Нийслэлийн МСУХ-ны тэргүүлэгч Г.Баяржавхлан: Хоёр өвөөтэйгөө үзсэн наадам сэтгэлээс гардаггүй

Сэтгүүлч
2023 оны 5-р сарын 08 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ганчулууны Баяржавхлангийн ярилцлагыг хүргэж байна. 

-Таны өндөр өвөө Содномын Ганчулуун хоёр ч дайнд оролцож явсан, баялаг намтартай хүн. Та бол түүнийг мэдэх хамгийн ойрын хүн нь. Энэ ч утгаараа таныг өвөөгийнхөө талаар сонсууштай сайхан түүх өгүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна?
-Миний өвгөн аав 1917 онд хуучнаар Төв аймгийн Нялга сум, одоогийн Баянжаргалан суманд төрсөн. Бага залуу насаа мал маллаж, морь уяж байгаад 1937 онд цэрэгт татагдаж тухайн үеийн Дорнод аймгийн Тамсагбулагийн зургадугаар морьт дивизэд хүнд пулемётын буудагчаар томилогдон, 1939 оны Халх голын байлдаанд оролцсон юм билээ. Мөн 1945 оны империалист Японы чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын ахмад дайчин хүн байсан. Өвгөн аав маань өөрийн садангийн ах Доноодойн хамт улсын баяр наадамд оролцож, хээр шүдлэнгээрээ Төв аймгийн Баянжаргаландаа төрийн наадмын анхны айраг, түрүүг авчирч байсан түүхтэй. Тэр үед Доноодой гуай үндсэн уяачаар, өвөө маань туслахаар явж, хоёр шүдлэн мордуулснаас өвгөн аавын хээр шүдлэн түрүүлж, Доноодой гуайн бор шүдлэн дөрвөөр давхисан гэдэг. Тэр наадамд өвгөн аавын азарга, даага хоёр нь бас төрийн наадамд зургаалсан. Түүнээс хойшхи түүх нь Даваахүү гуайн номонд дэлгэрэнгүй сайхан бичигдсэн байдаг даа.
Өөрийнх нь ярьснаар бол хожим 1973 онд хээр соёолон морь улсын баяр наадамд таваар давхисан гэдэг. Тэр нь манай эмээгийн талынхны адууны угшилтай юм гэнэ лээ /“Нүд” Гэндэн гэдэг хүний/.
-Та Ганчулуун гуайнд өсч торнисон хүүхэд. Энэ ч утгаараа үүх түүхийг нь сайн сонсож, эрдэм ухаанаас нь чадахынхаа хэрээр суралцсан биз ээ?
-Би их азтай хүн. Би Ганчулуун өвөөгийндөө өсч торниод, түүнийг бурхан болсны дараа ээжийнхээ төрсөн аав Бат-Очир өвөөгийндөө очсон юм. Ингэж хоёр өвгөн аавынхаа морь малын ажилд нь туслаж, уяаны эрдэмд нь суралцсаар өдий зэрэгт хүрсэн. Нэгэн үе сургууль соёл гэж хот хүрээнд суугаад, өвөлдөө бол малаас бага зэрэг хөндийрсөн. Зундаа бол ганц жил ч хөндийрөөгүй.


-Ганчулуун гуай хэдэн жил улсын баяр наадмыг зорьж, хэдээс нь айраг, түрүү хүртсэн юм бол? 

-Сайхан асуулт байна. Би даанч тодорхой мэдэхгүй юм. Ээж маань зургаан настайдаа улсын баяр наадамд ирээд, өдөрт нэг нас мордуулдаг байсан гэж ярьж байсан. Ямартаа ч Гангатай хамт хоёр ч удаа улсын наадмыг зорьсон гэдэг юм. Манай Өвгөн шарга гэж сайхан азарга байсан. Дашбаатар ах унадаг байлаа. Нэг жилийн наадмаар Өвгөн шарга азарга наймд давхисан ч цуваан дээр 15-д гэж тэмдэглэсэн байдаг юм билээ.  Анх морин тойруулга байгуулагдаад, Ардын хувьсгалын 40 жилийн ойн баяр наадмын дараа тойруулгын уралдаан болсон. Улсад уралдсан бүх морьдыг л уралдуулсан юм билээ. Тэгэхэд манай шарга азарга түрүүлээд, маргааш нь манай Их халиун морь түрүүлсэн байдаг. Тэр наадмын морины бай шагнал одоо ч манайд, надад бий. Өвгөн аав маань хожим багийн даргаар ажиллах болсноос хойш холын наадамд явахаа больсон. Сумандаа уралдуулаад л олон ч айраг, түрүү хүртсэн дээ. ХХ зууны шилдэг найман хүлгийн гурав нь Баянжаргалан сумаас төрөн гарсан гэхээр ямархан чансаатай хүлгүүдийн нутаг вэ гэдэг нь харагдаж байна. Тэр мундаг уяачдын дундаас тодорч гарч ирж байгаа нь уяачийн чансааг илтгэж байна. Өвөө тань сумын баяр наадмаас нийт хичнээн айраг хүртсэн бэ? Ах нарын ярьснаар нэг жил азарга, их нас, соёолон түрүүлж, даага аман хүзүүдэж байсан гэдэг. Ганчулууны шарга, халиунууд гээд хүмүүс одоо ч өвөөгийн адууг анддаггүй юм. Их шарга л гэхэд улсын баяр наадамд Даваанэрэн гуайн халзан азарга /Мөнхтөрийн Мөнгөн магнай/-ыг дийлж түрүүлж байсан. Улсад түрүүлээд ирчихсэн байхад нь Өвгөн шаргыг Дашбаатар ах унаж хажуугаар нь дайраад түрүүлчихэж байсан гэдэг. Хожим Баян, Баянжаргалан хоёр сум нийлж наадам хийхэд Өвгөн шарга азарга Даваанэрэн гуайн халзан азаргатай гарч зугтаагаад, шарга азарга сууж, халзан азарга шогшоод, Дорноговийн хоёр хүрэн азарга /уяачдын холбооны Мөөдөөгийн өвөөгийн/ гурвуулаа тасарч ирээд, гурвуулаа бүр алхсан гэж байгаа юм. Тэгтэл хүмүүс хашгиралдаад алга ташиж л дээ. Тэгэхээр нь Өвгөн халзан азарга ухасхийж шогшоод л түрүүлчихсэн гэдэг юм. /Хоёр хүрэн азарга аман хүзүү, гуравт орсон гэдэг/
-Ардын хувьсгалын 12 жилийн ой буюу 1933 онд улсын баяр наадамд түрүүлсэн хээр шүдлэн хаанахын адуу байсан бэ?

-Говьсүмбэр, Дорноговийн Жамсрангалдаа гэж олон хурдан шарга халиун адуутай хүний хөл нь муудчихсан мундаг халиун азарга байсан юм гэнэ лээ. Өвгөн аав тэр азаргыг авч гүү хураалгаснаас Даваанэрэнгийн халзанг дийлж түрүүлж байсан том шарга азарга гарсан юм билээ. Дүү нь Их халиун гэж Баянжаргаланд 4-5 удаа түрүүлсэн морь байсан.  Энэ морийг манай ээж, Дашбаатар ах хоёр унаж байсан. Хүмүүс “Халиун морио улсад аваачиж уралдуул” гээд байхаар нь нэг жил Гангатай хамт явсан гэдэг. Жаахан буруу уяатай ч байсан юм уу, 70 хавьцаа л орсон юм гэнэ лээ.  
-Монголын нууц товчооны 750 жилийн ойн их баярт морь мордуулж байсан гэдэг байх аа?

-Өвгөн аавын маань хамгийн сүүлийн наадам байсан юм. Даншигт оролцохын тулд сумаараа л хөдөлсөн. Өвгөн аав их нас, соёолон, шүдлэн гуравтай очсон. Манай унаган адууны угшилтай, тэр жил сумын баяр наадамд түрүүлчихсэн шарга морио их насанд, Ам цагааны “хар” Мөнхөө ахын адууны цавьдар үрээг соёолонд, өөрийнхөө адуунаас шарга үрээ шүдлэнд нь сойсон юм билээ. Гурвуулаа л их хурдан адуу. Тэр Даншигт оролцохын тулд сарын өмнө сумаасаа гарсан. Гэтэл их насны морины уралдаан будилчихсан. Эхний өдөр ес, хоёр дахь өдөр нь долоогоор давхиад гурав дахь өдөр нь уралдуулаагүй юм. 
-Гурван азарга сум, орон нутгийнхаа наадамд гурван жил дамнан дараалж орсон тухай сонирхолтой түүх сонсож байлаа. Гурвуулаа танай өвөөгийн адуу юу?
-Манай ах дүү нарын хамтарч хийсэн кинон дээр маш тодорхой байгаа л даа. Жоожоо Жамсранжавын шарга буурал азарга суманд дараалан гурван жил түрүүлсэн. Манай Бат-Очир өвгөн аав уядаг хээр азарга гурван жил аман хүзүүдэж, Ганга өвөөгийн саарал азарга гурван жил гуравт давхиад, дөрөв дэх жилдээ шарга буурал, хээр азарга хоёр Говьсүмбэрийн наадамд уралдана гээд үлдсэн юм. Ганга болохоор саарал азаргаа улсад аваад явсан. Гурав түрүүлдэг хүрэн морь хурдан байсан. Тэгсэн саарал азарга гуравлачихаад ирдэг юм. 
Баянжаргалангаас Говьсүмбэрт очсон гурван азарга ахиад уралдаж, шарга буурал түрүүлээд, өвгөн аавын хээр азарга аман хүзүүдэж, улсад айрагдсан саарал азарга дөрөв дэхээ гуравласан сонин түүх байдаг. Дөрвөн жил аман хүзүүдэхэд нь манай ээжийн төрсөн дүү Цэдэнсодном эгч унаж байсан юм билээ.
-Танай удмынхнаас охид хурдан морь нэлээд унадаг байжээ?

-Тийм шүү. Миний мэдэхээр Хэнчбиш, Нэргүй, Зэсэндагва, Цэдэнсодном, Алтангэрэл /Элгээ/ эгч, манай ээж тав лав хурдан морь унадаг байсан. Багачуудаас ч хурдан морь унадаг охин олон бий. Жишээ нь, 2015, 2017 оны Дүнжингаравт Манлай уяач Баттөмөр ахын маань унаган саарал морийг ач охин нь унаж айрагдуулсан. Одоо ч унаж байгаа. Хэнчбиш, Нэргүй эгч нар улсын баяр наадамд морь айрагдуулчихсан, манай ээжийг дагуулаад л явдаг байсан гэдэг. Хожим сонсох нь ээ, ээжийг дагуулаад л хичээлдээ  ч морьтой явдаг байсан гэнэ лээ. Дэлгэрхааны дэлгүүр рүү ч морьтой л давхичихдаг. Зуны амралтаараа хурдан морь унадаг. 
Өвгөн аав маань “Эмэгтэй хүүхэд их хашир, сайн унадаг юм” гэдэг байлаа. Одоо ч сунгаа, давхил дээр ганц хоёрхон охин давхиж яваа нь их сонин содон, гоё харагддаг болж дээ.


-Цэдэнсодном эгч тань хэдэн жил хурдан морь унасан бэ. Ямар, ямар хурдан морьд унаж байсан бол?

-Манай ээж, Даш ах хоёрын дараа манай морьдыг ид хурдан байхад нь 3-4 удаа аман хүзүүдсэн хээр азаргыг унаж эхэлсэн. Олон ч айраг, түрүү авсан. Таван жил унасан гэдэг юм. Одоо Саранхүү ахын маань компанийн санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байна. “Алтангадас” одонтой, Санхүүгийн тэргүүний ажилтан. Манай эмэгтэйчүүдээс хамгийн ахмад нь л даа. Ээжийн маань оронд ээж болж, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй ч цаг үргэлж биднийгээ гэж явдаг хүн дээ. Моринд тун дуртай. Наадмын өглөө манай гал уяан дээр давхиад л ирнэ. “Дүнжингаравын хурд” болоход аль хэдийнэ оччихсон л явж байна. Багынх нь тэр сайхан дурсамжууд хөтлөөд ирдэг биз дээ. Цээеэ эгчтэй адуу мал ярихад ч их дотно сайхан санагддаг юм.
-Өвөөгийн тань өвөг дээдэс морины уяа  эвлүүлдэг байсан юм болов уу?

-Манай өвгөн аав өнчин өрөөсөн хүн. Тайж хүний л хүү юм гэнэ лээ. Ээжийгээ бурхан болсноос хойш хамаатныхаа Балданжамц гэдэг лам хүн дээр өссөн. Тэр хүн нь морь уядаг байсан юм гэнэ лээ.
Над шиг гурван ээжийгээ харсан хүн тун ховор байх аа. Би өөрийн ээж, ээжийнхээ ээж, эмээгийнхээ ээжийг үзсэн хүн. Хүмүүс “Гурван ээжийгээ үзсэн/харсан/ эрэгтэй хүн сайн явдаг” л гэлцдэг юм. 
-Ганчулуун гуай ямар арга барилаар морь уядаг байсан бэ. Танд юу гэж зөвлөдөг байв?
Би ч жаахан байж дээ. Гэхдээ багаасаа л морины уяан дээгүүр эргэлдсэн, мориных нь ажилд тусалсан. Даанч хүүхэд байсан болохоор өвгөн аавынхаа ярьж хэлсэн зүйлсийг сайн цээжилсэнгүй дээ. “Миний хүү, уйгагүй, моринд сэтгэлтэй, дуртай хүний морь хэзээ нэгэн цагт давхидаг юм аа” гэсэн үг нь л одоо хүртэл бодогддог юм.
-Та хэдэн настайдаа морь унаж сурсан бэ?

Би айлын эрх хүү, өнчин өрөөсөн өсчихсөн гээд хожуухан, найман настайдаа морь унаж сурсан юм. Гэхдээ сумын баяр наадамд хоёр жил морь уначихсан. Айраг, түрүү авч байгаагүй ч унах сонирхолтой байсан. Даанч эмээ маань өхөөрдөж, хайрлаад унуулах тийм ч дуртай байгаагүй. 
-Хэдэн оноос бие даан морь уяж эхлэв?
-Баттөмөр ахыг оролцуулалгүй-гээр, ах дүү нарынхаа түүхэнд сумын наадмын анхны медалийг авсан хүн нь би. Өвгөн аавыгаа бурхан болсны дараах жил би бие дааж долоо, найман морь уясан юм. 1991 онд есдүгээр ангийн сурагч байсан. Тэгээд шүдлэн үрээгээрээ сумын баяр наадмаас анхны медалиа авч байлаа. Түүнээс тасралтгүй уяж байна.


-Та есдүгээр ангидаа анхны айргаа авч байсан. Улмаар сургууль соёлын мөр хөөж, ажил алба гээд 1991-2009 он хүртэл хэсэг завсарлажээ дээ?
-Гэхдээ зун бүр л морь уяж байсан. Би Цагдаагийн дээд сургуулийг мөрдөн байцаагчаар төгссөн. Жил алгасалгүй л уясан даа. Харин 2003-2009 оны хооронд гадагшаа яваад, хэсэг завсарласан. Наадам бүрээр л “Хэний морь сайн давхиж байна вэ” гэж сонирхож, интернэтээр үздэг байлаа.
Адуу тань эндээ үлдсэн биз дээ. Таныг эзгүйд уягдаж, айраг, түрүү хүртсэн тохиолдол бий юу?
Энэ жил улсын баяр наадамд хул даага айрагдуулсан Баярбаатар манай уяач найз л даа. Намайг явсны дараа Баярбаатар маань миний Мөлүү хүрэн даагыг хоёр ч наадамд уяж, нэг айрагдуулсан. Их насны хар морь бас сумын баяр наадамд зургаагаар давхиулсан. 
-2009 онд эргээд ирэхэд тань морин спорт эрчимжээд, уралдаан олширчихсон, уяны арга барилын хувьд ч илүү нарийн болчихсон байсан байх. Тэр цагаас хойш таны уяачийн түүх хэрхэн өрнөсөн бол?

-Намайг эргээд ирэхэд Сараа ах эд нар хурдан адуутай болчихсон, Ламын гэгээний түмэн өлзий гийсний түүхт 370 жилийн ойн уралдаанд айрагдсан хүрэн хязаалан нь жигтэйхэн хурдан байсан. Би ч ах дүү нараа дагаад, морио уяхаар шийдсэн. Тэгтэл өөрийн адуун дотор олигтой тамир тэнхээтэй адуу байдаггүй. Ах маань ч “Чи нэгэнт уях гэж байгаа бол олигтойхон адуу авч уралдуул” гэж зөвлөсөн. Уг нь ах “Хор нь ч гараагүй морь авч ирж уяад яах вэ” гэсэн утгаар тэгж хэлсэн юм байна л даа. Гэтэл би мушгиад ойлгочихсон. “Их насны морь өм нээдэг” гэдэг утгаараа Баярбаатартайгаа явж их насны морь авсан юм. Бас Баянцагааны мундаг хурдан адуутай айлуудын нэг, Салхин зээрдийн эзэн Дашням гуайн төрсөн ганц охин Нямхүү нь Архуст суманд байдаг юм. Тэгээд Баярбаатарынхаа хамт тэднийд очиж, хавчиг хүрэн морь авлаа. Тэднийх олон хурдан адуутай айл байгаа юм. Энэ сэтгүүлээр уламжлан өвгөн ах, аймгийн Алдарт уяач Доржсүрэн, түүний хүү Эрдэнэбат нартаа сайхан бүхнийг хүсье.
Дараа нь Сараа ахын хурдан хүрэн азарганы дүү халзан даагыг ангийн найз Эрдэнэбатаасаа авлаа. Унаган адуунаасаа хул даагаа авч ирлээ. 
-Ам цагаан хулыг уу?
-
Тэр чинь өвөө нь. Дөлгөөн хонгортой үеэлүүд гэсэн үг. 
2010 онд Сараа ах дээрээ очоод уялаа, Баярбаатартайгаа. Дунд сунгаагаа Хүйн долоон худагт хийчихлээ, морьд ч гайгүй байна. Тэгтэл Баянцогт сумын наадам болох гэж байна гэнэ. Тэнд очиж уралдаад хүрэн морь, халзан үрээ хоёр маань түрүүлээд, хул даага баахан эрлийз даагатай уралдаж аман хүзүүдсэн. Баярласандаа хамгийн том ах Дашбаатартаа хул даагаа бэлэглэчихлээ. Тэр чинь Төв аймгийн баяр наадамд айрагдаж, “Их хурд”-д оролцох урилга авч тэнд бас амжилттай сайхан давхисан хул азарга шүү дээ. Одоо идэрхэн сайхан азарга байгаа. Түүнээс хойш жижиг сажиг наадмаас айраг, түрүү хүртсээр Өлзийтөд бараг Алдарт уяач болчихсон байх шүү /инээв/. Намайг үргэлж дэмжиж тусалж байдаг гавьяат, Манлай уяач Г.Баттөмөр, Б.Дашбаатар, аймгийн Алдарт уяач, Б.Саранхүү, М.Мөнхбаясгалан нартаа баярлаж явдаг.
-Халзан хэр давхисан юм бэ?

-Хожим Буянтоо, Билэгээ ах хоёр маань уяж, хязааланд нь Баян сумын баяр наадамд айрагдуулсан. Соёолонд нь улсын Алдарт уяач Буянтогтох уяж, Говьсүмбэрийн өвлийн уралдаанд азарганд тавиад, гурваар давхиулсан. Дараа нь Саранхүү ахын бэлгэнд өгсөн зээрд морийг соёолонд нь Буянтоо уяж, Булганы бүсийн уралдаанаас түрүү хүртэж, Багахангайн 25 жилийн ойн наадамд аман хүзүүнд хурдлуулсан. 
-Сүүлийн жилүүдэд ч амжилтын буухиа тасраагүй дээ?

-Баянжаргалан сумынхан маань жил бүр Баян-Эрхтий хайрханаа тахидаг юм. Ноднингийн тахилга наадамд миний соёолон түрүүлсэн. Өнгөрсөн жил Баттөмөр ах, Сараа ахаасаа тасарч ирээд улсын наадамд уралдсан. Ноднин бас ганцаараа ирээд уралдчихсан. Өөрийн санасан өөртөө зөв гэдэг дээ. 
Манлай уяач Оюунбилэг ахаас хойш хамаатны дүү, нийслэлийн Алдарт уяач Нямдаваагийн Эрдэнэболд маань миний морьдыг уяж байгаа. Улс, бүсийн уралдаануудад ах дүү нарын маань морьдыг сайн ч давхиулж, олон ч айраг, түрүү авчирч байна. Залуу хүн зоригтой л байх хэрэгтэй. Зоригтой хүнийг хийморь дагадаг юм. Сайн багшийн ч шавь. Мундаг уяач болох залуу даа. 
-Та НМСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг. Шинэ зохион байгуулалтанд орсноос хойш сонин сайхан юутай байна вэ?
-Би НМСУХ-г 2013 онд шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. НМСУХ-г Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, миний үеэл ах Мэндбаярын Мөнхбаясгалан тэргүүлдэг юм. НМСУХ 40 тэргүүлэгч гишүүнтэй. Бид жил бүр “Хангарьд” хаврын бүсийн уралдаан зохион байгуулж байсан. Үүнийгээ шинэчлээд  энэ жил төвийн бүсийн “Хангарьд-2017” уралдаан зохион байгуулсан. Би гурван насны даамлаар ажиллалаа. Морь, хүүхэд эсэн мэнд сайхан наадам болсон. Манай холбоо 2016 онд “Монгол Улсын Шилдгийн шилдэг холбоо”-гоор шалгарсан. Холбоогоор гэвэл иймэрхүү л сонинтой байна даа. 2017 онд ахиж Монгол Улсын Шилдгийн шилдэг салбар холбоогоор НМСУХ маань шалгарлаа. Үүнд, НМСУХ-ны тэргүүн Мөнхбаясгалан ахын маань хөдөлмөр зүтгэл залуусыг нэг зүгт чиглүүлж, сайхан хамт олон бүрдүүлсний хүч юм даа. 


- Сая гаруй хүн амтай, нийслэл хотод морин спортыг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой гэж та боддог вэ?

-Бид морины хөгжлийн төлөө төв холбооныхоо бодлого, үйл ажиллагааг цааш нь хэрэгжүүлэхийн төлөө ажиллая хэмээн сэтгэл нийлээд ажиллаж байна. Би гэж ярихаар хэтэрхий өрөөсгөл л дөө. Миний ах Баттөмөр ММСУХ-г үүсгэн байгуулсан. Төв аймгийн Баянжаргалан суманд манай өвөг дээдсийн гал голомтонд ММСУХ-г анх байгуулж байлаа. Энэ ч утгаараа манай удмынхан ММСУХ-ныхоо үйл ажиллагааг дэмжиж, сэтгэл зүрхээ зориулах л учиртай улс. ММСУХ дэлхийн жишигт хүрлээ, Азийн МСУХ-ны гишүүн боллоо, дэлхийн МСУХ-ны гишүүн боллоо. Цаашдаа олон бодлого, үйл ажиллагаа явуулна. Тэр бүхэнд сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээрээ идэвхитэй оролцоно оо. 
--Та ч ММСУХ-ны хамгийн идэвхитэй гишүүдийн нэг мөнөөсөө мөн л дөө. Тэр хичээл зүтгэлийг тань ч үнэлж 2015 онд ММСУХ-ны тэргүүн дээд шагнал “Эрдэнийн очир” одонгоор шагнасан байх?

Тийм байх гэж боддог. Би “Эрдэнийн очир” одонгоо наадам болгоноор зүүж, омогшдог юм.
-Та амьдралынхаа он жилүүдэд зөвхөн адуу малтай ноцолдоод байсангүй. Дугуйн спортоор бас хичээллэж байсан. Спортын мастер цолтой бил үү?
-Би Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Чанцал гэдэг мундаг хүний шавь шүү дээ. Ном зохиолд миний тухай олон ч удаа дурьдсан байна лээ. Хүүхэд байхдаа Улсын аварга, спортын мастер болж байлаа. 
Би маш их бэлтгэл хийдэг байлаа. Дугуйн спортоороо хичээллээд, илүү амжилт гаргах боломж бололцоо надад байсан. Өөрөө уралдахад гүрийгээд, Улсын аваргад шагнал хүртэж болоод л байдаг. Гэтэл морь уяад айрагдуулна гэдэг түүнээс хэцүү юм байна.
Гэвч та хэцүүг нь сонгожээ. Тэгсэн хэрнээ шантарч халширсангүй. Өнөөдрийг хүртэл олон баяр бахдалтай наадамтай золгож, олон ч айраг, түрүүгээр хурдан буянгуудынхаа хийморь сүлдийг мялаасаар явна. Тэдгээрийн хамгийн их сэтгэл огшоосон нь хэдэн оны, хаанахын наадам байв?
Наадам болгон л сайхан. Уясан хүлэг айрагдаж, түрүүлсэн бол бүр сайхан. Хүүхэд, морь эсэн мэнд наадвал түүнээс ч сайхан. Гэхдээ энэ асуултыг сонсоод, хоёр наадам хамгийн түрүүнд санаанд бууж байна.
Нэг дэх нь, “Монголын нууц товчоо” бичигдсэний 750 жилийн ой, Дэлгэрхааны Даншиг наадамд өвгөн аавтайгаа очсон минь санаанаас ер гардаггүй юм. Манай шарга их насны 200-гаад морь сунгахад түрүүлж байлаа. Тэгэхэд би хүүхэд байсан, мөн ч их баярлаж билээ. Ер нь өвгөн аавыгаа дурсахаар л нулимс гарчих гээд байх юм даа.
Хоёр дахь нь, Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд Бат-Очир өвөөтэйгөө хамт ирж байлаа. Тэр үед жийптэй хүн цөөхөн байсан. Би жийп авчихсан, түүндээ майхан саваа аччихаад, Баярбаатар бид гурав морьдоо хөтлөөд ирж байлаа. Тэгэхэд хул азарга маань улсын баяр наадамд 15-аар хурдалсан. Мөн ч их огшсон доо.
-Өвөөгийн тань хэлсэнчлэн “Морь өөрт нь сэтгэлээ зориулсан, уйгагүй хөдөлмөрлөж байгаа хүнийг хурд хүчээрээ шагнаж, баярлуулдаг”. Та тун удахгүй удмынхандаа төрийн наадмын айргийг авч ирсэн тав дахь үеийн уяач болох болтугай.

"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна