“Дүнжингаравын хурд -2011” уралдааны эргэн тойронд…

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 28 -нд

1996 оны гал хулгана жилийн 3-р сарын 6-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хаврын бүсийн томоохон уралдаан зохион байгуулагдаж, газар газраас ирсэн 500 гаруй их нас, 400-гаад хурдан азарга шандсаа шалгасан юм. ММСУХ-ны анхны тэргүүн “Мон-Эрдэнэ” компанийн захирал Пунцагбалжир, ММСУХ-ны нарийн бичгийн дарга асан А.Баярмагнай нарын санаачлагаар зохион байгуулагдсан энэхүү уралдааныг “Дарь-Эх” компанийн захирал Ц.Нямцэрэн, “Тэргүүн шарга” компанийн захирал Ж.Бат-Өлзий /Шөвгөр Өлзий / нар ивээн тэтгэж, түрүү морьдыг сая төгрөгөөр байлсан нь тухайн үеийн хамгийн өндөр бай шагналд тооцогдож шуугиан тарьж байв.
Ийнхүү эзэн Чингисийн үеэс эхтэй хаврын уралдаан дахин сэргэсэн юм.  Харин 2005 оноос хаврын бүсийн уралдааныг Засгийн газрын тогтоолтойгоор зохион байгуулах болсон бөгөөд  МҮОНТ-ийн сэтгүүлч Цагаандалай “Дүнжингаравын хурд” гэх нэрийг хайрласан аж.
Их хайрханы нэрээр нэрлэгдсэн хаврын бүсийн уралдаан энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2-р сарын 27-ны ням гарагт Төв аймагт боллоо.
Нүд алдам цэлийсэн цасан бүрхүүлтэй энэ өдөр -20 хэм зааж байсан ч  гурван насны морьдын уралдаан товлосон цагтаа амжилттай болж өндөрлөсөн юм.  16 аймгийн уяачийн 700 гаруй хурдан хүлэг  шандсаа шалган наадсан энэ өдрийн сонин сайхнаас уншигч танд түүвэрлэн хүргэе.
Х.Бат-Эрдэнийн халтар гурав дахь түрүүгээ хүртлээ
Энэ өдрийн уралдаан азаргаар эхэлсэн бөгөөд хурдан хүлгэд барианд орсоны дараа буюу 11 өнгөрч байхад Шадар сайд тэргүүтэй зохион байгуулагчид индэр заларч албан ёсны нээлтийг хийсэн юм. Албаны үгийг ая дууны түрлэг залгаж МУГЖ “морины” хэмээх Нансалмаа, МУГЖ Түвшинжаргал тэргүүтэй Монголын уртын дууны холбооны 10 дуучин 4 морин хуурч төрийн “Түмэн эх”-ийг эгшиглүүлсэн.
Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын түрүү Х.Цогтсайханы“Сүмбэн”зээрд, “Иххурд”-ын түрүү П.Цэвэгмидийн “Тайж”халтар, Даян аварга А.Сүхбатын “Хишиг”хүрэн, Д.Мөнхцогийн“Цоглог”зээрд, Б.Баасанбазарын “Тогоруу” саарал, Ц.Баянжаргалын “Магнай” халтар, Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн зээрд халзан зэрэг сүүлийн жилүүдэд тогтмол сайн уралдаж байгаа цуут 230 гаруй хурдан буян тоосоо өргөсөн бөгөөд “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийн халтар азарга түрүүлэв.
Тод манлай уяач С.Ганхуягийн Станбул нэртэй халтар азарганы төлэнэхүү халтар азарга нь шүдлэндээ Дорнодын даншигт аман хүзүүдэж, хязааландаа улс, болон Говь-Алтайн даншигт тус  тус түрүүлсэн.  Сүүлийн үеийн авто машины бүхэл бүтэн цуглуулгатай авто спорт болон адуунд сонирхолтой Х.Бат-Эрдэнэ  өнгөрсөн жил тун одтой наадаж улс бүсийн наадмаас гурван түрүү, хоёр айраг хүртсэн бол туулай жилийн анхны томоохон уралдаанаас ийнхүү азарганы түрүү хүртэн энэ жилийнхээ өмийг нээлээ.
Аман хүзүүнд шинийн гуравны бэсрэг наадамд түрүүлсэн Манлай уяач Г.Батхүүгийн “Соёмбо” зээрд азарга хурдалсан.
Харин айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Сүхбаатарын хээр хурдаллаа. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын унаган адуу хээр азарга “Дүнжингаравын хурд-2010” уралдаанд соёолондоо айрагдаж, “Хотгойдынхурд” бүсийн уралдаанд түрүүлж байсан билээ.

“Дүнжингаравын хурд-2011” уралдаанд хамгийн өндөр амжилт үзүүлж, гурван ч айраг хүртсэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул МУ-ын Алдарт уяач С.Төмөр-Очирын ембүү хээр азарга айргийн дөрөвт хурдалсан. Ембүү хээр нь даагандаа төрийн их баяр наадам болон “Боржигон-2007” төвийн бүсийн уралдаан, “Говь-Шанхын хурд” говийн бүсийн уралдаан, шүдлэндээ улс болон Алтан-Овооны тахилга наадам,хязааландаа Дорнод аймагт зохиогдсон Зүүн бүсийн уралдаанд тус тус айрагдсан энэ цагийн эрхгүй хурдан хүлгүүдийн нэг билээ.
Айргийн тавд “Урьхан санаа” компанийн захирал Ч.Ганбатын ухаа азарга хурдалсан.Завхан аймгийн уугуул Доржваанчигийн унаган адуу ухаа азарганы эцэг нь Орос гаралтайбол эх нь Дөрвөлжин сумын адуу аж. Шүдлэндээ Төв аймгийн Баянчандмань сумын 70 жилийн ойд түрүүлж одоогийн эзэн Ч.Ганбатын хараанд өртсөн бөгөөд 2008 онд хязааланднь худалдан авчээ. Ухаа азарга энэ жил Дүнжингаравын өмнө зохиогдсон гурван жижиг наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан юм.

Тод манлайн унаган адуу толгой цохив
274 хурдан хүлэг тоосоо өргөсөн их насны морьдын уралдаанд шигшмэл хурдан хүлгэдийн “Их хурд-5”-ын түрүү Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор, АХ-ын 89 жилийн ойн баяр наадмын айргийн гуравт, “Их хурд-5” уралдааны аман хүзүүнд хурдалсан М.Эрхэмбаярын “Саран” хонгор, “Дүнжингаравын хурд-2010” уралдааны түрүү, АХ-ын 89 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөвт хурдалсан Тод манлай уяач С.Ганхуягийн бор,  АХ-ын 89 жилийн ойн баяр наадмын айргийн тав, шигшмэл хурдан хүлгэдийн “Иххурд-5” уралдааны айргийн дөрөвт хурдалсан Б.Даваанямын хар халзан, Заамарт болсон төвийн бүсийн уралдаанд гурвалж, “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд долоолж, Иххурд-5”, уралдааны айргийн гуравт хурдалсан Ц.Баянжаргалын “Чандмань” халтар, Манлай уяач Б.Мөнхтөрийнулс бүсийн наадамд нэг түрүүлж, тав айрагдсан Аварга хээр болон Тод манлай уяач Ц.Батсайханы бор, Тод манлай уяач Д.Ганбаатарын ухаа халзан, Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр, УИХ-ын гишүүн Я.Батсуурийн “Үйзэн” хонгор, МУ-ын Алдарт уяач Ц.Бямбадоржийн буурал гээд олон цуутай хүлгэд шандас шалгасан юм.
Дээр дурьдсан хүлгэдийг ардаа орхин тод магнай торгон жолоогоо өргүүлсэн хурдан буян бол “Авзага трейд” компанийн захирал, МУ-ын Гавьяат барилгачин  П.Мэндбаярын  хар морь юм. Тод манлай уяач Д.Ононгийн тойруулга  гаралтай эрлийз азарганы төл хар морь энэ жил ес хүрч буй. Багаасаа уяагдсан ч төдийлөн амжилт гаргаагүй хар морь шинийн гуравны уралдаанд түрүүлсэн бөгөөд Тод манлай уяач Д.Ононг уяа сойлгыг нь тааруулдаг. Их насны морьдын уралдааныг Д.Онон, П.Мэндбаяр, О.Батбилэг нар гараанаас бариа хүртэл дагаж Тод манлай уран жолоодлогын ур чадвараа гайхуулаад авсан юм.
Аман хүзүүнд МУ-ын Алдарт уяач С.Төмөр-Очирын уяа сойлгыг нь тааруулсан Гуулин зээрд хурдалсан. “Хотгойдын хурд-2007” бүсийн уралдаанд түрүүлж, “Говьшанхын хурд” бүсийн уралдаанд айргийн гуравт  хурдалж, “Дүнжингаравын хурд 2010”-т есөд давхисан энэ хурдан буян бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн МУ-ын Алдарт уяач Ч.Гансүхийн унаган адуу. Удам угшлыг нь хөөвөл эцэг нь “Бандан” хэмээх Батаагийн  Будённы үүлдрийн зээрд азарга. Харин эх нь Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын уугуул Батжаргалын унаган адуу. Эх гүүг нь Ч.Гансүх худалдан авч, зээрд азарганд хураалгажээ. Дашрамд сонирхуулахад Гуулин зээрдийн эзэн Дүнжингаравыг залгасан хаврын бүсийн уралдаануудаас “Нүүрэнтэйн хурд” хийморио сорих гэнэ лээ.
Их насны морьдын айргийн гуравт УИХ-ын гишүүн асан, “Ажнай” корпорацийн тэргүүн, МУ-ын Алдарт уяач Д.Бат-Эрдэнийн зээрд хурдалсан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Бураа хэмээх Пүрэвжавын унаган адуу зээрд морь нь сум орон нутагтаа хэд хэдэн удаа түрүүлж  байсан бөгөөд  2008 онд одоогийн эзэндээ иржээ. Өнгөрсөн жилийн “Дүнжингарав”-т наймалсан энэ хурдан буянгийн уяаг Өмнөговь аймгийн харъяат залуу уяач Хүрлээ тааруулдаг бөгөөд зөвлөхөөр нь Тод манлай уяач Д.Даваахүү ажилладаг юм.
Айргийн дөрөвт алдарт саарал азарганы эзэн  Булган аймгийн Могод сумын уугуул УИХ-ын гишүүн,  Манлай уяач Ц.Цэнгэлийн зээрд халзан хурдалсан.  Дээр дурьдсанчлан Тод манлайн 90-ээд онд авч байсан морин тойруулгын адуунуудын үр төл. Тиймдээ ч уяаг Тод манлай уяач Д.Онон тааруулдаг. Шинийн гуравны болон Төв аймгийн Борнуур суманд болсон уралдаанд аман хүзүүдснийг нь эс тооцвол бараг битүү шахуу адуу.

Харин айргийн тавд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул МУ-ын Алдарт уяач С.Төмөр-Очирын бор морь давхисан. Сүхбаатар аймгийн өнгөрсөн жилийн шилдэг хүлгээр шалгарч, сар шинийн дараахан болсон “Мөнххаан-2011” Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд аман хүзүүдсэн билээ.

Хийморь дагуулан хурдалдаг соёолонгийн уралдаанд 158 хүлэг шандас шалгаж. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ц.Батсайханы өсгий цагаан хонгор түрүүлж Тод манлай цолыг нь дахин мялаалаа. Хурдан морь сонирхогчдын эчнээ танил Өсгий цагаан даагандаа “Заамарын хурд-2008” төвийн бүсийн уралдаанд түрүүлж, шүдлэндээ Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд мөн түрүү магнай болж наадамчин олноо баясгаж байсан юм. Харин хязааландаа төрийн их баяр наадам болон “Эрдэнэт хурд-2010” төвийн бүсийн уралдаанд тус тус аман хүзүүдэж байсан билээ.
Д.Цэрэнжигмэд Тод манлай дахин “Дүнжингаравын хурд”-д соёолон аман хүзүүдүүллээ. Тэнхлүүн хэмээх зээрд үрээ 2008 оны төрийн их баяр наадамд түрүүлж, давхар уяагаар “Заамарын хурд-2008” төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан юм.
Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул М.Энхсайханы хээр хурдаллаа. Хээр үрээ нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Дугарсүрэнгийн унаган адуу бөгөөд 2008 онд Алтан-Овооны төрийн тахилга наадамд айргийн дөрөвт хурдалж, өнгөрсөн жил Төв аймгийн баяр наадамд тавлан, "Сэргэлэн хурд 2011" уралдаанд түрүүлсэн билээ.

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул “Эрдэнэс MGL” компанийн орлогч захирал  Г.Тэмүүлэнгийн хүрэн халзан айргийн дөрөвт хурдалсан. Тод манлай уяач С.Ганхуягийн унаган адуу халзан үрээ “Эрдэнэт хурд-2010” төвийн бүсийн уралдаанд  айрагдаж, хэдхэн хоногийн өмнө болсон Тод манлай уяачдын мялаалга наадмын азарганы уралдаанд гурвалсан юм.

Айргийн тавд  Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраагийн хонгор халзан хурдалсан.  Халзан үрээ нь Ховд аймгийн Мөст сумын уугуул “Анун сервис” компанийн гүйцэтгэх захирал Б.Буяннэмэхийн унаган адуу бөгөөд Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд аман хүзүүдэж,  өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн 70 жилийн ой  баруун бүсийн даншигт түрүүлж байсан билээ.
20-иод хүүхэд мориноос унасан ч азаар бэртсэнгүй
Өнгөрсөн сарын 10-нд  Төв аймгийн Лүн суманд болсон уралдааны үеэр хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан нь өдгөө ч сэтгэл эмзэглүүлсээр байна. Мянгат малчны найр нэрийдлээр  хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаа хүчнийхэн, зам гэх мэт морин уралдааны наад захын стандартыг хангалгүйгээр уралдаан зохион байгуулж бяцхан хүүгийн аминд хүрсэн аймшигт явдлын гашуун сургамж бүхэл өдөржин дагаж байсан.
Ямартаа ч уралдааныг зохион байгуулагсад энэ тал дээр анхаарч, хүүхдийн байгууллага, хүн эмнэлэгтэй хамтран ажилласан гэдгээ дуулгав. Гурван насны морьдын уралдааны явцад 20-иод хүүхэд мориноос унасан бөгөөд азаар ямар нэг бэртэл аваагүй хэмээн зохион байгуулагчид мэдээлсэн. Түүнчлэн их насны морьдын уралдааны үеэр хамгийн олон буюу 10-аад хүүхэд унасан бөгөөд тэдгээрийн найм нь гараанаас дөнгөж гармагцаа ийнхүү уралдаанаа өндөрлөсөн юм. Мориноос унасан хүүхдүүдийг  нэг бүрчлэн эмнэлгийн үзлэгт хамруулсаны дараа  морины комисст хүлээлгэн өгнө лээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна