СТА Б. Магсаржав: Равсал аа чиний жинхэнэ нэр хэн билээ гэдэг байгаа

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 31 -нд

Урлагийн замд хөл тавьж байсан үеэ эргээд дурсвал. Яагаад урлагийн хүн болохоор шиидсэн юм?
Би 1964 оноос улсын хүүхдийн театрт дагалдан жүжигчнээр орж, энэ театрын хамт олон намайг “өлгийдөж” авсан. Тэр үед 18 настай юугаа ч мэдэхгүй хүүхэд байлаа. Монголын урлагийн томчууд чинь бүгд миний багш шүү дээ. Уран сайхнызөвлөлийн АЖ Гэндэн, Оюун, Ванган, хүүхдийн театрын Очирбат, Энхтуяа, Дугарсанжаа багш маань найруулагч Нямгаваа бид хоёрыг шалгаж урлагийн замд оруулсан юм. Бид хоёроос өмнө найруулагч Доржсамбуу, Лхасүрэн гээд сайн сайн хүмүүс орчихсон байсан. Хүн гэдэг амьтан чинь өөрийнхөө сонирхож байсан зүйлээ хийвэл хэзээ нэгэн цагт амжилт гаргадаг юм байна гэдгийг өөрийн биеэр үзлээ. Би бага байхын л жүжиг үзэх их дуртай хүүхэд байсан. Тэгээд ч 10-р ангиа төгсөөд хүүхдийн театрт орсноор миний амьдрал урлагтай холбогдсон. Миний анхны дүр Ванган багшийн “ Жирийн хүмүүс” жүжгийн дублёр дүр байсан. Тэр үед сэтгэл догдлоод, их айж байсан. Тайзан дээр гартал миний хамаг биений хүйтэн хөлс гараад, тэгж тэгж нэг юм гартал зритель их сайхан хүлээж авч билээ. Багшийнхаа хэлсэн ярьсан болгоныг л дотроо бодоод тоглодог байлаа шүү дээ. Гэхдээ дүр бүтээнэ гэдэг их хэцүү. Тэр хүнийхээ хувийн зан чанар, ааш авир гээд бүгдийг мэдэж байх хэрэгтэй. Ямар сайндаа л манай Гэндэн багш бидэнд “ тоглох гэж байгаа дүрийнхээ арьс махан завсараар орох хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Чадалтай, сайн жүжигчидтэй энэ зэрэгцэж явсандаа би өөрийгөө азтайд тооцдог шүү.  
Таны хувьд тайз, дэлгэцийн хэдэн дүр бүтээсэн бэ? Бүтээсэн дүрүүдийн тань ихэнхи нь эсрэг дүр байдаг байхаа?
Би хүүхдийн театрт 14 жил болохдоо 20 гаруй жүжгийн гол ба туслах дүр бүтээсэн байна билээ. Харин 1976 оноос Дарханы театрт очиж ажиллахдаа том жижиг нийлсэн 50-60 дүр бүтээсэн. Театр, кино урлагт эсрэг талын дүр бүтээнэ гэдэг хэцүү л дээ. Нүдний харц, хөдөлгөөн, зан чанар гээд бүгд хурц байх ёстой. Намайг яагаад эсрэг дүрд тоглодогийг манай найруулагчид л сайн мэдэх байх. Миний бодлоор би жаахан дайсны талын царайтай юм байлгүй дээ./ инээв/. Гэхдээ ганц нэг эерэг талын дүр байгаа шүү. Жишээ нь: “Улаан дарцаг” киноны Дагва. Жаахан л худлаа бурдаг болохоос биш давгүй нөхөр л дөө. Харин “Мартагдсан дуульд” овоо гайгүй дүрд тоглох нь дээ гэтэл Сангийг загнадаг ааштай диспетчерийн дүрд тоглочихсон.
Гэхдээ  “Гарьд магнай” киноны Равсал панз дахин давтагдашгүй байхаа. Яаж яваад Равсалд тоглохоор болсон юм бэ?
Би энэ кинонд тоглоход 40 настай байсан. 1981 оноос бэлтгэл ажил эхлээд 1983 онд дууссан кино шүү дээ. Хоёр жилийн хугацаанд Архангайн Их тамир, Баянхонгорын Шаргалжуутын рашаан, Төв аймгийн Баянчандмань, Бүрэн гээд очоогүй газар байхгүй. Тэр үед би Дарханы театрт байсан юм. Тэгээд Бунтар найруулагчийг зохиолоо өгч явуулахад нь уншиж үзээд болмоор юм шиг санагдсан. Равсал панзад тоглохыг хүссэн их олон хүн байсан даа. Харин би бараг пробгүй шахуу тоглосон. Тэр үед Дарханы театрт найруулагч байсан И.Нямгаваа намайг “Магсаржаваа чи, Равсалд тоглож чадахгүй ээ. Энэ чиний бүтээж чадах дүр биш” гэдэг байгаа. Тэгэхээр нь шар хөдлөөд “би чинь хүн байна даа, бусдаас юугаараа дутахав” гэж бодоод кинонд тоглохоор сэтгэл шулуудсан. Бунтар найруулагч миний зургийг бариад яамны коллегиор үзүүлтэл “Чи баян хүний дүрд дандаа жижигхэн хүн авч байх юм. Баян хүнд сүрлэг том биетэй, тарган цатгалан хүн тогловол зүгээр” гэхээр нь Бунтар найруулагч “сайд аа, тийм биш шүү дээ жижигхэн хүнээс муухай санаа гардаг юм ш дээ” гэсэн гэдэг. Тэгээд л намайг тоглуулахаар шийдсэн юм билээ.    
-Тэгээд баян тарган хүний дүрд хувирах хэцүү байв уу?
-Хэцүү байлгүй яахав. Хувьсгалаас өмнөх баячуудын амьдралыг харуулсан сайхан кино шүү дээ. Тэр үеийн ёс заншил, морьтой харьцах, эмээл хазаар, хүнтэй мэндлэх, айраг, архиа яаж хүнд өгөх гээд их олон зүйлийг мэдэхгүй байсан болохоор дасгал сургууль хийх гээд нэлээд цаг барсан. Ингэж байж л баян ?үний дүрийг бүтээж чадсан. Ер нь ямар ч дүрд тоглохын өмнө дүрээ сайн судалж байж бүтээнэ шүү дээ. Сэдэд гуайг “ Ялалтын жигүүр” жүжигт галзуурдаг хэсэгт тоглохынх нь өмнө Дугарсанжаа гуай галзуугийн эмнэлгийг үзүүлж байсныг би одоо ч санаж байна.   
-Равсал панзын дүр таньтай хэр ойрхон бэ?
Би хэнтэй ч хамаагүй найзалдаг, ярьдаг, хөөрдөг, аяга тагш юм олдвол хуваагаад уучихдаг тийм л хүн. Харин Равсал панз надаас огт өөр. Тэр чинь яаж баяжих вэ гэж байнга бодож явдаг. Би бол амьдраад болж байгаа юм чинь илүү их юманд шунаж баяжих юмсан гэж хэзээ ч боддоггүй. Нэг удаа би танихгүй айлд хоноод өглөө нь явах болтол айлын эзэн намайг “ таныг аймаар ууртай, муухай царайтай эвгүй хүн гэж боддог байсан чинь огт өөр хүн юм байна” гэж билээ. Хэдийгээр би Равсал панзын дүрд хувирсан ч Магсаржаваараа л үлдэнэ шүү дээ. Кино гарсаны дараа хүмүүс намайг “Равсал панзаа” гэж дуудахаар эвгүй санагддаг байсан. Одоо ч тоохоо больж дээ. Саяхан манай хороон дарга” Равсалаа чиний нэр хэн билээ” гэдэг байгаа. Тэгэхэд нь энэ дүрийг олонд хүргэж чадсанаараа их бахархах сэтгэл төрсөн шүү.  
Кино зураг авалтын үед хөгжилтэй болоод хэцүү зүйлүүд хэр гэрч байв?
Ер нь тэр хүний дотоод ертөнцийг нээж зрительд харуулна гэдэг хэцүү л дээ. Зураг авалт болгон дээр хэцүү байсан болохоор тэр хэцүү, энэ амархан гээд байх юм байхгүй. Ямар ч кинонд тоглосны дараа ингэдэг байж, тэгдэг байж гэх юм зөндөө гардаг учраас би киногоо нэг л удаа үздэг. Олон дахин үзэхээр алдаа гарч ирээд байх шиг санагдаад санаа зовоод байдаг юм. Мэдээж хэрэг хөгжилтэй зүйл их гарна. Манай Дамдинбазар гуай чинь их хөгжилтэй хүн ш дээ. Юмыг их сониноор бодож сэтгэж, яридаг хүн. Далайцэрэн юм өргөөд даваан дээгүүр явдаг хэсэг гардаг шүү дээ. Тэр хэсгийн зургийг авч байтал морь туйлаад тэргээ онхолдуулчихаад яваад өгдөг юм байна. Бид бүгдээрээ айгаад зогсож чинь Дамдинбазар гуай өөрөө айчихсан мөртлөө, намайг хараад “энэ Магсарын айж байгааг хараа” гээд инээж байсан юм. 
Айрганд дүрдэг хэсэг дээр санаандгүй сууж байхад тань гэнэт аваад дүрчихсэн гэдэг байхаа?
Тэр хэсгийн зураг хамгийн хэцүү нь байсан. Гэхдээ зохиол уншиж тийм зураг авахуулах юм байна даа гэж бодож байсан ч яг тулаад ирэхээр аймаар байсан. Санаандгүй сууж байтал савтай айраг руу аваад дүрдэг байгаа. Тэгсэн ам хамраас айраг гойжоод, нүд хорсоод их хэцүү байсан. 
Таныг Дарханы театрт Чингисийн дүрийг анх амилуулж байсныг мэдэх юм байна?
1976 онд Дарханд очоод, 1977 онд хүүхдийн театрыхантай Герман яваад иртэл манайхан Чингис хийнэ гэцгээж байсан. Тэгэхэд Хүрлээ, Ё.Цогоо, Буржгар Жагаа, Дэлгэржаргал, Оюунчимэг, Лхагвасүрэн гээд бүгд байсан л даа. Тэгсэн хаалган дээр “Чингис хаан жүжиг хийх гэж байгаа, хэн тоглох нь тодорхойгүй байна” гэсэн том зарлал хадчихсан байсан юм. Найруулагч маань зохиол унш, үдээс хойш дүр хувиарлана гэснээ Чингист Магсаржав тоглоно шүү гэхээр би “ийм намхан хүн чинь тайзан дээрээс жижиг харагдана ш дээ” гэж хэлтэл “тогло” гэчихээд яваад өгсөн. Би ч том түүхэн хүний дүрийг бүтээж үзье гээд тоглосон. Дүрээ бүтээх гэж найруулагчтайгаа Хэнтий явж, хүмүүсээс Чингисийн тухай асуугаад хэрэндээ зовж байж бүтээсэн дээ. Их хувь заяагаар аугаа хүний дүрд тоглосондоо бахархадаг. Манайх чинь Улаан-Үдийн драмын театртай хамтарч ажилладаг байлаа шүү дээ. Орос драмын театрыхан манайд долоо хоног тоглоод буцахдаа биднийг урьсан юм. Очоод “Чингис хаан” жүжиг тоглоно гээд зарлачихсан чинь битүү хүн ирсэн юм. Буриадууд манай урлагийг сайн үзнэ ээ. Төгсгөл дээр “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” гэхээр миний араар баатрууд ёслоод дуусах ёстой байсан юм. Тэгсэн үгээ хэлж дуусаад байтал хормойноос буриад эмгэн, өвгөн хоёр зуурчихаад “хүү минь Монголоо нэгтгээч” гээд сүйд болсон. Дараа нь будгаа арилгаад гараад иртэл хүмүүс намайг таниагүй хэрнээ буудалд очсон хойно араас ирээд Чингисээ гарын үсгээ өгөөч” гээд хүрээд ирж билээ.        
Мэдээж хэрэг олон сайхан дүр бүтээсэн таныг төр засаг зүгээр хараад суугаагүй байх?
Би 1985 онд Алтангадас, 1991 онд 70 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан. 2005 онд “Хошин аялгуу” гэдэг кинонд тоглоод шилдэг дүрийн шагнал авсан л даа. Энэ кинонд өвгөн, охин хоёрын амьдралын талаар өгүүлсэн их сайхан кино.
Сүүлийн үеийн кино урлагийн талаар ямар бодолтой явдаг вэ?
Алдаж, онож л явна. Өнөөдрийн байдлаар кино урлагт сайжирсан юм алга. Бараг дуртай болгон нь жүжигчин, дуучин болж, дуртай нь СТА болж байна. Насаараа урлагт зүтгэсэн хүнийг Гавьяат болгоогүй байж ганц хоёр жүжигт тоглоод, болсон болоогүй дуулсан хүүхдүүдэд цол, гуншин өгч байгаад би хувьдаа шүүмжилмээр байдаг. Юм гэдэг үнэ цэнэтэй байх хэрэгтэй. Дээр нь энэ их соёл урлагийн сургуулиудын нэг тийш нь болгомоор санагдах юм. Урьд нь нэг кино хийхээр гаргана, гаргахгүй гээд бөөн юм болдог байлаа шүү дээ. Одоо ч драмын театр, дуурийн театр хоёроос өөр шалгадаг газаргүй болсон бололтой. 
Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

Ж.Түлхүүр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна