ХӨХ БОРОГ ӨВДӨГЛӨЛГҮЙ БОСОО ТӨРСӨН ТАЛЫН УНАГА

Сэтгүүлч
2019 оны 2-р сарын 14 -нд

Хөвсгөл далайн түрлэгт домог болон мөнхрөх хувь заяа тохиожээ. Цаст “Отгонтэнгэрийн хурд”-д соёолон айрагдаж цоллуулаад, цайвалзан долгилох Увсын цэнхэр хязгаараас Орхоны сав, Богд Дүнжингарав, Дэлтэй цэнхэр Дэлгэрмөрөний бүсийн уралдаан гээд Монгол Улсын таван аймгийн нутагт таван удаа айрагдсан цуут хүлгийн тухай мэдэх бүхнээ сийрүүлье. 

2012 оны зуны зургадугаар сарын 01-ний уламжлалт бага гурван насны уралдааны хязаалангийн уралдаан. Үнэхээр Хөвсгөл төдийгүй ирээдүйд Монгол наадмын чимэг болсон алдарт хүлгүүд үрээхэн насандаа хурд хуваан хурсан олныг нүд баясгасан юм. Тэр нь Т.Болдбаатарын халиун, Г.Нацагдоржийн ягаан халзан гэх хоёр үрээ түрүү, аман хүзүүнд хурдалж, тэдний ирээдүйн их давхилуудыг бишрэн ерөөх мэт Хотогойдын эх оронч баатар Чингүнжавын талбайд алдар цолыг нь мялаан дуудсан юм. 


Энэ уралдаанаас унаган эзэн, уугуул нутаг усны нэрийг өргөн дуудуулах хүлэг эрдэнийн алдрын замнал эхэлсэн нь гайхамшигтай. Галтын Нацагдоржийн ягаан халзан гэж цуут ажнай ингэж төрсөн. Хязааландаа аймгийн наадамд аман хүзүүдэж, соёолондоо зайтайхан түрүүлсэн. Тэр жилээ Завхан аймгийн 90 жилийн ой, Отгонтэнгэр уулын тахилга Баруун бүсийн наадамд айргийн гуравт хурдалж Улсын бүсийн уралдааны энтэй адуу гэдгээ батлан харуулсан. Хавчиг зургаан насандаа Хөвсгөлийн Галт сумын 90 жилийн ой, Бүрэнтогтох сумын баяр наадмуудад түрүүлээд, “Хотогойдын хурд-III”  уралдаанд 15-д давхисан.  2015 он бол ягаан халзан морины хувьд үнэхээр гайхам амжилтын жил болсон. 
Ягаан халзан морь Хаврын тэргүүн сарын шинийн найманд Мөрөн суманд зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлэн ирж түмэн эхээр тодорсон бол долоо хоногийн дараа Тариалан суманд зохион байгуулагдсан аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлэхдээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ганжаргалын хурдан хүрэн морины магнайд салхи орхин түрүүллээ. Орхоны Ганжаргалын хүрэн морь хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохиогдсон бүсийн уралдаанд мөн аман хүзүүдсэн хурдан буян юм.
Хаврын бүсийн уралдаануудад хурдан байсан ягаан халзан морийг зуны уралдаануудад өнгөндөө байна гэдгийг нийт Хөвсгөлийн хурдан морь сонирхогчид тааварлан байсан нь мэдээж. Таавар ч ёсоор болж, зуны эхэн сар гарангуут  Түнэл сумын Баян-Эрхт уулын овоо тахилгын наадмаар тайлагдав. Мөрөн, Түнэл, Тосон, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ зэрэг зургаан сумын нийлсэн 80 гаруй хурдан их нас мордсон уг уралдаанд ягаан халзан морь хол тасархай түрүүлэн ирж ижил адуун сүргийг хариулдаг адуучин эзнийхээ төмөр хүлгийг шинэчиллээ.
Энэ уралдааны дараа Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Хөвсгөл аймгийн баяр наадмын хурдан их насны морины уралдаанд ягаан халзан морь дэндүү тасархай түрүүлж наадамчин олныг баясгасан. Барагцаагаар 500-800 м зайтай түрүүлсэн гэж наадамчид ярьдаг юм. Аймгийнхаа наадамд ингэж тасархай түрүүлсэн нь үе, үеийн Хөвсгөл нутгаас төрөн гарсан хүлэг морьдын амжилтыг давтан улсын бүсийн уралдаанд айрагдах бүрэн боломж байгаа гэдэг итгэлийг төрүүлсэн нь мэдээж. 
Ингээд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой баруун бүсийн хурдан морьдын уралдаан, Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн баярт хүрэлцэн очиж уралдаад Хөвсгөл нутгийнхан, Хотогойд түмний хийморийг өргөн айргийн дөрөвт хурдалж, бүсийн наадмын хоёр дахь айргаа хүртлээ. Мөн 2015 оны наймдугаар сарын эхээр болсон Хөвсгөл аймгийн Шигшмэл хурдан морьдын уралдаанд ахиад л магнайдаа тоосгүй түрүүлсэн нэгэн жил улсын бүсийн уралдаанд нэг айрагдаж, аймаг болон аймгийн хэмжээний уралдаанд дөрөв түрүүлсэн бахдам амжилтын эзнээр тодорлоо. 
2016 оны цагаан сарын дараахан Хөвсгөл аймгийн төвийн бүсийн уралдаан аймгийн төвдөө болоход ягаан халзан морь нэлээд тарган уяатай, дэлтэйгээ уралдсаар Төмөрбулагийн Баясгалангийн хар морины ар дээр аман хүзүүдсэн. Ахиад долоо хоногийн зайтай Төв аймгийн Аргалантын Цагаан хөтөлийн Дүнжингарав дээр дэлийг нь сумлаад дээлийг жаахан шуугаад өгчихсөн юм шиг  уяатай дэрвэлзтэл хөдлөөд камерт бичигдэхгүй айрагдчихдаг юм даа. Тэгж хурд үзүүлсэн хэрэг. Хаврын Дүнжингаравд нэг удаа ингэж уралдаад дараа жил нь дахин даагаа нэхээд бас араас туулж уралдаад айрагдаж арайхан дийлээгүй 10 дотор лавхан шургасан даа. 
2016 оны зун аймаг тойрсон наадмуудаар уяа сойлгын бэлтгэлээ хангаад Монголын шигшмэл морьдын “Их хурд” уралдааныг зорьсон юм. “Их хурд” уралдаанд хоол нь багадаад нарийсч мордоод 10-ын дотор хэд зарлагдаад 11-12-оор баригдсан. “Их хурд”-д Хүйн долоон худаг руу эрт орж ирээд их нас мордолгүй үд хүргээд хоол жаахан багадсан байх гэж санадаг. 
“Их хурд”-ын ар дээр хэдхэн хоногийн зайтай болсон Эрдэнэтийн 40 жилийн ойн даншиг наадамд араасаа туулж уралдсаар “Туушин”-гийн Зоригтын хул гэж зард гарсан түмэн эхтэй үзүүр булаалдаж ирээд аман хүзүүддэгийм. За даа бараг түрүүлсэн дээ... Амгаа хүү жаахан алдаа гаргаад хул морины хүүтэй ташуурын сураар өгөө аваа хийж байгаад л оруулчихсан. 
2017 оны хавар Хөвсгөл аймагт болсон “Дэлтэй цэнхэрийн хурд”-д Дэлгэрмөрөний хөндийд уухайн дуу шуранхайлуулан байж айрагдсан. Зун нь  Тариалан сумын Түмэн адуун баяр гэж аймгийн бүсийн зэрэглэлтэй наадам болоход түрүүлчихээд дэндүү сайхан уяатай Улсын их баяр наадмыг зорьсон. 
Аргалантын Цагаан хөтөл дээгүүр их морь гарч ирэхэд Хөвсгөлийн ягаан халзан Шаравын Мөнгөншагайн хүрэн морьтой өнгө татаад л гарч ирсэн нь үнэхээр моринд дуртай монгол хүний сэтгэлийг огшоож байлаа. Үзүүр өнгө авч уралдаад улсын наадамд 15-д хурдалсан. Энэ бол цуут хүлгийн сүүлчийн давхил байсан. 


Таван жилийн дотор Монголын хурдан морины уралдааны бүхий л уралдаануудад хурд сорин уралдаж..., “Их хурд”, улсын наадам, Дүнжингарав, баруун, төвийн, хангайн бүсийн уралдаанууд. Засгийн газрын тогтоолтой таван том уралдаанд айрагджээ. Сайхан хурдан морь санаандгүй мөнх бусыг үзүүлсэн. “Санаагаар хурдан буян байсан даа” гэж эзэн уяач санааширч догдлон сайхан хүлгээ дурсаж сууна лээ. Уул гарал нь Дорнодын төвийн Намнан гэж уяачаар дамжиж шүдлэндээ эзэндээ ирсэн цааш нь угшил удмыг нь хөөхөөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу болдог юм гэсэн. 
Хөвсгөлийн ягаан халзан гэж дуурсах алдартай энэ хүлэгт тэр бүр тохиохгүй аварга хурдан хүлгүүдэд байдаг чанар бүрэн цогцолсон мэт. Гаргаад уралдаж болно, даруулаад, туулаад уралдаж бас болно. Морины, бас наадмын энгээр л түрүүлнэ. Нутгийнхаа овоонд холгүй түрүүлнэ, холын даншигт хосгүй л уралдана. Энэ бол хүлгийн дээд чанар хүнээр бол бяр мэх тэгширсэн сайн бөх хоёргүй даруухан ааштай байдагтай төс нэг юм уу даа.  

“ДЭЛТЭЙ ЦЭНХЭР” МСУХ-НЫ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Т.НАРАНХҮҮ

7 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.