Хурдан ухаагийн хувьтай эзэн Шагдарын Дорждэрэм

А.Тэлмэн
2020 оны 6-р сарын 13 -нд

Ухаа адуугаар урамтай наадагч Шагдарын Дорждэрэм агсан 1924 оны долдугаар сарын 10-нд Бударын чулуу хэмээх газар айлын долоо дахь хүүхэд болон мэндэлжээ. Эх орны дуудлага иртэл мал маллаж байгаад цэрэгт татагдаж 1945 оны чөлөөлөх дайнд оролцон, Хятадын Чикэ хот хүртэл тулалдаж явжээ. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайхран тэмцэж явахдаа их буугаа чирэх, цаашлаад танк явахад зориулан чулуун зам зассан нь өдгөө ч Дарьгангын урд элсэнд бий гэнэ лээ.

Энх амгалан цагт эх орондоо харьж ирсэн тэрээр бригадын ухуулагчаар хэсэг ажиллаад Шар бүрдний төв дэх сүү тасгийн заводын мастер, заводын эрхлэгчээр тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Түүнээс хойш цагийн байдал зөөлөрч, уламжлалт шашин шүтлэгээ сэргээн товхинуулах үед Ш.Дорждэрэм нас ахисан хэмээн хойш суулгүй сумынхаа хийдийг үүсгэн байгуулахад гар бие оролцжээ. Түүгээр ч тогтолгүй бага балчиртаа үзэж, дуулсан номын тусыг үзүүлж, нутаг орныхондоо сар, өдрийн сайныг товлон таниулдаг байсан гэх юм билээ.

Удам судрыг нь хөөн шүүвээс том ах Батаас нь өөр адуу малтай ойр байсан хүн үгүй. Бат морь уяхгүй ч адуунд сонирхолтой, хүлэг эрдэнийг дээдлэгч нэгэн байжээ. Түүний улбаа болж өдгөө ач хүү Төгсмандах нь төрийн зарлигт наадамд уясан хүлгүүдээ айрагдуулан, аймгийн Алдарт уяач цолны эзэн болоод байна.

Харин нийтлэлийн гол эзэн Ш.Дорждэрэмийн тухайд морь уясан түүх нь 1960-аад оны сүүл 1970-аад оны эхэн үеэс эхэлдэг гэнэ. Бүрэн бус цуваанаас харахад, 1978 онд хар соёолон дөрөвт хурдлуулан анхны айргаа хүртэж байжээ. Гэхдээ түүнийг нэрд гаргасан хүлэг бол сумын баяр наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан хурдан хонгор морь нь юм.

Хонгор морь Халзан сумын адуу. Ш.Дорждэрэмийн ах аймагт шуудангийн жолоочоор ажилладаг Цээсүрэн Халзан сумаас эхнэр авчээ. Хадам талынх нь хүмүүс хүргэндээ морь бэлэглэж. Өөрөө ажилтай амжихгүй тул дүү Дорждэрэмдээ “Тэр морийг аваад ажил албандаа унаж бай” хэмээн хэлүүлжээ. Ш.Дорждэрэм ахын захиасыг биелүүлж, унахад тааруу, яваа муутай хонгор морийг авчирч ойр зууртаа унах болжээ. Тэгж байтал наадам ойртож эргэн тойрныхон нь уях морьдоо барьж хөнгөрүүлээд байх. Ш.Дорждэрэм өнөөх хонгорыгоо уях санаатай, жаахан ажил хийгээд сунгатал хоцроод ойр тойрныхондоо нэлээдгүй даапаалуулжээ. Гэсэн ч шантралгүй уясаар хонгор морь 1980 оны наадмаар аман хүзүүнд хурдалжээ. Энэ наадмын тухай түүний ач хүү Мэндбаяр ярихдаа: “Тэр наадамд уг нь манай хонгор морь түрүүлсэн юм билээ. Гэтэл морь бариачид нь андуураад гадны морь түрүүлэхгүй гээд арынх нь хүрэн моринд нэгийн пайз өгчихсөн юм гэнэ лээ” хэмээсэн.

Энэ талаар лавшруулан нягталбаас тэр жил Баяндэлгэрийн нэгдлийн дарга Ё.Рэнчин хурдан хонгор морьтойгоо ирж наадаж. Морь бариачид гаднаас сайн хонгор морь ирсэн тухай хэдийнэ дуулсан байсан тул түрүүлж ирсэн хонгорт бус, удаад ирсэн Санжийжамцын хүрэнд нэгийн пайзыг атгуулж, өнөөх хонгорт хоёрын пайз өгчээ. Гэтэл өнөөх нь гадны бус, Ш.Дорждэрэмийн хоцордог хонгор байсныг төд удалгүй мэдээд хэрэг мандахыг хүлээж байж. Харин Ш.Дорждэрэм уяач “Морин дээр хэл ам хийгээд яах вэ” хэмээгээд өнгөрсөн гэдэг. Ийнхүү хонгор морь нэг түрүүгээ алдсан ч дараа жил нь даагаа нэхэн түрүүлж, их асрын өмнө эзэн уяачаа алдаршуулан цоллуулж, 1982 онд аман хүзүүнд, 1984 онд айргийн дөрөвт тус, тус хурдалжээ.

Түүний морь уях төрийн хэрэгт оролцсон амжилт зүтгэлийг үнэлж, 2010 онд сумын Алдарт уяач цолыг олгосон байна.

А.Тэлмэн 

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.