МУ-ын Алдарт уяач С.Эрдэнэбаяр: Хөгшин халтар азарга минь намайг олонтаа баярлуулж үр төлүүд нь ч хурдалсан

Сэтгүүлч
2020 оны 6-р сарын 01 -нд

Анхдагчдын өлгий Булга нутгаас төрсөн улсын Алдарт уяач Сэндумын Эрдэнэбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 2002 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.

- Та Булган аймгаас тодорсон 12 дахь, харин Монгол  Улсын 180 дахь Алдарт уяач юм байна. Хэдэн онд энэхүү хүндэт цолны эзэн болж байсан бэ?

-2002 онд Монгол Улсын Алдар уяач хэмээх эрхэм цолыг аймгийн баяр наадмын 10 айраг, улсын бүсийн буюу даншиг  наадмын хоёр түрүү, нэг айргийн амжилтаар авч байлаа.

- Улсын бүсийн уралдаан гэдгээ тодруулаач...

-1997 онд болсон Эрдэнэт овооны их тахилга наадам буюу Орхон аймгийн анхны даншиг наадамд  өөрийн унаган халтар соёолонгоо айрагдуулсан. Халтар азарганы эцэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Очирдагва гэдэг хүнээс авсан халтар азарга байсан юм. Эцэг  халтар нь аймгийн наадамд гурав түрүүлж, хоёр айрагдсан адуу.

- Тэгвэл эх нь...

-Манай  аавын унаган хүрэн гүү. 1997 онд эцэг, хүү хоёрыг хамтад нь авч яваад эцгийг нь  есөөр давхиулсан.Хоёр жилийн дараа 1999 оны даншигт халтар азаргаа, төл хар үрээтэй нь хамт аваачин уралдуулж байлаа. Гэхдээ айрагдуулж чадаагүй ээ.

- Аймагтаа сайхан наадсан юм биш үү?

-Тэгсээн, 1999 онд би Булган аймгийнхаа наадмаас гурван түрүү, гурван айраг хүртэж байлаа.

 -Ямар, ямар нас түрүүлгэсэн юм бэ?

-Халтар азарга, хар халзан шүдлэн, хээр соёолонгоо түрүүлгэж, хул даага, хээр хязаалан, халиун үрээгээ айрагдуулсан.

- Ингэхэд та хэдий үеэс морь уясан юм бэ. Таны дээд үеийнхэн морь уяж байв уу?

-Манай аав сайн уяач байсаан. Улс, аймаг, сумын цол гэж байгаагүй үед Хантай багтаа сумынхаа наадмын таван түрүү, нэг айргийг авчирч байсан уяач. Тухайн үед Хантай сум гэж байсан юм гэнэ лээ. Тэр жил аавын уясан их насны морь тавлаж, бусад нь түрүүлсэн байдаг. Миний хувьд аавынхаа энэхүү амжилтыг нь үргэлжлүүлж өөрийн  унаган адуугаараа уралдах зорилго тавьсан хоёр дахь үеийн уяач. Би адуугаа сайжруулах үүднээс  Очирдагва гэдэг хүнээс халтар азаргаа 14-тэйд нь авч байлаа.


- Харьмал азарга авчээ...

-Тэгсээн. Гэхдээ 1996 онд түрүүлгэж, 1997 онд гуравлуулаад, 1998 онд аймгийн 60 жилийн ойд “Их хурд” болно гээд дутуухан тавиад зургаалуулсан юм.

- Их хурдад хэдээр давхисан бэ?

-“Их хурд”-д хөлөөр нь аваачиж, 25-аар оруулсан. Тэр үед залуу ч байж, туршлагагүй ч байж дээ. Халтар азарга маань 1999, 2000 онуудад аймагтаа дахин түрүүлж, аргагүй хурдан хүлэг гэдгээ баталсан. Миний халтар азаргатай учирсан түүх бас их сонин. Ярих уу?

- Дуртайяа сонсоно

-1996 онд Халиун багт болсон хаврын уралдаанд 300 гаруй морь уралдаж, Барсын Босоо хүрэн гэдэг хавчиг морь түрүүлсэн юм. Тэгэхэд би хоёр их морьтой очоод 101, 105-аар давхиулсан.  Уг нь миний хоёр морь эндээ түрүүлж, айрагдчихаад очсон ч тэнд олигтой давхиж чадаагүй. Тэгээд буцах замдаа халтар азаргатайгаа таарч авахаар шийдсэн. Залуу байж дээ. “Морь уяж болдоггүй юм бол азарга уяна” гэж өөртөө амлаад Төв аймгийн Сэргэлэнгээс ирж өвөлжсөн Очирдагва гэдэг айлаас авч байлаа.

- Өмнө нь уягдаж байсан гэдэг үү?

-Уясан юм билээ. Бугат суманд ирээд нэг айрагдсан гэсэн. Хүү нь надтай хамт явсан юм. Аавтай нь уулзсан “Би чамд зарна аа. Чи нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү байна” гэсэн нь ихээхэн урам өгсөн л дөө.

- 14-тэй азаргыг ямар ханшаар авах уу?

-10 бодоор авсан.

- Үнэтэй биш үү?

-Нэг их үнэтэй ч юу байх вэ. Наймаа хийчихээд очиход аав маань юм хэлээгүй. “Үүнийг ав” гээд л  ялгаж өгч билээ. Хөөрхий аав маань хүү том болж дээ. Өөрөө мэдэг гэж бодсон байх. Би чинь таван хүүтэй айлын дундах нь.

- Нүдэнд тусаад шууд авъя гэсэн юм уу. Уралдаж байсныг нь сонсоод авъя гэсэн юм уу?

-Урьд нь сонссон. Гэхдээ би тэр халтар азаргыг хараа ч үгүй, мэдээ ч үгүй. Замд таараад л, “Энэ  халтар азарга хэнийх вэ. Авъя” гэсэн. Ер нь их морь уяж чадахгүй юм байна, азарга уяж үзнэ гэсэн оргилуун хүсэл намайг дийлсэн юм болов уу.

- Таны урмыг хугалаагүй байх нь?

- Тийм ээ, үнэхээр хугалаагүй. Авсан жилээ багийнхаа өдөрлөгт тавьтал гурваар ирсэн. Тэгэхэд нь “Дутуу байна” гээд сайн хөлс аваад, аймгийнхаа наадамд түрүүлгэж байлаа. Хойтон жил нь гуравлахдаа бараг түрүүлэх дөхсөн. Манай аав “Чи үнэтэй азарга авсан. Нэг жил түрүүлгэж болно. Хоёр дахь жилээ яаж уралдахыг улс харж байгаа шүү” гэсэн юм. Тэгээд азаргаа айрагдуулчихаад сэтгэл хангалуун байж билээ.

- Халтар азарга ямар онцлогтой адуу байсан бэ?

-Миний халтар азарга хөгшин, харьсан гэж голомгүй өвөрмөц адуу байсан шүү. Цуг уралдаж байгаа адуугаа шувт үрдэг. Хойноос гараад явна, заавал урд адуугаа гүйцэж байж сална. Гүйцэж ирээд хаздаг. Тийм өвөрмөц зантай болохоор олон азаргатай уралдуулахад хэцүү. Ер нь сайн азаргануудыг үрдэг. Тийм болохоор нь дандаа их морьтой үсэргэдэг байсан. Гэсэн ч их морийг ч үрнэ. Урд талынхаа адууг заавал гүйцэж байж салдаг. Тэгсэн хэрнээ унаад явдаггүй сонин адуу байсан.

- Хэд хүрсэн юм бэ. 2000 оноос хойш уралдсан уу?

-2001 онд 13-аар оруулсан. Хавар нь хөөрхий босоогоороо өнгөрсөн.

- Танд олон төл өгсөн үү?

-Эр төл багатай. Хоёр хар даага гарсан нь хязаалан хүртлээ давхисан. Тэр үед тэжээл гэхгүй, байгалиар нь уяна. Би жижигхэн хоёр бөөс шиг хар үрээнүүдээ хязаалан болтол нь сайн давхиулсаан./инээв/ Тэгээд нэгийг нь Булган аймгийн Орхон сумын харьяат Алдарт уяач “тоодон” Батад зарчихсан. Яг л эцгийнхээ занг дуурайсан адуунууд болсон.

- Таныг улсын цолонд хүрэхэд нөлөөлсөн өөр ямар хурдан хүлгүүд байсан бэ?

-Би халтар азарганыхаа төлүүд болон бага адуугаар сайн наадаж байсан хүн. Ер нь уясан даагаа ямар ч наадамд айрагдуулчихдаг байсан шүү.

- Дааганы уяа сойлгын тухайд хамгийн гол анхаарах ёстой зүйл нь юу вэ?

-Унаж сургахаас эхэлнэ. Би үрээнүүдээ зам дагуулж сургадаг. Эхлээд замаар явуулж сурах ёстой. Миний сургасан дааганууд унахад малаас үргэхийг мэдэхгүй. Одоо ямар ч уралдаанд машин зам дагаж явна. Машин зам дагуулж сургалаа, эргэлээ, машин зам дагуулж ухасхийлгэлээ, тарлалаа. Ерөөсөө тэр. Би байнга тэгж сургадаг.

- Нэг жилд хэдэн даага уядаг вэ?

-Би хамгийн дээд тал нь дөрвөн даага уяж байсан. Ер нь 1-2 даага бол мөнхийн уяна.

- Таныг хүмүүс “дааган” Эрдэнэбаяр гэх үү?

-Намайг “Панига” гэдэг. “Панига” нэрээрээ Булганд алдартай.

-Дааганд нь сайхан давхиулаад хурдыг нь таниулчихаар наймаа ярьж хүмүүс ирнэ биз?

-Зарна аа зарна. Бас хүний даага ч уяна. Азарга ч уяж байлаа. 100 азарга явахад 100-д ордог, зургаан азарга явахад зургаад нь ордог азаргыг уяад аймгийн наадамд арай түрүүлгээгүй, аман хүзүү, гурваар оруулж л байсан.

- Хэний азаргыг тэр вэ?

-Спиртийн Одончимэдийн бор азаргыг тэгж уяж байлаа. Бас Элбэг хүрэн байна. Ер нь хүний өөрийн гэхгүй нэг уясан морио заавал шөвгөрүүлж байж л салдаг хүн дээ, би. Болоогүй улсын наадамд ч очиж үзсэн. Тэр чинь хэдэн он юм бэ. Саяхан даа. Хүйн долоон худагт хангайн бүсийн уралдаан болсон шүү дээ.

- 2012 онд Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой мөн үү?

-Мэдэхгүй байна. Нэг нь аймагт түрүүлсэн, нэг нь суманд айрагдсан хоёр даагатай очсон юм. Гэтэл аймагт түрүүлсэн Элбэг хүрэн даагыг эрлийз гээд хасчихсан. Тэр даагыг Буд гишүүнээс очиж авсан юм. Цэвэр монгол даага болохоор их гайхсан. Тэр бол нөгөө дааганаасаа холхон, хоёр км-т явдаг байлаа. Нөгөөдөх нь 25-аар орсон. Хэрвээ Элбэг хүрэн маань хасагдаагүй бол улсад ямар ч байсан айрагдчих байж дээ гэж бодсон.

- Улсын баяр наадам ямар санагдсан бэ?

-Мань мэтийн хөдөөний улс очиход төвөгтэй юм билээ. Бид дасаагүй болоод тэр юм уу, олон хүн ч очдог юм уу. Баргийн хүн очихооргүй санагдсан. Зөвхөн бариан дээр зогсохоос биш, бүртгүүлэхэд хүртэл төвөгтэй. Их хол. Түүнээс өмнө би бас анхны “Их хурд”-д очиж байсан л даа.

- Анхны “Их хурд”-ын талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?

-1998 онд халтар азаргатайгаа очсон. Анхны УАЗ-469, Фургоны байтай уралдаан байлаа шүү дээ. Хамгийн дээд уралдаан “Их хурд” гээд л аймгаас үүрэг өгсөн. Миний халтар азарганы ганц аюул нь морь үсэргэхэд цуг байхгүй бол явдаггүй байлаа. Тийм адууг тав хоног хөтөлж очоод тавьсан юм чинь ямар сайн байв гэж. Одоо бол морьдоо машиндаа ачаад л давхиулдаг болжээ, сайхан юм.

- Тэгэхээр хамгийн сургамжтай нь Хархорины наадам байжээ?

-Тийм, Хархорин байсан.

- Тэгвэл хамгийн баяр бахдалтай нь ?

-Олон айраг, түрүү авсан наадам л юм даа. 1996 онд анх халтар азаргаа түрүүлгэж, халиун даагаа айрагдуулсан. Ер нь жилд 1-2 түрүү, айрагтай нааддаг юм.

- Танай хүүхдүүд морь уяж байна уу?

- Би хүү, охин хоёртой. Охин Сайхан суманд амьдардаг, хүү сургуульд явдаг. Зундаа аавтайгаа морь уялцана аа.

- Сүүлийн жилүүдэд яаж наадаж байна вэ?

-Сонгуульт ажилтай болохоор морь уяж амжихгүй байнаа. Морь уяхаар зовоохын нэмэр. Морь уяна гэдэг бүхнийг хаяна гэсэн үг. Энэ жил уяж үзлээ. Мориор дутуу тоглохын нэмэр юм билээ. Үнэхээр морио уяад сайн явна гэх юм бол ажлыг хаях хэрэгтэй.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажнай хүлгийн босоо цагаан хийморь таныг өнө мөнхөд ивээж явах болтугай. Ажил үйлс тань өөдрөг, бүтэмжтэй байг.

Д.Энхтуяа

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.