Аймгийн Алдарт уяач Ч.Түвшинбаяр: 2012 онд манай уяа 30 гаруй айраг авсан

Сэтгүүлч
2023 оны 5-р сарын 18 -нд

Бурхны ивээлээр буурлуудын хувь ерөөлөөр үзэхэд сэтгэл баясах, үгүйрэхэд (мөнх бусыг олоход) алдар мандуулах сайн хүлгүүдтэй учирч, уугуул нутагтаа хурдны үр цацсан Онгон сумын нэрт уяач Чулуунбор агсны талаар бид өмнө хүргэсэн. Энэ удаа түүний хүү Шар бүрд хоёрдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Ч.Түвшинбаярын ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 1976 оны өвөл төрж, 2008 онд сумын шилдэг уяачаар нэрлэгдэж байсан юм.

-Уяачийн хүү уяач байдаг нь жам. Таны аав Чулуунбор гуай энэ нутгийн сайн уяачдын нэг шүү дээ. Та хэд дэх хүүхэд нь вэ?
-Би зургаан хүү, дөрвөн охинтой айлын отгон нь. Миний аав эцэг эхээс гурвуулаа. Би 1983 оноос хамаатан Монхор ахынхаа морийг унаж сурсан. Би аавынхаа морийг бол унаж байгаагүй. Миний ах нар бас жаахан байсан болохоор тэд л унасан. Намайг Монхор ахад унаж өг гэдэг байлаа. Аав минь 1984 онд таалал төгсөхөд би морь унаж сурсан юм. Тэр жил манайхаас хар даага, соёолон хоёр түрүүлсэн. Шарын хар хүрэн гэдэг цуутай адууг аав бэлэглэсэн. Шар ах аавын төрсөн дүү юм. Тэгээд дүүгийнх нь нэр дээр уралдсан түүхтэй. Бас хоёр түрүү, их морины аман хүзүү бий.
-Монхор гуайн ямар морьдыг унаж, хэр давхиулсан бэ?
-Хээр морийг нь 1984 онд шүдлэн унаж, суманд айрагдуулсан. Хар хязаалан адуу айргийн таваар ирсэн. Овлойн ухаа хязааланг бас айрагдуулсан. Өөр нэг их айраг аваагүй дээ.
-Таны уяачийн замнал хэдийнээс эхэлж байна. Нэрийг тань гаргасан ямар ямар хурд байна вэ?

-Би 1998 оноос Сүхбаатар, Ихбаяр ах нарыг дагаж морь уяж эхэлсэн. 2002 онд Буяндэлгэр гуайн наадамд анхныхаа айргийг авсан юм. Аймгийн Алдарт уяачийн нэрэмжит наадамд халиун соёолон аман хүзүүдсэн. Ардын хувьсгалаар 2004 онд хоёр хээр адуутай ирж, хязаалан тавлуулж, соёолонгоо аман хүзүүдүүлсэн дээ. Энэ хоёр хээр чинь дээд удам нь Дүйдэнгийн хар. Манай хар азарганы төлүүд. Эх нь хойноос ирсэн хээрэгч гүү бий. Төрсөн ах дүү хоёр юм. Мөн 2008 оны “Шилдэг уяач” болсон жилээ улаан морио айргийн гурваар, а даага, саарал хязаалан хоёроо тус тус түрүүлүүлж байлаа. 1984 онд  аавынхаа гаргасан амжилтыг давтаж, хоёр түрүү, нэг айраг хүртсэн.
-Өөр ямар ямар наадамд өнгөтэй сайхан наадав?
-Даагандаа түрүүлдэг хонгор 2009 онд шүдлэндээ аман хүзүүдсэн. Оодон хонгор гэдэг нэртэй. Дээд удамдаа Онгуугийн шаргын адуу орсон, манай хар азарганы угшилтай шаргал гүүнээс гарсан шаргал үрээ шүдлэндээ 2010 онд түрүүлүүлсэн. Зул хүрэн даагаа 2011 онд Баяндэлгэр сумын Ардын хувьсгалын наадамд түрүүлүүлсэн. Эх тал нь аймгийн Алдарт уяач Болдоо багшийн адууных. Эцэг тал нь манай найз Энхбатын бэлэглэсэн хонгор азарга. Тэр хонгор азарганы төлүүд надад их хурдалсан. Анхных нь төл зул хүрэн даага юм. Баяндэлгэрт түрүүлдэг хүрэн даагаа сумын Алдарт уяач Говийнхүү найздаа бэлэглэсэн юм. Тэгэхдээ шүдлэн, хязааландаа надад уягддаг байлаа. 2012 он манлай шарга нэртэй даага маань айргийн дөрөвт хурдалсан. 
-Хүрэн даага чинь Баяндэлгэрт айрагдахдаа Говийнхүүгийн нэр дээр байсан уу?

-Тийм байх аа. Уясан эзэн нь би. 2012 онд сумынхаа наадамд шүдлэн гуравт оруулсан юм. Тэгээд би Наран сум руу гурван адуу явуулсан юм аа. Хүүхэд нь хүрэлцэхгүй, нэг өдрийн зөрүүтэй байсан юм. Халиун хязаалан тавлуулаад, шүдлэн үрээ аман хүзүүдүүлж, даага түрүүлүүлсэн. 2013 онд Олимп хонгор нэртэй шүдлэнгээ түрүүлүүлсэн. Даагандаа Дарьганга суманд олимпийн аварга Түвшинбаярын босгосон суварганы нээлтэд түрүүлсэн. Тэгсэн дасгалжуулагч Насантогтох бил үү, өөрийнх нь багш хонгор дааганд маань бэлэг өгөөд “Үүнд Олимп хонгор гэж нэр өгье” гэсэн юм. Даагандаа сумын наадамд зургаагаар давхисан даа. Тойрсон сумдад болсон бага уралдаанд зургаа түрүүлсэн. Түүнээс хойш Асгатын уулын тахилгад болон Баяндэлгэрт хэд хэд түрүүлсэн юм. Тэгээд шүдлэн үрээ сумандаа түрүүлээд, 2014 онд хязаалан мөн түрүүллээ. Тэр жил Од хонгор, Олимп хонгор, шаргал гээд гурван даагатай байлаа. Од хонгор нь тойрсон сумдад найм айрагдаж, Олимп хонгор зургаа түрүүлж, шаргал нь зургаа айрагдсан.


-Гурван даагаа хөтлөөд гудиггүй сайхан нааджээ.

-Өө, тэгсэн. Тэр жил Говийнхүүгийн хүрэн, Золжаргалын халзан гээд шүдлэнгүүд над дээр уягдаж байлаа. Сая Наран суманд таваар давхисан халиун хязаалан, хоёр их насны морьд ч хурдан байлаа. 2012 онд манай уяанаас энэ хэдэн адуугаараа тойрсон сумдад том, жижиг, Ардын хувьсгал гээд бараг 36-37 айраг авсан шүү. 2013 онд олимп хонгор шүдлэн түрүүлж, аймгийн наадамд долоолсон. “Жавхлант шарга”-д од хонгорыгоо түрүүлүүлсэн. Тэгээд уралдуулахгүй байж байгаад шаргал үрээтэй хамт улсад аваад явлаа. Улсын наадамд од хонгор 18-аар давхисан. Шаргал үрээгээ мөн л уралдуулахгүй байгаад “Жавхлант шарга”-д 12-оор, улсад наймаар давхиулсан. Улсын наадмаас нэлээн наана Сэлэнгийн Сайхан сумын ойд од хонгорыг дөрөвлүүлсэн. Тэгээд наашилж улсад 18-аар, Хэнтийн бүсэд 18-аар тус тус давхиулсан. Данзанравжаагийн 210 жилийн ойд шаргал үрээ алтан жолоо өргүүллээ. Шаргал үрээ жижиг наадамд их олон орсон доо. Дарьгангын морины овоонд уралдвал сайн гэдэг. Би тийш очиж хязааланд нь түрүүлүүлж, Манлай шарга нэртэй болсон. Хязаалан болтлоо 15, 16 орсон шүү. Тэгээд л Рагчаа гуайд зарагдсан түүхтэй.
-Тэнд очоод хэр давхиж байна. Хоёр хонгор цаашаа  хэр давхисан бэ?

-Дорноговийн Дэлгэрэхийн ойд хязаалан дөрөвлөсөн. Замын-Үүдийн 20 жилийн ойд нь 10 хэдээр давхилаа гэсэн. Түүнээс хойш дуулдахгүй байна. Од хонгор хязаалан болоод хөл нь суларсан. Олимп хонгор сумынхаа наадамд түрүүлж, аймагт долоолоод, хязаалан бас түрүүлсэн. Хязаалангаас нь хойш азарга тавьчихлаа. Бас хөл нь сулраад.
-Нэг жилийн гурван унага дааганаасаа эхлээд одтой сайхан наадсан шүү дээ. Хязаалангаасаа хойш гурвуулаа сайн амжилт гаргасангүй. Таны дүгнэлт юу байна?

-Бага адууг олон уралдуулж, наадам их хэссэнийх байх гэж бодож байна. Тэгсэн хэрнээ уяач бид чинь тэсэхгүй уралдуулах юм даа. Одоо ч бага адуунуудыг тэгж айхавтар тавьж чадахгүй л байна. Гэхдээ яах вэ, хэдэн морь минь орж л байна.
-Од хонгорын удмыг эхлээд ярья. Нэрнийх нь учир юу вэ?     
      
-Дээд удамдаа Дүйдэнгийн харын угшилтай, манай хар азарганы төлийнх нь төл эх нь юм. 1984-1988 он хүртэл түрүүлдэг хар азарганы төл халтар гүүнээс гарсан юм. Эцэг нь Халзангаас ирсэн хонгор азарга. Хатнаагийн буган азарганы төл хонгор азарга ирсэн юм. Энэ хонгор азаргыг би Буджаа ахаас авсан, тэдний унага л даа. Аймгийн Алдарт уяач Чулуунбаатар ахыг бид Буджаа гэдэг юм. Хүргэн нь надад бэлэглэсэн. Олимп хонгор, од хонгор хоёр нэг азарганы төлүүд юм. Их өндөр гараатай, маягтай, омголон адуу л даа. Ард нь үлдсэн ч зүсээд гараад ирнэ. Тэгээд л “Од” гэж манай уяачид нэрлэсэн.


-Од хонгорын уралдааны онцлог нь юу вэ. Аль наадамд хамгийн дээд хурдаа харуулсан бэ?
-Манай од хонгор морины аясаар явдаг. Морь ирвэл тарлана. Ирэхгүй бол биеэ нөөгөөд явж байна. Цогивол адилхан цогидог тийм л ид шидтэй морь доо. Морь үзүүр дээрээ тарлах юм бол адилхан л тарлана. Хамгийн айхтар түрүүлсэн нь 2012 онд Наранд түрүүлэхдээ нэлээн зайтай явж байгаад үзүүр дээрээ дөнгөж морь тавьж байгаа юм шиг тарлаж байна билээ. “Жавхлант шарга”-д ер нь олон морь угсарсан даа. Гэхдээ газар дээрээсээ хөтлөөд байсан. Хөтөлж, хөтөлж үзүүр дээрээ “больдоггүй бор” хоёулаа тасарсаар байгаад л түрүүлчихсэн. Олимп хонгорын хувьд шүдлэн үрээндээ их хурдан байсан. Суманд долоолохдоо үзүүр дээрээ их тарласан гэдэг. Би тарлаж байхыг нь хараагүй. Жигдхэн явсаар тэр чигээрээ тасарчихдаг л адуу даа.
-Больдоггүй бор гэж хэний адуу юм?
-Нарангийн больдоггүй бор гэж адуу байдаг юм. Тэр болихгүй адуу л даа. Нутаг орондоо больдоггүй нэртэй хурдан адууны өмнө тэгж гарсан юм.
-Олимп хонгороо та хүнд бэлэглэчихсэн бил үү?
-Тийм. Гантулга гэж найздаа хүүгийнх нь толгойг мялааж бэлэглэсэн. Ер нь миний бэлэглэсэн адуунууд их хурдалдаг юм.
-Та тэр жил улс руу явахдаа олимп хонгороо яагаад үлдээсэн юм бэ. Эзэн нь эндээ уралдана гэсэн юм уу?
-Үгүй. Би дөрвөн үрээтэй байлаа. Гурван даага чинь дөрөв болсон. Саарал шүдлэн даагандаа их хурдан байсан юм аа. Цээжийг нь жаахан авчихсан. Шар бүрдэд 50 мянгын бооцоотой уралдаан болоход 60-аад шүдлэн мордлоо. Тэгсэн дөрвүүлээ цуваад ирсэн. Тал тал тийшээгээ дөрвөн үрээгээ уралдуулахад дөрвүүлээ айрагдаад байсан шүү. Олимп чинь тэр хоёроосоо жийгдээд, дараагийнх нь гээд  л үлдсэн. Тэгээд суманд түрүүлж байгаа нь тэр. Дөрвүүлэнг нь цуг сунгаж уралдахаар нөгөө хоёр нь илүү байдаг.  
-Манлай шаргынхаа удмыг ярьж өгөөч.
-Манай хар азарганы төлийнх нь төл. Дөрвөн жил дараалан түрүүлдэг цуутай хар азарганы төл хар азарганы төл. Манайхаас хүргэнд очсон ч би уядаг. Од хонгор, шаргал хоёр чинь нэг нь охин төлөөс нь, нөгөө нь эр төлөөс гарсан юм. Манлай шаргын эх нь Гочоогийн Батжаргал гэж манай хүргэн ахын адууны шаргал гүү. Буджаа ахын адууны өөнөө шаргал хэмээх саарал шүдлэн гарч ирж, хурдалсан шүү. Манай хүргэний хүүд бэлэглэж, над дээр уягдсан юм. Тэр хүү миний морьдыг унаж байсан, одоо том эр болчхоод байна. Одоо миний туслах уяач.


-Өөнөө саарал чинь яаж давхисан юм бэ?
-Шүдлэндээ тойрсон гурав, дөрвөн суманд айрагдаж, сумандаа түрүүлсэн. Олимп хонгор овоо тахилгад түрүүлээд, Наранд шаргал даага түрүүлсэн. Олимп хонгор хоёр өнжөөтэй эргээд Их уулд түрүүлээд, эргэж хоёр хоноод олимпын наадамд түрүүлсэн. Хоёрхон хоногийн амралттай л уралдаад байлаа. Дөрвөн өдөр дараалан дөрвөн түрүү авах нь дээ гэж цээжний хонжоо хийж суутал од хонгор аймгийн 70 жилийн ойгоор түрүүлсэн, Дарьгангын Рагчаасүрэнгийн хүрэн дааганд идүүлж, аман хүзүүдсэн юм. Яаж бүсийн түрүүг дийлэх вэ дээ. Ер нь даагыг гайгүй уясаан, уясан.
-Бага адууг  яаж уяхаар ингэж сайн давхидаг юм?
-Би бол бага адуунд хүнд ажил хийдэггүй. Эмнэг сургалт их чухал. Дааганд нь хол сунгахгүй, тарлахгүй. Нэг цагаарсан даагыг хөлсийг нь битүүрүүлчхэлгүй амралтыг нь өгөөд богинохон уяа хийнэ. Нэг их айхтар хөлс, сунгаа гэдэггүй. Омголон маягтай, хөнгөрүүхэн л тавьдаг юм даа. Ах нар, найзууд “Ингэж маягтай тавилаа, номхроосонгүй” гэж л байдаг. Ер нь маягтайдуухан шиг голдуу тавьчихад омголон байдаг. Омголон дээрээ даага тавихад зүгээр болов уу.
-Хоёр хоногийн өнжөөтэй түрүүлүүлээд байсан даа. Тэр хоёр хоногт ямар ажил хийх вэ?

-Хөшөөг нь гаргаж, ганцааранг нь богинохон тарлана. Морьтой ч нийлүүлэхгүй.
-Та бага адуугаа урмаар уралдуулдаг юм байна. Тэжээл өгөх үү?
-Тэгж хэлж болно. Би 2008 оноос тэжээсэн.
-Танд сумын баяр наадмын анхны айргийг авчирдаг хоёр хээр үрээ хожим морь болсон юм уу, азарга болсон юм уу. Ер нь түүнээс хойш хэр давхицгаасан бэ?
-Ах дүү хоёр хээр хоёулаа морь. Том хээр нь хавчигтаа эндчихсэн юм. Бага хээр нь бүдүүн морь болж ирээд бага наадам, сунгаанд хурдан л байсан, айхтар оруулж чадаагүй. Эх тал нь манай хамаатан Мижээ өвгөний адууных.
-Улаан морины тань угшил хаанаас билээ?

-Эцэг талаасаа Махбуриадын угшилтай адуу. Эх тал нь манай хар азарганы гүүнээс гарсан юм. Би хавчиг морь эхлүүлсэн. Хавчигтаа сумынхаа наадамд айргийн гуравт хурдлаад, тойрсон сумд болон өөрийнхөө сумдын жижиг наадмуудад айрагдаж, түрүүлээд л байлаа. Долоотой морь Хатагин хошуунд очиж 12, 13-аар давхиулсан. Тэгээд наймтай морь хойшоо Хадбаатар гэдэг залууд зарчихсан юм. Төв аймгийн Алтанбулаг сумынхаа наадамд хоёр жил дараалан орсон гэсэн. Түүнээс хойш холбоо байхгүй.
-“Жавхлант шарга”-д гайгүй давхисан адууг төвийнхөн сонирхоод л байдаг. Таны шаргал үрээнд үнэ ханш хэлж, сонирхсон хүн байв уу?
-“Жавхлант шарга”-д түрүүлэхэд хонгор үрээг, шарга үрээг аль алийг нь сонирхсон. Тэр үед заръя гэж бодоогүй л дээ. Морин толгой наашаа байх үед улсад уралдчихъя гэсэн бодол байсан юм.
-Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Улаанбаатар хотод очиж нааджээ.
-Хамгийн хол нь Сэлэнгийн Сайхан сум. Хөтөл цементийн 30 жилийн ой давхацсан наадам болохоор нь тийшээ очсон юм. Улсын Алдарт уяач Ерөөлтийн уяан дээр очсон юм. Бид цааш нийлээд дөрвөн адуутай очсон юм аа.
-Сэлэнгийн адуу хэр юм байна.

-Эрлийздүү юм билээ. Гурван адуу гараад ирэхээр нэг нь хүүхэдгүй юм байна даа гээд харж байсан миний од хонгор байсан. Нөгөө хоёр нь зэгзийсэн өндөр адуу. Эрлийз адууг яаж ч дийлэх вэ дээ.
-Чулуунбор гуайн хүүхдүүдээс хэд нь морь уядаг юм бэ. Олуулаа уядаг бололтой?
-Аа, тийм. Олуулаа, олуулаа. Би л аймгийн Алдартыг 2015 онд авсан. Манай ах Ихбаяр, Хүрлээ нар сумын Алдарт уяачид. Бас нэг ах Төмөрбаатар морь уяна. Адуу нь чангарчихсан л байгаа. Сүхбаатар ах маань төв орон нутгаар явж байна. Залуухан байх үедээ хэд хэдэн айраг, түрүү авсаан, авсан.

-Уралдаанч хүүхдүүдийнх нь хувцас их хөөрхөн юм аа? Хээ хуартай, олон оёдолтой ч юм?
-Энэ талаар чинь яръя гэж бодож байлаа. Уралдаанч хүүхдийн хар алаг хувцсыг ээж маань урласан юм. Аавыг морь уяж байхад  хар алаг хувцас гарч, хувцсаараа морьд нь танигддаг байсан гэдэг. Зориудаар цолны нэмнээ хийлгээд морь цоллоход тохдог юм. Бас л ээж минь амьд сэрүүндээ хийж билээ.
-Аймгийн Алдарт гэдэг бол орон нутгийн дээд цол. Тэгэхээр цаашдын зорилго бол улс, бүсийн наадамд уралдах шүү дээ. Адуу бол боломжийн биз дээ?
-Боломжийн. Улсад ер нь мориныхоо тоосыг өргөчихье гэж бодоод 2-3 очиж уралдчихсан шүү. Яах вэ. Гэхдээ цус оруулахгүй л бол дийлэхгүй болчхож. Адуундаа цус сэлгээгүй байсан юм. Одооноос айлын ганц хоёр цустай азарганд гүү тавьсан шиг л байна.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны оролцсон хамгийн баяр бахдал дүүрэн наадмын дурсамжаар өндөрлөе. Хэдэн оны баяр наадам бусдаасаа тод дурсамж үлдээсэн бэ?

-Гурван даага хурдалсан тэр жилийн наадмыг л ярина  даа. Манай уяанаас тойрсон сумдаасаа  36-37 айраг авна гэдэг чинь сайн байхгүй юу.
-Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай. Удахгүй улсын цолонд хүрээрэй. Өвгөдийнхөө алдар сүрийг өндөрт өргөж яваарай.
-Баярлалаа. Та нарын ажилд өндөр амжилт хүсье.

Тод магнай сэтгүүлийн Сүхбаатар аймгийн Онгон сумын тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна