
 
- Алтны дэргэдэх гууль шарлаад уу?

-Тийм. Морь гайгүй давхиад ирэхээр өөрийн эрхгүй урам ороод, учир ухааныг нь олчих юмсан гээд мэрийдэг болдог юм билээ. Хурдан морь ямар шинжтэй байдаг юм, ямархуу хэлбэр хийцтэй бол илүү хурдан байдаг юм. Яаж уяа сойлгыг нь тааруулдаг юм гээд  сонирхоод ном сонин уншиж эхэлсэн. Эхэндээ уншаад сайн ойлгохгүй байснаа практик дээр энэ нь ийм учиртай юм байна гээд ойлгоод ирэхээр өөр  юм билээ. Морь малтай холбогдолтой ном сурах бичгүүд бараг бүгд бий шүү. Тэгээд дээр нь Билгээ ахаасаа байнга асууна. Зарим үед бол яршигтай санагдахаар асууна. Нөгөө “лавлаа” Даш гэдэг шиг нэг юмаа дахин дахин асууна. Учирыг нь олохгүй бол мянга сонсоод нэмэргүй шүү дээ.
 
- Муу шавь гээд зэмлүүлж байв уу?

- Олон дахин асуухаар энэ янз үзээд байна уу гэсэн аястай харж байдаг юм. Түүнээс зэмлэж байгаагүй ээ.

- Гэхдээ юу юунаас илүүтэй Сувдан зээрд илүү гүнзгий оруулсан байх?

-Тэгж хэлж болно. Төрийн наадмын анхны түрүүг авчирч, хурдан морины хийморьт сүслэх хүслийг маань дэврээсэн адуу.
 
-Тухайн үедээ адууны үнэд өөрчлөлт оруулж, уяачдаа зэмлүүлж байсны хэргийг гаргасан?
 
-Тэгсэн. Наадмын өмнөх сунгаануудад өөрийнхөө хязааланг орхичихоод л Сувданг дагаад давхичихдаг. Үнэхээр хурдан хүлэг юм гэдгийг нь мэдчихээд Билгээ ахаас үнэ асуулаа. 50 гэх үү гэсэн чи яасан баян хүн бэ гэж байна. 30 гэх үү гэсэн чинь юм дуугарсангүй. Тэгэхээр нь болж байгаа юм байлгүй гэж бодоод өнгөрлөө. Бодогдоод болдоггүй ээ , тэгэхээр нь эзэнд нь очоод хэллээ дээ. Би энэ зээрд үрээг чинь авмаар байна. 30 саяыг л өгч чадна гээд. Тэгсэн нэг том хараад л яваад өглөө.
 
- Айрагдах нь тодорхой болсон адууг авах айлаас бэр гуйх дайны “халуун” байна биз?

-Их эвгүй юм билээ. Анх удаа л хүний хурдан хурц юмыг авъя гэж хэлж байгааг  ч хэлэх үү. Яг  манай уяаны доохон талд  байсан юм. Тэгж уулзснаас хойш хэд хоногийн дараа гэрийнх нь гадуур өнгөрөөд явчих гэснээ чаддаггүй ээ. Тэгэхээр нь орлоо доо. Цэрэндэжид гуайг таних ч үгүй ш дээ. Яриа хөөрөөтэй юмаа. Ойр зуурын юм яриад сууж байтал нөгөө хүү нь “нөгөө үнэ хэлсэн залуу чинь энэ шүү дээ” л гэж байна. Тэгээд жаахан ярилцлаа. “Ах нь зургаан сайхан хүүхэдтэй хүн. Тэднийг маань баярлуулчихаад ав даа” гэлээ. Би өмнө нь нэмбэл та өөрөө мэдээрэй гээд хэлчихсэн байсан юм чинь. Тэгээд л 33 саяар авахаар болж. 15 саяыг өгчихөөд, үлдсэнийг нь наадмын дараа өгье гэсэн “тэгээ” л гэж байна. Билгээ ах руугаа харайлгаж очоод хэллээ. Тэгсэн толгой сэгсрээд “чи яасан тэнэг хүн бэ” гэж байна. Тэгээд яахав нэгэнт хийчихсэн наймааг. Би эзэн нь, уяач нь та шүү гэсэн. Би хүний хөдөлмөрийг тэгж өөрийн нэр дээр цоллуулж чадахгүй ээ гээд зөвшөөрдөггүй. Тэр үед эр хүний уужуу бодол гэж ийм л байдаг юм байна даа гэж бодоод өөрийн эрхгүй огшиж билээ. Тэгээд буцаж очоод Цэрэндэжид ахдаа та уяач нь , би эзэн нь шүү гэдгээ хэлсэн дээ.

- За хүсэн хүлээж байсан наадам боллоо…?

-Тэглээ. Морьд эргэсэн цагаас л Баасанбазарын зээрд гээд зарласан. Хүнд  нэг тийм сонин мэдрэмж төрдөг юм билээ. Хязгааргүй  баярын. Алтангэрэлийн хүрэн гэж аварга  амьтантай уралдаж, үзүүр дээрээ дийлж түрүүлсэн дээ. Барианд орж байгаа зураг нь надад байдаг юм. Тэмээ ямаа шиг ялгаатай хоёр амьтан. Миний Сувдан чинь жижиг адуу ш дээ.
   
- Хэлсэн ёсоороо үлдсэн мөнгөө аваад Цэрэндэжид гуайнд очсон уу?

-Тэгсэн түрүүлээд ирэнгүүт нь үлдсэн мөнгөө өгсөн. Яг үнэндээ Сувданг авсаны  дараа багагүй зэмлүүлсэн.

- Юу гэж тэр вэ?

- Чи ганцаараа мөнгөтэй юм уу, хүний хурдан адууг авлаа. Манай нутагт хурдан адуу байж болохгүй юу гээд л. Хааяа надад ч гэсэн буруу юм хийчихсэн юм шиг санагдаж байсан. Гэхдээ хурдан адууг үнэ хүргэж авна гэдэг өөрөө том буян. Тэр  уяачийн хөдөлмөрийг үнэлж, амьдралд ахуйд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг муу зүйл биш гэж бодоод тэр талаар ахиж бодохоо больсон.
- Сүүлийн жилүүдэд тогтмол сайн наадаж байгаа Сувдан зээрд энэ жил бэртлийн улмаас уралдсангүй. Хөл нь гайгүй юу?

-Зүгээр болчихсон. Уралдуулахад болохгүй юм байгаагүй л дээ. Бага адуу тэгээд ч ийм сайхан хурдан буянг гамнаж уралдахгүй бол болохгүй гээд энэ жилдээ өнжөөсөн юм.

- Ингэхэд та хурдан морь сонирхох болсоор ямар амжилт үзүүлсэн бэ?

-За байз Сувдан зээрд улс, бүсийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг. Дөлгөөн хонгор  Их хурдын нэг, бүсийн нэг нийлээд хоёр түрүү. Тогоруу саарал бүсийн наадмын нэг айраг. За тэгэхээр нийтдээ хэд байна.

- Дөрвөн түрүү, гурван айраг?

-Тийм байна.Хурдан морь сонирхох болоод найман жил болчихож. Энэ хугацаанд үзүүлсэн амжилт. Гэхдээ ах нь өөрийгөө уяач гэж боддоггүй. Моринд сонирхолтой, эзэн гэдгээр нь нэрлүүлэх дуртай.

- Баасанбазарын нэртэй улс бүсийн наадамд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдээс Тогоруу сааралын   талаар дэлгэрүүлэх нь зүйтэй байх?

- Би дээр хэлсэн дээ. Хурдан морины холбоотой ном их уншдаг байсан гэж. Тэгэхэд толгой, дөрвөн мөч нь тэнцүү адуу хурдан байдаг гэж байсан юм л даа. Тэгээд Ганболд агсны наадам дээр явж байгаад Тогоруугаа хартал нөгөө шинжүүд байнаа. Жаахан жижиг л юм. Гэхдээ Тогоруу адуу өсдөг гэж сонсож байсан болохоор нэг залуутай үнэ хаялцаж авсан юм.

- Нууц биш бол хэдээр авсан бэ?

- 1.7 сая төгрөгөөр л авсан. Дараа нь надтай үнэ хаялцсан нөгөө залуу таараад “Та чинь нөгөө хурдан зээрдийг авсан хүн байна шүү дээ. Тантай юу ярих вэ” гэсэн.

- Таны нэртэй хурдан хүлгүүд ихэвчлэн хүний нэртэй адуунууд байдаг. Тогоруу сааралын тухайд?

- Сувдан зээрдийн тухайд Цэрэндэжид гуайн ач охины нэр. Сувдаа гэдэг байсан юм шиг байгаа юм. Хурдан хүлгээ өгөхдөө хүүхдийн нэртэй юм. Битгий өөрчлөөрэй гэсэн юм. Би ч гэсэн өөрчилье гэж бодоогүй. Харин Дөлгөөн хонгорын тухайд надад бэлэглэсэн Батжаргалын хамгийн том хүүхдийн нэр байгаа юм. Дөлгөөн гэж. Хүүхэд гэдэг хиргүй тунгалаг амьтан болоод  ч тэрүү хүүхдийн нэртэй адуу сайн давхиад байх шиг санагддаг. Тогоруу сааралын тухайд бол анх зарахдаа Тогоруу угшлын адуу гэж байсан болохоор түүгээр нь нэршсэн.

- Билгээ ахаасаа авсан ганц азарга өдгөө хэдэн тоотой болтлоо үржсэн бэ? Ер нь хичнээн тооны адуутай болсон бэ?

- Хамгийн эхлээд авсан тэр азаргыг маань Хадагт зээрд гэдэг юм. Сувдан, Тогоруу саарал  нарын нийлсэн гурван азарга адуутай л болоод байна даа. Сувдангийн маань анхны төл гал унага гэж ярьдаг ш дээ. Өнгөрсөн жил гарсан.

- Сүүлийн үеийн нэр томъёогоор бол шинэ монгол адуу хэр олонтой вэ?

- Байхгүй ээ. Би чинь цэвэр монгол адуугаар нааддаг хүн шүү дээ.

- Цаашид дан монгол адуугаар наадахад жаахан бэрхшээлтэй болж байх шиг байна даа?

- Уг нь ч тийм л дээ. Гэхдээ би ер нь энэ тал дээр жаахан маруухан хүн шүү дээ. Гэхдээ бодсон юм бий.
 
- Таныг нэлээд шүтлэгтэй хүн юм болов уу гэж ажигладаг?

- Тэр ч тийм шүү. Манай Билгээ ах хэлдэг юм. “Аливаа юманд ээлж бий. Нэг л өдөр ээлж нь таарна. Бурхан биднийг харж байгаа “ гэж. Үнэхээр тийм юм билээ. Хурдан морины төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, хар буруу санаагүй бол нэг л өдөр морь нь орно.
 
- Даасан багштай юу?

- Бий, бий. Лам багш маань хол байдаг болохоор тэр болгон очоод байх боломжгүй.  Хааяа нэг очно, ихэнхдээ утсаар л ярина. Маргааш уралдана шүү гээд л. Багшийнхаа зурганд мөргөж, сан тавиад уралдуулчихдаг. Морь хүүхэд эсэн мэнд амжилттай сайхан давхиад ирдэг юм.
 
- Морь мал гээд жилийн дөрвөн улирал хээр хөдөөгүүр явахад гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авдаг вэ?

- Аливаа зүйлд амжилт гаргахад гэр бүл маш их чухал. Миний хань Батчимэг гэж бүсгүй бий. Манайх хоёр хүүхэдтэй. Намайг маш их ойлгож дэмждэг ар гэрийг  маань авч яваа хүн. Энэ дашрамд намайг өдий зэрэгтэй явахад тусалж буй гэр бүл, хань ижил, ах дүүс, найз нөхөд “Агт-Эрдэнэ“ галынхандаа  баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
 
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

А.Тэлмэн "Тод магнай" сэтгүүл дугаар №8


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна