ШАЛГУУР ӨНДӨР ЕВРОПЫН БОСГЫГ ДАВЖ САЙШААГДСАН МОНГОЛ ГЭР

А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 13 -нд

Дэлгэр Монголын их баяр цэнгэл наадмын өмнө ийм баярт мэдээг уншигч түмэндээ дуулгаж буйдаа баяртай байна. Чанар чансааг нэгдүгээрт тавьдаг өндөр хөгжилтэй орнуудад хүлээн зөвшөөрөгдөн үнэлэгдсэн монгол гэрийг та Америк, Франц, Итали, Испани, Чех, Швейцариас гадна Япон, Солонгос гэх мэт олон оронд харж болох юм. Захиалагчдынхаа эрэлт хэрэгцээ хүсэл сонирхолд тулгуурлан жил ирэх тусам баяжин хөгжиж буй орчин цагийн монгол гэрийн талаар тодруулахаар бид “МОДЕРН ГЭР” ХХК-ийн Ерөнхий захирал Сандуйжавын Алтантуяатай уулзаж ярилцсанаа сийрүүлэн хүргэж байна.

Компанийн түүх ингэж эхэлсэн

Тиймээ, энэ бол “Модерн гэр”-ийн хамт олон юм. Компанийн захирал Сандуйжавын Алтантуяа хоймор нутаг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын уугуул нэгэн. Түүний аав сэхээтэн хүн. Аймгийн намын хорооны боловсон хүчний дарга,багш,захирал, сурган хүмүүжүүлэгчээр олон жил тасралтгүй ажилласан нутагтаа нэр хүндтэй нэгэн байв. Харин өвөг дээдэс нь малчин улс  байх агаад зуны амралтаараа очиж морь унах, мал хариулах, малчны ойр зуурын ахуй амьдралд туслах гээд хотын хүүхдүүдийг бодоход монгол ахуйдаа илүү ойр гэрт өсжээ. Хожмоо сургууль соёлын мөр хөөж, франц, орос хэлний багш, орчуулагч, аялал жуулчлалын мэргэжилтэн, удирдахуйн ухааны менежментийн талын мэргэжил эзэмшсэн байна. Түүнээс хойш 25 жил аялал, жуучлалын салбарт ажиллаж буй ажээ. Аль 25 жилийн өмнө гадны аялагчдад орчуулагч, хөтөч хийн хөдөө гадаагаар явж байхдаа “үүргэвчтэй адал явдал эрэлхийлэгчид” нь өнөө бидний бахархал болсон Монгол гэрийг ядуу, өрөвдмөөр хүмүүсийн оромж мэтээр харах нь илтэд анзаарагдах тул Монгол хүний хувьд сэтгэлдээ эмзэглэдэг байв. Үүнээс үүдээд Үндэсний их өв соёлын нэг болсон нүүдэлчний монгол гэрийг дэлхий дахинд эерэгээр яаж харуулж болох вэ гэсэн санаа бодол толгойд эргэлдэж, асар ихийг уншиж судлах, зайлшгүй хийх шаардлагатай болсон аж. Иймээс энэ тухайгаа гадны хэд хэдэн түнштэйгээ ярилцаж, хамтран ажиллах саналыг зарим нэгэнд нь тавиад амжжээ. Өөрөөр хэлбэл Монгол гэр хотхоныг гадны аль нэг оронд яагаад байгуулж болохгүй гэж бодсон аж. Тэгсэн Францын Убрак тосгоноос 10 монгол гэрийн захиалга ирэх нь тэр. 2000 онд монгол гэрийг гадагш хил гаалиар гаргана гэдэг амаргүй даваа байлаа. Гэвч энэхүү анхны 10 гэрээ Убракын резорт дээр өөрөө очиж барьж өгсөн байна. Энэ газар нь яг л Монгол шиг байгальтай сайхан газар ажээ. Ингээд 2005 оноос өөрсдөө монгол гэр, тавилгын үйлдвэрээ байгуулан гэрээ үйлдвэрлэж, гадагш “илгээдэг” болсон байна. Гэсэн ч шантралгүй ажил болгох гэж зүтгэсээр багагүй хугацаа өнгөрсөн байх аж. Хамтран ажиллаж байсан  Францын талын захирал нь “би Парисын ойр Монгол гэр хотхон байгуулмаар байна. Бас монгол гэрийг зармаар байна. Чи монгол гэрт өссөн Монгол хүн шүү дээ. Энийг надад анх санал болгосны хувьд чи л хамтарч хийж чадна” хэмээн зөвлөсөн нь өөрөө үйлдвэрлэгч болох урам зоригийг улам ихээр нэмэх нь тэр. Улмаар өнөөх нь өргөжин уламжлалт гэр үйлдвэрлэлээс гадна орчин цагийн хийц бүхий гэрүүд түүнийг дагасан тавилга, жижиг хэрэглэлүүд үйлдвэрлэх болж олон арван гадаад түншүүдтэй болжээ. Түүнчлэн олон жилийн турш Монгол гэрээ дэлхийд сайн сайхнаар нь таниулахын төлөө их үйлсэд сэтгэл, зүтгэлээ зориулан явсан Алтантуяа захиралд  Монгол гэр 2013 онд ЮНЕСКО-д биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдлээ гэсэн сайхан мэдээг сонссон нь монгол гэрээрээ бахархах сэтгэл улам ихээр төрж, урам зориг орсон ажээ.

Модерн гэр

Модерн бүжиг, модерн уран зураг гэхчилэн илүүтэй сонсож байснаас модерн гэрийг “ориг”-оор харсан нь цөөхөн болов уу. Мэдээж энд Монгол уламжлалаа мартаж болохгүй. Үүнийг гярхай захирал ч мартсангүй. Үүний тулд зогсолтгүйгээр олон жил судалгаа хийжээ. Ганцхан гэр гэлтгүй монгол хүнийхээ хувьд өвөг дээдсийнхээ түүхийг мэддэг байх нь орчин цагийн залуу хүн бүрийн соёлын нэг хэсэг хэмээн үздэг захирал бүсгүй “Алунгоо-Экологи” сэтгүүлийг санаачлан эрхлэн гаргасаар иржээ. Ийнхүү нэрийдсэн нь ч учиртай гэнэ. Учир нь Чингис хааны эмэг эх, Алтан ургийн өндөр дээд их хатан Алунгоо эхийн нутагт  Алтантуяа захирал  төрснөөрөө бас  Ариг урианхай бүсгүй гэдгээрээ бахархаж явдаг ажээ. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдууд бол Ариг урианхайчуудын нутаг юм. Тиймдээ ч 1992 оноос хойш Аригийн голын эрэг дээр сумын Засаг даргын санаачлагаар Алунгоо хатны сургаалийн баярыг 4 жил тутам тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Түүхийн эх сурвалжуудад Алунгоо хатан бол Ариг Урианхай гарлын хүн бөгөөд  тэрээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн голын эрэгт төрсөн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байх нь бий. Үүнээс үүдэн ийнхүү сэтгүүлээ нэрийдсэн төдийгүй энэхүү сэтгүүл нь Монголын өв соёл, байгаль экологи, түүн дээр түшиглэсэн аялал жуулчлалын танин мэдэхүйн анхны сэтгүүл болсон төдийгүй 21 аймгийн соёл, байгалийн өвийг олон нийтэд таниулах их үйлсийн аян, төсөл хөтөлбөрийг эхлэн хэрэгжүүлж байгаа ажээ. Харин гэрийн тухайд эрж хайж, уншиж судлаад ирэхээр он цаг өнгөрсөнд хөвөрсөөр Хүннүгийн үед хүрдэг. Монгол гэрийн түүх, соёл хоёр, гурван мянган жилээр яригдана. Гэхдээ орчин цаг үеэ дагаад монгол гэр маань илүү боловсронгуй болох хэрэгтэйг хүн бүр хүссээр ажээ.

Жуулчдын нүд хужирлах ЭКО ГЭР ТЭРЭГ

Модерн гэрийн монгол гэрээс ялгарах онцлог нь загварлагаас гадна орчин үеийн хэрэгцээ шаардлага болсон вакум цонхтой, пракетин шалтай, орон зай том, нэг биш хоёр, гурав, дөрөв таваар нь бөөрөөр нь нийлүүлсэн, давхар, зууван хэлбэртэйгээс гадна метр кв-ыг нь ч нэмж, хасаж болох аж. Өнөө цагт эко бүтээгдэхүүн үнэд орсон. Үүнийг хэзээний олж  харж, бас алхам тутамдаа хайж явдаг Европчуудын хувьд монгол гэр хүсч байсан шаардлагат нь нийцсэн гэж болно. Жишээ нь бясалгал хийхэд, хүүхэд тоглох, сургууль, цэцэрлэг хийх, гадаа хооллоход ч  хамгийн тохиромжтой сууц гэнэ. Өөрөөр хэлбэл дугуй гэрт энерги их цуглардаг. Үүнээс өөрийг дурдвал нэлээн урт дараалал үүсэх агаад нүүдэлчин удмын үр сад болсон монголчууд маань хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Нөгөөтэйгүүр гэрийн “ид шидийг” мэдсэн гадныхнаас цонхтой болгож, хаалгыг нь өндөрлөх, хэлбэрийг нь өөрчлөх гэхчилэн амьдралаас үүдсэн захиалга нэмэгдсээр, тэр хэрээр хөгжсөөр.  Модерн Гэр Компанийн нэрийн гэрийн нэг нь зууван хэлбэртэй, орон зай сайтай онцгой гэр. Толгой сэгсэрмээр сонин шийдэл шүү. Тэд энэхүү зууван гэрээс гадна урагшаа, хойшоо, хажуу тийшээ залгаа биш  мөртлөө нэмэх тэмдгэн гэрийн загварыг анх удаа санаачлан гаргасан байгаа бөгөөд бүгд оюуны өмчөөр баталгаажуулан олны хүртээл болгосоор  байна. Мэдээж нөгөө талдаа гэрийн шинэ шийдлүүдэд шүүмжлэлтэй хандах хүмүүс мэр сэр таарна. Гэхдээ уламжлалт монгол гэрээ зах зээлд түлхүү нийлүүлэхийг хүсдэг ч орчин үеийн захиалагч нарын хүсэлтээр шинэ загварын төрөл бүрийн гэрийг үйлдвэрлэн гаргах нь эрэлт ихтэй ажээ. Энэ бол ижил үйл ажиллагаа явуулж байгаа  байгуулагуудаас болон бусдаас ялгарах нэг давуу тал хэмээн “Модерн гэр”-ийнхэн онцолдог. Тэд салбартаа олон зүйл дээр анхдагчдын нэг. Мөн С.Алтантуяа захирал аялал жуулчлалын салбарт олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсний хувьд шар толгойтой сониуч нөхдийн анхаарал татах, шинэ бүтээлийн эрэлд өдөр бүр шахуу гарна. Тухайлбал энэхүү эрлээс  эко үхэр тэргэн гэр “төржээ”. Долоон метр кв буюу майхны хэмжээтэй энэ гэрийг үхэр тэргэн дээр байрлуулсан нь гэр бүлийн “явдаг майхан” ч гэж хэлж болохоор онцлогтой. Өдөр нь гэр бүлээрээ сууж явах бөгөөд, шөнө бүгд дотор нь унтах боломжтой ажээ. Мөн л оюуны өмчийн  патент бүхий энэ үхэр тэргэн гэрт тухалсан гадны зочид дахин үйлчлүүлэх сонирхол нэмэгдсээр байдаг ажээ.  Явган аяллыг илүүд үзэх болсон манай монголчууд ч эл үхэр тэргэн аялалд гарахаар захиалга өгөх нь бий. 2001 онд Япон жуулчдын хүсэлтээр 2 хүний майхан шиг жижиг цүнхтэй эвхдэг гэр үйлдвэрлэн гаргаж, 2005 онд хүүхдийн тоглоом шиг хайрцагтай салдаг гэр Францын гэр хотхонд хийж бэлэглэж, 2007 онд 2 давхар дороо гал тогоо, 00, душтэй гэрийн загварыг анх санаачлан баазын төсөл болгон нэгэн архитекторын багт захиалан хийлгэж, 2009 онд нүүдлийн гэр хотхоны өвөрмөц шинэ төсөл хийж, онцлог загварын зууван гэрийг Оюу Толгойн онгоцны буудлын орчим барих захиалга авч, хүүхдийн цэцэрлэг, бассейн, оффисын загвараар ашиглаж турших  гэх мэт нийгэмд олон шинэлэг загваруудыг гаргаж ажиллаж буй бүтээлч хамт олон юм байна.

Энэчлэн Модерн Гэр ХХК байгуулагдсанаас хойшхи 12 жилийн хугацаанд хүний орчин үеийн эрэлт хэрэгцээг хангасан байх ёстойг нэн тэргүүнд тавьж анхааран ажиллаж ирсэн ажээ. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүн ч тэргээ түрээд орж гарах учраас босгогүй болгосон ажээ. Ганц энэ ч биш гадны жуулчид бол манай босгон дээр гишгэдэггүй ёсыг тэр бүр мэдэхгүй.  Гэрийн хаалга хэтэрхий намхан учраас толгойгоо цохино. Энэ бүхнийг мэдрэмжтэй анзаарч, урьдчилан сэргийлж, хаалгаа өндөрсгөн, орж гарахад чөлөөтэй босгогүй болгожээ. Дээрээс нь гэр дотор бүгчим, бас харах орчин хязгаарлагдмал учраас цонх хийсэн байх жишээний. Одоо энэ мэтийг туршиж, судалж, үйлдвэрлэгчид өөрсдөө суралцсаар л явна. Сүүлд гаргасан эко загварын гэр гэхэд 24 уньтай болжээ. Энд эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна модны хэрэглээгээ багассан жинхэнэ эко бүтээгдэхүүн болжээ. Дээрээс нь 81 унийг тогтоох хугацааг 4 дахин багасгасан, авсаархан ,ухаалаг гээд олон давуу талтай болжээ.

 Хэрэглэгч та юу хүснэ, тэд хийж чадна

Учир нь инженерийн баг ажилладаг учраас хэмээн бардам хэлнэ. Өөрөөр хэлбэл аливаа юманд хязгаарлагддаггүй сэтгэж, хийх боломж бий.  Ганцхан танд зориулаад таны бичгийн ширээг гоё сийлбэртэй, алтан эмжээртэй гэхчилэн хийж өгөх ба тэр цор ганц атлаа дахин давтагдашгүй. Монголчууд маань айхтар алсын хараатай, задгай сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ. Тэрийг нь хөгжүүлэхсэн гэж боддог хэмээн Алтантуяа захирал ярина.  Монгол гэр өөрөө гайхамшигтай. Энэ гэрийг давхарлах, хажуу тийш нь сунгах, зууван хэлбэрт оруулна гэдэг сэтгэлгээний асуудал учраас энд инженерийн баг ажилладаг. Тодруулбал С.Алтантуяа захирлын хань Б.Баттулга инженер хүн тул зургийг 3D программаар зурж, өнөөхөө мэргэжлийн мужааны багт тайлбарлаж өгнө. Дараа нь мужааны баг эсгүүр хийж, үйлдвэрлэлийн багт ажил шилжиж, нарийн үйлдвэрлэл, боловсруулалтыг дээд зэргээр хийнэ. Эндээс зүлгүүр болон будгийн цехэд шилжин будах, хээлэх ажилд орно. Энэ бүгдийг гараар хийнэ. Өөрөөр хэлбэл жинхэнэ утгаараа “handmade” учраас асар үнэ цэнэтэй байх ёстой. Ингэж модон бүтээгдэхүүн бэлэн болсны дараа зөөлөн эдлэл гэж нэрлэгддэг эсгий, бүрээс, брезентийг оёх ажил үргэлжилнэ. Мөн л гараар оёх учраас ахиад үнэ цэнийн тухай ярина. Эртнээс нааш бэлгэдэлд ач холбогдол өгч ирсэн монголчуудыг үүнээс салгах ямар ч аргагүй. Тиймдээ ч бэлгэдэл бүрийг шингээхийг хүснэ. Харин захирал  бүсгүйн хувьд цөм тоо болохоор тавын тоог ихэд  бэлгэшээнэ. Тавын тоо бол эв нэгдлийн бэлгэдэл гэнэ. Ингээд зогсохгүй түүхэнд үлдсэн Алунгоо хатны таван сумны түүхийг өнөө цагт авчирч, таван хүүд нь зориулсан цогцолбор паркын төслийг боловсруулж төлөвлөгөөгөө гаргасан нууцаа задалсан юм. Цогцолборын төсөл, эскиз, төлөвлөгөө бүгд бэлэн болсон төдийгүй хөшөө баримал тус бүрийн макетийг ч гаргажээ.

“Мөнхтэнгэр” жуулчны бааз монгол ахуйг “гайхуулна”

Анх удаа 90 метр кв-ын зууван гэрийг хийсэн бол 180 метр кв-ыг дараа нь хийсэн  нь бий. Өдгөө Богд уулын Тайны аман дахь “Мөнх тэнгэр” жуулчны баазад Модерн Гэр-ийн онцлог бүтээгдэхүүн болсон “зууван” гэрийг харж болно. Энэхүү том гэрийг кран, том машин техникийн тусламжтайгаар босгожээ. Эдний Европын зах зээлд гаргаж байгаа гэрийн тухайд бидний уламжлалт хэллэг ханын тоогоор ярих боломжгүй  аж. Учир нь гадныхан ойлгодоггүй. Монголын гэрийн стандарт гэхээр үндэсний уламжлал яригдах бол тус хамт олны үйлдвэрлэж байгаа орчин үеийн гэрийн тухайд шинэ стандарт яригдана. Өнөөдрийн байдлаар 314 метр кв гэрийг үйлдвэрлэн экспортод гаргасан нь хамгийн томд тооцогдоно. Цэвэр мод, эсгий гэхчилэн үндэсний бүтээгдэхүүнүүдээ оролцуулан хийсэн энэ гэр өдгөө Казакстаны “Лесная ореха” резортод байгаа бөгөөд энэхүү гэрт Казакстаны Ерөнхийлөгч саатан, зочилсон тухай  тус резортын нөхдүүд цахим хуудсаар дамжуулан, талархлаа илэрхийлжээ. Харин Европ руу гаргасан гэрүүдээс Испанид нэг том ресторан ажиллаж байна. Гадна талын бүрээсийг нь дээрээсээ 20 см хүртэл цахилгаантай хийсэн бөгөөд цахилгаанаа тайлахаар хана нь харагддаг. Энэчлэн эдний нэрийн том гэрүүдээр тансаг зэрэглэлийн ресторанууд гоёх нь олонтаа. Монгол залуусын ур ухаан шингэж “урласан” гэр Альфийн нуруу, Европын хот, тосгодоор дүүрэн дүнхийж байна гэдэг юутай бахдалтай.

За тэгээд хамгийн сайн чанарын модыг Оросоос оруулж ирдэг бол Европод гаргаж байгаа гэрийн эсгий “Нэхээсгүй эдлэл” компанийн үнэргүй, цэвэр цагаан ноос байх жишээний. Гадуур бүрээс гэхэд 15 төрөл байх. Төрөл бүрийн өнгө, хээ угалз мэдээж захиалагчийн хүсэлтээр хийгдэнэ. Италид үйл ажиллагаа явуулдаг Монголын соёлын төв болсон гэр хотхоныхон өөрсдийнхөө өв уламжилж хийсэн тэмдгүүдийг  тавиулж авч байхад Арабчууд эгээ л майхан шиг их сонин алаг эрээн бүрээсийг сонгон захиалсан удаатай. Гадныхан сийлбэртэй болон хэт их эрээлсэн хээтэй гэрт дуртай биш бөгөөд харин хээ угалз, сийлбэргүй энгийн даруухан цөөхөн хээтэй болон хээгүй гэрийг ядаргаа бага, тайван амгалан байх боломжтой гэж  илүү сонгож захиалдаг нь манайхнаас ялгардаг.  Монголд Модерн гэр бүхий шошготой гэрүүдийг ч таашаан худалдан авах нь нэлээн таарна. Ялангуяа олон жилийн турш ОХУ-ын элчин сайд, НҮБ-ын суурин төлөөлөгч, АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Швецарь, Германы  ТББ-ын тэргүүн, бусад орны ЭСЯ-ыхан гэх мэт олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчид тэдний байнгын хэрэглэгчид юм. Зөвхөн гэр ч гэлтгүй энэхүү Компанийн нэрийн хуудас болсон тавилгаар урлаг соёлын одод гэрээ бас чимнэ. Зайсангийн Будда Виста хотхоны “Азиана” рестораны дотор тавилга нь эргэлддэг гэр мөн л эдний инженерийн сэтгэлгээ. Очиж үзсэн нь гайхаад л гардаг гэлцдэг. Түүнчлэн Мираж рестораны 314 метр кв гэрийн доторх тавилга , Шангри-Ла зочид буудлын рестораны тохижолтын эртний тавилга ч Модерн гэрийнхний бүтээл ажээ. Олон хувийн байгууллагууд зургийн студи байгуулах, олон улсын кэмп нээх гэх мэт захиалга тасрахгүй аж.

Харин түнш “Мөнхтэнгэр” жуулчны баазын хувьд гадныханд Монгол гэр орон, Монгол хоол, Монгол соёлыг үзүүлэхийг чухалчилдаг. Модерн Грийн үйлдвэрийн  том 180м2 зууван гэрт  нэг ээлжиндээ 70-150 хүн хүлээн авах боломжтойн дээр томоохон тэмдэглэлт баяр ёслолыг зохион байгуулсаар иржээ. С.Алтантуяа захирлын хувьд оюунлаг, нийгмийн бүтээлч хүмүүстэй хамтарч ажиллах сайхан байдаг гэж хүүрнэнэ. Тодруулбал эрдэм шинжилгээний ажилтан, судалгааныхан, эрдэмтэн мэргэд, яруу найрагч, зохиолчид маань цэвэр агаарт ажлаа хийж, зөвлөлдөх орчныг санал болгох юм билээ. Эрдэм шинжилгээний бага хурал, янз бүрийн сургалт, төрөл бүрийн эвентүүд гээд л. Нэг жилийн өмнө Францын соёлын төв, францын багш нарын холбоо хамтран олон орны Франц хэлтэй оюутан залуусын эрдэм шинжилгээний хурал, өдөрлөгийг зохион байгуулжээ. Манай урлагийн одууд ч энд тансаг монгол гэртээ тоглолтоо хийгээд амжсан аж. 2015 онд зохион байгуулагдсан Алунгоо Хатан яруу найргийн наадамд Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруунайрагч Д.Цоодол, яруу найрагч Д.Урианхай нарын оюуны томчууд ирж оролцжээ. Энэ үеэрээ олон сайхан эрдэмтэд цугласан энэ гэрт Алунгоо хатныхаа магтаалыг уншиж байгаадаа баяртай байна гээд үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн олон сайхан оюунлаг ажлыг хийгээрэй хэмээн захижээ. Үнэхээр л тэдний хэлсэнчлэн оюун цэлмээж, цэц уралдуулсан эрдэм шинжилгээний бага хурлууд, яруу найргийн наадмууд улам олон зохион байгуулагдаасай гэж хүснэ. Үүнтэйгээ уялдаад байгалийн сайханд саатах ахиад л өвөрмөц бүхий сүүдрэвч, гэрүүдийг үйлдвэрлэхээр загварыг нь гаргаж амжсан байх ажээ.

Өөрийн хүссэнээр гэрээ урлуулж болно

Наадам дөхсөн өдрүүд үргэлжилж байна. Хүй  долоон худгийн дэнжид ердөө хэдхэн хоногийн дотор эрт дээр үедээ ийм л байсан байхдаа гэмээр монгол гэрүүд том жижгээрээ ярайж, морьд янцгааж, хүүхдүүд гүйлдээд. Үүнийг харсан нэгэнд монгол ахуй тэр чигээрээ зураглагдана. Уяачид маань хэдийнэ наадмын бэлтгэлийн ажилдаа орсон байх агаад “Модерн гэр”-ийнхэн ч захиалгаа авч эхэлжээ. Үндэсний уламжлалт гэрүүд 2 ханатайгаас авахуулаад 3, 4, 5, 6, 7, 8 гэхчилэн 10,15,20 ханатуудыг мөн 2м2-314м2 хүртэл орчин цагийн гэрүүдийг тавилгын хамт хийлгэж болох ажээ. Мэдээж үнийн хувьд захиалж байгаа материалаас хамаараад өөр өөр. Тухайлбал гадагшаа экспортод гаргах бол үнэргүй цэвэр эсгий, бороо нэвтрэхгүй нано технологийн бүрээсийг хийнэ. Эрдэнэтийн хивсний үйлдвэрт Мядагмаа гэж Германд доктор профессор хийсэн нано технологийн даавууг гаргаж Модерн Гэрийн бүтээгдэхүүн дээр туршсаны анхдагч нь амжилттай болжээ. Энэчлэн чанар дээр нь бас дахин чанарыг гагцхүү тэд амлаж, бас үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Тиймдээ ч манай тэмдэг логог харсан хэнд ч нэг нойморт чанар харагддаг хэмээлээ. Уяач нартаа дуулгахад өөрийн хүссэн гэрийг захиалахаас гадна өөрийн хүссэн лого, шандаст хурдан хүлгэдийнхээ тэмдэг бэлгэдлийг гэр дээрээ урлуулж болох нь. Өөр нэгэн сонирхолтой нь том гэртээ зочдоо хүлээн авч, залгаа байрлах нэг гэрээ гал тогоо, нөгөө гэрээ амралтын өрөө  гэхчилэн хэд хэд салбарлуулж болох  төдийгүй зууван гэр дотроо тасалгаа хийлгэж, кондишн тавьж тохь тухыг мэдрэх боломжтой ажээ. Тэгээд гэрүүдээ тусгай тавцан дээр байрлуулж, өрхийг нь гэрэлтдэг тусгай материалаар гоёно. Энэ мэт “Модерн гэр”-ийнхэн ярилцаад, гэрийг өөрийн хүссэнээр “урлаж” болох юм байна. Харин захиалгын хувьд хугацаа ордог учраас гэрийн загвараас хамаарч ойролцоогоор сарын хугацаа шаардлагатай гэнэ. Монголчууд бид үндэсний оюунлаг үйлдвэрлэгчдээ дэмжиж явдаг ухаалаг, холч ард түмэн билээ. Тиймээс ч  “Модерн гэр” ХХК-ийн С.Алтантуяа захирлын “шалгуур өндөр Европын босгыг давж сайшаагдсан монгол гэрээ” манайхан Монголдоо улам ихээр бахархан хэрэглэж, тансаглан суух буйзаа хэмээн хэлсэн үгээр энэхүү уулзалтын тэмдэглэлээ өндөрлөж байна.

Хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэсэн Монголын үндэсний үйлдвэрлэгч МОДЕРН ГЭР ХХК-ийн хамт олон та бүхэнд ажлын өндрөөс өндөр амжилт хүсч, Монгол соёл, уламжлалаа дэлхийн олон олон оронд улам ихээр түгээн дэлгэрүүлэхийн өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье!

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна