Цадиггүй Цагаанаа

Сэтгүүлч
7 цагийн өмнө

Тэр багадаа бондойсон цагаан хүү байжээ. Аав нь хүүгээ өхөөрдөн “миний Цагаанаа” хэмээсээр нэг мэдэхэд хавь ойрынхон цөм л "Цагаанаа, Цагаанаа" хэмээн дууддаг болсон байв. Цагаанаа багадаа аавынхаа уясан морьдыг унаж уралдаад, сум орон нутгийнхаа наадмаас чамгүй олон айраг, түрүү хүртэн адтай одтойгоор сайшаагддаг хүү байжээ. 

Адуучин, уяач аавын хүү аз жаргалтай хүүхэд насны дурсамжаа үргэлжлүүлэхээр 2010 оноос эхлэн бие даан морь уяхаар шийдэж, тэр зунаа л “баллаад тавьж”...

Төв аймгийн Жаргалант сумын баяр наадмын эхний өдөр азарга, их нас, даага уралдахад 20 гаруйхан настай залуу гурван түрүүг дангаараа хүртэн, олныг шуугиулав. Болоогүй маргааш нь нэмээд дөрвөн айраг авчихаж. Үгүй ээ, ер ийм “танхай” байж болох уу даа.

Гараа сайн бол бариа сайн гэдэг гарцаагүй Цагаанаад зориулсан хэлц мэт. Амжилтын салхиа ийнхүү амжилттай хагалсан тэрээр дараа жил нь буюу 2011 онд Хөвсгөл аймгийн 80 жилийн ойгоор Галт сумын уугуул Жадамбаагийн сартай хүрэн морийг уяж айргийн тавд давхиулан том наадмын өмөө нээсэн юм.  Ийнхүү сумандаа уралддаг байсан залуу, аймгийн наадамд уралдан амжилт үзүүлдэг болов.

Харин төрийн зарлигт буюу засгийн газрын тогтоолт наадмын анхны хишгээ уул усны диваажин Увсын цэнхэр хязгаараас хүртсэн байдаг. 2015 онд болсон Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн уралдааны их насанд Төв аймгийн Жаргалант сумын уугуул Баттөмөрийн Гантөмөрийн сартай хүрэнг, сонгомол бага насны ангилалд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Дагвасамбуугийн Очирсүрэнгийн хээрийг тус тус түрүүлгэж, Б.Гантөмөрийн зээрд азарга, сартай хүрэн хязааланг айргийн гуравт давхиулжээ. Ингэж Цагаанаа уяач улсын бүсийн уралдааны амжилтаа эхлүүлсэн юм.

Хэдхэн сарын дараа 2016 оны “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд Б.Гантөмөрийн сартай хүрэн соёолонг тавд давхиулж, улирал хамаарахгүй уядгаа  таниулав.

2018 он АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадам. Улсын наадмын анхны хишгээ Д.Очирсүрэнгийн хул шүдлэнг айргийн дөрөвт давхиулан  хүртлээ. Төрийн наадмын хишиг хүртэж, төв цэнгэлдэхэд цоллуулж зогсох уяачийн жаргал буюу. Энэ цагаас эхлэн Цагаанаа улсын довтой уяач болсон юм.

2019 онд АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмаар Д.Очирсүрэнгийн хамар цагаан хүрэн соёолонг түрүүлгэж, сонгомол бага насны ангилалд Шагдаррагчаагийн Үнэнбатын хонгор халзан даагыг аман хүзүүнд хурдлуулан амжилтаа шатаар ахин нэг дээшлэв. Төрийн наадамд морь түрүүлгэх, түүнтэй зүйрлэх бахдал үгүй аж.

Улсын наадмын ар дээр Говьсүмбэр аймгийг зорин “Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд хүрэн соёолон, сартай хар морио тус тус аман хүзүүнд давхиулав.

Яг энэ өдрүүдэд хоймор нутагт болсон “Хотгойдын хурд-4” уралдаанд түүний уясан хоёр даага шил даран хурдалсан нь Ш.Үнэнбатын хонгор халзан /аман хүзүүнд/, Ц.Ананбазарын хээр /айргийн гуравт/ байлаа.

Ийнхүү 2019 онд Цагаанаа уяач улсын наадам, бүсийн уралдаанаас нэг түрүү, таван айраг хүртэв.

2021 он: Улсын наадам цуцлагдаж, гонсойн гундсан уяачдыг урмаар тэтгэсэн гурван бүсийн уралдаан. Цагаанаа уяач Сэлэнгэ аймгийг зорин очиж Б.Гантөмөрийн хар азаргыг айргийн тавд хурдлууллаа.   

2022 он: Дундговь аймгийн 80 жилийн ой, говийн бүсийн уралдааны сонгомол дунд насны ангилалд Чулууны Ганцогтын хамар цагаан хээр үрээг аман хүзүүнд хурдлуулж, хээр даагыг нь айргийн тавд давхиулав.

Энэ онд болсон Хөвсгөл аймгийн 90 жилийн ой, “Хотгойдын хурд-5” хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насны ангилалд Б.Гантөмөрийн сартай хээр морийг айргийн дөрөвт, сонгомол дунд насны ангилалд Миеэгийн Одмандахын сартай хээр хязаалан айргийн тавд давхиулж хоймор нутгаас ээлжит хишгээ хүртлээ.

Зүүн бүс, Сүхбаатар аймгийн 80 жилийн ой баяр наадмын сонгомол бага насны ангилалд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Д.Аваасүрэнгийн хулыг түрүүлгэснээр 2022 онд Засгийн газрын тогтоолт уралдаанаас  нэг түрүү, дөрвөн айраг хүртэв.

2023 он: Улсын баяр наадмын сонгомол бага насны ангилалд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Чулуундаваагийн Тамирын бэлэвсэн хээр даагыг түрүүлгэж, Ч.Ганцогтын хонгорыг дөрөвт давхиулав.

Тэр жил болсон Төв аймгийн 100 жилийн ой, төвийн бүсийн уралдааны сонгомол бага насны ангилалд өөрийн хээр даагыг аман хүзүүнд хурдлуулж, Ч.Тамирын хээрийг дөрөвт давхиулж, Хан Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд Д.Аваасүрэнгийн хүрэн халзан даагыг сонгомол бага насны ангилалд түрүүлгэв. Ийнхүү 2023 онд улс, бүсийн уралдаанаас хоёр түрүү, гурван айраг хүртлээ.

2025 он: Улсын баяр наадмын сонгомол дунд насны ангилалд Ч.Ганцогтын хонгорыг аман хүзүүнд хурдлуулж, Ч. Тамирын хээрийг дөрөвт давхиулаад, сонгомол бага насны ангилалд Ч.Ганцогтын сартай хээрийг түрүүлгэв.

Улсын наадмын дараа Өвөрхангай аймагт болсон Өндөр Гэгээн Занабазарын 390 жилийн ой, төвийн бүсийн уралдааныг зорьж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат аймгийн Алдарт уяач Бат-Очирын Батсүхийн сартай зээрд азарга, Ч.Ганцогтын халтар морийг айргийн гуравт, сонгомол дунд насны ангилалд Ч.Тамирын хээр үрээг айргийн тавд тус тус давхиулжээ.

Түүний дараагийн уралдаан ММСУХ-ны 30 жилийн ой, шигшмэл морьдын “Их хурд-10” уралдаан байсан бөгөөд морины олимпод өөрийн унаган тамгатай хээр үрээг /Б.Даваадоржийн/ айргийн гуравт давхиулан монгол улсад зохион байгуулагддаг бүх шатлалт уралдаанд бүх насны морь айрагдуулсан уяач болов.

Цадиггүй Цагаанаа гэсний учир энэ. Морь уясан цагаас эхлэн монгол төрийн зарлигт наадмаас долоон түрүү, 24 айраг хүртэн амжилтаараа цалгиж буй түүнийг Ганхуягийн Алтансүх гэдэг. 

А.Тэлмэн

7 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 122.201.31.237

    mundag daa

    Reply
  • 103.140.10.198

    Улсын алдарт хэмээх эрхэм цолыг энэ хүүд өгөхгүй бол хэнд өгөх вээ цаашид ч Манлай ,Тод манлай болноо

    Reply
  • 49.109.19.150

    Ulsiin aldart hemeeh erhem hundet tsoliig awah tsag n hediinee bolson ahiin maani tsoliig ogoh boltugaii

    Reply
  • 66.181.180.134

    за да?

    Reply
  • 103.168.34.11

    Эцгийн нэрийг цэвэрхэн өндөрт авч яваа дүү нарын минь нэг юм шүү дүүгийн минь уясан болгон нь түрүү айраг авч улсын дээд цолонд хүрээрэй дүү минь

    Reply
  • 202.126.88.122

    Миний дүү чинь бондойсон бор хүү байсан юм даа эмээ нь өхөөрдөөд Цагаанаа гэж нэрлэж байсан юм мундаг дүүдээ сайн сайхан бүхнийг хүсье.

    Reply
  • 66.181.161.243

    Хүн чанар сайтай мундаг залуу даа монгол эр хүний жудаг өрхийн ноён нуруу гэдгийг харуулсан мундаг залуу даа.

    Reply