П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 01 -нд

...Уран зургийн үзэсгэлэн үзэх гоё. Гадаад ертөнцөөс хүлээж авсан өнгөний дохиог бидний тархи өнгө болгодог. Өөрөөр хэлбэл өнгө бидний толгойд байх бөгөөд өнгөгүй бол бидний ертөнц нэг л өнгөтэй байх байсан гэдэг юм байна лээ. Тэгээд бодохоор тэр зургийг миний тархи яаж ч уншиж мэдэх мэт. Бас яаж ч өөрийн дураар “урлаж” болох ч юм шиг. Даанч зураг зурна гэдэг дуртай нэгний ажил биш. Сэтгэл “гижигдүүлсэн” нарийн ширийнийг үгээр илэрхийлж болох ч зурагт “амилуулна” гэдэг тун ч амаргүй санагдах учраас шууд л гараа өргөөд бууж өгдөг. Гэхдээ энэ удаагийн зочноос болоод бийр будаг авч, үгээр урлах гээд үзлээ. Үүний тулд эхлээд өнөө тархины “таниад” байдаг өнгийг нэг сонирхвол: улаан бол хүндлэлийн буюу их хаадын өнгө, шар оюун ухаан, номын өнгө, цэнхэр тэнгэрийн бэлгэдэл, тайван байдлын илэрхийлэл, ногоон итгэл найдвар, амьдрал, өсөлтийн өнгө, ягаан романтик байдал, даруу тайван, энхрий ялдам, цагаан цэвэр ариун, хар хувиршгүй, саарал ухааны болон илэн далангүйн бэлгэдэл гэнэ. 


Тархиндаа томоо дэлгэсэн цаас, бүдүүн нарийн, том жижиг бийрнүүд, харандаа, усан будаг, баллуур... гээд өөрийн тааварлаж буй зургийн хэрэгслэлийг зэхлээ. Харин гартаа диктофоноос өөр зүйлгүйгээр зураг зурчих гэж ийнхүү ярилцлагын ширээний ард суулаа. Түүнийг П.Дашдэмбэрэл гэдэг. Ингээд эхлэхээр морины хорхойтнууд үргэлжлэлийг нь бараг л өөрсдөө ярих биз ээ. Зураач, сэтгүүлч, морины ном, зураг цуглуулна, фото зурагчин          гээд л... (Түүний архивт морины тухай 260-270-аад ном, 1904 оноос хойшхи улсын наадмын зургууд, медаль, баримлын хамтаар бий гэж байгаа юм.)
Хүүхэд байхад цэнхэр тэнгэр, шовх шовх уул, хөвөн цагаан үүл, алтан шар нар, тэгээд ногоон мод, хөх гол горхийг ихэд хичээнгүйлэн зурдаг сан. Ямартаа ч анхлан “зураач” учраас хүүхдийн жишгээр эхлүүлээд үзэхээр шийдсэн ч газар дээр байдал “бишдээд” ирэв шив. Түүний хүүхэд насны дурсамж Гандангийн дурсамжаар эхлэх нь тэр. Юутай ч Гандангийн бодь гөрөөс, номын хүрд бүхий сүм хийдийн дээврээс зурж эхлэх нь дээ. Тэгснээ Орхон, Сэлэнгийн бэлчир, адуу мал талаар нэг бэлчсэн зун цаг, хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах уралдаанч, тэндээс үргэлжлээд хотын сурагч хүү, уран зургийн


 үзэсгэлэн, олон олон шагнал, СУИС-ийн дөрвөн давхар том байшин, диплом өвөртөлсөн зураач, аппарат үүрсэн зурагчин... гэснээ ТВ нэвтрүүлэгч, хөтлөгч... гээд “Oh my god” энэ зурагтаа юу багтаахаа би лав мэдэхээ больж орхих нь дээ. Тэр тусмаа нутгаасаа гараад 3-4 хоноод л гэрээ санана. Түүнээс ээжийгээ илүүтэй санаад хэцүүддэг хүүгийн сэтгэл, хүүхэлдэйн кино үзээд нулимс дуслуулан суудаг зөөлөн нэгэн болохыг нь зурагт буулгах ч мань мэтийн “шинэковуудад” ахадсан хэрэг аж. 

ГАНДАНГИЙН ДЭНЖИД ӨНГӨРҮҮЛСЭН БАГА НАС

Бяцхан хүүг эмээ нь гандангаар дагуулаад их явна. Зундаа ноосон цамц, урт тэрлэгэн дээл, уртаа эрхи зүүчихсэн эмээгийн төрх одоо ч сэтгэлд тод үлдсэн байх нь бий. Хөгшин залуу хоёул ном уншуулж, бурхдад залбираад, бас болоогүй гандангийн хашааны тагтааг хооллоод буцна. Ач хүү ч эрх гэж жигтэйхэн. Эмээ нь түүний төрөхөд Гандангийн нэгэн том ламаас нэр хүссэн гэдэг юм билээ. Гэхдээ бага нас Гандангийн дэнжийн 60 айл гэгдэх хоёр цагаан байшинд өнгөрчээ. Тодруулбал, аав, ээжийнхээ хамтаар эмээгийнхээ (аавын нь ээж) хажуу өрөөнд амьдардаг байж. Эмээ Лхам гэж хөгшин таван бандитай. Эднээс дунд хүүдээ илүү нялхамсах бөгөөд удам залган мэндэлсэн том ач хүүдээ байдгаа бариад л гүйчихнэ. Болоогүй амины хүүхэд хэмээн өмчилнө. Бяцхан хүүг ухаан орохын тэднийд эмээгийн өөр нэг амины хүн Дорж ах үе үехэн зочилно. Их гоё сахалтай тэр ах хүүд аавын энтэй ихэд дотно санагдах бөгөөд эмээгийн хоёр “амины” нөхдүүд хааяа бас бусдаас нууцаар булагнана. (Аав нь бас их гоё сахалтай хүн байсан гэнэ) Хотод орж ирэхээрээ адуу мал бэлэглээд л буцна. Харин хүү баримлын шавраар хийсэн морьдоор гангарна. Тэгээд өнөө гоё сахалтай ах “Аль нь чамд гоё байна” гэж асуучихаад араас нь тэр зүсмийн адууг нь аваарай л гэнэ. Тэд хоёул нэг бус удаа зуны амралтаар Чойрын замаар явсаар 14 дүгээр зөрлөгт очиж байсан нь саяхан мэт. Тэнд л анх таван настай морь унаж сурч. 33 хүрсэн хөгшин цагаан морь хөөрхий дуртай дургүй хонины хашааг тойрч байсан нь одоо ч тод санагдана. Гоё сахалтай ахыг Баянцагааныхан “хар” Дорж гэхээр андахгүй. Лхам эмээгийнх нь аав Гомбын Ядамжав гэж хөгшин 1956 онд улсад бор шүдлэн, 1958 онд зээрд халзан шүдлэн тус тус айрагдуулсан нь бий. 


Гэвч аавыгаа бурхан болсноос хойш Баянцагааныхаа хэдтэй ойр ойрхон уулзаж чадахаа больжээ. Зургаатай “залуу” зундаа ээжийнхээ аавынд зусна. Тэр нь Орхон Сэлэнгийн бэлчир, Охь-Хөндий. Өнөө л танил болсон дүр төрх. Хонь, хурга, тугал эргүүлж, хааяа бас морь унах зөвшөөрөл авчихаад хагартлаа баярлана. Өдрийн явдлыг шөнөдөө үргэлжлүүлэн зүүдлэхэд, ээж нь “Гууглаад байх юм. Чи зүгээр үү” гэсээр сэрээнэ. Эмч мэргэжилтэй ээж нь хотод суурьших болсон ч зундаа хүү, охинтойгоо амраад буцдаг. Нагац эмээг нь Цэрмаа гэдэг нь бол өвөөг нь нутаг орныхон “дархан” Данзан л гэнэ. Хурдан хүлгийн уяа сойлго тааруулахгүй ч сайн хатгана. Бас гарын их дүйтэй, хатуу чанга, хөдөлмөрч, нямбай нэгэн. Аймгийн начин цолтой өвгөн байлаа. Харин эмээ бол нутаг орондоо морь барьдаг, бийлэгжүү айлын ганц охин байж. Хожмоо нас биед хүрч хадмын хаяа түшсэнээр таван банди, таван охиныг төрүүлж өсгөжээ. Эднээс зургаа дахь нь Дашкагийн ээж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Данзангийн Мөнхцэцэг. 


Өвөөгийн бөхийн эрдмийг том хүү Далантай өвлөсөн гэх. Бөх судлаач, бөхийн зураг цуглуулдаг түүнийг мөн л бөхийн хорхойтнууд андахгүй. Өдгөө 80 дөхсөн ануухан буурай бий. Өөр нэг хүү Д.Эрдэнэбат нь МУ-ын Гавьяат дасгалжуулагч, аймгийн Алдарт уяач цолтой. Харин Д.Энхтайван хүү нь аймгийн начин бол отгон хүү Д.Отгонбаяр нь мөн л сайхан барилдчихна. Хүргэн ах Баруунбүрэн сумын харьяат Дамдиндоржийн Энхбат ч аймгийн Алдарт уяач. Чөлөөт бөхийн спортын мастер цолтой. Түүнчлэн луу жилтнүүдийн улсын начин “Өндөр” Амараа гэхэд Дашкагийн өвөөгийн дүүгийн хүүхэд гээд эднийхэн дотор зодог шуудгаар гангарсан аархуу эрчүүд олон бололтой. Дашкагийн хувьд багадаа ганц нэг удаа барилдаж, хүүхдийн спортын бага наадамд барилдаж түрүүлсэн түүх бас байна. Харин сүүлд 2017 онд Эрболд, Эрдэнэбулган нарын мялаалга наадмаар санаандгүй зодоглож, нэг даваад авчээ. 

ОРХОНТЫН ХӨНДИЙНХӨН “НИЙСЛЭЛ ХҮҮ”-Г АНДАХАА БАЙСАН НЬ

Тавтайгаас хойш хоёр жил хэртэй хурдны морь унаад хасагдах нь тэр. Нагац ах аймгийн Алдарт уяач Д.Отгонбаяр эмээ, өвөөтэй нь хамт амьдарна. Ах бол хотын гийчинг хаа нэг хурга ишгэнд явуулна. Адууны тухайд бол шинэхэн уралдаанч болохоор тэр бүр дөхүүлэхгүй. Тэгсэн нэг өглөө ах нь зэргэлдээх айлуудаар орж гараад л завгүй яваа бололтой. Эмээгээсээ “Ах яасан юм” гэж асуувал “Эмээл хайгаад байх шиг байна” гэж. Тэгж хагас цаг хэртэй явж ирснээ хүүд “Эмээл олдохгүй нь чи морд” гэдэг байгаа. Айх гайхах зэрэгцээд ахин лавлавал “Морь тарлах гэтэл хурдан морины хүүхэд алга, эмээл ч алга” гэснээс олныг нуршсангүй. Хүүгийн дуртай, дургүйг ч асуусангүй. Шууд л морин соёолонгийн нуруун дээр тавьчих нь тэр.


 Тэгээд “Эргэнгүүт доошоо битгий хараарай, толгой чинь эргэнэ. Болж өгвөл жаахан бөгтийгөөд яваарай” гэж захиж байна аа. Удсан ч морьд эргэлээ. Давхиж байгаад нэг хартал газар эрээлжлээд л. Айсандаа нүдээ тас аниад, хэсэг давхиж байтал явдал нь удаашрахад нь сая харвал гэрийнхээ гадаа ирчихэж. Ах “Болж байна” гээд толгой дохих аж. Ингээд маргаашнаас нь “шинэ ажилд” томилогдож, уралдаанч хүү боллоо. Унаж боссоор нэг л мэдэхэд адуундаа явж, морьдоо барьдаг, эмээгийнхээ тугалыг татаж өгдөг болчихсон байв. Ширчин гуай, аймгийн арслан, уяач Батмөнх ах нарын сайхан буурай нарын адуу мал, хонь хургыг дөхүүлж өгчихөөд маадгар буцахыг яана. Ер нь адуу руу очихоороо бусдыг нь бүгдийг нь мартаж орхино. 


Ямар сайндаа л эмэгтэй дүүгээ “Чи миний саальчин болно шүү” гэж байх вэ дээ. Сонин юм шүү. Тэр адуунд дуртай сэтгэлдээ хөтлөгдөж, хөглөгдсөөр...Амьдралд заримдаа өөрөө ч анзаараагүй байтал их олон зүйлийг мэддэг бас чаддаг болчихсон байх нь сонин юм шүү. Орхонтын хөндийнхөн “Нийслэл хүү”-г андахаа байв. Гэхдээ туршлага дутаж мэдэх учраас яг уралдааны үеэр шилдгүүдийг унахгүй ч унаснаа бол 20, 30-аадаар давхиулаад л ирнэ. Энэ маягтай хоёр, гурван жилийг ардаа үдээд хасагдсан байдаг юм. Хүүхэд насны энэ бүх дурсамж адууны үнэрт тэр дороо л зураглан зурайна. Одоо ч адууны үнэрт сая нэг тайвширчихаад, болоогүй хэдэн хомоол өвөртлөж ирээд өрөөндөө уугиулчихад бүх юм OK болсон мэт баярлана. 

98 ХУВИЙН ОНООТОЙГООР МОНГОЛ ЗУРГИЙН АНГИД ОРСОН НЬ

Ээжийн талынхан бол хэнийг ч дагуулахааргүй гарын дүйтэй улс. Өвөө тэргээ хийчихнэ, Эрдэнэбат, Отгонбаяр ах нар нь байшингаа барьчихна, Далантай ахын нь бага хүү Дамдин гоё зурна (Дамдин Швейцарьт амьдардаг бөгөөд аймгийн начин цолтой). Эднийхэнд бас алт, мөнгөний дархан, модон эдлэлийн мужаан гээд  гар ур дүйтэй хүмүүс олон  бий. Жишээлэхэд хүргэн ах аймгийн Алдарт уяач, спортын мастер Д.Энхбат нь хүчийг үзэн барилдахын зэрэгцээ гартаа уртай нэгэн. Эднийх дөрвөн сайхан хүүтэй бөгөөд бүгд аавын нэгэн адил бөх барилдахын зэрэгцээ юмхнаар юм хийчихдэг улс. Зочин маань “Ах минь хар багаас аавын минь оронд аав болж халамжлахын зэрэгцээ зураг зурахад уриалдаг байсан нь хожмоо намайг зураач болоход хүргэсэн” хэмээн хуучилсан юм.


Дашкагийн ээж эмч хүн атлаа бас л оёж хатгахдаа гаргуун. Эрхэмбаяр аварга, Өсөхбаяр харцага гэхчилэн том биетэй бөхчүүдийн олон ч бэлтгэлийн хувцас бол эмч бүсгүйн ур шингэсэн “hand made” шошготой. Өөр бас ороолт, бээлий, малгай, ноосон цамц нэхэж, куртик урлан хүүхдүүддээ гоёчихно. Хүү одоо ч ээжийнхээ ур шингэсэн хувцсыг өмсөх дуртай. Удмын энэ авьяас хүүд өвлөгдөн ирж, багаасаа будаг шунх хацар, гарандаа наачихсан нэгэн явдаг байв. Гэхдээ зургийн дугуйланд орсон нь санаандгүй гэнэ. СХД дэх нийслэлийн 86 дугаар сургуулийн зургийн ангид шалгалт өгвөл тэнцчихэж. Тэгсэн ердөө маргааш нь л багш “Чехийн зургийн уралдаанд оролцох уу” гэж асуужээ. Дуртайяа зөвшөөрөөд зургаа зурж, явууллаа. Гэхдээ хариу нь ирэх гэж дөрвөн улирал саатан хүлээх болсон гэдэг юм билээ. Ингээд наймдугаар ангид орох жил зургийн дугуйлангийн хүүхдүүд нэг бүлэг болсны дотор Японы сумогийн 70 дахь аварга Харумафүжи байж таарчээ. Яг тэр үед гадны шуудангийн марк бүхий албан бичиг сургуулийн хаягаар иржээ. Түүн дээр 86 дугаар сургуулийн сурагч Дашдэмбэрэл Пүрэвсүрэн гуравдугаар байр эзэлсэнийг тэмдэглэсэн байв. Дараа нь Японы болон Энэтхэгийн Шанкарын зургийн уралдаанд тус тус байр эзэлж амжилтаа ахиуллаа. Наймдугаар ангидаа Хүүхдийн спортын бага наадамд түрүүлж, Сэлбэ зусланд амрах эрхээр шагнуулжээ. Харин дараа жил нь мөн л Нарлаг зусланд болсон өнөөх




 зургийн уралдаандаа дахин түрүүлээд, 10-р ангидаа гурав дахиа түрүүлсэн гэнэ. Тэр жилийн зургадугаар сарын 1-нд Хүүхдийн ордноос зохион байгуулсан “Хүүхдийн ертөнц” уралдаанд оролцов. Улаанбаатар хотын “Шилдэг хүүхэд”-ийг хоёр жил дарааллан авч, Сонгинохайрхан дүүргийн “Шилдэг хүүхэд” боллоо. Энэчлэн ахлах ангийн сурагч хүүгийн амжилт дүүрэн он жилүүд үргэлжилсээр л байлаа. Ямар ч зургийн уралдаанд “айргийн тавд” торохгүй багтдаг болчихсон үе нэг иймэрхүү. Ингээд сургуулиа төгсөөд СУИС-ийг сонгочихоод байтал монгол зургийн ангигүй гэж сонсоодохов. Сэтгэл зүрх бол монгол зураг тийш уруу татагдаад байдаг. Ингээд Г.Пүрэвбат гуайн сургуулийн монгол зургийн ангийг сонирхохоор болов. Тэгтэл СУИС-ийн уран зургийн багш Г.Лхагвасүрэн “Дашка, монгол зургийн анги авна гэнэ ээ” хэмээн утасдлаа. Дашкаг 10 жилд байхад нь тэдний сургуульд Лхагвасүрэн багш олон удаа ирж лекц уншиж байжээ. Харин түүнээс олон жилийн дараа зургаар “нөхөрлөсөн” хоёрын ахин уулзахын шалтгаан адуу байх нь тэр. Тодруулбал, 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр Баянцогтын Гомбо-Ичин гуай гэж хүн тун ч одтой наадаж ирсэн бөгөөд хүү Лхагвасүрэн нь унаж хурдлуулдаг байжээ. Ингээд СУИС-д 98 хувийн оноотойгоор монгол зургийн ангид орж, улмаар ахиад л шилдгүүдийн эгнээнд түүртэлгүй багтах болсон байна. 


Хичээлээр үүл, дараа нь уул, тэгснээ мод, ус гэхчилэн сараар нь зурна. Харин үүний дараа сая өнөө хэдээ нийлүүлж зурах маягаар үргэлжилнэ... Сургуулиа төгсөхөд том том кино, жүжгийн тайзыг засаж эхлэв. Тухайлбал, “Пайтинг” зодооны анхны тайз, “Хувьсал” продакшн, “Крос анимейшн”, Уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийн зураачаар ажиллаж байв. Өнөө бидний мэдэх Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын гавьяатууд, “Номин талст” хамтлагийн клипүүд, “Хувьсал” продакшны “Зургадугаар сар минь баяртай” жүжгийн тайз, Уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийн “Сайн уу амьдрал минь” , “Амьдралын амт” зэрэг киноны арын албаны нөлөө бүхий нөхдийн нэг явжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Манжуур хотноо болсон Монгол, Орос, Хятадын найрамдлын үзэсгэлэнд эх орноо төлөөлөн хоёр ч жил (2008, 2009 он) амжилттай сайн оролцоод ирсэн гэнэ. 


 
Урын санд нь түүний урласан олон бурхан бий. Тэр тусмаа сүүлийн үед зурсан морины бурхан олон байна. Онцолбол, Булганы Сайханы Шаалайжавын Хүрэлбаатар гэж зурхайч найз нь Улаан-Үд рүү Итгэлт хамбын дацанд албан тушаал хаших болсон гэнэ. Тэгээд морины цогц бүтээл хиймээр байгаагаа хэлж, эрээн Мандаа бурхныг олох даалгаврыг өгчээ. Уг бурхныг Сүхбаатарынхан их шүтдэг бөгөөд Дашка Мөнххаанд явж байгаад тэндхийн хийдээс жижигхэн морины сахиус олж харсан нь эрээн Мандаа байж. Учрыг нь тодруулбал, Дамдинянсан, Хаянхирваа, Эрээн Мандаа нь гурвуул догшин бурхад болох тухай ч мэдэж авав. Үүн дээрээ ном судрыг нь судалж байгаад Очирваань, дороо хийморийн морьтой, газар тэнгэрийг бэлгэдсэн дөрвөн хүчтэн, бурхдынхаа тарнитай Дашдэмбэрэлийн автортой бүтээлийн хийсэн нь өнөөдөр гучаад хүнд “хүрсэн” байгаа гэнэ. Зарим найз нөхөд нь “Дашкагаар бурхан зуруулаад л уясан морь нь дийлдэхээ больсон” хэмээн наргиа болгон ярих ч бултах аргагүй л амжилтын цуваа ахиулсан уяач олон. Дашка энэ сэдвээр цааш нь “Олон сайхан бурхан бүтээж байна аа. Үр хүүхдүүдэд минь үр өгөөжөө өгөөсэй, буян заяагаа өгөөсэй хэмээн залбирч, мааниа уншина. Миний эмээ Цэрмаа гурван жилийн өмнө 96 хүрээд бурхан боллоо. Эмээ маань нохойноос айдаг зээ хүү надад “Миний хүү айвал уншдаг юм шүү” гээд хэдэн маани мэгзэм цээжлүүлдэг байлаа. Бас их сайхан үлгэр ярьж өгдөг сөн. Нөгөө эмээ маань ч “Бурхан бүтээнэ гэдэг том буян. Хүүгийн маань буян заяа дэлгэрч, сайхан явна” гээд их баярлана аа. Ямартаа ч өнөөдөр олонтойгоо сайн сайхан яваа маань бурхан бүтээсний үр гэж эхнэртэйгээ ярьдаг юм” гэж үргэлжлүүллээ. 


Тэрээр үүнээс гадна 2006-2008 онд ах нартайгаа хамтарч Америк, Швейцарь, Канадад “гаргасан” эдний зургууд арваад галлерейд бий. Тодруулбал, “погжий” Ганбаатар, “гаврууш” Мөнхжаргал нарыг бол монгол зургийнхан андахгүй. Харин сүүлийн үед Дашкагийн “уяан дээр” Тогоруу халтар, Шарга азарга, Дархан түмэн эх Ганбаатарын халзан, Алдарт уяач Даваадоржийн Арслан, Алдарт Ариунсайхан шарга, Тод манлай Батцоожийн хонгор халзан гэхчилэн энэ цагийн хурдан хүлгэд дүүхэлзэнхэн байх аж. 

МОНГОЛ ЗУРГААС ДУТАГДАЛТАЙ ТАЛЫГ ОЛЖ ХАРААГҮЙ

Оюутны зөвлөлийн дарга Дашкаг 2004 оны шинэ жилээр /МУ-ын Ардын уран зураач Д.Амгалан/ “Чи яагаад монгол зургийн ангид орсон юм” гэхэд нь “Багаасаа монгол ахуйд өссөн болохоор сэтгэлд ойр байдаг” хэмээв. Тэгэхэд багш “Сайн байна. Уран зураг бол XV, XVI зууны үед эцсийн бүтээл нь тавигдчихсан шүү дээ. 
Шавь: “Ямар зураг, багш аа”, багш: “Леонардо да Винчигийн “Мона Лиза” бол уран зургийн оргил бүтээл. Түүнээс цааш дахин тийм бүтээл гарахгүй. Харин монгол зургийн төгсгөлийг хэн ч тавиагүй, хэн ч мэдэхгүй” гэнэ. Цааш нь шавь: “Тэгвэл багш аа, би уртын дуу шиг зураг зурна аа” гэж яриаг үргэлжлүүлнэ. Тэр ярианаас хойш тэрээр “Уртын дуу шиг” зургаа эрсээр л... Монгол зураг бол тайлагдашгүй. Нэг хавтгай дээр олон үйл явдлыг харуулдагаараа онцлогтой. 
Нараа багш, шавийн өөр нэгэн яриа. Шавь:  “Монголын нэг өдөр” ч олон хүнийг тэжээж байна шүү. Тийм ээ, багш аа” гэвэл багш: “Чи хэзээ нэг хүн тэжээх бүтээл хийх бол доо” хэмээсэн нь одоо түүний сэтгэлд өчигдрийн мэт тодхоон. Гэхдээ энэ дүрслэхийнхэн гэдэг авьяасаа үнэлээд сурчихсан, эртнээс мөнгөний амтыг мэдэрсэн улс бололтой. Хоёр, гуравдугаар курсээсээ л зураг зурж дэлгүүрт тавина, зарна, бас захилгаар зурсан байх юм гээч. 

ЯАРМАГИЙН ДЭНЖИД ХОНОГЛОХ ХҮРТЭЛ УРУУ ТАТСАН НААДАМ

Ахиад л тэр. 1992 он. Зууны манлай, спортын сэтгүүлч Бааван гуайн “Монгол морь” сэтгүүл, МУ-ын СГЗ, сэтгүүлч А.Баярмагнай гуайн “Түмний эх”-ийн хоёр дахь хэвлэлт бүхий ном түүнийг фото зурагт уруу татаж орхижээ. Түүнээс өмнө ээжийн талынхны гэрийн хойморт хүндтэй байрыг эзлэх, том том жааз бүхий морьд, бөхийн зурагнууд бяцхан хүүгийн сэтгэлд их л ойр санагддаг байж. Харин ерээд оны эхээр адуунд хайртай хүүгийн сэтгэл морины зураг, сэтгүүл цуглуулахын эхлэл болжээ. Түүний зургаа, долоон жилийн дараа буюу 1999 онд улсын наадам үзмээр санагдаад сэтгэл тогтдоггүй гэнэ. Энэ тухайгаа багын найз Мөнхтөрдөө хэлбэл, “Чамайг энэ жил улсын наадам үзүүлнэ ээ. Хамт явъя” гэсээр гурвуул /Мөнхтөрийн ах Мөнх-Эрдэнэ хамт явжээ/ наадамлах болов. Хүссэн газартаа ирвэл азарга ирж байгаа бололтой. Хүмүүс шаагилдаад, орилно. 


Хүмүүсийн дундуур гүйсээр очвол Идэр хээрийг зарлаж байна. Араас нь Ононгийн буурал, Ганхүүгийн буурал, Дорнойн Сундуйгийн Үст хүрэн гээд л... Өмнө жил нь балиашиглаж байсан Буурал духт ч айрагдах нь тэр. Буурал духтыг олж хармаар санагдаад майхан дундуур ороод хайж гарлаа. Болж өгвөл бас ганц нэг зураг дарчих санаатай явтал Тод манлай уяач Д. Даваахүү гуайтай таарах нь тэр. Ер нь тухайн үедээ Даваахүү, Онон нарын томчуудад “Морьд амраахгүй, уяан дундуур ямар юмаа хийгээд яваа юм” гээд загнуулаад, хөөгдөж явсан ч бий. Иймэрхүү янзаар 1999 оноос хойш дөрвөн жил дарааллан Яармагт өнжив. Анхандаа хотоос шөнө 02:00 цагт гараад. Гурвалжингийн гүүр давж, бохирын шугаман дээгүүр давж, өглөө 04:00 цагийн үед сая хүрнэ. Таних айлгүй болохоор жалганд унтаж бас нүдний хор гаргана. Харин дараа жил нь майхан авч явсан ч хөнжил пүүгээгээ тооцсонгүй. Тэгвэл 2002 онд майхан, гудастайгаа болчихсон маадгар алхална. Тэгээд томчуудад загнуулж байсан ч хамаагүй хэдэн сайхан зурагтай болчихоод сая нэг санаа амарна. Наадмын дараа бол хоёр өдөр нам унтана даа. Тэгээд ээжээсээ зургаа угаалгах мөнгө авч, хэдэн сайхан зурагтай болчихоод өнөөхөө нойл орсон ч сугавчлаастай. Одоо ч үзэх тоолонд Яармагийн дэнжид өнгөрүүлсэн он цагууд тэр дороо л тодорно гэх. Энэ хобби түүнийг гурван жил архивт суулгахад хүргэсэн байгаа юм. Цалингүй тамирчин болчихоод өөрийнхөө дарсан зургийг архивт өгөөд, төлбөрт нь тэмцээн уралдаанд нь оролцдог байсан ажээ. Харин одоо түүний фото зургийн цуглуулга тоогоо алдсан бөгөөд хамгийн ховрыг л багтаачихсан байна. 

ХАНИЙН ТҮШИГ ЯМАР Ч БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ ХҮЧ БОЛДОГ

Түүний эхнэр И.Баяржаргал тайз дэлгэцийн зураач хүн. (Дашкагийн дөрвөн хүүхэд дөрвүүлээ зураг зурдаг. Тэр тусмаа охид адтай гэж жигтэйхэн. Харин тэрээр ганц хүүгээ монгол ахуйдаа өсгөхийг илүүд үздэг. Иймээс газрын хол ойроос үл хамааран наадамд дагуулаад л замдаа гарах нь олон ажээ.) Тиймдээ ч нөхрийнхөө ажил мэргэжлийн онцлогийг андахгүй. Ямартаа л нөхрийнхөө хоббиг дэмжиж “Хийвэл хийсэн шиг хий. Үгүй бол амьдралаа бод” хэмээн зөвлөсөн нь Дашкад урам өгөв. Ингээд өөрсдийн байраа барьцаанд тавиад ном хийхээр ажилдаа оров. Архив цуглуулж хөдөө орон нутгаар их ч явав. Тэгж яваад “Хийморь” сайтын тухай мэдээд очиж уулзлаа. Тэнд хэрэгтэй хэдэн сайхан зураг байж гэнэ. Түрүүчээс нь Дорнойн Сундуйн гуайн зэрэг хэдэн зургийг худалдаж авбал “Дорнойн Сундуйн гуайн хамаатан юм уу” гэж өнөөдүүл нь асуужээ. Түүнээс хойш ойр ойрхон уг сайтын оффесоор очдог болов. Авсан хэдэн зургаа үзүүлбэл сайтын сэтгүүлчид нэг л үл ойшоосон байртай өнгөрөв. Түүнээс хэд хоногийн дараа Б.Ганпүрэв (морины хорхойтнууд түүнийг хөтлөгч гэдгээр нь илүүтэй мэдэх билээ) зураг асууж утасдлаа. Цаг товлоод ирэхээр нь номонд орох материалуудаа үзүүлэхэд өнөөх нь ёстой л ангайж хоцров. Ямарсайндаа л өнөө сэтгүүлчдээ (”Хийморь”-ийн Набад) “Өнөөх чинь шал өөр хүн байна. Цуглуулга нь үнэхээр аймаар юм” гэсээр очсон гэдэг юм билээ. 
Ингээд ном бэлэн болсон ч санхүүгийн асуудал гарахад нь Б.Ганпүрэв, Манлай уяач Б.Буяннэмэх рүү холбогдож, өнөөх нь “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэтэй холбогдсоор хэвлэлтийн эхний мөнгө орж иржээ. Дараа нь Төв аймгийн хурдан морины салбар, наадам зохион байгуулах комиссын дарга Цогбаяр, Ч.Гансум, МУ-ын Алдарт уяач Б.Сүхбаатар, “Унаган хурд“ гал нар тусламжийн гараа сунгалаа. Гэхдээ урагшаа явж хэвлүүлэх зардалд арай л хүрэхгүй байв. Ингээд эхнэр маань “Байраа зараад, эцсийг нь үзье” гэсэн. Энэ ном олны гар дээр хүрэх хүртлээ тун ч их адал явдлыг туулсан юм билээ. Төв аймгийн ойгоор тараах ёстой байдаг. Хугацаа нь дөхөөд бүр үйлдвэрт 2-3 өдөр, шөнө ажиллаад эхлээд гарсан 200 номоо авлаа. Тэгээд хилээр гарах болсон оюуны өмчид бүртгүүлээгүй учраас халгаадаггүй. Эхнэр нь олны ая тал харж гүйсээр сая нэг хилээр гаргах болов. Ингээд Улаанбаатар орох вагонд ачуулбал өнөөх нь эдний суух вагоноос түрүүлээд хөдөлчихөв. Араас нь гүйцэх аргагүйгээ мэдсэн


 болохоор Батсүмбэр сумын Сумын заан Чулууны Батмөнх найз руугаа ярилаа. “Нэг ном нь 5 кг жинтэй. Нийт 40 гаруй хайрцаг номыг аваадахаач” гэвэл хүүтэйгээ хоёулхнаа байна. Гэхдээ очоод авчихъя гэхэд нь сая нэг санаа амарлаа. Араас нь өнөө гурав ч (Наба, Дашка, түүний эхнэр) ирж шууд Төв аймаг руу ачаад гарчээ. Ийнхүү мориныхны дунд “Ногоон ном” нэрээр андахгүй болсон ном нийтийн гар дээр хүрсэн түүх ийм аж. Гэхдээ үлдсэн ном нь урдаас ирэхдээ 100 гаруйгаар дутуу иржээ. Энэ тухайгаа эхнэртээ хэлээгүй бөгөөд “Адуу мал авсан” хэмээн аргацаагаад өнгөрч. Үнэндээ эхнэрийнхээ тэр их хичээл зүтгэлийг үгүй хийхийг хүсээгүй тухайгаа ярина. Одоо ч энэ тухайгаа хэлээгүй байсан нууцыг бид ийнхүү дэлгэсэнд уучлаарай. Тэрээр цааш нь номын буянаар олон сайхан найз нөхөд, ах дүүстэй болсон. Товчхондоо “Мөнгөнөөс илүү сайхан юм олж авсан” хэмээнэ. Энэ ном олон ч хүнээс сайшаалын үгсийг дуулж, Уяачдын холбооны шагналыг хүртсэн юм. Болоогүй Эрдэнэчулуун Манлай, “орос” Болд нарын уяачид адуу бэлэглэж, түүний амжилтыг мялаав. “Орос” Болд “Миний хүү, олон жил зураг цуглууллаа. Одоо амьд юм цуглуул. Ах нь анхных нь адууг өгье” гэж бэлэглэв. Араас нь Даш гуайн ач хүү Сэржээ, Эрдэнэчулуун Тод манлайн бэлэг гээд нэг л мэдэхэд 50 дөхсөн адууны эзэн болчихсон байжээ. МУ-ын Алдарт уяач А.Алтангадас ах нь “Өгье гэвэл ганцаасаа, Уйлая гэвэл сохроосоо” гээд удам сайт адуунаасаа бэлэглэсэн бол Саранхүү ах нь унагатай гүү, найз Батмөнх, Бор Халтар гуайн ах дүү гурав нарын олон сайхан ах нар, найз нар  бол адуугаар нөхөрлөсөн эрчүүд байгаа юм. Дараа нь Энхбаяр найз нь азарга бэлэглэж, адууг нь уяж өгөөд, анхны айргийг авч өгч. Тэр үед найз нөхөд нь “Хурлын даргаараа адуугаа маллуулаад, уяачаа болгочихсон. Чи нээрээ арай том уу” гэж тоглоом наадам болгон ярьж байх вэ. Ийнхүү алдарт “Ногоон ном”-ын дараа “Их хурд”-ыг гаргасан нь амар байгаагүй ч өнөөдөр сайн бүтээлүүдийн нэг болжээ. “Сэргэлэн хурд”, Хөдөлмөрийн баатар Даваахүү, Манлай уяач Д.Баянбат нарын “Монгол адууны нэвтэрхий толь” 1, 2-р боть номонд хамтран эмхэтгэгчээр ажилласан. Энэ бүхний ард гарахад “Адмон”-ы Р.Энхбат, “Гама”-гийнхан, СТӨ-ний Цэрэннадмид гуай, Ч.Ганболд, И.Будхүү, Баку нарын 20 гаруй зурагчин оролцжээ. 

АППАРАТАА “ТАЙЛБАЛ” ХУСУУР СОЙЗООР ГАНГАРСАН УЯАЧ БОЛЧИХНО

Дашка ба түүний нөхөд “Дөмөн хүлэг” галын гишүүд байгаа юм. Тодруулбал, энд МУ-ын Алдарт уяач А.Алтангадас, Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, ХААИС-ийн багш, профессор Лхагвадоо, Ганбаа багш Говь-Алтайн Амартүвшин, Онолбат, уртын дуучин Ганбаяр нарын бүрэлдэхүүнтэй. Үүн дээр туслахууд нийлэхээр 20 гаруй хүн болдог байна. 


Уяач Дашкагийн хувьд “2016 онд Архустын наадам гэж Их хурдын сунгаан болсон том наадамд Мөнгөншагай ахын хүрэн морь бараг км хэртэй түрүүлсэн. Саранхүү ахын хээр халзан морь ямар эрэмбэтэй билээ, тэгэхэд хээр халзан морины өмнө орсон. Үндэсний морин уралдааны холбооны нарийн бичгийн дарга Мөнхбатын Ариунболд, Ганпүрэв бид хэд “Түмний эх”-ийг зохион байгуулсан юм. “Түмний эх” нэрийг өгсөн М.Ариунболд “Би та хэдтэйгээ үргэлж байж чадахгүй ээ. Би гадна чинь хамт явна” гээд нэрээ оруулаагүй. Түүний (М.Ариунболдын) унаган адуу Сарман бор азарга миний нэр дээр айрагдсан. Тэр үед чинь өөрөө наадмаа бичиж байсныг ч хэлэх үү. Хэцүү л юм билээ. Бараг цонхоор гараад явчих гээд байгаа юм шиг. Өнгөний азаргануудыг бичээд эхэлтэл тавин хэдээр явснаа төдөлгүй 10 дотор ороод ирэхэд нь цээж өөд нэг юм огшоод л ирсэн. Гэхдээ хүн амьтны дэргэд уйлаагүй ээ. Гүрийж байгаад орой нь адуу манаж суухдаа М.Ариунболдтойгоо ганц юм задалчихаад зөндөө уйлж тайвширч билээ. 


Бас их баярласан шүү” гэж ярихдаа тэрээр жаргалтай байгаа нь нүднээс нь илт. Үүнээс гадна Өлзийтийн аймгийн Алдарт уяач Отгонням найзынхаа өгсөн Толин хүрэн даага одоо их сайхан азарга болсон. Түүнийгээ аварга найздаа бэлэглэсэн нь Дундговь аймгийн Хулд сумын наадамд айрагдаад, Дорноговийн Айраг суманд аман хүзүүджээ. Энэчлэн залуу уяачдын амжилтын цуваа өдрөөс өдөрт нэмэгдсээр байх нь түүнд урам зориг нэмнэ. 

П.Ундраа


6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.