Томдсон цолны эзэн

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 19 -нд

Ухасхийх нь харанга
Угсруулж хийх нь аранга
Уран мэхийн зурлага
Уяа нь алдуурсан зэрлэг
Нууц товчооны наадамд
Нууцгай цоорсон “боорцог”
Өөрөөсөө дээш үсэрсэн
Өндрийн харайлтын “дарцаг”  гэж  МУСГЗ, яруу найрагч Ц.Чимиддорж “99 этээ”-дээ бичжээ. Эдүгээ бичсэн, бичүүлсэн хоёр сайхан хүмүүн хоёулаа бидний дунд алга. Сайн найрагчаар ийн бичүүлж явсан хүнлэг энэрэнгүй, бас нутгаа гэсэн сэтгэлтэй байхын эрхэм жишээ болсон сайхан харцагынхаа тухай хэдэн үг хэлхэхийг хичээлээ.

 Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Монгол улсын улам нэмэх харцага Чогжинмөнсөлийн Даваадорж 1964 оны луу жил Нарийнтээл сумын нутаг Шаргын голд Дамдингивийн гутгаар хүү болон  мэндэлжээ. Түүнийг Дамдингив төрсөн эгчдээ өргүүлснээр Даваадорж хүргэн ахаараа овоглох болсон байна. Төрсөн ах нь аймаг цэргийн заан, МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргал гэдгийг хэн хүнгүй мэддэг бол төрсөн дүү Оросоо хэмээх Бямбасүрэн нь с.н цолтой удам дагасан бөхчүүд юм. 64 оны алдарт  луутнуудын нэг тэрээр өсвөр бага наснаасаа барилдаж эхэлсэн бөгөөд улсын аварга шалгаруулах барилдаанд 5 дугаар байр эзэлж амжилтынхаа гарааг эхэлжээ. Тэр нь 1982 он байв. Эхний байруудад шалгарсан бөхчүүд бүгд том цолд хүрсэн жил бол 1982 он. Эхний наймд орсон бөхчүүд нь у.г П.Сүхбат, у.х М.Дармаабазар, у.н Х.Амараа, д.а Б.Бат-Эрдэнэ, у.х Ч.Даваадорж, а.а Дорлиг, у.х Б.Жавхлантөгс, у.н Ц.Энхжаргал нар байсан гэхээр ямар хэмжээний өрсөлдөөн гарсан нь ойлгомжтой болов уу.

Улсын аваргад 5-т орсон жилээ сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн бөгөөд түүнээс хойш гурвантаа түрүүлсэн байна. Мөн Өвөрхангай аймгийнхаа наадамд хоёр жил дараалан үзүүрлэж а.з цолтой болсон бөгөөд улмаар “Хүч” нийгэмлэгийн тамирчин болж 1988 онд цэргийн арслан цол хүртжээ. Тэр үед дарга нь “Чамд томдсон цол” гэж байсан хэмээн өөрөө дурссан байдаг. Тухайн үед “Хүч” спорт хороонд Б.Бат-Эрдэнэ аварга,Р.Давааням заан, Р.Цоггэрэл начин, Д.Сүхбат начин, Ц.Энхжаргал начин, Увс аймгийн арслан Дорлиг нарын бөхчүүд байсан байна.

 Улсын баяр наадамд анх 1984 онд барилдсан бөгөөд 2 давахад нь у.н Д.Сэрээтэр амлаж шороодуулсан байна.Түүнээс хойш жил бүр улсынхаа наадамд зодоглох болжээ.
1990 оны баяр наадмаар зодоглож 3 даваад 4-ийн даваанд у.з О.Балжиннямд өвдөг шорооджээ. Наадмаас сар гаруйханы дараа Хэнтий аймагт болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд зодоглож  у.н Р.Лхагвасүрэн, у.а Ж.Чойжилсүрэн, у.з Д.Долгорсүрэн, у.з Д.Амгаа нараар 6 давж “Монгол улсын өсөх идэр начин” цол хүртсэн байна. Нууц товчооны ойгоор шинээр начин цол хүртсэн бөхчүүдээс ганцаараа 6 давж чимэг нэмжээ. 6-ийн давааны барилдааных нь талаар у.н Б.Одхүүгийн аав, бөх сонирхогч Ш.Батжаргал “Амгаа тэр хоёр бас ч энгүй удсан. Тэгээд Амгаагаас тойрч зугтаж байгаад доогуур нь хамж ороод хаяж байсан” гэсэн бол, дотны найз у.н Р.Цоггэрэл “Тэмээ барьдаг чоно гэдэг шиг л барилддаг байсан даа” хэмээн дурссан юм.
1993 оны цагаан сараар тухайн үедээ ид сайн барилдаж байсан з.б Д.Сумьяабазараар 4 даваад д.а Б.Бат-Эрдэнэд унажээ. Тэр жилийнхээ наадмаар 4 даваад байтал үеийн бөх у.з П.Сүхбат амалжээ. Арай ч амлахгүй байх гэж бодож байсан болохоор уур нь хүрч зоригтой үзсэн ч өвдөг шороодсон байна. Наадмын дараа Төв аймгийн 70 жилийн ойн наадам болжээ. Тэр наадамд Ч.Даваадорж нэг л хүнтэй барилдана гэж очсон бөгөөд 4-ийн даваанд с.з Б.Гантогтохыг орхитол өнөөх барилдах гэж очсон хүн нь амалжээ. Тэр нь хэн бэ гэвэл у.з П.Сүхбат. Хонгодоод дайрангуут нь сөрж халз хутгаад “хариугаа авч” санаа нь амарсан гэдэг. Ер нь түүнийг их эрэмгий, ширүүн барилддаг байсан хэмээн онжав у.н Б.Цэнгэлсүрэн дурссан бөгөөд “Давкагаас манай үеийнхэн бүгд айдаг байсан. Уул нь бол дэндүү гэмээр даруухан, сайхан сэтгэлтэй хүн шүү дээ. Харин барилдахаараа жинхэнэ аймаар. Ганц шилдчихээд буцаагаад хонгодоод л явчихдаг байсан. Б.Бат-Эрдэнэ аварга хүртэл айдаг байсан. Аварга Давка хоёр их олон барилдсаан. Сэнжигдэж дугтраад хэнийг ч хаядаг байхдаа Даваадоржийг татаад унагадаггүй л байсан юм даа. Тийм л хөл сайтай, үетэй барилддаг байсан даа” хэмээсэн юм.
Түүний хойтон жил барилдсан 768 бөхөөс 4-ийн даваанд улсын цолны тааварт ороод байсан з.б Г.Элбэгийг хонгодож дайраад орхисон бол 5-ын даваанд олон хүний зүрхэнд шар ус хуруулж байсан у.н Ш.Лхагвасүрэнг амлаж даваад у.н Р.Гансүхэд шорооджээ.
1995 онд болсон Өндөр гэгээний даншиг наадмаар у.н П.Эрдэнэбаяраар 4 давж 5-ын даваанд Хужирт сумын харьяат а.а Борын хүү Алтанхуягт өвдөг шороодсон бөгөөд Алтанхуяг дараагийн даваанд у.а Д.Мөнх-Эрдэнийг орхиж “Даншгийн өсөн нэмэх начин” цол хүртсэн ч даншгаас тун удалгүй хорвоог орхисон нь харамсалтай.
1996 оны наадмаар 3-ын даваанд а.з А.Хатансайханыг орхиж 4-ийн даваанд Завхан а.а Б.Адьяахүүг хөлдөө алдан унажээ. 1998 оны наадмаар у.н Л.Өлзийбаяраар гурав  даваад нутгийн бөх Д.Цэрэнтогтох аваргад өвдөглөжээ. Мөн 1999, 2000 оны наадмуудад з.б Д.Сэржбүдээ, Ц.Гэрэлт-Од нарт хоёрын даваанд унажээ. Хоёрын даваанд унасан гэхээр муу барилдсан мэт сонсогдовч түүнийг өвдөг шороодуулсан  хоёр бөх хоёулаа тэр жилээ начин цолд хүрч байсан байна.
2001 оны наадмаар “Их ойн жил илүү сайн барилддаг юм. Сайн үзнэ дээ” хэмээж байсан боловч у.н Г.Ганхүүгээр гурав даваад  4-ийн даваанд у.а Б.Ганбаатарт унасан байна. Харин 2002 оны наадмын 2-ын даваанд у.н Ч.Даваадорж Сэлэнгэ а.н Г.Эрхэмбаяртай оноолт таарчээ. 80 жилийн ойгоор у.н Н.Баттулгаар гурав давж байсан их бяртай, суурилаг барилддаг идэр залуу аймгийн начныг давах байх гэж олон хүн харж байсан гэдэг. Гэтэл сурсан юмыг сураар боож болдоггүйн үлгэрээр улсын начин баруун хутгах мэхээрээ аймгийн начныг шороодуулсан байна. Унасныхаа дараа Г.Эрхэмбаяр ахиж барилдахгүй хэмээж байсан гэж у.х Г.Элбэг хуучилсан байдаг. Ч.Даваадорж начин 3-ын даваанд нутгийн бөх а.а Ц.Жамсранд унажээ. 2004 онд 1990 онд 6 давсан амжилтаа үнэлүүлж “Улсын харцага” хэмээх эрхэм цолд хүрч Өвөрхангай аймаг цор ганц харцагатай болж билээ. Улсын харцага цолтойгоо 2004, 2006 онуудад барилдаж тус бүр 2 давж а.з Р.Батсайхан, а.а Ш.Жаргалсайхан нарт өвдөглөжээ. Ерөнхийдөө улсын наадамд барилдсан жилүүдийг тоймлоход ийм бөгөөд у.н Ж.Оргилболдыг амлаад хэрхэн хаядаг байсан, О.Балжинням аваргыг заан цолтой ид байхад нь орхиж байсан, Ч.Бямбадорж, Ж.Ганболд, С.Сүхбаатар, Д.Эрдэнэбат заанууд болоод П.Сүхбат гарди нарыг өвдөглүүлж явсан зэрэг нь түүх болон үлджээ. Мөн самбо бөхөөр дэлхийн АШТ-с мөнгөн медаль, Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэж явсан самбо бөхийн ОУХМ цолтой бөх байв.
Б.Жавхлантөгс харцага нэгэнтээ “Бид хоёр хэдэн удаа таарч байсан. Би л лав давж үзээгүй. Эвгүй шүү дээ бас л” хэмээсэн бол у.н Ш.Зоригт “Тусдаа бяртай төрсөн хүн шүү дээ” гэсэн гэдэг. Тэрээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Нэгэнт сэтгэл зүрхээ өгсөн учраас шантрах ёсгүй. Өрсөлдөгчөөсөө илүү их бэлтгэл хийж байж л амжилтанд хүрнэ. Би хөгширтлөө л барилдана гэж боддог. Амьдралаа торгон ногоон дэвжээ, бөхчүүдгүйгээр төсөөлж чадахгүй” хэмээсэн байдаг. Ийм л нэгэн бяртай, аатай тэгсэн хэрнээ даруухан, дөлгөөхөн ухаантай сайхан бөх эдүгээ бидний дунд байсан бол хичнээн сайхан байх вэ гэсэн харуусал их л олон хүнд байгаа буй заа. Гэсэн хэдий ч хүү Төмөрхүлэг нь аавынхаа нэрийг дэлхий, олимпийн дэвжээнд дуурсгаж байгаа нь бас нэгэн бахархал юм. Харцага маань амьд сэрүүн ахуйдаа “Хүү маань саяхан жүдо бөхийн тэмцээнээс алтан медаль хүртсэн, бас Японд болсон сумогийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Би хүүгээрээ маш их бахархдаг”  хэмээн ярилцлага өгч байсан бол эдүгээ аавынхаа бахархал болсон хүү нь эх орон, ард түмнийхээ хүү болжээ. Жүдо бөхийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгө, насанд хүрэгчдийн ААШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын 4 удаагийн аварга, Гран-при тэмцээний аварга, самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга гээд л энэ бүх амжилтыг гаргахад аавынхаа нэрийг дуудуулж яваадаа хүү нь бахархаж, баярладаг нь лавтай. Мөн охин Мөнхзул нь ШШГЕГ-т ажиллахын сацуу авьяаслаг жүжигчин болохоо харуулж та бидний сайн мэдэх “Тусгай салаа” киноны Тамираа хэмээх бүсгүйн дүрд тоглосон билээ. Бага хүү Булгантамир нь мөн л жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн байна. Ийм л нэгэн эгэл даруухан боловч эгэлгүй сайхан бөхийн тухай, эцгийнхээ алдрыг өөрийнхөө нэртэй дуудуулж яваа үрсийнх нь тухай бичиглэлээ өндөрлөе.

Санчираас өмнө Өвөрхангайд ганц л харцага байсан юм
Сайн мэднэ ээ бөхийн хорхойтнууд мундаг байсан юм
Арслан болох Эрхэмбаярыг ч уйлуулж явсан юм
Аварга болсон Сумьяабазарыг ч унагаж явсан юм
“Баавгай”-д уур хүрээд барилдаж явсан юм
Баараггүй тэгээд хаяж л явсан юм
Улсад хоёр шөвгөрсөн лут бөх байсан юм
Удмаа дагаад хүү нь лут бөх болсон юм
Ахтайгаа цуг дуулж яваагүй ч гэлээ
Ахтайгаа цуг барилдаж явсан юм
Амгаа зааныг хаячихаад үсэрч явсан юм
Ай даа мөн сайхан хүн байсан юм.

МУИС Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна