Аймгийн Алдарт уяач У.Гантөмөр: Морь уях эрмэлзэл, зүтгэлээс гадна мэдрэмж чухал

Сэтгүүлч
2021 оны 5-р сарын 03 -нд

Номгон нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Уртнасангийн Гантөмөр 1973 оны 10 сарын 13-нд Ихбулаг хэмээх газар Номгон багийн малчин ард Ө.Уртнасангийн отгон хүү болон мэндэлжээ. Гурав дахь үеийн уяач түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдэг, ММСУХолбооны 20 жилийн ойн медаль, ММСУХ-ны Уяачийн алдар одон, ММСУХ-ны “Эрдэнийн очир” одон, МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, МЗХ-ны Алтан-Од медаль, Хөдөлмөр зүтгэл медалиар тус тус шагнасан байна.

-Шинэ зууны анхны Алдарт уяачдын нэг гэлээ. Хэдэн онд орон нутгийн дээд цолонд хүрсэн байна.

-2010 онд аймгийн чанартай наадмын гурван түрүү, 13 айргийн амжилтаар цол хүртэж байлаа. Үүнд сумдын тэгш ойн баяр наадам болон аймгийн наадам, аймгийн бүсийн уралдаанууд хамаарна. Хангийн отрядын 70 жилийн ой ч бас энэ болзолд хамаарч байсан. Энэхүү амжилтуудаараа Ханбогд сумын XXI зууны анхны аймгийн Алдарт уяа болж байсан юм.

Өмнөговьд “Ирээдүйн түмэн эх” гэж Засаг даргын нэрэмжит аймгийн бүсийн уралдаан болдог. Би энэхүү уралдаанд хоёр жил дарааллан оролцож, тогтмол айраг хүртсэн. Эхний жил даага, шүдлэн хоёртой очоод даагаа айргийн гуравт давхиулж, давхар уяагаар аймгийн наадамд хоёуланг нь таваар давхиулсан. Ийнхүү эхний жилээ аймгийн чанартай уралдаанаас  гурван айраг хүртсэн. Дараа жил нь 2008 онд дахин хоёр үрээгээ авч очоод “Ирээдүйн түмэн эх”-д шүдлэн нь гурвалж, аймгийн наадамд хоёул айрагдсан. 

-Аймгийн чанартай наадмын анхны айргийг авчирсан үрээнүүд таны унаган адуунууд уу?

-Цагаан ташаатай хээр даага нь миний унаган адуу. Хар азарганы маань төл байгаа юм. Хар азаргаа би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Тэрбиш гэдэг хүнээс авсан. Дорноговийн Өргөний адуу гэнэ лээ. Бүүр цаад угшлыг нь хөөвөл Сүхбаатарын Эрдэнэцагааны Тожин ногоон адуу болдог гэсэн. Эх нь манай өөрийн гүү. 2008 оны Өмнөговь аймгийн зүүн бүсийн уралдаанд мөн аман хүзүүдсэн. Би Хангал хээр гэдэг юм. Хонгор шүдлэн нь болохоор Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, сумын Алдарт уяач Тогмидын Ганбаатарын унаган адуу. Дарцаг хонгор гэдэг юм. Манай найз өвгөнд бэлгэнд ирснийг би уяж аймгийн баяр наадамд хоёр айрагдуулсан.

-2009 онд хэрхэн уралдсан бэ?

-2009 онд сайн уралдсан. Аймгийн баяр наадмаас хоёр айраг, аймгийн зүүн бүсийн уралдаанаас нэг аман хүзүү, сумдын наадам, багахан уралдаанаас гурван түрүү найман айраг хүртсэн байна.


-Хоёр үрээний амжилт нэлээдгүй хувийг эзэлдэг бололтой.

-Би 2011 оноос хойш аймгийн наадамд яваагүй. Сумдын наадмуудад бол хоёул хэд хэд түрүүлж, айрагдсан. Дорноговийн Хатанбулагт Хангал хээр хоёр гурав ч түрүүлсэн. Дарцаг хонгор нь хоёр ч айрагдсан байх. Одоо хоёул бүдүүн морь болсон. Уягдахгүй байгаа. Төрийн алба хашдаг болчихсон чинь зав муутай, тэр бүр адуу руугаа явж чадахгүй, морь уяхгүй байна.

-Алдартын магнайг тэнийлгэдэг ямар аргамаг хүлгүүд нэг хоёроор тогтохгүй байх.

-2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хар азарга сумын наадамд айргийн гуравт хурдалсан. Мөн хоёр даага айрагдсан. Дорноговийн Хатанбулаг сумын баяр наадамд очиж Дорноговь аймгийн Алдарт Болоож гуайгаас авсан хонгор нь аман хүзүүдээд, ногоон морь түрүүлж, өөрийн унаган шүдлэн болон хоёр  даага айрагдсан.

800 жилийн ой гэдгээрээ тэр жилийн сумдын наадмыг аймгийн статустайд тооцсон юм. Түүний өмнөх жил буюу 2005 онд Хангийн отрядын 70 жилийн ойд хээр морь айргийн таваар орж, ногоон морь, хээр соёолон түрүүлсэн юм байна. Эдгээр амжилтуудыг үндэслэн 2010 онд аймгийн Алдарт уяач цолыг олгож байлаа.

-Хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим бэ? Өөрөөр хэлбэл та хэдий үеэс хурдан морь уясан юм бэ?

-Би 1990 оноос морь уясан хүн. Наймдугаар ангиа төгсөөд сургуульд явах гэж байснаа хаячихаад хөдөө гарч морь уяад бор хязаалангаа түрүүлгэсэн. 16 настай хүүхэд Зундуйн Цог гэж сумын Алдарт уяач ахаараа заалгаж уяад түрүүлгэж байсан. Тэр цагаас аймаг, сумын наадмаас 29 түрүү, 80 гаруй айраг хүртсэн байна. 

-Өндөр амжилт үзүүлжээ. Онцгой хурдалсан хүлгүүдээсээ танилцуулаач.

-Хар азарга маань л намайг нэрд гаргасан даа. Наадам ховорхон байх үед чанартай уралдсан хүлэг байгаа юм. Ер нь бага наадамд уралдаагүй. Өвлийн уралдаанд хоёрхон уралдаж нэг аман хүзүүдэн, нэг удаа айргийн тавд давхисан. Сумын наадамд гурав түрүүлж, зургаа айрагдсан. Ер нь арав гаруй уралдахдаа дөрвөн удаа зургаалж, бусдад нь түрүүлж, айрагдсан адуу. 

За дараагийнх нь хар ногоон морь маань байна. Ханбогд сумандаа хоёрхон уралдахдаа нэгд нь зургаалж, нөгөөд нь айрагдсан. Дорноговь талдаа бол сайн давхисаан. Намайг таниулсан хүлэг байгаа юм. Сулинхээрийн отряд байгуулагдахаас өмнө Хангийн отряд гэж байж. Түүний 70 жилийн ойн том наадам болоход миний хар морь, хээр соёолон хол түрүүлсэн.Тэр их сайхан дурсамжтай наадам болсон юм. Би их морь, соёолонтой очоод хоёуланг нь түрүүлгэчихлээ. Дараа дараагийн нас уралдахад хүмүүс “өнөө Гантөмөр гуайн морь юм гэнэ лээ” гэгчлэн ярихыг үзэгчдийн дунд зогсоод сонсох сайхан л юм билээ. Намайг нас намбатай сайн уяач л гэж бодсон байх. Тэгээд морио цоллуулах гээд гарахад “жаахан залуу байна шүү дээ” гэцгээж байсан. Өөр аймаг, сумын нутагт  нутгийнхаа нэрийг дуурсгах сайхан. 

-Тэгэлгүй яахав. Уяачийн бас нэгэн бахдал шүү дээ.

-Хурдан хүлгүүдийнхээ буянаар тэр бахдалыг олонтаа мэдэрсээн. Сүүлд Хэнтий аймгийн Баянмөнх сумын гаралтай нэг цавьдар морь авчирч, Хатанбулаг суманд гурав, Ханбогд суманд мөн адил гурав түрүүлгэсэн. Тэр цавьдар морь том жижиг наадмаас 14 айраг, түрүү хүртсэн, бас л хурдан хүлэг.  

-Нэг үе уясан болгон тань түрүүлж, айрагдан одтой наадаж байжээ.

-2000-2010 оны хооронд очсон наадам болгоноосоо айраг, түрүү хүртэж байсан шүү. Аз, өм ч байсан байх. Өөрийн хөдөлмөр зүтгэл ч нөлөөлсөн байх. Санаа, сэтгэл нийлж хамтран морь уядаг уяачдын минь хөдөлмөр зүтгэл ч бас бий. Хүмүүс “аз, өм арван жилийн давтамжтай явдаг” гэж ярьдаг шүү дээ. Би түүнийг үнэн гэж боддог. Баян-Овоо сумын наадамд манай сумын нэлээд хэдэн уяач явсан юм. Би гурван азарга хөтөлж очоод дөрөв, тав, зургаагаар давхиуллаа. Манай сумын уяачид бүгд л айраг, түрүү хүртэж, манай галын гишүүн, сумын  Алдарт уяач Эрхэмбаатарын хурдан хүрэн морь түрүүлж байлаа. Тэгэхэд Ханбогдынхон намайг “алтан хоолтой хүн” хэмээн магтаж байсан юм. /инээв/

-Ямар учиртай үг магтаал билээ.

-Морины хоолыг сайн тааруулдаг гэж байгаа юм. Уяа нь зөв байхад хоолны тал дээр өөрийгөө алдахгүй гэж боддог. Ер нь морины хоол тааруулна гэдэг уяачийн мэдрэмжийн асуудал. Онгирч байгаа юм биш. Буруу хоолтой морийг хараад мэдэрнэ.100 өдрийн уяанаас нэг шөнийн хоол гэж  зүгээр ч нэг хэлчихсэн үг биш. Энэ тал дээрээ өөрийгөө тоож явдаг.

-Энэ чадварт хэрхэн суралцсан бэ?

-Өөрийн төрсөн ах Цог гэж хүнээс. Морины хөлс, хоолны талаар  анхны мэдэгдэхүүн авсан. Тэгээд газар газрын олон сайхан уяачтай нийлж, нөхөрлөж явахдаа мэдэхгүй, чадахгүйгээ асууж зөвлөдөг байлаа. Энэ мэтээр наадмаас наадмын хооронд, уралдаанаас уралдаанд суралцсаар явна. Тэгээд би боддог юм. Уяач хүнд морь уях эрмэлзэл, зүтгэлээс гадна мэдрэмж чухал. Мэдрэмжээс илүү билгийн мэлмий чухал. Билгийн мэлмий нь нээгдсэн хүн өөр юм билээ.

-Авмал адуугаар нэлээд уралджээ. Ханбогдынх гэж дуулахаараа үнээ өсгөдөг болов уу хэмээн харддаг юм. Таны авсан хамгийн өндөр үнэтэй адуу аль нь вэ?

-Хар азарга. Би шохоорхоод санал тавьсан өвгөн эхлээд өгөөгүй юм. Тэгээд 2003 онд хүүгээрээ хөтлүүлээд явуулсан байсан. Тэгээд надад “За Ганаа би хар азаргаа хүүдээ хөтлүүлээд танай сум руу явууллаа. Айрагдуулж чадвал чи аваарай. Миний өм дутдаг юмуу зургаалаад байх юм” гэсэн. Хар азарга дөрвөн удаа зургаад давхисан гэж хэлсэн шүү дээ. Түүний хоёр нь өөрийн эзэн дээр байхдаа юм. Тухайн үед би бага залуу байсан болохоор хүмүүст тоогдоггүй байж. Гэтэл Тэрбиш гуай намайг тоож тийнхүү итгэл хүлээлгэсэн учраас амихандаа хичээж хүү Хишгээтэй нь хамтран хэд хоног тойглож, тордож байгаад Ханбогд сумын наадамд таваар давхиуллаа.

Уралдах өглөө тохомыг нь булгын хүйтэн усаар норгож мордуулаад, өөрөө мотоцикльтой дагасан юм. Ингээд ямартаа ч өвгөний захиасыг биелүүлсэн.

Тэгээд дараа жил нь хар азаргаа авъя гээд очсон “Хатанбулаг сумынхаа наадамд уралдуулаад айрагдвал өгөхгүй, айрагдахгүй бол өгнө” гэж байна. “Та Ханбогдод айрагдвал өгнө гэсэн шүү дээ” гэтэл “за яахав тэгвэл айрагдвал үнийг нь өсгөж өгнө. Айрагдахгүй бол бодож байгаадаа өгнө” гэж байна. /инээв/ Сумын наадам болсон хар азарга зургааллаа. Хэд ч гэсэн хар азаргаа авъя гэж шийдээд өвгөнтэй уулзтал “гэдэс хоол нь солигдоод, уяа нь тавигдаад ижилдээ хэд хоног амарч аваг. Тэгэхээр нь чи ирээд аваарай” гэсэн. Хатанбулаг сумын наадам 7-р сарын 8,9 нөөр болсон санагдана. Би найман сар гаргаад давхиад очлоо. Тухайн үед адуу 50 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Өвгөн “ах нь хар азаргаа 500 мянган төгрөгөөр өгнөө” гэж байна. Би “авъя аа” л гэлээ. Тэр үед мал малладаг, бэлэн мөнгө гэхээр юмгүй. Сулинхээрийн отряд унаа хөсгөнд ашиглах сайхан бүдүүн атыг 250,000-р, сайн морийг 50,000 төгрөгөөр авдаг байсан юм. Тэрбиш гуайтай уулзчихаад буцаж ирээд хоёр сайхан ат тууж аваачиж тушаагаад, 500,000 төгрөг бэлэн барьж очиж хар азарга авч байлаа.

-Зорьж авсан адуу хэргээ гаргадаг даа.

-Гаргасан, гаргасан хөөрхий. Тухайн үед хүмүүс “Энэ Ганаа чинь солиорчихсон байна. Адуу 50 мянга байхад 500 мянга болгож авлаа” гээд л зэмлэж  байлаа. Тэр бүү хэл Хатанбулагийн зарим нэг уяачид “чи суугаад сурчихсан, давхихаа байсан азаргыг 500,000 төгрөгөөр аваад” гэж хүртэл хэлж л байсан. Би өөрөө авна гээд шийдчихсэн учраас алийг нь ч тоогоогүй.

Хойтон жил нь хар азаргаа уяад Ханбогд сумынхаа 80 жилийн ойд мордуулсан зургаалдаг юм. Дундговийн Түмэнгийн шарга азаргатай уралдаад, газар болоогүй байхад шахуулчихсан. Морь барианы газрын доохно талд дөрөв дээр явж байтал тэнгэр дуугарч хүйтэн бороо асгараад... 1,2 км дутуу байхад гэсэн үг. Тэгээд духайсаар, духайсаар 40-өөдхөн метр дутуу байхад шогшиж алхсаар зургаалж байлаа. Эхний дөрвөн азарга их хол тасарсан тулдаа зургаалж байгаа нь тэр.

-Нимгэн мордсон юмуу?

-Би гарцаагүй түрүүлгэнэ гээд уяаг нь тулгаж, их нимгэлчихсэн юм. Туранхай азарга нэмнээгүй, бороонд шалба норохгүй юу. Азарга зургаалчихаад сэтгэл гундуухан байтал нутгийн уяачид ирж баяр хүргээд “Ганаа уяач болжээ” гэх нь даапаалаад ч байх шиг./инээв/ Залуу хүний уясан азарга сумын тэгш ойд дээгүүр давхилаа гээд баяр хүргэж байгаа нь тэр л дээ. Тэгээд хойтон жил нь сумынхаа наадамд айргийн дөрөвт давхиулж,  хар азарга бид хоёр санасандаа хүрсэн. Түүний дараагийн жил буюу 2006 он  Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тарган уяад гуравт давхиулсан. Азарга барианд орсны дараа сумын Засаг дарга ирэхийг хараад “том ойд азаргаа айрагдуулсанд баяр хүргэе” гэх нь гэж бодтол “нутгийн азарга түрүүлэх гэж байхад чи дарсаар байгаад гуравлуулчихлаа” гээд зэмлэдэг байгаа. /инээв/

-Хэт хаширлажээ дээ.

-Том ой гээд олон газрын хурд цугларчихсан. Эхний хэдэд манай Ханбогдын азарга байдаггүй. Би тарган мордсон гэж хаширлаад хар азаргаа долоо найм дээр даруулаад байгаа. Таван км дутуу байхаас жаахан,жаахан ахиулсаар байгаад айрагт оруулаад ирсэн. Хамт яваа улс “одоо явуул” гээд байдаг. Би “болоогүй” гээд хүүхдэдээ дохио өгөхгүй, даруулаад байгаа. Дотроо зургаалчихаж мэднэ гэж хаширлаад байгаа. Тэгж даруулсаар байгаад үзүүр дээр нь ухасхийлгэсэн түрүүний хоёр азарган дээр нийлээд, зөв талаар нь дөрөө дэрлээд зэрэг шахуу барианд орлоо. Түрүүний  азарга шогшоод, аман хүзүүний азарга зугуухан цогиод, миний азарга хар эрчээрээ орсон.

Тэгтэл Буяа дарга нударгаа савчуулаад айсуй. Магтаал сонсох гээд инээгээд тоссон байдаггүй загнуулсан. /инээв/ Араас нь сумын уяачдын холбооны дарга Энхээ ах ирээд “Чи чинь яачихсан хүн бэ. Явах гээд байхад нь явуулахгүй дарсаар байгаад гуравлуулчихлаа” гээд бас загнадаг юм. Тэр хоёрын араас нь сумын орлогч дарга ирж, бас л загналаа. /инээв/

-Арай эрт шахуулах байж.

-Харин тэгэх байсан байна лээ. Олон зургаалчихсан болохоор түрүүлгэхээс илүүтэй айрагдуулаад өмийг нь нээнэ гэж бодож байсан болохоор миний хувьд тэгтлээ харамсаагүй. Ингэж л хар азарга, Гантөмөр хоёр нэрд гарсан. Тэгээд дараа жил нь Хатанбулаг сумын наадамд аваачаад аман хүзүүнд хурдлуултал “айрагдахааргүй адууг үнэтэй адуу авлаа” гээд баалж байсан хүн “Чи сумын хурдан адууг хямдхан авсан шүү” гээд агсамнаж билээ. /инээв/ Хар азаргаа “Говьшанхын хурд-3”-д уяж байгаад хөлийг нь муутгачихаад, түүнээс хойш уралдуулаагүй.

-Санаанд хүрсэн адуугаа үнэтэй ч гэсэн авах ёстой юм шиг. Ингэхэд хар азарганы төлүүд хэр хурдалсан бэ?

-Төлүүд нь бүгд давхисан.Таван хар даага хөтөлж авчраад нэг, хоёр, гурав, дөрөв, зургаад давхиулсан. Өрөөлд очсон нь ч давхидаг. Айрагдлаа, түрүүллээ л гэдэг юм. Одоо ч гэсэн охин төлөөс нь гарсан адуунууд зүүн талаар давхиж байгаа дуулддаг.

-Өөр таны урмаар тэтгэсэн ямар хурдан буян

гууд байна вэ?

-Уявал адуу бий, бий. Гадагшаа уралдаж чадахгүйн дээр өөрийн эдийн засгийн бололцоогоо хараад хоёр л адуу тэжээдэг  юм. Ноднин хоёр үрээ уясан хоёулаа л хэд хэд айрагдсан. Би ер нь жүчээний адуу уяж багаагүй хүн. Дандаа бэлчээрээр нь уядаг.

-Морь уяад 30 жил болжээ. Өөрийн арга туршлагаас нутгийн залуустай хуваалцана биз.  

-2008 онд нутгийн хэсэг уяачидтай хамтран “Номгон хүлэг” галаа санаачлан  байгуулсан. Зорилго нь адууныхаа удам угшлыг сайжруулах, өв соёл болсон морь уях арга ухааныг зааж сургаж, дадуулах, залуу уяачдаа идэвхижүүлэх. Ийм зорилго өвөртлөн нэгдсэн  уяачид Ханбогд сумандаа анхны гал уяаг байгуулж байлаа. Өдгөө  30 гаруй уяачтай болтлоо өргөжиж. Галын тэргүүнээр сумын Алдарт уяач Ц.Сайхандэлгэр ажилладаг. Манай галаас аймгийн Алдарт уяач хоёр,  сумын Алдарт уяач 15 төрөн гарсан байдаг юм. 2018 онд арван жилийн ойгоо тэмдэглэсэн.


-Ихэнх нь цол хэргэмд хүрчээ...

-Аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалан, Сумын Алдарт уяач Ц.Сайхандэлгэр, У.Цэнд-Аюуш, Д.Эрхэмбаатар нарын уяачидтайгаа хамтраад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв, Дундговь, Булган зэрэг аймгуудаас хурд залан ирж галынхаа адууг сайжруулснаар аймаг, бүс улсын наадмаас айраг түрүү олноор хүртэхийн зэрэгцээ алдарт уяачид шинэ залуу уяачид олноор төрөн гарч байна.

-Ингэхэд танайхан хэдэн үеэрээ хүлгийн хиймориор цэнгэсэн улс вэ?

-Миний мэдэхийн гурван үеэрээ морь уяж, сойж байна. Манай эмээгийн аав Гомбодорж Тайж хурдан морьтой хүн байсан гэдэг. Тэр хүнийг залгамжлаад ногоон Зундуй гэж манай нагац ах буюу эмээгийн төрсөн дүү морь уяж байсан. Шилийн сайн эр гэгддэг гэдэг юм. 13 настай байхдаа байрны хүүхдийн боов хулгай хийж идсэн хэргээр шоронд яваад Өмнөговийнх гэдгээ нууж Дорнодын нэр зүүдэг байж. Тэгээд шоронгоосоо оргож Хөвсгөлийн Хянганы нурууны шилд гарч, гурван жил амьдарсан юм гэнэ лээ. 1950-иад оны үед оргоод баригдахгүй болохоор нь “хүрээд ирвэл суллана” гэж. Хянганы нуруу чоно ихтэй бариулчих гээд байсан тул өөрөө хүрч очоод гурван сар ажиллаад нутагтаа ирсэн түүхтэй. Хоригдож байх хугацаандаа 10 удаа оргож, 10 удаа 10 жилийн ял сонссон гэдэг юм. Барагтай хүн оргохооргүй юманд хийчихэд гараад явчихдаг байсан гэнэ лээ. Сүүлчийн сайн эрсийн нэг, ном зохиолд оруулна гээд хүмүүс надаас асууж тодруулдаг юм.

-Чанга эр байжээ.

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутаг Хар нүдэн гэдэг газар 1910-аад оны үед төрөөд 1979 онд нас барсан хүн. Гэгээнтэн ах нь  ирж хоносон шөнө эх нь амаржиж. Хүү мэндлэх үед нь гэгээнтний хоёр морь ирээд төрж байгаа талын гэрийн хаяанд наалдаад зогсчихсон байсан гэдэг. Мөн хүүгийн нүүр амнаас нь гэрэл цацарч байсан тухай  ч яриа бий. Энэ шинж байдлыг нь хараад нагац ах нь “энгийн бус хүүхэд төрлөө, сэвтүүлчихвээ” хэмээн захиж. Нөгөө айл амьдрал ахуй сайнгүй байсан тул хажуу айлаасаа шөлний мах гуйтал хулгайн замаар орж ирсэн хонины гуя өгч, түүнээс нь сэвтсэн гэдэг юм.

-Сонирхолтой түүхтэй хүн юм.

-1954 онд гарч ирээд нэгдэл байгуулагдахад зэрлэг адуу гаршуулах ажил хийж байсан. Төрийн нууцтай холбоотой ажлаар ийш тийш их явуулдаг байсан юм билээ. Нас барахад нь үнэхээр нас барж уу үзэж, шалгаад ир гээд улс төрийн товчооноос хүн явуулж шалгуудж  байсан гэж ээж маань ярьдаг байсан.

-Айл орон болж, эхнэр хүүхэдтэй болж амжаагүй юм уу? Хэзээнээс морь уяж байсан юм бол?

-Улаанбаатарт Төмөр, Өмнөговьт Өлзийбаяр, Жавхлант багт бас нэг хүүхдийн нэр бий. Эднийг л Ногоон Зундуйн хүүхэд гэдэг юм. Адуу мал харж байхдаа  морь уядаг байсан гэдэг. Миний мэдэхээр суманд сартай ухаа азарга түрүүлгэж байсан. Түүнээс өөр мэдээлэл над алга. Ямартаа ч насаараа  адуу маллаж, адуутай харьцсан. Миний төрсөн ах Цогийг үрчилж аваад дагуулан морь мал уяж байсан гэдэг.  

-Цог гуай хэдэн онд төрсөн хүн бэ. Нэрийг нь гаргасан ямар ямар хурдан хүлгүүдтэй байсан бэ?

-1962 оны бартай гэдэг байх аа. Хээр морь, сартай зэгэл азаргатай байсан.Цэргийн газар ажиллаж байгаад 1990-ээд оноос хойш сумын хэмжээнд уралдаж, сумдын наадмаас 10 гаруй айраг хүртсэн.  Айраг сумаас зээрд адуу авчирч сумын наадамд айрагдуулж байлаа. Зээрд голдуухан адуутай. Одоо хоёр хүү нь морь уядаг. Сумандаа морь айрагдуулаад л байдаг юм. 1990 оны цагаан морин жилийн наадамд ах зээрд азаргаа долоогоор давхиулж, миний бор үрээ түрүүлсэн юм. Тэр наадмыг ах маань одоо ч дурсан ярих дуртай.

-Тантай ярилцах сонирхолтой байлаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд дахин талархал илэрхийлж, морьтны соёлыг түгээх үйлсэд нь амжилт хүсье.

-Та бүхэнд ч баярлалаа. Сэтгүүлч таны үзэг нь хурц байг ээ. Та бүхэнд ажлын өндөр амжилт сайн сайхан бүхний дээдийг хүсье. Төрийн ажил хийгээд морь малаа уяж, хурдлуулах завгүй л явна. Ажил төрөл амжаад ирэхээр морио уяна даа.

Б.Хастөр

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна