Булганы наадмын сонин сайхнаас

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 26 -нд

Булган аймгийнхан шагнал хүндэтгэлтэй, дуу хууртай, уясан морьд нь хурдтай, дэвсэн бөх нь хүчтэй, онилсон харваачид нь цэцтэй, айраг нь амттай, ард олон нь баяр хөөртэй өргөн сайхан наадацгаалаа. Ийнхүү ирэх жилийн наадам хүртэл сэтгэлд уяатай дурсагдах энэ баяр наадмын сонин сайхнаас сорчлон хүргэж байна.
Амжилтын бэлгийн мялаалгатай баярын хурал
Ханд вангийнхаа хөшөөнд цэцэг өргөснөөр наадмын үйл ажиллагааны хүндэтгэлийг эхэлж, хөгжимт бүжгийн театрт болсон баярын хуралд Засаг дарга М. Оюунбат үндэсний их баярт өргөн барьсан бахдам амжилтын мэдээлэл бялхуулсан илтгэлийг хуралд оролцогчдод сонсголоо. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 22,6 хувь нэмэгдүүлснээр үндэсний хөгжлийн цогц бодлогод дэвшүүлсэн эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг хангасан дөрөв дэх аймаг болсон, 1012 өрхийн амьжиргааг дээшлүүлснээр нийт өрхөд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн эдлэх хэмжээг 17,1 хувь болгож, 6,3 хувиар бууруулсан, хүний хөгжлийн индексээрээ улсад тавд, мал сүргээ таван төрөл дээр өсгөж, 47 мянгаар нэмэгдүүлэн, нийт малаараа улсын хэмжээнд эхний дөрөвт орсон, 2011 оны ажлаараа шилдэг аймгууудын нэг болсон гээд бахархах амжилтын бэлгээр баярын хурлыг мялаалаа.
Гавьяат, одон медаль, шагналтнууд
Тэргүүний сайчууд төрийн болон салбар, аймгийн шагналууд гардан авч баяр дээр баяр нэмэв. 1969 онд УБДС-ийг төгссөнөөс хойш ард олныхоо үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх болон сургалт хүмүүжлийн ажлыг олон жил удирдан зохион байгуулж, багш захирлын албыг үр бүтээлтэй хашиж салбарынхандаа хүндлэгдсэн Г.Лхагвасүрэн Гавьяатын алдар цолоо Ерөнхийлөгчөөс гардан авсан бол нийгмийн халамжийн ахмад  ажилтан Г.Гаравсүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, Цэргийн гавьяаны одонгоор Л.Чулуунбаатар, Алтан гадасаар Т.Цэнддоо, Б.Ууганбаяр нарын дөрөв, Хөдөлмөрийн хүндэт  медалиар Б.Мөнхцэцэг, Л. Дашням нарын зургаа, мөн салбарын яам болон аймгийн шагналаар олон хүн шагнуулж хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.
Урлагийн тоглолт
“Уяхан замбуу тивийн наран”-гаар эхэлсэн хүндэтгэлийн тоглолт зочдоор дүүрэн байлаа. “Цогтын хадны дуут шүлэг”, “Цогтын цэргүүд” найрал дуу бүжгийг залган “Хувьсгалын дууны эвлүүлэг”, “Цэргийн чуулбар” бүжиг, “Ялалтын баяр”-аар залган “Нарны доорх наадам”, “Хурдан зээрд”, “Намхай аварга” дуугаар үргэлжлэв. Мөн монгол ардын болон дархад буриад ардын дуугаар түрлэг нэмж, “Эзэн заяатай Монгол эх орон”-оор өндөрлөсөн нь утга агуулгаараа ч, уран бүтээлчдийн ур чадвараар ч  үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа. Уугуул нутгийн алдартнуудаа төлөөлөн ирсэн МУГЖ Чулуунчимэг, Ширмэнтуяа, Ганчимэг нарын тоглолт баяр наадмын урлагийн арга хэмжээ, аваргуудын хөшөөт талбайд болсон “Үдшийн цэнгүүн”-нд өнгө нэмлээ.
Шарга азарга шандсаараа манлайлаа
Хурдан морь ирэхийг үзэх гэж, автобус, ачааны машин, хүний унаанд арай чамай дайгдан очдог байсан цаг түүх болон үлдэж, үнэ ханш, өнгө зүс, хийц загвар, хурд хүчээрээ олныг баясгасан төрөл бүрийн машинтай наадамчид барианы газар хуран чуулж, морьдын уралдааныг үзэцгээв. Жам ёсоороо азарга уралдлаа. Дагийгийн шарга үнэхээр үнэхээр шандастай юмаа хэмээн наадамчид магтав. Учир нь аймгийн энэ Алдарт уяачийн азарга гурав дахь жилийнхээ наадамд урдаа тоос татуулалгүй алтан жолоогоо өргүүлэн эзнээ баярлуулж, наадамчдын талархлыг хүлээлээ. Булганы уяачид азарганаас гадна хязаалан, дааганы уралдааны түрүү магнайг бүх айрагдсантай нь хамт, шүдлэнгийн түрүүг айргийн гурав, тавыг, соёолонгийн аман хүзүү болон дөрөвт айрагдсан морьдыг авсан ч их насны түрүү, айргийн гурав, тав, шүдлэнгийн аман хүзүүг Төв аймгийн Заамарт, их насны айргийн дөрвийг Орхон аймагт алдан “сургамж” авч хоцорлоо. Булган сумын Б.Шоовооны цавьдар даага үеийнхнийхээ хурдыг гүйцэлгүй “баян ходоод”-оор цоллуулж, ирэх жил түрүү магнай болох ерөөл тавиуллаа.
Шинэ цолтнууд
Булганы уугуул улсын Харцага Бор, улсын Начин С.Дэлгэрбат С.Ганхуяг нар хүрэлцэн ирж, зодоглосон нь нутгийнхаа бөхчүүдийн бяр мэхийг хурцаллаа хэмээн наадамчид талархалтай хандаж байлаа. Тус аймгийн бөхийн барилдааны өөр нэгэн онцлог нь шинэ начин, харцага, заан, арслан төрүүллээ. Тодруулбал: Тэшиг, Могод, Сайхан сумын О.Мөнх-Ирээдүй, Ө.Сүхбат, Б.Мөнхбаяр нар аймгин начин, Сайханы Д.Пүрэвдорж аймгийн харцага цол хүртэв. Баяр наадамд зодоглосон 256 хүчтэнээс бяр, хүчээрээ илүүрхэж, Хангал сумын Хялганат багийн харьяат Н.Мөнх-Ирээдүй үзүүрлэж, аймгийн заан Гурванбулаг сумын харьяат Онцгой байдлын газрын бөх Л.Амаржаргал түрүүлэн аймгийн арслан боллоо. Өсвөрийн 32 алдарт цолтой бөхчүүд ах нартайгаа зүлэг ногоон дэвжээнээ зодоглосноос Хутаг-Өндөрийн Б.Пүрэвдорж түрүүлж, Могодын Д,Түмэнхүү үзүүрлэн бөхийн холбооноос олгох алдар цолны болзлыг хангалаа. Энд тэмдэглэхэд Д. Түмэнхүү сумандаа түрүүлж, залгуулан аймгийн наадамд ийнхүү үзүүрлэсэн байна.
Аав, охин хоёр аваргалав
Нэгэн үе эрийн гурван наадмаас эрхий мэргэчүүд хасагдахад дөхөөд байсан бол сүүлийн жилүүдэд сурын харваа сэргэж бас шагайчид нэг төрөлд нь нэмэгдэн наадах боллоо. Сурын харваанд хөвгүүдээс М.Сосорбарам, охидоос Г.Намуун аваргалсан бол насанд хүрэгчдийн эрчүүдээс түүний аав аймгийн мэргэн Д.Галбадрах түрүүлж, эмэгтэйчүүдээс Л.Энхзул тэргүүлж аймгийн мэргэн цол авлаа. Шагайн багийн харваанд Сэлэнгэ аймгийн Т.Баттулга ахлагчтай баг түрүүлж, цуваа харваанд гоц мэргэн Г.Баасанхүү шалгарч, сурчид шагайчид онч мэргэнээрээ наадамчдыг шагшуулав.
                                                                                                                                                   Ж.Мөнх-Очир

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна