МУ-ын Алдарт уяач Б.Энхболд: Дүүгүүр саарал, Егүзэр хээр хоёулаа л надад заяасан бурхны хишиг

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 19 -нд

Мал аж ахуй дээр суурилж Завхан нутгаа хөгжүүлэх төслийг эхлүүлээд байна
Хүлэг морио дээдлэгч эрхэм уншигч түмний минь самсаа шархирч, магнай тэнийдэг үндэсний их баяр цэнгэл, наадам айсуй. Дэнж хотойлгох дэлгэр Монголын их цэнгэлийг угтан, уншигч танаа хүрч буй энэ удаагийн дугаарын хүндэтгэлийн зочин хойморт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, “Сонор трейд” ХХК-ийн Ерөнхий захирал, “Завхан хүнс” группийн Ерөнхийлөгч, “Сонор холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Алдарт уяач Бат-Очирын Энхболд уригдан тухаллаа. Монгол төрийн наадамд их насны морь түрүүлгэж, аман хүзүүдүүлэн адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдал, омогшлыг ханатал мэдэрсэн энэ хийморилог эрхмийг  Дүүгүүр саарал, Егүзэр хээр морьдоор нь уншигчид эчнээ таних бизээ. Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү Тод манлайн хэлсэнчлэн нэг хүний уяан дээр хоёр их насны сайн морь багтсан их буян, ерөөл бизээ.  Хурдан хүлгийн хиймориор моринд хайртай монгол түмнээ цэнгүүлэгч энэ эрхэм жинхэнэ нутаг амьтай хүү. Сэтгэл зүрхний уг дахь чин хүслээ гүйцэлдүүлж, төрсөн нутгийн төлөө ихийг зориулж яваа нэгэн билээ. Алдартын амтат хууч таныг уйдаахгүй бизээ.
-Сар гаруй хугацаанд нутаг орноороо яваад ирсэн сурагтай. Завхан нутгаар зуншлага сайхан уу?
-Нутгийнхаа бүх сум, багаар орж сар гаруйн хугацаанд тойроод ирлээ. Зуншлага бол алаг цоог байна. Нутгийн дундуур зуншлага сайтай, хоёр захаараа гандуу байна.
-Ямар нэг зорилгогүй, зүгээр ч нэг аймгийнхаа баг бүрээр ороогүй байх. Ямар  зорилго, төлөвлөгөөтэй яваад ирэв?
-Сая явсан үндсэн зорилго бол манай “Завхан хүнс  групп”-ийн 2014 онд санаачилсан “Завхан нэгдэл“ төслөө сурталчлах. Энэ төсөл бол малчид руу чиглэсэн, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үр ашигтай эдийн засгийн эргэлтэнд оруулах төсөл. Завхан аймгийн хөгжлийг мал аж ахуй дээр суурилж хөгжүүлэх зорилготой. Энэ төслийнхөө хүрээнд баг, бригадуудаар явж малчидтайгаа уулзаж ярилцахын зэрэгцээ өдөрлөг зохион байгуулж, төслөө сурталчилж яваад ирлээ. Нутгийн иргэд ч сайхан дэмжлээ.
-Хөдөөгийн малчид руу чиглэсэн ажил тэр бүр байдаггүй болохоор сониуч  зан хөдөлчихлөө. Төслийнхөө талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Манай төслийн үндсэн зорилго бол Мал аж ахуй дээр суурилж Завхан аймгийг хөгжүүлэх. Завхан аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд эрдэмтдээ цуглуулж “Завхан аймгийн хөгжлийн стратеги” гэсэн онол практик, эрдэм шинжилгээний бага хурлыг аймагтаа хоёр удаа хийсэн. Энэ бага хурлаар Завхан аймаг цаашдаа хөгжих хамгийн нэн тэргүүний гарц бол мал аж ахуйн бүтээгдэхүүн дээрээ суурилж хөгжих, хоёр дахь гарц нь аялал жуулчлалд түшиглэж хөгжих гэсэн хоёр үндсэн чиглэлийг эрдэмтэд маань зөвлөсөн. Энэ зөвлөмжийн хүрээнд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд, бас аймагт үйл ажиллагаа явуулдаг “Завхан хүнс  групп”-тэйн хувьд ч энэ ажлыг хийхээр зориглосон. “Завхан хүнс  групп” бол аймгийн төв Улиастай хотод байрладаг Монголдоо хоёрт ордог томоохон мах боловсруулах үйлдвэртэй энэ үйлдвэрээ түшиглэж энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. Би группийн ерөнхийлөгчийн хувьд хөдөөгүүр явж, малчдадаа төслөө танилцуулж, хамтарч ажиллая гэж уриалж яваад ирлээ.
-Малчид энэ төслийг хэр нааштайгаар хүлээж авч байх юм бэ?
-Ер нь манай төслийг маш нааштайгаар хүлээн авч байна. Энэ хүрээнд хэд хэдэн арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Очсон баг бүртээ дааган насны морь уралдуулж, 32 бөх барилдуулан, караоке тэмцээн, олс таталтын тэмцээн зохион байгуулсан. Дааганы уралдаан нь хоёр үе шаттай. Эхний үе шат нь сая багууд дээр хийгдчихэж байгаа юм. Хоёр дахь үе шат нь 8 сарын 23-нд Завхан аймгийн Донойн хөндийд багуудын дааганы уралдааны айргийн таван дааганууд ирж уралдана. Нэг суманд гэхэд хоёр байрлалд өдөрлөг хийсэн. Тэгэхээр нэг сумаас арван даага, нийт 240 даага цуглаад, “Завхан аймгийн ирээдүйн түмэн эх” гэсэн уралдааныг хийж, түрүүлсэн дааганд нь Портер автомашины шагналтай. Сая эхний таван дааганыхаа зургийг аваад, мандат олгож хоёр дахь шатны уралдаанд орох эрхийг нь нээж өгсөн. Караоке тэмцээний хувьд гурван үе шаттай. Хоёр дахь үе шатаа ТВ-9 телевизийн ТВ-караоке нэвтрүүлгээр гаргана. 8 сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастайн төвд ТВ-9 телевизтэй хамтраад, сумдаас шалгарсан таван хүний бүрэлдэхүүнтэй багуудын дунд ТВ-караоке тэмцээнээ хийнэ. Энэ шатнаас хоёр баг шалгараад гуравдугаар шатанд жил бүр Улаанбаатар хотод Бөхийн өргөөнд зохион байгуулагддаг ТВ-караоке улсын уралдаанд оролцох эрх авна. Энэ арга хэмжээнийхээ хүрээнд төслөө сурталчилна.
-Сүүлийн үед манай улс зарим нэг улстай мал мах нийлүүлэх яриа хэлэлцээр хийсэн тухай мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ч төдий хэмжээний мах нийлүүллээ гэсэн тоо баримт тэр бүр сонсогддоггүй юм билээ. Тэгэхээр танай төсөл цаг үеэ  олсон ажил бололтой?
-Мал бэлтгэл бол сүүлийн жилүүдэд нэлээд замбараагүй болсон. Мал бэлтгэлийг хуучных шиг системтэй болгох шаардлага тулгарч байна. Дотооддоо бол хүнсний аюулгүй байдал алдагдаад, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах хүнсэнд бараг хэрэглэхгүй байна. Гадаад нөхцөл байдлын тухайд хөрш зэргэлдээ орнууд маань Монголоос мах импортолж авна гэсэн хүсэлтийг маш их тавьж байна. Энэ цаг хугацаатай давхцаж байгаараа бас онцлог. Ер нь бол мах бэлтгэлийг сайн, системтэй хийж байж мах экспортын асуудал ярина гэхээс биш, махаа бэлдээгүй, гар аргаар бэлдэж байж манайхаас мах импортлооч гэж яриад дэмий.
-Монголдоо хоёрт эрэмбэлэгдэнэ гэхээр танай үйлдвэр олон улсын стандарт шаардлагыг хангасан байх?
-Манай үйлдвэр бол мах боловсруулах чиглэлээр гадаадад махаа экспортлох AAА зөвшөөрөлтэй. Энэ бол Монгол улсын хэмжээнд мөрдөгддөг Улсын мэргэжлийн хяналтын газраас олгодог сертификат. Энэ сертификатыг одоогоор Монгол улсын хэмжээнд хоёр л үйлдвэр эзэмшиж байна. Бусад үйлдвэрүүд AА, зарим нь А зөвшөөрөлтэй цехүүд байдаг. Манайх социализмын үед Германы ТЭЗҮ-ээр баригдсан үйлдвэр бөгөөд одоо хөдөө орон нутагт манайхаас өөр ийм үйлдвэр байхгүй. Дорноговь, Баян-Өлгийд байсан үйлдвэрүүд зах зээлийн шуурганд өртөж үүд хаалгаа барьсан. Миний тухайд энэ үйлдвэрийг 2008 онд худалдаж аваад, 2009 онд нэлээд хөрөнгө оруулалт хийж засварлан, орчин үеийн түвшинд хүргэсэн. Одоо хоногт 500 бод, 1500 бог мал нядлах хүчин чадалтай. Харамсалтай нь жилд хүчин чадлынхаа дөнгөж 3%-ийг ашиглаж байна. Яагаад ингэж байна вэ гэхээр  малын үнэ,мах бэлтгэлтэй шууд холбоотой. ОХУ болон гаалийн холбооны улсууд гэж хуучин ЗХУ-д хамрагдаж байсан орнуудаас махны үйлдвэрүүдэд аттестатчлал явуулж, Монголд долоон үйлдвэрт ОХУ болон Гаалийн холбооны улсуудад мах экспортлох зөвшөөрөл олгосны нэг нь манайх байгаа юм.
-Мал аж ахуйн бүтээгдэхүүнд түшиглэсэн төсөл учраас мал аж ахуйг эрчимжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах талаар ямар нэг ажил хийгдэх үү?
-Байлгүй яахав. Энэ бол нэлээд томоохон төсөл. Завхан аймагт амжилттай хэрэгжвэл жишиг болгоод бусад аймгуудад хэрэгжүүлье гэсэн санаа байгаа. Жишээ нь Швейцарийн хөгжлийн агентлаг 10 жилийн хугацаанд том сүлжээ болсон хоршоодыг байгуулсан. Малчдыг нэгтгэж нэлээд ажил хийсэн байгууллага. Энэ төсөл 2016 онд хугацаа нь дуусаж байгаа. Энэ төсөл дуусахаар хоршоодыг хэн авч явах вэ? гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ дээр манайх үр дүнтэй ажиллах юм бол бэлэн байгаа энэ сүлжээг ашиглаад мах бэлтгэл болон  малын гаралтай бусад түүхий эд бүтээгдэхүүнүүд дээр хамтын ажиллагааг бий болгож ажиллах боломжтой. Манай төсөл хоёр үе шаттай явж байгаа. Нэгдүгээр үе шат нь гишүүнчлэлтэй болох, дээр нь энэ төслийн гол түлхүүр бол гурван төрлийн урамшуулал олгоно. Мөн урамшууллыг анх удаа хувийн хэвшилээс олгож байгаагаар онцлог юм. Эхний урамшуулал нь малын маханд урамшуулал олгох гэж байгаа. Улсаас малын маханд урамшуулал олгоё гэж яриад байсан боловч гарцаа олж чадахгүй больсон. Харин манайх махан дээр амьдын жингийн кг тутамд урамшууллыг олгоё гэж байгаа юм. Хоёр дахь урамшуулал бол баг хоршоод руу чиглэсэн. Баг, хоршоог малчид бүрдүүлнэ. Тэгэхээр хамгийн сайн ажилласан нэг баг, нэг хоршоо шалгаруулаад, тэдэнд шаардлагатай байгаа зүйлээр хангана. Тухайлбал малынхаа үүлдэр угсааг сайжруулах эцэг мал, хадлан тариагаа бэлдэх техник тоног төхөөрөмж, аль эсвэл хадлан бордоогоо хадгалах сав, хашаа барьж өгөх гэх мэтчилэнгээр юу ч байж болно. Тухайн баг, хоршоодод хэрэгцээтэй юу л байна тэрийг нь хийж өгнө. Гурав дахь урамшуулал бол урамшууллын сугалаа. Сугалаагаар тодорхой тооны малчдыг гадаадад аялуулах, мотоцикль, телевизор, малчны хөргөгч, гар утас гэх мэт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн хожих боломжтой. Ер нь малчидтайгаа ойртон ажиллаж, гишүүнчлэлтэй болох зорилттой.
-Сая аймгаа тойрохдоо гишүүнчлэлээ явуулсан юм уу?
-Үгүй. Малаа манай төсөлд худалдаж байж гишүүнчлэлийн эрх нээгдэх юм. Нийт тоолуулсан малынхаа 5%-ийг худалдаж манай төслийн гишүүн болно. Тэгж байж дээрх гурван төрлийн урамшуулал эдлэх боломжтой. Манай төсөлд малчид хоёр байдлаар оролцож болно. Нэгд нь тоолуулсан малынхаа 5%-ийг өгөх, хоёрт нь 5%-д хүрэхгүй малаа зараад ганцхан азын сугалаанд оролцох. Төслийн нэгдүгээр үе шат нь 2014-2018 оны хооронд, хоёр дахь үе шат нь 2018-2021 оны хооронд явагдана. Төслийн хоёр дахь шатанд бид аймагтаа малын гаралтай бусад түүхий эдийн үйлдвэрийг барья гэж байгаа юм. Ноос ноолуураа угаагаад, ээрээд утас болгох, мал махыг дагаж гарах арьс ширийг боловсруулах үйлдвэр байгуулна. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр ч байна.
- Хөдөө явж байхад эцэг мал буюу хээлтүүлэгч малын асуудал нэлээд яригдаж байна уу?
-Тэгэлгүй яахав. Малын тоо толгой өсөөд, мал давжаарч, олшрохын хэрээр бэлчээрийн даац хэтэрч байгаа үзэгдэл хаа сайгүй байна. Тиймээс бодлогоор малыг тодорхой хэмжээгээр хорогдуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Эцэг малын тухайд ч адилхан. Манай малчид ч гэсэн нэг үеэ бодоход чанартай, цөөн малтай болъё гэсэн бодолтой болсон байна тиймээс сайн үүлдрийн эцэг мал  сонирхож  байна.
-Сая “Завхан хүнс групп”-ийнхээ санаачилсан төслийн талаар нэлээд ярилаа. Анх моринд орж ирэхдээ та “Сонорын” гэж овоглогддог байсан. Энэ хугацаанд ямар ямар чиглэлээр бизнесээ өргөжүүлээд байна вэ?
-Миний өөрийн таван компани байдаг юм. Тэрний нэг нь “Сонор трейд” компани. Би ер нь Сонор трейдээрээ дуудуулах дуртай. Яагаад гэвэл миний анхны компани. “Завхан хүнс групп” мал аж ахуйн чиглэлээр, “Сонор трейд” уул уурхайн чиглэлээр, “Сонор холдинг” үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажиллаж байна. 
-Эх үрсийн баяраар мянган ээжээр цацал өргүүлсэн, хүүхдүүдийн тоглоомын төв байгуулсан гэж сонссон. Энэ талаар?
-Тийм. Аймгийнхаа хүүхдийн баярыг би энэ жил өөрийн ивээл дор явуулсан. 6 сарын 1-ний өдөр болсон бүх арга хэмжээг ивээн тэтгэж, томоохон тоглоомын төвийг ашиглалтад оруулсан. Энэ тоглоомын төв бол их онцлогтой, өндөр таазтай, 5м-ээс гулсах гулгууртай. Орон нутагт байхгүй тоглоомын төв болж чадсан. Нэг талаараа хүүхдүүдэд хийж өгсөн буяны ажил юм даа. Нөгөө талаараа Завхан аймаг энэ жил “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” гэсэн аяныг эхлүүлсэн. Энэ аянд Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болоод манай “Сонор трейд” компани нэгдэж байгаа. Бас Мянган ээжийн сүүн цацлыг өргүүлсэн ёслолын арга хэмжээ нь Монголд төдийгүй дэлхийд анхдагч болсон байх. Цагаан сүүгээ өргөх эх хүний сэтгэлээр нутаг орноо аргадах, ажил үйлсээ дэлгэрүүлэх бэлгэдлийн агуулгатай. Улиастай сумын 850 ээж, сум болгоноос ээжүүдийн төлөөлөл болж 150 ээж нэгэн жигд хувин, цацалтай дээж өргөсөн. Манай зарим сумд  талхан цехгүй, аймгийн төвөөсөө талх зөөж иддэг. Энийг харж мэдэрсэн нутгийн хүүгийн хувьд нийт сумдууддаа талх нарийн боовны цех бий болгож өгч байгаа. Энэ бол хөдөө орон нутагт бас л шаардлагатай зүйлүүдийн нэг байгаа юм.
-Нутаг нугынхныхаа идэж байгаа талханд хүртэл анхаарал хандуулж байгааг харахад эрхгүй нутаг амьтай хүн юм гэсэн бодол төрж байна.
- Хүн болгоны сэтгэлд нутаг гэдэг агуу орон зай байдаг. Жалга довны үзэл гаргалаа гэцгээдэг ч энэ үзэл үеийн үед байсаар ирсэн, цаашдаа ч байх болно. Ээж аав мөнх биш, нутаг бол мөнх. Нутагтаа очихоор байхгүй ээж, аавтайгаа уулзаж байгаатай ялгаагүй, бүх дурсамж сэргэдэг. Сайн сайхан яваа минь нутаг, уул устай холбоотой юм. Ер нь яахав аймгийн нутгийн зөвлөлийн даргыг авснаас хойш тодорч харагдаад байгаа болохоос биш өмнө нь ч сум орон нутаг, аймгийн аль ч ажилд ард хоцорч чадахгүй, сэтгэл гаргаж оролцсоор ирсэн.
-2012 оноос нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа гэсэн. 2013 онд нутгийн 90 жилийн ой гэж томоохон арга хэмжээ зохион байгуулсан байх?
-Нутгийн зөвлөл үеийн үед аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг хамгийн том байгууллага боллоо л доо. Манай зөвлөл бол аймгуудын нутгийн зөвлөлүүд дотроос юм хийдэгт нь л орох байх. 2012 онд нутгийн зөвлөлийн даргын ажлыг аваад л 90 жилийн ойн ажил эхэлсэн дээ. Ой тэмдэглэнэ гэдэг бол тийм амархан ажил биш шүү дээ. Улсаас нэг их төсөв өгөөд байх биш, нутгийн зөвлөлөө л түшиж хийдэг ажил. Аймгийнхаа ойг нэлээд өндөр хэмжээнд хийсэн. 2013 онд 90 жилийнхээ ойг хийсэн дөрвөн аймаг дотроосоо манай аймгийн баяр онцгой сайхан болсон гэж ярьцгааж байсан. Нутгийн зөвлөлийнхөө дэргэдэх мэргэжлийн холбоодоороо дамжуулж жил бүр ард иргэд рүүгээ чиглэсэн спортын тэмцээн, шинэ жил, цагаан сарын баяр бусад олон нийтийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байна. Мөн түүнчлэн нутгийн алдартай хүмүүс, нутгийн нэрийг гаргасан хүмүүстээ дэмжлэг тусламж үзүүлнэ, зовж зүдрэх, баярлаж цэнгэх аль ч үед тусална. Сүүлийн хоёр жил дараалаад улсын наадмын үзүүрт манай нутгийн хоёр бөх үлдэж, хоёр гарьд цолтон төрлөө. Энэ болгоныг урамшуулах тал дээр бусдаас дутахгүй хэмжээнд ажиллаж байна.
Нутгийн УУЛС өөрийн гэрийн тавилга шиг танил харагддаг
-Нутаг нуга гээд ярьсан болохоор таны бага насны талаар асууж ярилцмаар санагдлаа. Бага насны тань дурсамжаар яриагаа үргэлжлүүлье?
-Завхан аймаг бол үзэх юм маш ихтэй. Тэр дундаа ялгаад тавьчихсан юм шиг миний төрсөн нутаг Эрдэнэхайрхан сум бол сүүлийн үед жуулчдын хамгийн их очдог газар болсон. Ийм сайхан нутагт төрснөөрөө бахархаж явдаг. Бага насаа сумын төвд өнгөрүүлсэн. Сумын төвдөө очихоор их л сайхан дурсамжтай байдаг. Явж явж хүн гэртээ орж ирэхэд сайхан байдаг шиг нутагтаа очиход эргэн тойрны уул яг л гэрийн тавилга шиг бүгд танил, сайхан харагдаж байдаг даа. Хүн чинь нутаг устайгаа хүйн холбоотой байдаг юм шигээ.
-Багадаа морь унаж байгаагүй юу?
-Багын том биетэй хүүхэд байсан болохоор авгынхаа морийг хоёр жил унаад л хасагдсан. Хөдөөгийн хүүхдүүдийн хувьд хоёр том баяр байдгийн нэг нь Улсын наадам, нөгөө нь Цагаан сар. Энэ хоёр баярыг тэсэн ядан хүлээнэ. Ялангуяа улсын наадам бол сургууль амарчихсан, анги хамт олноороо цуглаж уулзах боломжтой хамгийн сайхан баяр байдаг байлаа. Энэ тэр юм сонирхож, чихэр жимсэнд умбаад л... Дээр нь наадмын шинэ гийдаа идэх мөн ч сайхан шүү.
-Гийдаа...?
-Манай нутагт гурилтай шөлийг тэгж нэрлэдэг юм. Одоо ч гэсэн гийдаа гэж хэлдэг хүмүүс байдаг л юм билээ. Хаяаг нь шуучихсан монгол гэрийн хаяагаар шинэхэн ногоон сонгинотой гийдаа худалдаж аваад л ширгэн дээр хэвтэж байгаад идэх мөн ч сайхан санагддагсан. Мартахын аргагүй амт гэвэл тэр л байдаг даа. Надад одоо ч гэсэн наадам гэхээр хүүхэд насандаа идэж байсан гийдаа санагддаг юм.
-Нүдэнд харагдчихлаа?
-Наадамчид оочерлоод хаалгаар нь багталцахгүй болохоор шуусан хаяагаараа зардаг байсан юм.
-Зуныхаа амралтаар хөдөө явдаг байв уу?
-Явалгүй яахав эмээгийндээ очиж ойр зуурын ажилд нь туслангаа хүмүүсийн морь гуйж унаад явдаг хүүхэд байсан. Аав маань насаараа жолооч хийсэн хүн. Тэтгэвэртээ гарсныхаа дараа морь сонирхох болж, жороо голдуу таван азарга адуутай болсон юм. Аав адуугаа туугаад давхиж явахад олон жороо морины хөдөлгөөн нэгэн жигд газар тэр аяараа хөдөлж байх шиг санагддаг байж билээ. Хожим нь аавыгаа бурхан болсны дараа би адууг нь авчирч одоо Заамар суманд маллаж байгаа.
-Эрдэнэхайрхан сум байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой шигээ хүн болгон нь гайхалтай сайхан дуулдаг юм билээ. Алдарт бас хоосонгүй биз?
-Өөрөө сонссон уу, үгүй юу. Ерөнхий сайд асан Алтанхуяг манай Эрдэнэхайрханыг “диваажин” гэж хэлсэн шүү дээ. Хангай говь хосолсон үнэхээрийн гайхалтай нутаг. Дуулах тухайд манай ээж их сайхан дуулдаг хүн байсан. Манай эгч ч бас гайхалтай дуулна. Дүү нар ч ялгаагүй сайхан дуулна даа. Тэдний хажууд би сайн дуучин биш. Гэхдээ найранд гурван дугараатай./инээв/ Манай сумын Алтан багийнхан бараг бүгдээрээ дуучид. Тэндээс олон сайхан уртын дуучид төрөн гарсан шүү дээ.
-Саарал морины эзэн найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай эр юм биз дээ?
-Хөдөөний эрэгтэй хүүхэд барилдаж ноцолдохгүй байна гэж үгүй шүү дээ. Арав төгссөнөөсөө хойш хэдэн жил сумын начны тунаанд үлддэг байлаа. Одоо бол морио л уяж байна даа.
-Завхан бол хутагт хувилгаадын өлгий нутаг. Таны өвөг дээдэс ямар хүмүүс байсан бэ?
-Манай Завхан нутаг 13 тамгатай хутагттай, яалт ч үгүй хүлээн зөвшөөрөгдсөн авшигтай нутаг.  Үүнээс Ачит лам, Билэгт лам гэж хоёр хутагт нь манай Эрдэнэхайрхан  сумаас төрсөн байдаг. Сүүлийн үед ч манай аймгаас хоёр том хутагт төрсөн. Нарванчин гэгээний хойд дүр манай Отгон сумаас мэндэлсэн. Жалханз гэгээний хойд дүр арваад жилийн өмнө Дөрвөлжин сумаас төрөөд, Энэтхэгт номоо үзээд сууж байна.  Бас эрдэмтдийн тоогоороо улсдаа тэргүүлж явдаг ийм аймаг шүү дээ. Завханы Очирваань хайрханы тодорхой тойрог радиуст маш том энерги байдаг учраас тийм авшигтай, оюунлаг хүмүүс төрдөггэж нэгэн эрдэмтэн хүн хэлж байсан үнэний хувьтай гэж би боддог. Монгол орны хамгийн хүнд шилжилтийн цаг үед нь хоёрын хоёр ерөнхийлөгч манай нутгаас төрлөө шүү дээ. Миний өөрийн өвөг дээдчүүдийн тухайд бас сайн хүмүүс байсан. Манай аавын өвөг дээдэс  Галуутайн хүрээнд суудаг ах дүү том лам нар байсан талаар түүх домог болж яригддаг. Эрдэнэхайрхан сум байгалийн үзэсгэлэнтэйн дээр бас авшигтай л нутаг. Малын тоо ч маш их өсч байгаа. Энэ жил 7 сарын 21, 22 гээд сумынхаа Буман хонины баярыг хийнэ. Цөөхөн хүн амтай ч мал сүрэг нь олон, хөдөлмөрч өвөрмөц ард түмэн бий.
Усч хүн усандаа гэдэг шиг уралдаанч морь замдаа хальдаг юм билээ
-Таныг би сайн бизнесмен гэдгээс илүү төрийн наадамд их морь түрүүлгэсэн хүн гэдгээр нь илүүтэй мэднэ. Танай дээд удамд хурдан тууртын уяа тааруулсан хийморилог эрс  олон байв уу?  Миний мэдэхийн Даш-Өлзий манлай танай хамаатан байхаа?
-Мориноос хол монгол хүн байхгүй. Манай сумын төвийн уяач өвгөд наадам дөхөөд ирэхээр сумын төвийн улаан толгой дээо нар өнждөг. Морь уначих юмсан гэж хорхойссон би тэнд байнга очно. Том биетэй болохоор морин дээр мордуулахгүй, ганц нэг мордуулах юм бол бөөн баяр явдаг байсан даа. Манай нагацууд дунд хурдтай хүмүүс бий. Өөрөө манай Найдан ахыг мэдэж байгаа байх. Нийслэлийн алдарт уяач, нэлээд дээрээс морь уяж эхэлсэн. Найдан ахын дээд талд Цолмон гээд Аймгийн Алдарт уяач байна. Бас нэгдлийн адуу маллаж байсан хурдтай хүн. Даш-Өлзий ах бол манай авга ах. Бид хоёр эгч дүү хоёрын хүүхэд. Манай хүн бол Монголын морин спортод үнэтэй хувь нэмэр оруулж яваа цөөхөн хүний нэг. Өнгөрсөн жил Монгол улсын Манлай уяач боллоо. Намайг морь руу оруулсан хүн бол манай Даш-Өлзий агаа. Би 2005 оныг хүртэл Агаагийн морийг л балиашиглах гэж морин дээр очдог байсан юм. Одоо миний морины уяа хийж хамаг ажлыг нугалж байгаа хүн бол миний нагац ах Найдан. Би бол азтай хүн. Авга, нагац хоёр талд морь уядаг сайн уяачид байна. Би ч бас өөрөө морины тал дээр их азтай хийморьтой яваа. Их насны морь худалдаж аваад улсад шууд түрүүлгэчихдэг хүн хуруу дарам байгаа. Түүгээр ч зогсоогүй угсруулаад хоёр мориор 2005-2009 оны хооронд маш сайхан наадсаныг Монголын ард түмэн мэднэ. Тухайн үед “Их морийг нэг хүн өмчлөөд авчихлаа” гэж манай найз Сэргэлэн надаар тоглож байлаа. 2010 оноос Америк руу сургуульд яваад, мориноосоо жаахан хөндийрсөн. Хөндийрлөө гээд би морио хаяхгүй, моринд нэг орсон хүн хаяж ч чадахгүй л дээ. Хөдөө явж явж өчигдөр үдээс хойш ядарч ирчихээд, өнөө өглөө яагаа ч үгүй эрт сунгаанд явсан. Адуун дээр очоод сэтгэл санаа сайхан сэргээд ирлээ. Морьд сайхан хурдан байна, энэ жил сайхан уралдах байхаа
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Саарал морьтойгоо хэрхэн учирсан юм бэ?
-Дүүгүүр сааралтайгаа би ерөөлөөр учирсан гэж боддог. Манай нутагт эр хүн 37-ны жил орохоор бүгээн зүсмийн морь, нэг сайхан эмээл бэлддэг. Тэр утгаараа би нэг сайн морь авчихъя гэж байтал тэр үетэй давхцаж манай найз саарал морь бэлэглэсэн. Тэгэхээр энэ яалт ч үгүй ерөөл байгаа биз дээ? Одоогоос яг арван жилийн өмнө юм байна. Тухайн үед би дөнгөж морь сонирхож эхэлж байсан. Бизнес маань ч сайн байлаа. Шарга соёолонгийн эзэн, яруу найрагч Лутбаяр бид хоёр сайн найзууд. Найзын маань саарал морь сумынхаа ойд түрүүлчихээд байсан үе. Нэг аятайхан морь авъя гэж бодож байгаа гэж морь сонирхож байгаагаа хэлэхэд  найз маань надад саарал морио бэлэглэсэн юм. Сайн андын сэтгэлээсээ өгсөн бэлэг саарал морь маань ирээд л хурдалж эхэлсэн. Миний Дүүгүүр сааралд нэг онцлог бий. Тэр нь дандаа хүнд бэлэг болж ирсэн байдаг. Хамгийн анх яруу найрагч Амартайван Лутаад бэлэглээд, Лутаа надад бэлэглэсэн байдаг. Төрийн Түмэн эх төрсөн түүх товчхондоо ийм.
-Товч биш харин ч дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Ирсэн жилээ яаж давхисан гэдэг билээ?
-2005 онд ирээд улсын наадамд 15-аар давхисан юм. Тэгэхээр нь би “энэ чинь наддаа л айраг” гээд бэлгэшээгээд хадаг зүүчихсэн. Бас болоогүй ээ уяагаа тойруулаад байгаа. Тэгсэн Даш-Өлзий ах, Дууяа хоёр 15-д ирсэн мориндоо хадаг зүүлээ гээд тоглоом болгож инээлдээд л байсан юм. 15-д давхихад айрагдлаа хэмээн бэлгэшээсний ерөөлөөр болсон уу, Өвөрхангай аймагт болсон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойд очоод тавлачихсан. За ингээд л би гэдэг хүн моринд эргэлт буцалтгүй орсон доо.
-2006 онд морь будилаагүй бол түрүүлэхээр хурдан байсан гэдэг юм билээ?
-Үнэхээр хурдан байсан. Тэр жил морь будилж олон хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, олон морины амжилтыг ухраасан юм шүү. Саарал морь улсын наадамд еслөөд, Архангайн Тамирын хурдад арваар давхисан. 2007 онд улсын наадамд түрүүлээд, “Их хурд”-д зургаалсан. Уг нь тэнд айрагдах байсныг бид алдаа хийгээд нэлээд араас эргэсэн. Бичлэг үзсэн бол санаж байгаа байх.
-2007 он зөвхөн Энхболдын хувьд ч биш “Талын хүлэгч” галынхны хувьд амжилтын оргил жил нь байсан?
-Тэр жил гайхалтай сайхан наадсан. Улсын наадамд их морь түрүүлгэж, азарга аман хүзүү, айргийн гурваар давхиулаад, Их хурдад очиж азарга түрүүлгэж, айрагдуулан, их морь зургаалуулсан. Тиймээс амжилтын оргил жил байсан гэдэгтэй санал нэгдэж байна. Галын гишүүд хоорондоо эвтэй, санаа нийлсэн улсаар бүрдээд ирэхээр амжилт хүртэл дагадаг юм билээ.
-Төрийн наадамд их морь түрүүлгэж, төрсөн нутаг ус, эцэг эхийнхээ нэрийг дуудуулах тэр агшинд чухам юу бодогддог юм бэ?
-Аав ээж, нутаг усаа дуудуулах хамгийн сайхан юм билээ. Урьд өмнө нь манай Эрдэнэхайрханаас морь түрүүлж байгаагүй учраас Улаанбаатар хотод байсан нутаг нугынхан маань бүгд цугларсан. Төрж өссөн нутгаа дуурсгах хамгийн сайхан нь. Төрийн наадамд их морь түрүүлгэнэ гэдэг уяач хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Тэр мөрөөдлөө биелүүлж, нутаг усаараа дуудуулж суух эр хүн болсны нэг бах юм даа. Өөрийн эрхгүй бахархал төрдөг юм билээ.
-Түрүүлнэ гэсэн бодол байсан уу?
-Байгаагүй. Айрагдаж магадгүй л гэж горьдож байсан. Харин Өндөр Гэгээний наадам дээр бол Дууяа “хадгаа өвөртөлж ирээрэй” гэж хэлж байсан юм шүү.
-Дүүгүүр гэдэг нэрийг юуг бэлгэдэж хэн өгсөн юм бэ?
-Дүүгүүрийн чулуу шиг хурдтай явдаг гэсэн утгаар бэлгэдэж, манай Лутаа өгсөн юм. Дараа нь  сайхан шүлэг зориулж, дуутай болгосныг нь дуучин Хишигбаяр олны хүртээл болгосон шүү дээ.
Сүүлд манай нутгийн Тамир гэж залуу Егүзэр хээрт зориулан сайхан дуу зохиож, морины Батбаяр дуулсан.
Халтар халтар толгодыг
Эвхэн эвхэн хурдална аа
Хараа гүйцэмгүй хурдлах
Егүзэр хээрийн давхиа гэсэн сайхан үгтэй дуу хүмүүсийн дуулах дуртай дууны нэг болсон байна лээ.
-Егүзэр хээртэйгээ учирсан түүхээр яриагаа үргэлжлүүлье. “Талын хүлэгч” гал уяаныхан Эрдэнэцагаан сумынхантай шифийн харилцаа тогтоох үеэр хийгдсэн наймаа гэдэг байхаа?
-2007 оныхоо намар саарал мориныхоо нутагт нь очиж хүндэтгэл илэрхийлье гээд галаараа явцгаасан юм. Тэгэхдээ бараг Эрдэнэцагааны бүх айлын адуугаар орсон байх. Орсон айл болгон манай галынханд баяр хүргээд адуу бэлэглээд байсан чинь 70 гаруй адуутай болсон байсан шүү. Манай Лутаа тэдний адуугаар орно гээд дагуулаад явдаг. Тэгж явахдаа би анх хээр морио харсан юм. Сумандаа түрүүлчихсэн байхад нь хүмүүс гуйхаар эзэн нь зарахгүй гээд байгаа юм гэж сонсоод би нэг оролдоод үзье гээд хэлтэл яагаад ч юм надад өгөхөөр болсон. Хээр морины эзэн Болдоо харамгүй сайхан сэтгэлээр хурдан адуугаа надад өгсөн. Ингэж л дараагийн хурдан хүлэг минь надад заяасан юм даа.
-Нууц биш бол тэр үед хэдээр авч байсан бэ?
-Гайгүй авсан шүү. Надад үнэрхээгүй ээ, 6-7 саяар л авч байсан байх.
-Тэгвэл зарахгүй гээд байсан шалтгаан нь мөнгөтэй холбоотой биш л юм байна?
-Тийм л юм шиг байна лээ. Урьд нь хоёр ч хүн авъя гэж ирэхээр нь өгөөгүй. Манай нутгаас их морь түрүүлгэсэн танд бол өгчихье л гэж бодож байна гэсэн. Тэгээд л наймаа хийгээд аваад ирсэн.
-Баярмагнай гуай “төрийн наадамд их морь түрүүлгэсэн хүн бүтэн жил айлын хойморт суудаг” гэж хэлж байсан удаатай. Энхболд гэдэг хүн Эрдэнэцагаанд хүндтэй зочдын нэг биз?
-Ер нь тийм шүү. Сая би 90 жилийнх нь баярын хүлээн авалтанд очлоо. Хүндэт зочдынхоо тэргүүн эгнээнд суулгаад Егүзэр хээрийг маань дурсаж байна лээ. Би хээр мориныхоо хүрэл хөшөөг Эрдэнэцагаанд суманд босгосон.
-Тийм үү, дуулаагүй юм байна?
-Хээр морь тэнгэрт хальж, сайхан хүлгийнхээ толгойг тэвэрч суухдаа “сайн анддаа хүрэл хөшөө босгоё” гэж шийдсэн юм. Тэгээд Америкийн нэг компанид захиалж хийлгүүлсэн. Биеийн харьцаа хийц загвар гээд давтагдахааргүй сайхан хөшөө болж чадсан. Харсан хүн болгон гайхалтай адилхан болжээ гэдэг юм. Дүнжингаравт түрүүлж орж ирж байгаа зургаар нь хийлгэсэн юм.
-Богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн аргагүй хурдан ажнай шүү?
-Бахархахгүй байхын аргагүй л дээ. Ирсэн жилээ /2008 онд/ Дүнжингаравт зургаалсан. Уг нь тасархай түрүүлж явсан юм. Тэр үед манай галынхны урд жилийнх нь бахдал арилаагүй байсан үе л дээ. Тэгээд машинтай дагаж байгаад “хээр морио хэр зайтай түрүүлгэхэв“ гэж ярилцаад нэлээн шахсан юм. Гэтэл үзүүр дээрээ хургаад зургаалчихсан. Ер нь хээр морь хүмүүс рүү ороод ирэхээр тэгдэг шүү дээ. Хавчигт нь анх уясан юм билээ. Тэгэхдээ л зүрхийг нь авчихсан юм боловуу гэж таамагладаг юм. Түүнээс биш яг уралдааныхаа замд ямар ч адууны толгойд л гарч уралддаг. Морьд эргэлээ төд удалгүй Егүзэр хээр гараад ирлээ л гэнэ. Ямар ч уралдаанд бусад морины хажуугаар гарахдаа зогсож байгаа морины хажуугаар гарч байгаа аятай харайгаад байгаа нь мэдэгдэхгүй төөлөөд л гараад  ирнэ шүү дээ. Тэгээд хүмүүс рүү орж ирээд, шуугиан сонсохоороо чихээ хумхичихаад явахаа байчихдаг юм. Улсын наадамд ч гэсэн тэр жил тэгээд зургаалсан шүү дээ.
-Тэгээд Заамарт очиж аман хүзүүдээ биз дээ?
-Тэгсэн. 2008 онд хоёр удаа зургаалж, нэг аман хүзүүдсэн юм. 2009 онд болохоор Дүнжингаравт түрүүлээд, Сэлэнгийн бүсэд очиж тавласан. Зун нь улсад аман хүзүүдээд, Очирвааньд очиж бас аман хүзүүдсэн. Тэр жил хээр морины амжилтын оргил үе л дээ. Уралдсан болгондоо орж, улс, бүсийн наадмын нэг түрүү, хоёр аман хүзүү, нэг айраг авсан.
-Хутагтаар нэрийдэх нь хэний санаа байсан бэ?
-Миний. Ингэж нэрлэх хэд хэдэн шалтгаан байсан. Лутаа нэг удаа “бид энэ нутгаас төрсөн сайн хүлгүүдээ Егүзэрийн адуу гэж нэрлэж байя. Сайн яваа хүүхдүүдээ Егүзэр хүүхэд гэж нэрлэж байя гэж манай өвгөд хөгшчүүд ярилцсан” гэсэн юм. Энэ нэг шалтгаан болсон. Хоёр дахь нь Эрдэнэцагаанд хутагтын гүүн зэлний хоёр чулуун том гадас байдаг юм. 30х30, 20х20 харьцаатай сийлээд сэнж гаргаад хийчихсэн 100-гаад унага багтахаар тийм зэл. Миний хээр морь тэр зэлэн дээр уягдаж байсан юм билээ. Эдгээрийг бодолцож байгаад би “Егүзэр” гээд нэрлэчихье гэж шийдсэн. Хээр морь маань том хутагтын нэрээр нэрлэгдэж богино хугацаанд өндөр амжилт гаргасан, сайн ч адуу байсан даа. Манай Дууяа олон морь уясан хүн, Тэгэхдээ “миний уясан адуун дотроос хамгийн хурдан нь Егүзэр хээр байсан” гэж хэлж байсан удаатай.
-Ингэхэд хээр морь юунаас болоод эндчихсэн юм бэ?
-Угаасаа эмгэг авчихсан байсан юм шиг байна билээ. Бид задалж үзээгүй л дээ. Тэр жил Америкт байсан юм. Утсаар ярихаар хээр морины давхил сайн гарч өгөхгүй байна. Нэг л бүрзгэр байна л гээд байсан. Эргээд бодоход тэр жил өнжөөчих байсан юм билээ л дээ. Би ирээд хээр морио гүжирмэг, хэр баргийн юмыг даачихна гэж бодоод мордуулчихсан нь буруудсан. Цагаан хөтөл өгсөж явахад арваадаар явж байсан. Тэгснээ гэнэтхэн уруудаад алга болчихсон чинь хоолой дотор уначихсан байсан. Усч хүн усандаа гэдэг шиг уралдаанч морь замдаа хальдаг юм билээ. Тиймээс би жамаараа явсан гэж боддог. Зууны манлай миний хээр морийг “Доржсүрэнгийн хээрийн дараа төрсөн агуу хүлэг”гэж хэлсэн. Монгол түмний шүтээн болсон Ононгийн хээр гэхэд л уралдааныхаа замд яваад өгсөн. Ер нь их сайн адуунууд уралдааныхаа замд явчихдаг юм билээ дээ.
-Цаг хугацаа өнгөрсөн учраас одоо ингэж ярихад тэгтлээ хүнд биш байгаа байх. Харин яг тэр мөчид ямар байсан нь төсөөлөгдөж байна?
- Газар дээр нь очоод “жаахан тэвччихдэг байж дээ” гэж өөрийгөө зэмлэсэн. Харин ачаад явуулахдаа хүнээс нуугдасхийгээд машиндаа сууж байхдаа “сайн анддаа хүрэл хөшөө босгоё” гэж өөртөө тангараг тавьсан юм. Мэдээж тийм хүнд үед өөрийн эрхгүй нулимс унагадаг юм билээ.
Дүүгүүр саарлаа нутагт ньаваачиж сэтэрлэж тавьсан
-Тод манлай Егүзэр хээрийг илүүтэй үнэлдэгээ хэлж байж. Харин та алийг нь илүүтэй үнэлдэг вэ. Төрийн наадмын түрүү авчирсан Дүүгүүр саарал аа юу, дүрэлзсэн гал шиг амжилт үзүүлсэн Егүзэр хээрийгээ юу. Таагүй санагдвал хариулахгүй байж болно?
-Улсын наадмын түрүү гэдэг эрхэм юм. Морио шүтдэг монгол хүний хувьд саарал морь маань миний шүтээн. Нөгөө талаараа миний МУ-ын Алдарт уяач цолны болзлын 70 хувийг ганцаараа хийж өгсөн адуу бол Егүзэр хээр. Улсын Алдарт уяач цолны болзлыг би дан их морины амжилтаар хийсэн. Тэгэхээр миний хоёр буян хоёулаа л гайхалтай. Наадамд мордуулчихаад би Егүзэр хээртээ илүү найдлага тавьдаг байсан. Түрүүлдэггүй юмаа гэхэд цээжинд гараад ирнэ гээд. Миний саарал морь жинхэнэ шөрмөстэй адуу. Газар холдох тусам саарал моринд хэр баргийн адуу ойртохоо байдаг. Өөр өөрийн гэсэн онцлогтой ийм хоёр агуу хүлгээ харьцуулахын арга алга даа. Хоёулаа л надад заяасан бурхны хишиг. Зууны манлай Даваахүү гуай “Нэг хүний уяан хоёр их морь багтана гэдэг том хувь заяа. Танай аав ээж яасан их буянтай хүмүүс байсан юм бэ” гэж хэлж байсан. Энэ бол бас л үг шүү. Саарал морь минь нас ахичихлаа. Энэ жил 18 хүрч байгаа шүү дээ. 18 хүргээд авна гээд нутагт нь авааччихсан юм.
-Очирваанийн хурдаас хойш уралдахыг нь хараагүй. Яагаад тийм эрт зодог тайлсан юм бэ?
-Очирваанийн хурдад арав гаргаж давхисан. Уг нь хөл гар бүтэн, уралдвал уралдчихаар л байсан. Гэхдээ 2010 онд би Америк явахдаа “сайхан хүлгийг минь эзгүйд эндүүлчих вий” гээд нутагт нь аваачиж үлдээсэн юм. Саарал морь нутаг амьтай, их гүйдэг адуу. Хаврын хаварт заавал нэг удаа нутаг руугаа явна шүү дээ. Тийм болохоор нь ямар ч байсан 18 хүртэл нь нутагт нь байлгая гээд сэтэрлэчихсэн юм.
-Тийм учиртай байжээ. 2009 оны “Очирваанийн хурд” Энхболд Алдартын хувьд бахархал дүүрэн наадам байсан байх. Нутгийнхаа наадамд азарга, их морь аман хүзүүнд хурдлуулна гэдэг олон тохиох хувь биш шүү дээ?
-Нутгийн хүүгийн үүрэг гэж ойлгож байсан. Тэгээд хоёр их морьтой, бас нэг азаргатай очсон. Хонгор азарга маань Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат хурандаа Буд гэдэг хүний адуу. Сумынхаа наадамд түрүүлчихээд байхад нь би найздаа хэлээд авч явсан юм. Очирвааньд уралдуулна гээд улсын наадамд ч мордуулаагүй. Шууд зүүн талаас баруун  талд аваачиж уралдуулаад аман хүзүүдүүлж байгаа нь тэр. Ний нуугүй хэлэхэд тэр үед хээр морио түрүүлнэ гэж бодож байсан. Аливаа юманд тэгж бардамнаж болдоггүй юм билээ.
-Азаргандаа хэр найдлага тавьж байсан бэ?
-Шинэ адуу байсан болохоор ёндоо мэднэ дээ гэж бодож байсан. Хүний өм эргэчихсэн байхад юу ч уралдуулсан бараг ордог юм билээ. Нэг тийм үе байдаг юм шиг байгаа юм. 
-2013 оны Очирваанийн хурдад хэдэн насны адуутай очсон бэ?
-Хонгор азаргаа, бор морьтойгоо авч явсан. Азарга нь 21-ээр, бор морь 11-ээр билүү, 12-оор ирсэн. Аймгийн баярын дараа Гиннесийн уралдааны баруун бүсийн ангилалд бор морь гуравласан. Бор морь бас Асгатын Хурандаа Будын адуу.
-Даваахүү гуайн хэлсэн тэр  үг ямар учиртай юм бол?
-Ямар утгаар хэлснийг би мэдэхгүй. Ганц Даваахүү гуай ч биш олон хүн тэгж хэлдэг юм. Ямартай ч энэ бол түүх л дээ. Их морины амжилтаар Монгол улсын Алдарт уяач хийсэн хүн түүхэнд цөөн шүү.
-Аргагүй л өм нээгдсэн хийморьтой үе байж дээ?
- Монголчуудын ярьж хэлж байгаа болгон сургаал, домог юм шиг хэрнээ амьдралын үнэнг өгүүлдэг. Манай өвөг дээдэс их морь өм нээж өгдөг гэж ярьдаг. Энэ үнэн. Төрийн наадамд их морь түрүүлгэнэ гэдэг бол өөр. Дээшээ доошоо арван жилийн унага уралдаж байдаг. Тэгэхээр энэ бол уяач бүрийн мөрөөдөл байхаас ч яахав, түрүүлгэсэн хүнд нь том хувь заяа байхаас ч яахав. Ингээд хараад байхад ажил үйлс нь сайн яваа хүний их морь түрүүлээд байх шиг санагддаг юм даа. Морины өм гэдэг амьдрал дээр ч ажил үйлс бүтэмжтэй, компани ашигтай ажиллах цаг хугацаатай давхацдаг.
-Баяр наадмын түрүү авсан уяачтай уулзаж байхад тэр үед надад нэг зөн совин төрж байсан гэдэг. Таны хувьд?
-Тийм юм байхгүй ээ. Зөн совингоороо мэдэж байсан гэж худлаа хэлэхгүй. Сунгаанд гайгүй байгаа юм чинь гайгүй уралдах байх л гэж бодож байсан. Ер нь ерөөл, амны бэлгээр их юм болдог юм шиг билээ. Урд жил нь саарал морь улсын наадамд 15-д ирэхэд нь “надад энэ чинь айраг гэсэн үг” гээд би хадаг зүүчихээд явж байсан. Гэтэл тэр үг биелэх цаг байдаг юм байна. Дараа нь Өндөр гэгээний наадамд миний саарал морь тавлаад ирсэн. Тэгээд байнга л сайн давхих юм шиг санагдаад одоо гайгүй ирнэ гэж горьдож байдаг юм билээ. Тэгэхээр юм ээлж дараатай, цаг хугацаатай гэдэг нь үнэний ортой. Байнга л нэг хүний морь түрүүлээд байвал наадам сонирхолгүй болно. Ингээд бодохоор Монгол наадам гэдэг цаагуураа юмыг ялгаж салгаад, хортож шартаад байвал дараад өгдөг учиртай л наадам даа. Морин спорт ч гэсэн хүнийг “болгож тавьдаг” спорт. Хүн ялж сурна, ялагдаж сурна. Ялж сурна гэдэг бол эр хүний том зан чанар шүү. Нэг хэсэг манай бизнесменүүд мөнгө үзээд, хичнээн сагсуу зантай байлаа. Гэтэл одооны залуучууд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй хичнээн даруухан болж байна. Цаг хугацаа гэдэг чинь ингэж л юмыг харуулдаг. Ялалт, ялагдал гэдэг чинь хүнийг ийм даруухан болгодог. 
-Ингэхэд та өөрөө хэр даруухан уяач, бизнесмен бэ?
-Би өөрийгөө уяач нар дотроо нэлээд даруудаа орох байх гэж боддог. Би хамаагүй сагсайгаад байдаггүй л хүн. Уяачийн хувьд би арван жилийн дотор амжилт үзүүлсэн. Өнөөдөр ярилцлага өгөөд сууж байхдаа л энийгээ дурсаж байгаа болохоос биш тэр болгон бахархаад яриад явдаггүй. Одоо энэ шинэ цагийн уяач гэгдээд байгаа хүмүүс өөрийнхөө гараар хийгээгүй байж, хүний хөдөлмөрөөр олсон амжилтаа 100% өөр дээрээ нааж сагсайж болохгүй ш дээ. Ер нь бол бүгдийнх нь хөдөлмөр. Эзэн, уяач, морь, хүүхэд дөрвүүлээ сайн байж морь давхина. Тэрнээс биш мөнгөөр зодоод хийчихдэг тийм амархан юм байхгүй.
-Зарим хүмүүс бол уяачаа ч дурьдах дургүй байдаг?
-Ярих л ёстой, уяачийн л хийсэн хөдөлмөр шүү дээ. Уяач л нойр хоолгүй, шөнө өдөргүй ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг бид нар хөхиүлэн шагнаж байх ёстой. Бидний нэр алдар, нутаг усыг дуудуулж өгч байгаа тэр хүнийг дурьдахгүй байж болохгүй.
Түрүү, айраг гэхээсээ илүү хүүхэд, морь эсэн мэнд байгаасай гэж боддог юм байна
-Нэг хэсэг Егүзэр хээр, Дүүгүүр саарал гээд голдуу Сүхбаатарын адуугаар наадаж байсан. Сүүлийн үед ямар адуугаар наадаж байгаа вэ?
-Сүүлийн үед үндсэндээ өөрийн унаган адуугаар наадаж байна. Хээр, хонгор азарганы төлүүд миний анхны унаган адуу болж байна. Тэгээд эднийхээ төлүүд болон шинэ цагийн адуунуудаараа наадаж байна.  Дээр нь ганц нэг  шинэ морь авсан.
-Морь уяад тодорхой амжилт үзүүлсэн хүмүүс өөрийн гэсэн удам угшлын адуу бүрдүүлэх, түүнийгээ айрагдаж түрүүлгэх сонирхолтой байдаг.  Таны хувьд унаган адуунаас чинь уралдаж эхлээ байлгүй?
-Тэр бол моринд дуртай хүн болгоны хийх ёстой ажил. Угаасаа ч өөрийн  гэсэн угшил бий болдог. Моринд дуртай хүн чинь ганцхан морь байлгаад байхгүй, тал талаас адуу цуглуулсаар дундаас нь сайн адуунууд төрнө. Өөрийн угшлын адуугаараа уралдвал тэр хүний моринд сэтгэлээ өгсний үр өгөөж юм. Жишээлбэл Онон гуайг л хар. Түүн шиг морь мэдэж уяж байгаа, өөрийнхөө унаган морины хишгийг хүртэж байгаа хүн алга. Тэр хүн өөрийн гэсэн угшлаа бий болгож чадсан байна. Энэ олон жил адуунд сэтгэлээ өгч, амьдралаа зориулсныхаа үр шимийг хүртэж байна шүү дээ. Бидний хувьд адуу маллаад, үндсэн зорилгоо болгоод явах зав байхгүй л дээ. Зав байгаад өөрсдөө зүтгэх юм бол сайхан л ажил. Би ч их ажлын хажуугаар амжихгүй болохоор хүнд даатгаад явж байна. Угшил бол бий болж байгаа, цаашдаа улам сайжрах байх. Ер нь би боддог юм, тэтгэвэртээ гарах үедээ өөрөө гардаж уяя даа гэж. Миний унаган адууны хамгийн дээд тал нь хээр азарга байна. Их хурдад гарсан цагаасаа өнгөлж яваад 12-оор орсон.
-Шинэ цагийн адуу ч бас цөөнгүй бий байх шүү?
-Даш-Өлзий агаа бид хоёр Горны Алтайгаас 2005 онд Араб Англи цэвэр цусны 10 гаруй азарга оруулж ирж байлаа. Агаа голцуу бага насны үрээнүүд, би гүйцсэн азарганууд авч ирсэн. Чи санаж байна уу үгүй юу. 2005 оны Дүнжингаравт нэг Англи хээр азарга их тасархай түрүүлээд явчихдаг. Хүүхэд нь амыг нь хүчрэхгүй татаж чадалгүй барианы гадуур орчихсон. Тэр айхтар хурдан азарга байсан юм.  Одоо төлүүд нь бий. Мөн Арабын таван азарга  оруулж ирж адууныхаа угшлыг сайжруулсан. Миний хувьд адуугаа чанаржуулах ёстой гэсэн байр суурьтай явдаг.
-Манай зарим уяачдын морьд хилийн чанадад амжилттай уралдаж байна. Дэлхийн хэмжээнд уралдах бодол бий юу?
-Гадаадад морь уяж уралдуулъя гэсэн бодол одоогоор алга. Ер нь Монголд морин тойруулгын адуу бий болоосой гэж бодож явдаг хүн. Монгол адууг холихгүй гэж байгаа энэ цаг үед цэвэр адуугаараа тойруулга уралдаан хийдэг болчихвол хаа хаанаа хэрэгтэй шүү дээ. Морин тойруулгын асуудлыг ойрын үед шийдвэрлэх хэрэгтэй.
-Таныг нутаг орондоо очихоор төрийн наадамд их морь түрүүлгэсэн сайн адуутай хүн гээд ганц үрээ, байдас өгөөч гэж хүсэлт тавьдаг л байх. Танд ч гэсэн нутгийн адуугаа сайжруулах юмсан гэсэн сэтгэл байдаг байлгүй?
-Байлгүй яахав. Энд байсан ч, нутагтаа байсан ч ялгаагүй ийм яриа болдог. Өгөхөд нь өгнө, бэлэглэхэд нь бэлэглэнэ. Зарим нэг нь очоод давхиж л байна, зарим нэг нь чимээгүй л байдаг юм. Адуунд ороод арван жил болж байна гэдэг чинь их биш хугацаа. Одоо л бага адуу гарч ирж байна шүү дээ. Энэ жил эрлийз дааганаасаа хүнд бариад өгөөдөхье гэсэн чинь эрүүд нь байхгүй болчихсон байна лээ.  Би зараагүйг бодоход дандаа бэлгэнд явсан байна.
-Ингэхэд монголын морин спорт, тэр дундаа морин уралдааны өнөөгийн байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед хүүхдээр морь унуулахгүй гээд эсэргүү яриа гарч монголчуудыг талцуулж байгаад уяач хүнийхээ хувьд эмзэглэж явдаг юм. Ер нь монгол хүнийг мориноос нь, монгол хүүхдийг монгол ахуйгаас нь холдуулах нь яавч сайн тал биш. Тэвчишгүй хөдөлмөр гээд айхтар ангилал руу аваачаад хийчихсэн. Минийхээр тэр ангилалд арай өөр зүйлүүд хамаарах байх. Ингэж хэт нэг талыг барихынхаа оронд хүүхдүүдээ хамгаалах, энэ тал дээр уяачид, ММСУХ-той хамтарч ажиллах хэрэгтэй. Монгол ахуйгаасаа хөндийрч байгаа энэ цаг үед морь малтай ойр хэсэг хүмүүс л монгол соёл, ахуйгаа авч явж байна шүү дээ. Гэтэл Монголын уламжлалт соёлыг хадгалж байгаа тэр цөөн хэсэг рүү довтлоод байгааг ойлгохгүй юм. Нөгөө талаараа морь унаж байгаа хүүхдүүд өөртөө болоод ар гэртээ хөрөнгө оруулалт хийж байдаг. Тиймээс энэ асуудал дээр олон талт байр сууринаас хандах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Удахгүй төрийн наадам болох гэж байна. Хэдэн насны хичнээн морь уяж сойж байгаа вэ? Хонь жил гарсаар яаж наадсан бэ?
-Хонь жил гарсаар уралдаагүй байна. Одоо төрийн наадамдаа л уралдуулахаар нас болгонд хоёр адуу уягдаж байна. Өвөл морьдоо тэжээсэн. Сүүлийн үед нэлээд ажил ихтэй, морьд руугаа анхаарч чадахгүй байна. Манай мориныхон ч бас мэдэж л байгаа байх. Өнөөдөр л би морьдынхоо давхилыг үзэж байна шүү дээ. Гайгүй уралдчих байхаа. Хуучин шиг содон амжилт үзүүлэхгүй болохоор уяачид хааччихав гээд байгаа. Миний морьд жилдээ ямар нэгэн бүсийн наадамд орчихоод, 2005 оноос хойш айраг тасрахгүй л байгаа. Дараагийн цол бол ойрхон байгаа.
-Манлай уяачийн болзол нэлээд дөхсөн байлгүй?
-Уг нь болчихсон л доо. Яахав ганц нэг амжилтаасаа хүнтэй хуваалцах асуудал байна. Би өөрөө сүүлийн үед морь руугаа сайн анхаарч чадахгүй байгаа учраас цолоо авъя гэж шамдахгүй л байна. Цаг хугацааны асуудал.
-Сүүлийн үед уяачдын эгнээ өндөр боловсролтой сэхээтнүүд, ажил хэрэгч хүмүүсээр эрчимтэй тэлж байгаа. Тэр хүмүүс их ажлынхаа стрессийг морин дээрээ очиж тайлдаг гэцгээх юм билээ?
-Үнэн  үнэн. Нар тaшчихсaн орой, чив чимээгүй үед уяан дээрээ очоод суухаар маш их тайвшрал мэдрэгддэг. Хайртай амьтантайгаа сэтгэлээрээ харьцаж суух шиг сайхан юм байхгүй. Морь бол хорвоод байгаа амьтдаас цөөхөн гоё амьтдын нэг. Хүн төрөхөөсөө өмнө нохой юм уу, морь байдаг гэж байгаа юм. Тэгэхээр хүний төрөлд их ойртчихсон амьтан байгаа биз. Моринд зургаа дахь мэдрэхүй байгаа. Сэтгэлээ өгч байгаа хүнийг андахгүй. Ажлын их стрессийг тэр орчин салгаж чаддаг. Уясан морь ч биш, адууны бэлчээр дээр оччихоод адуун дотроо алхаад явж байхад их сайхан мэдрэмж төрдөг.Тэрэнд нь хүн татагддаг байх.
-Та Америкт сурч байхдаа нутагтаа ирдэг байсан уу? Ямар чиглэлээр, хэдэн жил суралцсан бэ?
-Ирэлгүй яахав. Наадам дөхөхөөр гүйдэг морь шиг л гэр бүлээ орхиод шууд ирнэ шүү дээ. Ирээд наадмаа үзэж сэтгэл амарна. Хэрэв тэнд наадам үзвэл тэвчихгүй биз. Америкт Арканзасын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр хоёр жил суралцаад ирсэн.
-Манай Монгол эрчүүд их дотогшоо, сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлээд байдаггүй. Харин морь түрүүлэх агшинд л нулимс унагаж доторхоо уудалж илэрхийлж байх шиг санагддаг?
-Магадгүй. Хүүхэд байхдаа анх удаа аймгийн наадам үзэж суутал манай сумын Буриад гэж хөгшний халтар морь түрүүлээд ороод ирдэг юм. Гүүг гээд хашхирах гэсэн чинь хоолойн дээр зангираад, нүдний нулимс өөрийн эрхгүй дусалж байсан. Миний морь биш, нутгийн хөгшний морь шүү дээ. Сүүлд их морио түрүүлэхэд хүүхэд үеийнх шиг самсаа хүчтэй шархираагүй. Өөрийн морь давхихаар чинь уярч баярлахаас илүү түгшүүртэй болчихдог юм билээ. Яваандаа дагаж нисэхээ ч больж, янз бүрийн муу юм битгий болоосой гээд л хүлээнэ. Маш их эрсдэлтэй, аз сорьсон айхтар том хөдөлмөр шүү дээ. Морь малаар тогтохгүй хүүхэд хүртэл эндэхийг үгүйсгэхгүй том эрсдэлтэй. Сүүлдээ түрүү, айраг гэхээсээ илүү хүүхэд, морь эсэн мэнд байгаасай гэж боддог юм байна.
-Уяачийн хор гарч байгаа юм болов уу?
-Одоо тэгж байгаа юм болов уу даа.
-Удахгүй төрийн наадам болох гэж байна. Манай сэтгүүлээр дамжуулаад нийт Монголчууддаа, Завханчууддаа мэндчилгээ дэвшүүлээд ярилцлагаа өндөрлөх үү?
-Танай сэтгүүлээр дамжуулаад нийт морь сонирхдог Монголын ард түмэндээ Ардын хувьсгалын 94 жилийн ойгоо дэлгэр сайхан тэмдэглэж, бүгдээрээ сайхан наадахыг ерөөгөөд, үүн дотроо Завхан аймгийнхаа нийт иргэдэд сайхан наадамлаж, уясан морь болгон нь түрүү магнай, дэвсэн бөх болгон нь үзүүр түрүүнд үлдэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
-Тэр ерөөл бат сайхан орших болтугай. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №67

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна