Монгол улсын Манлай уяач Гүнширийн Дамба

Тэлмэн
2013 оны 12-р сарын 24 -нд

Дэндэв Тайж, Галсан банди адууны цөм суурь болсон Дэлгэрэх сумаас төрийн хишигт улсын цолтой уяачид хамгийн олноор төрөн гарсан байдаг. Тэдний тэргүүн магнайд Монгол улсын Манлай уяач Гүнширийн Дамба агсан бичигддэг. Хурд хувааж түмэн олноо цэнгүүлсэн буурал уяач хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнээс эхлээд дурсах хууч, дуурсах алдар арвинтай нэгэн байсан юм. Ингээд эрхэм уншигч танаа дорнын шаргал талаас тодорсон Манлай уяачийн намтар, удамт хурдан хүлгэдийнх удам угшлын талаар тоймлон хүргэе.
Хүний ганц хүү, эх орны  эрэлхэг дайчин 
Нийтлэлийн эзэн монгол түмэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэн ялалт байгуулсан түүхэн цаг үед буюу 1921 онд одоогийн Дэлгэрэх сумнаа хүний ганц хүү болон мэндэлжээ. Манлайн ээж Цэрмаа гэгч бүсгүй байсан бөгөөд, хүүгээ өргөмөл аавынхаа нэрээр Гүнширийн хэмээн овоглох болсон аж. Г.Дамба агсан таван настайгаасаа эхлэн Дэлтийн хийдэд шавилан сууж, номын дуу сонсох болсон ч 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр сахилаа гээн, жирийн амьдралыг сонгохоос өөр аргагүйд хүрсэн гэдэг. Хоёр жилийн дараа цэргийн албанаа татагдаж, Халх голын болоод 1945 оны чөлөөлөх дайнд оролцон долоон жилийн дараа 1946 онд халагджээ.
Халх голын дайны үеэр тавдугаар морьт дивизэд харьяалагдан тагнуулчийн үүргийг гүйцэтгэж байсан түүний нууц даалгаврууд ихэвчлэн хилийн чанадад гүйцэлдэх ёстой байдаг байсан учир амь өрссөн эгзэгт агшин олон байсан хэмээн хожмоо хэвлэлд дэлгэсэн байдаг билээ.
Түүнтэй цэргийн алба хамт хааж явсан нэг нутгийн Чимэд хожмоо “Дамба мөн сэргэлэн цэрэг байж билээ. Ямар ч харанхуй шөнө, ямар ч цас, бороотой байсан төөрч будилна гэж байхгүй. Үүргээ биелүүлээд л ирдэг байсан” хэмээн ярьсан удаатай. Эх орны өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, эр цэргийн тангаргаа сахисан тэрээр цэргээс Онц хилчин цол тэмдэгтэй, ахлагч цолтой халагдаж байжээ. Улс төржиж сүйд болоод байхгүй ч Манлай МАХН-д /одоогийн МАН/ нэг л таагүй хандана. “Цэргээс халагдаад ирэхэд хамаг юмыг маань хураагаад муу ээжийг минь тарагийн таван ямаатай, чөдрийн ганц морьтой үлдээсэн байж билээ. Хийдэд шавилж байсан гэж тэр шүү дээ” хэмээн хааяа гомдлоо уудална. Гэсэн ч эр хүн тугал  хариулж, туг ч барьдгийн жишгээр төд удалгүй малжин, 1948 оноос хурдан моринд шимтэх болжээ. Түүнийг  хурдан морьтой хувь заяагаа холбоход Жааяа хэмээх багш ламтан нь ихээхэн дэмнэсэн бөгөөд багшийнх нь бэлэглэсэн Тайж угшилтай хүрэн үрээ /эхтэйгээ ирсэн гэдэг/ 1948 онд сумын наадамд түрүүлж, их амжилтынх нь өмийг нь нээжээ. Хожим Г.Дамба Манлай “багш минь миний зам мөрийг засч, өнөөдрийн амжилтанд хүргэсэн гэж боддог шүү” хэмээн талархлаа илэрхийлж байсан билээ. Тэр жил Г.Дамба ганц хүрэн даагаа бус хонгор морио мөн айргийн дөрөвт хурдлуулж, “Цэрмаагийн ганц хүү ч хийморьтой байна шүү” хэмээгдэж байсан гэдэг. 
Халхын хурдыг цуглуулагч
Дамба Манлай адуугаа чанаржуулахын төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргадаг байсан нэгэн. Тэгэх тэгэхдээ аль сайнаас сорчилж, халхын хурдыг цогцлоон, түүнийхээ шимийг нь хүртэж чадсан билээ.
Г.Дамба Манлайн гаднаас авсан азарганууд:
1. Их хүрэн:
Лам багшаас нь бэлгэнд ирж даагандаа сумын наадамд түрүүлсэн хүрэн үрээ хожмоо Их хүрэн хэмээх хурдан азарга болж, соёолонгоос нь эхлэн гүү хураалгах болжээ. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат олноо “монхор” хэмээн алдаршсан нэрт уяач Халтараас Галшар угшилтай гурван гүү авч хураалган Бага хүрэн хэмээн хурдан хүлэг нь төржээ. Харин нэг нутгийн Маруугаас Банди угшлын будан гүү авч  хураалган, Морин зээрд азарга нь гарсан гэдэг. Г.Дамба агсан Бага хүрнийхээ төл хүрэн азаргыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, Ч.Дорждэрэмд бог малаар арилжиж, /Дорждэрэм бол өнөө цагийн хурдан буянгуудын нэг Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы эзэн Пүрэвдоржийн өргөж авсан эцэг юм. Тэрээр сумынхаа баяр наадамд 11 түрүүлж, гурав айрагдсан Эмнэг зээрд гэх хурдан морьтой байсан билээ/ нөгөөх нь шинэ эзэндээ олон сайхан  хурдан буянгуудыг бий болгожээ. Хүрэн азарганы төлүүд нь сумынхаа наадамд нэг түрүүлж, ес айрагдсан МУ-ын Алдарт уяач Ж.Шунугийн хүрэн азарга, бага гурван насандаа сумандаа түрүүлсэн Ч.Дорждэрэмийн хүрэн морь, дээр дурдсан Эмнэг зээрд, сумынхаа наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан Гоё зээрд зэрэг цуут хүлгүүд юм. Өөрөөр хэлбэл, Бага хүрний төл хүрэн азарга Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд хурд тарьж, моринд дуртай олон эрсийн хийморийг тэтгэсэн юм.
Харин Морин зээрдийн төл хүрэн азаргыг ах дүүсийн хамааралтай Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул  “уран” хэмээх Монхооровт өгчээ /Монхооровын хойд эцэг “цоохор” хэмээх Дүүдэв нь Г.Дамба агсны ээжийнх нь төрсөн ах аж/. Хүрэн азарга Монхооровыг олон хурдан их насны морьдтой болгосон бөгөөд  Их хүрэн, Бага хүрэн гэх хурдан морьд 1970-1980-аад оны хооронд ихэд хурдалж байсан гэдэг.
2. Будан: 1960-аад оны дундуур Галсанбанди угшилтай цагаан цоохор будан азарга авч, Их хүрнийхээ төл гүүг хураалган олон будан гүү гарсан бол Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул хув Дагваас авсан Орлойн баячуулын адууны угшилтай хээр гүүгээ мөн л цоохор азарганд хураалган хонгор будан морь нь гарчээ.
3. Адилаа хонгор: 1960-аад оны үед Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул олноо “Жадгай” хэмээн алдаршсан  Гончигоос Адилаа угшилтай хонгор азарга авч, Боролзой хонгор, Бүдүүн хөлт гэдэг хоёр хонгор морь төрсөн.
4. Орлой хар: 1960-аад оны  үед Гэлэг-Ёндон ламтнаас Орлой ногоонуудын угшлын хар азарга авсан бөгөөд ууган хүү Борхүүгийн хурдан хар морь энэ азарганы төл юм. 1980-аад оны үед ид хурдалж байсан Хонгот будан азарганы эх мөн энэ хар азарганы төл гүүнээс гарсан гэдэг. 
5. Гомбожав тайж угшилтай зээрд: 1975 онд Говийн гурван тайжийн нэг хэмээгддэг Гомбожавын адууны угшилтай хавчиг зээрд азарга авсан байдаг.
6. Ембүү хүрэн: 1975 онд  Адилаа угшилтай Ембүү хүрэн хавчиг азарга авсан бөгөөд үр төлүүд нь ихэд хурдалж, Манлайн магнайг олонтаа тэнийлгэсэн билээ. Тэднээс хамгийн олон түрүүлж, айрагдсан нь бага хүрэн болон халзан азарга нь юм. Ембүү хүрэн азарганы үр төлүүдээс Медальт хүрэн, Хөх дэлт, Их хүрэн, халзан зэрэг дөрвөн азарга онцгойлон хурдалсан бөгөөд Хөх дэлт, халзан азарга хоёр нэг эхийн төл байжээ 
Их хүрэн азарга: Г.Дамба агсан их хүрэн азаргаа ихэд үнэлдэг байжээ. Тиймээс ч Д.Даваахүү Тод манлайд “Миний хүрэн халзангаасаа илүү азарга шүү дээ. Бүсийн наадамд орж нэрд гарсан болохоор хүмүүс халзанг нь илүү гэж бодоод байдаг юм” хэмээн хуучилж байсан удаатай. Нээрэн ч хүрэн азарга уралдсан болгондоо түрүүлдэг гайхалтай хурдан буян байжээ. Хүрэн азарганы эх нь банди угшилтай зээрд гүү байсан бөгөөд дааган цагаасаа эхлэн уралдаж, тэр жилээ буюу 1984 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан, Хэнтий аймгийн Галшар зэрэг сумдын наадам болон Дэлгэрэх сумын сургуулийн ойд тус тус түрүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүрэн азарга даагандаа дөрөв түрүүлсэн байдаг. Харин шүдлэндээ сумынхаа наадамд түрүүлсэн бол хязааландаа Дэлгэрэхэд түрүүлж, соёолондоо Түвшинширээгийн наадмыг мөн л магнайлжээ. Найман настайдаа Дэлгэрэх суманд түрүүлчихээд, есөн настайдаа Дорноговь аймгийн 70 жилийн ойд түрүүлж, 1990 онд  МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадамд 13-т давхиж байжээ. Түүний дараа 1993 онд ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 190 жилийн ойд мөн л магнайдаа тоосгүй түрүүлсэн бол 1994 онд “Их говийн зоригтнууд” түүхэн үйл явдлын 50 жилийн ойд аман хүзүүдсэн байдаг /тэр уралдаанд эцэг нэгт халзан азарга нь түрүүлсэн/.
Хөх дэлт: Сумынхаа баяр наадамд уралдан ямагт аман хүзүүнд хурдалдаг байсан ч үр төлүүдээс нь  олон хурдан их морь төржээ. Жишээлбэл 1997 оны Өвгөн ноёны наадамд түрүүлсэн Борхүүгийн зээрд морь, мөн шарга будан, цүдгэр зээрд зэрэг нь Хөх дэлтийн төлүүд юм.
Халзан азарга: Манлайн нэрийн хуудас болсон хурдан хүлгэдийн нэг халзан азарганы эх нь зээрд гүү байсан бөгөөд шүдлэндээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Мөнхдагва гэгчид бэлгэнд очсон ч шинэ эзэн нь наймаалцсан байдаг. Халзан азарга хязаалан болдог хавраа 300 км зам туулж, Хэрлэн голыг гатлан унасан газар, унаган эзэндээ гүйн ирсэн бөгөөд тэр жилээ уягдсан ч хүйтэн бороонд цохиулж уяа нь алдарсан гэдэг. Харин соёолондоо  Дэлгэрэх сумын наадамд хол түрүүлж уясан эзнээ баясгажээ. Түүнийх нь дараа жил Г.Дамба агсан Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншигт уралдуулаад буцахдаа эзэнд нь аваачиж өгнө хэмээн санаж байсан ч хоёр гүү хураачихсан халзан азаргаа олдоогүй гэдэг. Газрын хол, усны уртыг туулан нутгаа тэмцэн ирсэн хүлэг дахин явахгүй гэдгээ илтгэж байна хэмээн таамагласан тэрээр эзэнд нь хурдан будан мориныхоо төрсөн дүүг өгч халзан азаргаа өөртөө үлдээж байсан гэдэг. 1993 онд ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 190 жилийн ой тохиож, том наадам болоход халзан азарга айргийн таваа хурдалж, 1994 онд Их говийн зоригтны 50 жилийн ойд түрүүлжээ.
Медальт хүрэн: Ембүү хүрэн азаргандаа Банди угшлын хүрэн гүү хураалгаж, гарсан нь Медаль хүрэн азарга юм. Хүрэн азарга шүдлэндээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 60 жилийн ойн наадамд гуравт давхиад, хязааландаа Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын наадамд дөрөв хурдалж байжээ. Харин соёолондоо Дэлгэрэх сумын наадамд гурвалж, хавчигтаа Дэлгэрэх болон  Түвшинширээ сумдын өвлийн уралдаануудад айрагдаж байсан аж.
7. Орлой саарал: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Балтаваас Орлойн баячуудын адууны угшилтай  саарал азарга авсан нь хавчигтаа Дэлгэрэх сумын өвлийн уралдаанд гурваар давхин дахин уралдаагүй ч төл  Хув будан азарга, цагаан болон хоёр саарал морь зэрэг нь хурдалж, уясан эзний магнайг тэнийлгэсэн гэдэг. Саарал азарганы төл олон будан гүү гарчээ.
8. Шарга будан: 1970-аад оны дундуур Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Дугарын Бэлэвсэн хэмээх хурдан хүрэн азарганы төл шарга будан азарга том хүү Борхүүд нь бэлгэнд иржээ. Шарга будан азарга зуны наадамд ордоггүй, өвлийн наадмуудаас айргаас хасдаггүй онцлогтой хүлэг байсан хэмээдэг.  Гарсан үр төлүүд нь ч гэсэн эцгийн нэгэн адил өвлийн уралдаануудад одтой нааддаг байжээ. Жишээлбэл, дунд хүү Очирваанийн хурдан будан азарга соёолонгоосоо хойш олон жилийн хаврын уралдаануудад одтой нааджээ.
9. Цавьдар: 1980-аад оны дундуур Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул “шар” хэмээх Доржоос Орлойн ногоонуудын угшилтай хурдан зээрд азарганых нь төл цавьдар азаргыг авчээ. Цавьдар азарга Дэлгэрэх суманд  хавчигтаа гурваар давхиад дахиж уралдаагүй ч төл Гадсан сарт зээрд морь нь сайн давхиж мөн олон сайхан гүү гарчээ.
10. Далай вангийн зээрд: 1990-ээд оны дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аварга малчин Базарсүрэнгээс Далай ван угшилтай хурдан зээрд азарганых нь төл эмнэг зээрд азаргыг мөн авчээ.
Ийнхүү эхэн үедээ удам сайт азаргануудыг цуглуулж байсан Манлай сүүлдээ гүүндээ нэлээд анхаарал хандуулах болсон гэдэг. Жишээлбэл, тэрээр 1999 онд Боржигоны наадмаас буцахдаа хурдан хээр азарганы эзэн нэрт уяач Сүрэнхор агснаас ногоон азарганых нь төл хонгор гүүг халзан азарганыхаа төл будан байдсаар сольж авсан байна.
Дархан айрагддаг Дамбын адуу
Нэгэн үе ийм яриа гарч, хурдан адуутай болъё гэсэн нэгэн нь Г.Дамба агсныг зорьдог байлаа. Жишээлбэл, Тод манлай уяач Д.Ганбаатар Манлайг зорин очиж халзан азарганы төл Хар шилбэт хэмээх хүрэн азаргыг нь авч байжээ. Хар шилбэт Булган аймгийн ойд тавлаж, Боржигоны 2009 оны наадамд түрүүлж байсан төдийгүй улсын наадамд арвын дотор давхиж байсан гэдэг.
-Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач Магсарын Ухна хув будан азарганых нь төл соёолон будан азаргыг авч найм түрүүлгэж, үр төлийг нь мөн адил хурдлуулж байна.
-Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Манлай уяач Ж.Содномпилд хув будан азарга өгсөн нь үр төл нь ихэд хурдалжээ. Мөн хув будан азарганыхаа төлөөс Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Балжирын Туяад өгч, түүний үр төлүүд нь мөн хурдалсан гэдэг. Зөвхөн энэ жилийн тухайд гэхэд л Манлайн адууны угшилтай хоёр хүлэг Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд айрагдаад байгаа. Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд айргийн тавд хурдалсан Ц.Бат-Энхийн хүрэн морь Манлайн алдарт халзан азарганы төл бөгөөд өмнө нь Говьшанхын хурд говийн бүсийн наадамд айрагдаж байсан билээ.
Мөн Завхан аймгийн наадамд түрүүлсэн будан хязаалан мөн л Манлайн адууны угшилтай. Дааганд нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Ганзоригт арилжиж байсан гэдэг. Энэ мэтчилэн дурдаад байвал Г.Дамба Манлайн адууны угшилтай, цус орсон адуунууд дөрвөн зүг найман зовхист таран хурдалж байна. 
Амжилт, алдар цол 
Нэгэн насны амьдралаа адуунд зориулсан Г.Дамба агсан хурдан морь уяж сойх хугацаандаа аймаг, сум, бүсийн наадмуудаас 78 түрүү, 148 айраг хүртэн Манлай уяачийн эрэмбэнд бичигдсэн бөгөөд баяр бахдалт олон сайхан дурсамжийг хүүрнэдэг байжээ. Тэдгээрээс 1997 онд Хэнтий аймгийн Галшар сумнаа болсон Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавийн нэрэмжит зүүн бүсийн уралдаанд зээрд морио түрүүлгэж, басхүү Ононмөр хавангийн нэрэмжит "Боржигон-99" төвийн бүсийн уралдаанд халзан азарга айргийн тавд давхиулж байснаа дурсан ярих дуртай байсан гэдэг. Ялангуяа халзан азарга гарцаагүй түрүүлнэ хэмээн наадамчин олон шивнэлдэж байсан Боржигоны наадмыг сөхөн ярих дуртай. Арга ч үгүй биз. Тэр уралдаанд халзан азарганы хүүхэд нь уначихаад сул явахыг харсан Даваахүү Тод манлай Буяндэлгэр Алдартын Жинст хонгор азаргыг татуулж, /хонгор азарга урагшлах янзгүй байсан гэдэг/ хүүхдийг нь буулгаж аваад  халзан азаргыг барьж мордуулахад бариа хүртэл ердөө 4-5 км үлдсэн байсан гэдэг. Бараа нь тасарсан тэр олон азарганы араас халзан азарга сум адил шуугисаар бариан дээр айргийн тавд баригдаж, эзний мэлмийг чийгтүүлж байсан билээ. Манлайн дурсах дуртай бахдалт наадмуудын нэг нь Их говийн зоригтнууд гэх түүхэн үйл явдлын 50 жилийн ойн баяр. Тэр наадамд түүний уясан хоёр азарга нэг нь түрүүлж, нөгөө нь айрагдан, их морь, соёолон, хязаалан гурвалж, даага түрүүлж байсан бол 1993 онд хутагтынхаа 190 жилийн ойд гурван азаргатай очин нэгийг нь түрүүлгэж, нөгөө хоёрыг нь дөрөв, таваар давхиулж байжээ. Нөр их хөдөлмөрийн үр шимээр бий болгосон хурдан хүлгэдээрээ одтой сайхан наадан, түмэн олноо цэнгүүлж явсан буурал уяач насан эцэстлээ буюу 2003 оныг хүртэл морины сүүл шуусан бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 1991 онд Дорноговь аймгийн Алдарт уяач, 1994 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоолоор улсын Алдарт уяач, 1998 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Монгол улсын Манлай уяач цолоор тус тус шагнажээ.
Хурдан морин нэрт зүтгэлтэн, хувьсгал тэмцлийн ахмад дайчин Г.Дамба агсан зургаан хүү, дөрвөн охинтой бөгөөд  хөвгүүд нь эцгийн голомтыг залган уяачийн эрдэмд шамдаж байна. Манлайн хөвгүүдээс Д.Борхүү нь Монгол улсын Манлай хүлэгч цолтой бол  дунд хүү Д.Очирваань сумын Алдарт уяач, харин отгон хүү Д.Доржготов нь аймгийн Алдарт уяач цолыг тус тус хүртээд байгаа юм.  Г.Дамба агсны эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлснийг үнэлэн:
1989.8.12-ны өдрийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 129 дүгээр зарлигаар Халхын голын байлдааны медаль
1990.12. 28-ны өдрийн 59-р тогтоолоор МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Халх голын ялалтын ойн медаль
1996.12.29-ний өдөр Жуковын нэрэмжит одон
1997.11.22-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор-Цэргийн Гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байдаг.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 203.23.199.183

    Молорын Бурхан мэт Домог болсон Их Уяачийн гэр бүл үр хүүхдүүд тэдний гал голомтныхонд САЙН САЙХНЫ ДЭЭДИЙГ ХҮСЬЕ...

    Reply