Аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар: Хул азарганыхаа буянаар олонд танигдаж, түмэнд хүндлэгдэж явна

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 08 -нд

Онгод хөлөглөн хурдалж олон түмнээ огшоосон 2008 оны наадмын нэхэн саная. Тэр тусмаа хул зүсмийн үрээ газар эвхэн хурдалсан хязаалангийн уралдааныг. Наадамчин олны уухайн түрлэгтэй тэр наадмаас хойш Б.Цэндбаатарын гэх ухаа үрээ монгол түмний хайртай хүлгэдийн нэг болсон.  Монгол төрийн наадамд нэг түрүүлж, гурвантаа айрагдсан МУ-ын Алдарт уяач Ж.Рэнцэндоржийн “Түмний эх” хар азарганы  үр төл ийнхүү төрийн наадмын түрүү болсон нь энэ билээ.  Олноо Тугал ухаа хэмээн алдаршсан энэ хүлгийн эх талыг нь хөөвөл    хязааландаа төрийн наадамд түрүүлсэн Төмөрхүүгийн “Мөлүү” хул азарганы төл хул гүү юм. Ийнхүү хоёр талын хурдан цустай хул азарга гурван жилийн дотор улс бүсийн наадамд хоёр түрүүлж, дөрвөнтөө  айрагдан энэ цагийн эгэлгүй хурдан ажнайгаар тодорсон билээ.
Хул азарга айрагдаж түрүүлсэн олон баярт агшнуудад Б.Цэндбаатар уяачтай уулзаж байсан ч , хууч хөөрч яриа дэлгэх боломж  олдохгүй байсаар  Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны 15 жилийн ойн үеэр уулзан ийнхүү хуучиллаа.

Луу жил гарсаар бүсийн наадмаас  хоёр ч айраг хүртчихлээ

-Луу жил гарсаар бүсийн чанартай хоёр ч наадам боллоо. Б.Цэндбаатар уяач хийморьтой наадаж буй дуулддаг?
-Шинийн гурванд Сүхбаатар аймгийн Шарга сумын уяачдын холбооны нь ой болсон. Тэр уралдаанд халзан азарга түрүүлж, хоёр соёолон маань түрүү, аман хүзүүнд хурдалсан. Дараа нь “Дүнжингаравын хурд”-д халзан азарга тавлаж, Хүрлээгийн хүрэн соёолон гурвалсан. Тэрнээс хойш уралдаагүй байж байгаад аймгийнхаа уяачдын холбооны 15 жилийн ойд уралдаж байгаа нь энэ. Азарга дундуур давхиж, нэг соёолон дөрвөлж, нөгөө нь зургаалж, их нас түрүүлгэсэн.
- Ингэхэд та хэн хэний морьдыг уядаг билээ?
- Алдарт уяач Н.Хүрлээгийн морийг уядаг болоод долоон жил, Д.Бат-Эрдэнэ ахын морийг уядаг болоод хоёр, гурван жил болж байна.
-2007 оны үеэс ухаа азаргатай  нэгэн залуу моринд хүч түрэн орж ирсэн нь одоогийн Алдарт байлаа. Тэр үеийн дурсамжаар яриагаа үргэлжлүүлбэл ямар вэ?
- Миний найз Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Гантөмөр гэдэг сайхан залуу бий. Ухаа азаргаа дааганд нь тэр найзаасаа авч байлаа. Ухаа үрээ маань шүдлэндээ аймгийн наадамд зургаалж, То Вангийн ойд түрүүлсэн юм. Хязааландаа энэ хавийн жижиг наадмуудын  түрүүг түүчихээд төрийнхөө наадамд очсон нь тэр.
-Төрийн наадмын түрүү ч ухаа азарганых болж, Цэндбаатар гэдэг хүн улсын наадмын хишиг хүртэж байлаа?
-Тиймээ, ухаа азарга маань халхын цуут хурдуудтай уралдаж түрүүлсэн. Мөн Алтан дарь-Эхийн овооны тахилга наадамд түрүүлсэн шүү дээ. Дараа жил нь соёолон азарга төрийн наадамд аман хүзүүдээд, зүүн бүсийн наадамд дөрвөлсөн. Хаврын бүсийн анхны уралдаан Дүнжингаравт соёолон, хавчигтаа айрагдаж байсан. Ер нь надад ирээд 10 гаруй уралдахдаа бүгдэд нь цулбуур өргүүлсэн яахын аргагүй хурдан буян. Аргагүй л бурхнаас заяасан хурдан хүлэг гэж боддог юм би  хул азаргаа. Тийм ч учраас бурхан шигээ  дээдэлж явдаг даа.
-Тугал ухаагаа түрүүлнэ чинээ бо?ож байв уу?
-Түрүүлнэ гэж бодоогүй ээ. Монгол улсын Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг бид хоёр найзууд л даа. Бандгаа бид хэд Манлай уяач Билэгдэмбэрэлтэй нийлж нэг гал болоод морьдоо сунгаж байсан юм. Хул үрээ сунг?ануудад байнга өнгөлж байсан ч тэгтлээ итгэлтэй байгаагүй ээ. Харин Билэгдэмбэрэл “Матадын хул үрээ түрүүлчих магадлалтай байна”гэж нэг хүн ярьж байна гэсэн. Би ч дотроо “тийм юм гэж байхгүй байхаа” л гэж бодож байлаа. Хүн итгэдэггүй юм билээ./Инээв/ Яагаад гэхээр галаараа л сунгаж байсан болохоос биш төвийн адуунуудтай нийлүүлээгүй байсан юм. Харин бүр  Билэгдэмбэрэлийн борлог үрээг түрүүлнэ гэж бодчихоод борлог үрээ түрүүлбэл, миний хул үрээ ойрхон явдаг юм чинь айрагдчих байх гэж горьдож байсан.
- Уралдааныг нь хаана үзсэн бэ?
 -Гэртээ. Цагаан хөтөл уруудаад хөтөлж явна гэхээр нь суучихдаг болов уу яах бол гэсээр бариа руу дөхсөн. Тэр жил хул үрээ аргагүй  хурдан байсан болохоор цуцаагүй тэр чигээрээ ороод ирсэн. Тийм үед тогтож суухын аргагүй болдог юм билээ. Хүнтэй ч ярьж чадахгүй. Дэмий л  догдлоод.
-Төрийн наадамд морь түрүүлгэчихээд ирэхэд нутагийн зон олон хэрхэн угтсан бэ?
- Цэнгэлдэхэд орчихоод Дорнод аймгийн Матад сумын гэж цоллуулах юу юунаас илүү сайхан юм билээ. Өөрийн эрхгүй огшиж, дотроо мэлмэрч л байлаа. Дорнодчуудын минь заяа буян түшлээ дээ гэж бодогдоод нутаг руугаа ирэхийн түүс болсон доо. Ирэхэд ах дүү, найз нөхөд гээд бүгд л баяр хүргэж, амжилт хүсэж байсан.
- Тугал ухаа тэр үеийн хамгийн үнэтэй адуугаар тодорч нэг хэсэг шуугиулсан. Бат-Эрдэнэ 200 саяар авсан гэнэ гээд л...?
- Хүмүүсийн ярьж байгаа шиг тийм өндөр үнэ хүрээгүй ээ. Тухайн үед Баагий ах бид хоёр ярилцаж байгаад үндсэндээ бэлэглэлийн журмаар өгчихсөн юм. Тэр хүний монголын хурдан морины төлөө гаргасан хөдөлмөр зүтгэлийг хүндэлж явдаг учраас хул азаргаа бэлэглэсэн нь тэр л дээ.
- Бат-Эрдэнэ Манлай дээр очоод хэд уралдсан бэ?
 -Тэр жилээ  улсын наадамд тавлаад, өнгөрсөн жил долоотой азарга сунгаан дээр хөл нь доголгоод уралдаж чадаагүй. Энэ жил найм хүрч байгаа. Төрийнхөө наадамд тоосоо өргөж, түмэн олноо баярлуулах байхаа.
Ембүү зээрд аргагүй хурдан юм билээ
- Түүхт ойн түрүү зээрд азарганы уяаг мөн та тааруулж байгаа байхаа? Хэзээнээс тань дээр уягдаж байгаа вэ ?
-Энэ өвлөөс. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын адуу юм билээ. Өнгөрсөн жил төрийн наадамд түрүүлээд, Дундговийн наадамд дөрвөлсөн. Түүнийх нь дараа “Мон-Уран”-ы захирал Наранхүү Бат-Эрдэнэ ахад бэлэглэсэн юм билээ. Тэгээд Бат-Эрдэнэ ах надаар уяулна гээд авчирсан юм. Ирснээсээ хойш хоёр уралдахдаа нэг түрүүлж, нэг айрагдсан. Сүхбаатарт түрүүлээд, Дүнжингаравт таваар давхисан.
- Ер нь ямархуу уяатай адуу юм ?
- Хөнгөн талдаа уяатай. Аргагүй л хурдан мал юм билээ.
-Төрийн наадамд түрүүлж айрагдсан адуу уяач, эзний мэдлээс гарч ард түмний данстай болчихдог. Та тийм данстай адуу ганц нэгээр тогтохгүй уяж байгаа байх. Жишээлбэл Хүрлээгийн хүрэн соёолон байна?
- Тиймээ, Хүрлээгийн хүрэн соёолон Дорнод аймгийн Матад сумын унаган адуу. Энэ өвөл худалдаж авсан юм. 1,5 саяын бооцоот уралдаанд аман хүзүүдээд, сая Дүнжингаравт гурваар орсон. Ер нь бол Хүрлээ ахын хэдэн сайн адуу бий. Хүрэн халзан азарга нь байна. Хэдийгээр хөл нь тааруу байгаа ч гүү хураагаад явж байна. Өнгөрсөн жил хавчигтаа улсын наадамд 21-лэж, Говь Шанхын наадамд түрүүлж, Молор-Эрдэнийн мялаалганд  гурвалсан Яруу саарал  над дээр уяагддаг.
- Нэг Алдарт, нэг Манлай төрүүлчихсэн Цэндбаатар уяач өөрөө ямар цолтой вэ?
- Аймгийн Алдарч уяач цолтой. 2005 онд авсан.
-Улсын цолонд дөхөөгүй юу? Тугал ухаагийн эхэн үеийн амжилт тань дээр тооцогддог биз дээ?
- Миний хул азарга чинь бага насандаа их хурдалж байсан. Нас нийлээд уягдаагүй байгаа. Цаг нь болохоор улсын цол авах байлгүй дээ. Тэр талаар ач холбогдол өгч бодож байгаагүй юм байна. Адууныхаа удам угшлыг сайжруулаад явж байтал хурд төрөх байлгүй гэж боддог. Миний өөрийн хонгор халзан соёолон Сүхбаатарт түрүүлээд, Дүнжингаравт өнгөнд явж байгаад 11-р орсон.  Сая холбооны 15 жилийн ойгоор  зургааллаа. Үүндээ нэлээд итгэл хүлээлгэж, юм дуулгах байх гэж горьдож явдаг юм.
-Энэ асуултыг тавихдаа сэтгэл хангалуун байдаг. Таны хувьд хамгийн их сэтгэлд хоногшсон наадам хэдэн оны ямар наадам байсан бэ?
-Намайг хамгийн ихээр догдлуулсан наадам бол Тугал ухаа түрүүлдэг тэр жилийн наадам. Улсын наадмын дараа Алтан-Овооны тахилга наадамд мөн түрүүлж үнэхээр их баярлуулж байлаа. Энэ насны минь хамгийн бахархалтай үе тэр байсан байх. Аргагүй сайн алтан туурт эзнээ энгүй их баярлуулдаг юм билээ. Баярлуулаад зогсохгүй найз нөхөдтэй болгож, түмний дунд оруулдаг. Би хул азарганыхаа буянаар олонд танигдаж хүндлэгдэж яваа. Хэдэн мянган малтай байсан ч  хул азарга байгаагүй бол энэ газрын мухарт хэн намайг таних билээ дээ.
-Хул азарга өөр хүний нэр дээр анх удаа цоллогдоход хэр эмзэглэж байсан бэ? Зарим нэг нь нулимс захирагддаггүй юм билээ гэж ярьж байсан?
-Нэг тиймэрхүү болчихдог юм билээ. Тэгэхдээ адилхан моринд дуртай аавын хүүд очсон болохоор тэгээд ч өөрөө уяж байгаа болохоор гайгүй байсан л даа. Бүр зараад явуулчихвал ч барахааргүй янзтай шүү./инээв/
- Шарга азарганы төл түрүүчээсээ цахиур хагалж байна. Хул азарганы төлөөс горьдлого төрүүлж байгаа ямар хүлэг байна вэ?
-Дөрөв таван эрлийз гүү хураалгаад эхний төлүүд нь шүдлэн болчихсон. Энэ жил төрийнхөө наадамд нэг даагыг нь уралдуулах бодолтой байгаа. Анхны эр унага нь байгаа юм.
Нутгийн бурхчуулыг  дагаж загнуулах үедээ загнуулж, зодуулах үедээ зодуулж явсны хүчинд өдий зэрэгтэй явна
- Дорнод аймаг дундаа Матадын адууг хурдан хэмээн ярих хүмүүс байна. Та энэ дошны хүүхэд. Нутгийн цуут хүлгэдийн талаар яриа дэлгээч?
-Би Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр хайрханы бэлд төрж өссөн хүүхэд. Намайг багад Төмөр-Очирын хар гээд аймагт нэг, суманд нэлээд хэд түрүүлсэн хурдан азарга байж билээ. Тэр азарганы үр төл одоо ч гэсэн  хурдалсаар л байна. Их морь гэвэл таван мянгын шарга, Гөөгөө Батсүхийн хонгор, Товуугийн бор, Жадамбаагийн ухаа гэх мэтчилэн сайн хүлгэд байлаа. Ер нь тэр үеийн адуу одоогийнхтой харьцуулбал үнэхээр байжээ гэж боддог шүү.
- Юугаар нь тэгж дүгнэж  байгаа юм?
-Хэлбэр хийц, тэвчээр хатуужил, давхил гээд ер нь өөр дөө. Олон л газар наадаж, олон адууу харж байна. Тэгэхдээ тэр үеийн адуу шиг сайныг нь олж харахгүй л байгаа юм даа.
-Багын л адуунд нүдтэй хүүхэд байжээ дээ?
-Тийм шүү. Багын л моринд дуртай хүүхэд байсан. Манайх нэгдлийн адуу малладаг. Адуу цуглуулах, даага сургах гээд бидэнд ажил мундахгүй шүү дээ. 1988 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлт авч хөдөө мал дээр гарсан. Тэр үед манайх үржлийн 1500 адуутай байсан юм. Тэднээсээ шилж байгаад уянаа. Тэгж уяач болох гараагаа эхэлсэн дээ.
-Өөрөө л бие даагаад уячихаж байгаа хэрэг үү?
-Манайх дээр үеэсээ л хурдтай айл байсан гэдэг. Миний өвөө Хоршоо Самбуу гэж мундаг хурдтай хүн байсан гэдэг юм билээ. Ямар сайндаа нутгийхан “Самбуугийн хоньтой нь уралдсан ч гүйцэхгүй” гэж хошигнож байхав. Өнөөдөр өдий зэрэгтэй яваа маань тэдгээр адуунд дуртай өвгөдийн минь нөмөр нөөлөг, буян заяа байх гэж боддог шүү.
-Удам дамжсан уяачийн анхны айраг түрүү ямар наадмынх байсан бол?
-Хамгийн анх 1984 онд дөрөвдүгээр ангид байхдаа сумыхаа наадамд хязаалан аман хүзүүдүүлж байлаа. Бас болоогүй ээ өөрөө уяад хамаатныхаа Баяржаргал гэдэг хүүхдээр унуулчихаж байгаа юм. Тэгж анх морь уяж байлаа. Яваандаа нутгийн бурхчуулыг  дагаж загнуулах үедээ загнуулж зодуулах үедээ зодуулж явсны хүчинд өдий зэрэгтэй явна даа. Морио хөтөлж явахдаа нойрмоглолоо гэх мэтээс эхлээд зэмлүүлэх зүйл бишгүй гарна шүү дээ. Одоо эргээд бодоход тэр хүмүүсийн үг ямар ч ном судраас олохооргүй сургаал байж.
Адилхан моринд дуртай эр улс юу гэж үнэ хөлс авахав
-Тэр хүмүүс сайн уяач бэлтгэхээс гадна нутгийн адууг сайжруулсан байх?
-Тэгэлгүй яахав. Манай нутаг эртнээс хурдтай.  Дээр нь сүүлийн жилүүдэд  залуучууд нь адууныхаа удам угшлыг сайжруулахаар  гадна дотноос азарга оруулж ирсээр манай аймгийн хурдан морины хөгжил мэдэгдэхүйц сайжирч байгаа. Эрлийз буюу шинэ монгол адууны тухайд нийслэлээс дутахааргүй түвшинд яваа гэж би хувьдаа дүгнэдэг шүү. Аймгийн хэмжээнд нэлээд хэдэн хүн эрлийз адуутай. Манай сумын тухайд гэвэл би л байна. Монгол адууныхаа чанарыг сайжруулаад нутагт зохицсон адуу гаргаж авах хэтийн бодолтой л үзэж тараад байна. Оросоос ганц нэг цэвэр цусны  азарга, гүү оруулж ирсэн. Тэднийгээ Монгол адуутайгаа нийлүүлж цусыг нь сайжруулж байгаа. 
-Тэгвэл та ч эрлийз  адууг ялгаж уралдуулах шийдвэрийг талархан хүлээж аваагүй л юм байна?
- Өнөөгийн нөхцөл байдлын тухайд яривал зөв байх. Яагаад гэхээр нийтээрээ адуугаа эрлийзжүүлж чадаагүй байгаа. Яваандаа хөдөө хотгүй эрлийзжээд ирэхээр хүссэн хүсээгүй хамтдаа уралддаг болно доо. Гол нь тийм нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энд тэнд яваад харж байхад тухайн нутгийн боломж бололцоотой гэсэн нэгэн нь  цэвэр азар?а, гүү авааччихсан үржлийн ажил хийж байна. Үүнийг жаахан дэмжээд өгчихвөл нийтээрээ адууныхаа цусыг сайжруулчих боломжтой болох байх.
-Нийтээрээ эрлийзжүүлчихвэл монгол адуу гэдэг үүлдэр устах юм биш үү?
-Юмны учи? мэдэх хүмүүсийн ярих нь тийм боломжгүй л дуулдана. Тэгээд ч нийтээрээ гэдэг нь бүх адуугаа гэсэн үг биш шүү дээ. Тодорхой тооны буюу уралддаг хурдны чиглэлийн адуугаа цус холих тухайд ярьж байгаа юм.
- Таны азарганд нутгийнхан гүү хураалгаж байна уу?
-Хураалганаа, хураалгалгүй яахав.
-Зарим нэг нь тодорхой тариф  тогтоосон байх юм билээ?
- Адилхан моринд дуртай эр улс юу гэж үнэ хөлс авахав дээ. Гүүгээ хөтлөөд ирвэл хураалгалгүй яахав. Надад нэг бага азарга байгаа л даа. Тэрэндээ энэ хавраас юм уу дараа жилээс бригад дундаа гүү хураалгая гэж бодож байгаа. Юу байгаа түүгээрээ гэдэг шиг нутгийнхаа хэдэн адуунд дуртай эрчүүлд чадахынхаа хэрээр тусална  л гэж бодож байна.
-Уралдах адуугаа сумандаа тэжээж байна уу?
-Тиймээ, хоёр жүчээтэй. Түүндээ зургаа долоон азарга тэжээдэг юм.
 -Алдартад тусалдаг залуус бий биз. Гарын шавиа бэлтгэж байна уу?
- Багш шавь гэсэн албан ёсны юм байхгүй дээ. Миний ажилд тусалдаг олон сайхан дүү нар бий. Тэдэндээ үнэхээр их баярлаж явдаг. Морь айрагдаж түрүүлнэ гэдэг ганц хүний хөдөлмөрийн үр дүн биш шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа байх. Маш олон хүний хичээл зүтгэл, итгэл сэтгэлийн үр дүн юм. "Тод магнай" сэтгүүлээрээ дамжуулаад дүү нартаа баярлаж явдгаа хэлмээр байна.
Хүрлээ ах бид хоёрын ганзага нийлээд байх шиг санагддаг
- Алдартын хүүхдүүд аав шигээ моринд дуртай юу?
 -Манайх гурван хүүхэдтэй. Хоёр том нь охин. Бага нь хүү. Одоо  гурван ойтой. Эр юм гэсэндээ моринд сонирхолтой шүү. Намайг хаа явсан газар дагаад явдаг юм. Би багадаа тэгдэг байсан болохоор хүүгээ хараад гайгүй уяач болох болов уу гэж горьдож л байна.                                                   
- Дорнодод адууны наймаа идэвхжиж буй. Цэндбаатар уяач хэр наймаа хийж байна даа?
-Нэг үеэ бодвол адууны үнэ нэлээд өсчихөж. Суманд түрүүлж, айрагдсан адуу 20-25 саяын дундаж ханштай бай жишээтэй. Миний хувьд тэгтлээ их наймаа хийдэггүй ээ. Гэхдээ бас хоосонгүй. Өмнөговь руу хэдэн адуу зарсан. Тэр хавьдаа гайгүй давхиж байгаа сурагтай байна.
-За тэгвэл адуу хэр авч  байна?
- Яруу саарлыг хязааланд нь аваад Хүрлээ ахдаа өгч байсан. Мөн улсад тавласан бор морийг Хүрлээ ахад санал болгож авахуулсан. Мөн  Дүнжингаравт гурвалсан хүрэн үрээг авчих гэсээр байгаад авахуулсан нь оносон. Энэ мэтчилэн яриад байвал цөөнгүй жишээ ярьж болно. Товчхондоо бол Хүрлээ ах бид хоёрын ганзага нийлээд байх шиг санагддаг юм.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Манай сэтгүүлээр дамжуулаад нийт  уяачдадаа юу уламжлахсан бол?
 -Нийт монголчуудадаа, тэр дундаа бүх уяачдадаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд алтан тууртынх нь босоо цагаан хийморь үргэлж ивээж явах болтугай хэмээн ерөөж байна.
-Ерөөл бат оршиг

 А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна