Сумын Алдарт уяач Л.Цэдэнсодном: Ноднин аймгийн наадамд хээр үрээ зургаалахад айргийн тавд нэг л монгол адуу байсан

Сэтгүүлч
2021 оны 6-р сарын 14 -нд

Төв аймгийн Зуунмод сумын харьяат, сумын Алдарт уяач Л.Цэдэнсодномын ярилцлагыг хүргэе. 

-Таны аав Логшир гэдэг хүн уяа сойлго тааруулдаг байв уу?

-Манай аав аймгийн махны хөргөлттэй зоорь гэдэгт инженер ажилтай, зуныхаа амралтаар хөдөө гарч морь уядаг байлаа. Аавын хар азарга, жижигхэн бор морь давгүй сайн давхидаг, аймагт наадам хийхгүй улсад очиж уралддаг байсан болохоор арай айрагдаж чадахгүй байтай л давхидаг байсан байх. Ажилтай хүн сум орон нутгийн наадам хэсэж чадахгүй жилдээ ганц удаа улсын наадамд очдог. Лүнгийн Рэнцэндоржийн улсад хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн хар азаргыг ид хурдан байх үед нь аавын хар азарга сунгаанд байнга дийлдэг л байсан юм гэнэ лээ. Манайх ер нь овоо хэдэн адуутай. Тэгээд би 1997 оны хавар наймдугаар анги төгсөөд сургуулиас гарч хөдөө адуу маллах болсон юм.
-Албан хаагч хүн адуу мал цуглуулчихсан, морь уядаг байсан гэж байна. Магадгүй эцгээс нь өвлөгдөж ирсэн адуу байсан юм болов уу?
-Манай өвөг эцэг Дамдинсүрэн гэж хүн улсын мал тууврын экспидецийн эмч хүн байсан юм. Тэр хүний л буян байсан юм байлгүй гайгүй сайн адуу малтай, хоёр хүүдээ гайгүй сайн адуу мал цуглуулж өгсөн гэдэг. Аав эхээс гурвуулаа, айлын том, эрэгтэй, эмэгтэй дүүтэй байсан. Эрэгтэй дүү нь малчин, тэднийд адуу мал нь байдаг. Зун нь гарч хорхойгоо дарж морь уячихдаг байсан юм билээ. 
-Аав тань адууныхаа удам угшлыг юу гэж ярьдаг вэ?
-Манай аавын ээжийнх нь ах Баянцагааны “бундуй” Жамсран гэж хүн байсан гэнэ лээ. Аавын адууны суурь нь “бундуй” Жамсрангийн бор гэж хурдан адууны угшилтай азаргатай. Хэнтийн Галшараас хэдэн гүү авчирсан гэж ярьдаг юм.  
-1997 онд хөдөө гарч малчин болсон гэсэн. Хурдан морь уяж сойж эхэлсэн нь хэзээнээс вэ?

-2000 оноос Баянцагаан сумын харьяат, МУ-ын Манлай уяач Ганжуурын Сундуй гэдэг хүнийг дагаж морь уяж эхэлсэн. Манай аавын хамаатан болох хүн байгаа юм. Тэр өвгөнийг дагаж гурван жил морь уясан. Анх бор азарганыхаа угшлын улаан бор азарга, соёолон зээрд морь хоёрыг уяж, 2001 онд Төв аймгийнхаа баяр наадамд бор азарга маань дөрөвт давхиж байлаа. Тэгээд тэр шөнөд нь хөтөлж аваачаад улсын наадамд уралдаж байсан юм. Алдар толгой тойрч байхад дөрөв таваар явж байгаад хүүхэд нь ойчоод 13-аар ирсэн. Хойтон жил нь аймгийн баяр наадамд зургаалаад, дараа жил нь бас наймд давхиад тэгээд адууны ханиадаар алдчихсан юм. 


-Хурдан бор азарганаас төл үлдсэн үү?
-Ер нь миний гайгүй давхиж байгаа юмнууд тэрний л үр төлүүд байдаг. Голдуу охин төлөөс нь, охин төлийнх нь төлөөс гарсан юмнууд давхиж байна.  
-Хамгийн олон айрагдсан хурдан адууныхаа талаар ярихгүй юу?

-Бор азарганы хүүхдийнх нь хүүхдээс гарсан ягаан буурал халзан азарга энд тэнд сумын наадамд нэлээд айрагдлаа даа. Соёолон үрээ анх уяад 2013 онд Баян сумын наадамд аман хүзүүлээд, тэгээд аймгийнхаа 90 жилд ирж 11-т давхисан. Хойтон жил нь Эрдэнэ сумын наадамд бас аман хүзүүлээд, нөгөөдөр нь Эрдэнэ суманд болсон Харзтай сэрүүн булгийн наадам гэж том наадамд 200 гаруй азарга уралдахад бас аман хүзүүдсэн юм. Тэр жилээ аймагт наймд давхисан. Долоон настай азарга аймагт зургаалаад, овоо тахилга, жижиг  наадамд гурав дөрөв ч айрагдууллаа. Би тэрийг ер нь аймагт айрагдуулж чадаагүй. Хөлийг нь эвгүй болгоод дахиж уяагүй. Төлүүд нь бас давгүй давхиж байна аа. 2017 онд төл хоёр үрээтэй нь Баянчандмань сумын наадамд очоод хээр нь түрүүлж, буурал халзан нь тавд давхиж байлаа. 
-Өөр хурдлуулсан ямар адуу байна вэ?

-Надад бас нэг зээрд азарга бий. Тэр даагандаа 2013 онд Баян сумын наадамд тавд давхисан. Тэрний өмнө хул азарга аймгийнхаа наадамд есөд давхичихаад Булганы Баяннуур сумын 30 жилийн ойд очиж тавд орсон юм. Иймэрхүү л сум, бага сага наадмын айрагтай. Өвлийн уралдаанд зээрд азарга хоёр гурав орсон. 
-2017 онд хоёр шүдлэн айрагдуулж түрүүлгэсэн юм байна. Өнгөрсөн 2018 онд яаж наадсан бэ?

-Баянчандманьд түрүүлсэн хээр үрээ маань аймагт зургаалаад, соёолон бор морь есөд давхисан. Тэгээд Борнуурын 90 жилд хээр үрээ есөд, бор соёолон аравт давхисан. 
-Аймаг, сумын наадмын хичнээн айрагтай вэ?
-Аймгийн нэг л айрагтай. Сумын наадмын 1 түрүү, 17 айрагтай. Овоо тахилга, жижиг наадмын нэлээд хэдэн юм бий. 
-Хамгийн одтой наадсан жил гэвэл хэдэн оны ямар наадам бэ?

-Баян сумын наадамд соёолон, даага хоёр айрагдуулсан юм. Буурал халзан азарга соёолон аман хүзүүлээд, сартай зээрд даага тавд давхиж байлаа. Тэгээд буурал халзан азарганы төл хоёр шүдлэн түрүү, айргаар давхисан 2017 оны наадам байна. 
-Аймгийнхаа наадамд голдуу л айргийн араар давхиулсан байх юм. Тэнд ямар нэг учир жанцан байна уу?

-Манай аймгийн дов өндөр өө. Ер нь айрагдуулж л чаддаггүй юм. Эсвэл айрагдуулах цаг нь болоогүй юм байлгүй. Хамгийн анхны хул азаргыг аймагт айрагдуулахад будилаад дутуу эргэсэн морьдыг хасна гээд маргаан болсон юм. Миний хул бол баараагүй айрагдсан л даа. Тэрний юм байдаг болов уу  ч гэж бодогддог. Тэрнээс хойш хул азаргыг аймагт хоёр удаа 10 дотор давхиулсан байдаг юм. Буурал халзан азарга ч бас хоёр жил айрагдаж чадалгүй зургаа, наймаар давхисан. Соёолон зээрд азарга бас хурдан байгаад аймагт найм, есөөр ирсэн.  
-Эсвэл урд нь дандаа эрлийз адуунууд ороод байна уу?

-Энэ жил миний хээр үрээ зургаалахад айргийн тав дотор нэг л монгол үрээ байх шиг байна лээ. Мань мэт хэрүүл уруул хийгээд ч яах билээ. Ер нь сүүлийн хэдэн жил эрлийз адуу уралдаж айрагддаг үзэгдэл гойд болж байна шүү дээ. Дан монгол адуугаар уралдаж байгаа хүмүүс хохирч байна. Монгол адуугаар амжилт гаргана гэж байхгүй болж дээ. 


-Сүүлийн үед хаа сайгүй л зүүн талаас адуу авч давхиулж байна. Эрлийз адуутай ч болж байна.  Таны хувьд адууныхаа хурдлах чадварыг яаж сайжруулж байна вэ? 

-Манайх 400-гаад адуутай. Тэнд нэг ч эрлийз адуу байхгүй, дан монгол адуутай. Аавын адууны цөмийг хадгалахын дээр энд тэндээс гайгүй гэсэн азарга, байдаснууд авсаан. Дорнойн Сундуйн хүрний угшил байна, Дамдингийн хамар цагаан ногоон гэдгийн төл байна, Түвдэндоржийн хурдан буурал азарганы төл гүүнүүд байна. 2016 онд Сүхбаатарын Халзан сумын “хэрээ” Дорж гэдэг хүнээс засаатай хээр хязаалан үрээ авсан юм. Тэр жилээ аймгийн наадамд бас л долоо наймаар давхиулсан юм байна. 
-Адуу мал ихтэй болохоор уяандаа анхаарал хандуулах нь бага байна уу?
-Тийм тал бас байаа. Бог мал 1000 гаруйтай. Одоо ид мал төллөөд тун ажил ихтэй байна. Өвөлдөө адуугаа дагаж яваад морь малаа тэжээж чадахгүй. Наашаа гайгүй харсан амьтан ах дүүг гуйж ганц нэг адуу тэжээлгээд, зун нь хорхойгоо дарж тэрийгээ уядаг санаатай. Малын араас яваад уяагаа дагнаж өвөл, зунгүй гардаж уяж чадахгүй байна. 
-Хүүхдүүд том болж гарын залгаа болж байна уу?

-Арай л бага байна. Тэгээд ч морь унах ч болоогүй байна. 
-МУ-ын Манлай уяач хүнээс сурсан, дуулсан юм их биз?
-Ер нь тэр өвгөнөөс уяа сурсан даа. Аавыг уяж байхад би юмны учир мэдэхгүй жаахан байсан. Сундуй гуай “Морио сайн турааж уя, махтай уралдвал хөл гарандаа юм сууна. Хайрлах юм байхгүй сайн тураа” гэдэг байсан юм. Би ч гэсэн нэлээд турааж л уяна гэнэ шүү. Харин буурал азаргаа тарган уралдуулаад хөлгүй болгочихсон юм. Намар нь оторт гарахдаа өвөл отрын дундуур авчирч өгч чадахгүй гээд үлдээгээд намраас эхлээд тэжээлгээд нэлээд тарган байсан. Тэгээд өвөл нь дүүдээ чи сайн унаж эдэлж байгаад өвөл бага наадамд ганц уралдуулчих гэсэн чинь сайн нимгэлэлгүй нэг сунгаад хөлгүй болгочихсон. 
-Та бол аавыгаа залгаж уяа эвлүүлж байгаа хүн. Аавынхаа санаанд нийцсэн уяач болж чадсан уу?

-Одоо болж л байгаа юм байлгүй дээ. Миний буурал халзан азаргыг хоёр жил дарааллан сумын наадамд аман хүзүүдэхэд их л баярлаж байх шиг байсан. Зун уяаны ажлын үед аав байнга хамт байна. Сунгаа хийхэд аав заавал очиж харна шүү.
-Адуучин тэмцээнд хэдэн жил оролцсон бэ? 

-Би ердөө ганцхан жил Адуучин тэмцээнд орсон. 2003 онд аймгийн Аварга шалгаруулах тэмцээн Сэргэлэн суманд болоход оролцож хоёрдугаар байрт шалгарсан юм. Яахав 20 гаруй жил өвөл, зунгүй адуу малласных морьдоо өөрөө сургаж, унаад л байдаг юм. 

Д.Энхтуяа

8 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.