Яруу найрагч Ай.Төмөр-Очир: Морин соёлоор Сүхбаатарынхнаас хол дутна

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 29 -нд

Олны дунд Дарьгангын “Хар азарга” гэж номынхоо нэрээр нэршсэн яруу найрагч Ай.Төмөр-Очиртой ярилцлаа.
-Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, Засгийн газрын тогтоолоор шийдэгдсэн "Зүүн бүсийн их хурд" наадам 1990 оноос хойш нийтээрээ тайж тахиж ирсэн Алтан Овооны их тахилга удахгүй болно. Адууны орон гэгддэг Сүхбаатарт Зүүн бүсийн их хурд болно гэхээр морь шүтээнтэй монголчууд догдолж байгаа байх. Танай нутагт зуншлага хэр байна?
-Манай нутагт дэлгэр сайхан зун болж байна. Мал сүрэг онд сайн орсон. Адуу мал өнгөтэй сайхан байна. Гурван жилд нэг удаа болдог зүүн бүсийн их хурдыг Сүхбаатарынхан тодорхойлдог юм шүү дээ. Хэнтий аймаг нэг үе их сайн байсан. Гал шарын хурд гэж олон жил тогтсон, Өвгөн ноёны ухаанаар өвлөгдөж ирсэн их сайхан хурд байсан. Нуулгүй хэлэхэд хойч үеийнхэн нь Өвгөн ноёны ухааныг самраад дууслаа. Одоо Гал шарын улаан ямаа гэж дуулдахаас Гал шарын хурд гэж дуулдахаа байж. Хэнтий аймагт болсон зүүй бүсийн уралдаанд гэхэд л 30 айрагны 18-ыг нь Сүхбаатарынхан авсан. Дорнод аймагт зүүн бүсийн уралдаанболоход би азаргаа аман хүзүүдүүлсэн. Дорнод аймагт уралдахад айраг, түрүүний гуравны хоёрыг нь манай уяачид авчихдаг юм. Дорнод аймаг буриад зон нь давамгайлсан  баахан тэнэ муна буриад хийцээр уралддаг болохоор морин соёлоор Сүхбаатарынхнаас хол дутна. Энэ үгийг би зориуд хэлэх гэж хэлж байгаа юм шүү. Гэхдээ Дорнод сайхан нутаг, хүн зон нь сайхан сэтгэлтэй, би яруу найргаар уралдаж түрүүлж, хурдан хүлгээр аман хүзүүдэж байлаа. Сүүлийн үед хурдан морийг хот хөдөөгүй тэжээдэг, тээвэрлэдэг болсон болохоор Зүүн бүсийн наадамд энэ ялгаа гарахгүй болов уу. Нөгөө талаар Сүхбаатарын үндсэн адуу нь сайн, уяачдын туршлага, арга барил сайтай. Сүүлийн үед залуучууд сайн уяж байна. Тэр дундаа манай Дарьгангын морьд их хурдан, энэ сумын уяачдын холбоо, Асгат, Халзан сумынхан гээд хүлэг морио сайн уяж уралддаг газар олон бий. Өнгөрсөн жил Сүхбаатар аймагт Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Дарьганга сумаас наадам болохоос долоохон хоногийн өмнө гадагшаа зарагдсан Бат-Эрдэнийн халтар соёолон улсын наадамд түрүүлсэн. Энэ жил хэсэг залуус улсын наадамд ирж уралдахаар ярьж байгаа. Хугацаа арай болоогүй байна. Гэхдээ тэд сайн уралдана. Би тэр нь улсын наадамд түрүүлнэ, айрагдана гээд хэлчихмээр байна. Гэхдээ манай уяачид бодог, сэдэг, дүгнэг. Улаанбаатарын алдартай том уяачид моодноос гарах цаг ирсэн. Д.Бат-Эрдэнэ аварга улсад арван хэд түрүүлснээс биш 20 түрүүлээгүй шиг юманд хэмжээ бий. Тэд муудаа биш эрин цаг нь өнгөрч байна. Халхын наадмын өнгийг тодорхойлж байдаг долоо, найман манлай уяач бий. Тэдэнд хийсэн юм байлгүй яахав. Сүүлийн үед залуучууд маш сайн уяж байна шүү дээ.
-Наадмьн бэлтгэл хэр байгаа бол?
-Манай аймгийнхан 70 жилээ угтсан олон сайхан бүтээлч ажил хийж байгаа. Цаг сайхан, аймаг орон нутгийн ажил сайн болохоор наадамчин олны сэтгэл зориг их байгаа. Мэдээж наадам тийм сайхан уур амсьгалтай байхад наадмыг зорьсон, Алтан-Овоондоо мөргөж сүжиглэсэн түмэн олон, дээр нь Зүүн бүсийн их хурдад морио уралдуулах нь уяач хүний хувьд нэр төрийн хэрэг. Энэ бол үндэсний хэмжээний том олимпод оролцож байгаа гэсэн үг.
-Энэ том наадмыг дагаад үндэсний бөхбарилдах байх. Танай нутаг бөхөөр хэр билээ?
-Ний нуугүй хэлэхэд манай аймаг бөхөөр тааруухан. Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор аваргатай болоосой гэж ганц би ч биш Сүхбаатарчууд мөрөөдөж байсан. Манай бөхчүүд, залуучууд сайхан барилдах байх, уралдах байх.
-Ингэхэд Сүхбаатар адуу яагаад хурдан байдаг юм бэ? Тэр нь юутай холбоотой бол?
- Энэ тухайд хүн, хүний л дүгнэлт байдаг байх. Би морины тухай уран бүтээл туурвисан, олон жил адуу судлалын чиглэлээр ажиглалт, судалгаа хийлээ, эрдэмтэн, судлаачдын энэ талаар хэлсэн үг ч бий, Сүхбаатар аймгийн адуу хурдан байхын цаад утга учир нь манай С.Амартайван найрагчийн хэлснээр “Барагдахгүй энэ талыг туулна гэж Байдсан гүүний унага босоо төрдөг юм” гэх байна. Тэр их мэлмий сунгасан тал нутгийн хараа, цараа хүлэг моринд нөлөөлдөг байх. Уул харсан морь сүрддэг шүү дээ. "Уулын морь ууландаа" гэдэг. Энэ нэгдүгээр үзүүлэлт. Хоёрдугаарт, үүх түүхээс үзэх юм бол шилийн сайн эрчүүдийн нутаг, Манжийн хааны сүрэгчин хошуу байх үеэс адууны цус их сайжирсан нь түүхэн үнэн. Дээр нь уяачийн арга барил, эрдэм, өвөг дээдээс өвлөж ирсэн морин соёл гэж бичигдсэн, бичигдээгүй олон судар байна. Энэ мэт олон зүйлээс шалтгаалж Сүхбаатар аймгийн адуу хурдан байдгийн цогц шийдэл гарах байх. Хурдан байдаг гэж ярих нэг хэрэг, Сүхбаатарын адуу өнөөдөр халхын довон дээр баталгаатай сайхан уралдаж, хурдалж чадаж байгааг хэлэх хэрэгтэй. Олон морь гадагшаа зарагдлаа, зарлаа. Гэхдээ үүнд бодлого байх ёстой. Мэдээж, зах зээлийн нийгэмд адуу, малаа зарж, аж амьдралаа дээшлүүлэх нь тухайн хүний хэрэг. Гэхдээ даага, үрээ гэх юм уу засаатай мал авахад учир бий. Эцэг мал бол үйлдвэрлэлийн гол гайхамшиг байдаг. Тиймээс энэ талд бодлоготой байхгүй бол болохгүй. Алтан-Овооны их тахилгаар гадагшаа зарагдсан Сүхбаатарын адуу ирж түрүүлсэн. Тиймээс бодлого байх ёстой гэж яриад байгаа юм. Гэхдээ яахав, халхын заяа түшиж өнөөдөр Сүхбаатар аймгийн адуу уралдсаар, хурдалсаар л байна. Ер нь сүүлийн 20 жил Сүхбаатар аймаг энэ чиглэлд амжилтаа хамгаалж чадаж байна.
-Нутгийн уяачдын тухай юу хэлэх бэ?
- Сүхбаатар аймгийн хурдан морийг ярихдаа уяачийнх нь тухай ярих ёстой. Улс, аймаг, сумын алдарт уяач гэж хуулиар зохицуулагдсан алдар цол олгодог. Энэ жил манай аймгаас гурван Манлай уяач төрсөн. Энэ асар өндөр цол, Түүнээс гадна аймгийн уяачдын холбооноос цол олгодог. Энэ цолонд андуу эндүү байх, албан тушаал, эрх мэдлээр дулдуйдах, хүмүүсийг бялдуучлах сэтгэлгээ байсаар байна. Монголын ард түмэн эх орны дайны хүнд жилүүдэд фронтод морио бэлэглэж байсан бол одоо албан тушаалтан, эрх мэдэлтэнд ажил бүтээж өгөөрэй, миний хүүхдийг сургуульд оруулж өгөерэй гэж бэлэглэдэг, бэлэглүүлдэг, зохион байгуулдаг болсон байна. Тэр байтугай бэлгийг нь голж шилдэг, тийм адуугаа өг гэж нээнтэглэдэг, өгөхгүй бол шоронд явуулдаг явдал байгаа. Үүнд сэтгэл эмзэглэдэг. Хүний морийг цоллуулаад маргааш нь малгай, алдар хүртээд орхидог. Жирийн ард мөрөөрөө сайхан амьдарч болохгүй дарамтанд өртдөг байдлыг шүүмжилдэг хүмүүс бий. Ад болж үнэнийг хэлж явдгаараа би ч гэсэн энэ тухай ярьж, хэлдэг хүний нэг. Сүүлийн үед цагдаагийн байгууллага уралдаад, наадаад байдаг явдал арай гайгүй болсон. Энэ жил тийм зүйл гарахгүй байх гэж найдаж байна. Наадам сайхан болох байх. Аймгийн 60 жилийн ойгоор манай аймагт 837 хязаалан уралдаж байсан юм. Давааны цаагуур дагаад явж байхад ер бусын симфони эгшиглэх шиг өвөрмөц аялгуу эгшиглэжбайсан. Энэ жил шүдлэн, хязаалан 1000 гаруй уралдахыг байг гэхгүй.
-Сүхбаатар аймгийн адуу нь ч хурдан хүн зон нь омголон гэх юм уу даа ихээхэн өвөрмөц ааш араншинтай дээр нь нутгархуу, жалга довны үзэлтэй гэж хүмүүс толгой холбож шүүмжилдэг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

- Сүхбаатарынхан жалга довны үзэлтэй юм бол Д.Сүхбаатар яах гэж Монголын тусгаар, тогтнолыг аварсан юм бэ. Монголын ард түмний хувь заяаг аварсан түүхэн гавьяатай баатар хүн шүү дээ. Өнөөдөр Монголын төр, Монголын ард түмэн энэ цаг үе, XXI зуун Сүхбаатараар л бахархаж байна шүү дээ. Тийм учраас Д.Сүхбаатараа ч бодсон, Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэн ганц аймгаа ч бодсон, тэр дотор ажиллаж, амьдарч, уран бүтээл туурвиж яваа би гэхэд л Монголынхоо ард түмнийг харж л шүлгээ бичдэг. Монголын ард түмний хувь заяа надад зовлон болж эх орон тусгаар тогтнолын тухай баатарлаг найраглалууд бичдэг. Түүнээс биш би манай нутгийн тэр шүү, энэ шүү гэж жижигхэн зүйл боддоггүй. Би Их хурлын гишүүн, төрийн тамгатай хүн биш. Гэвч би Монголынхоо ард түмнийг харж, тэдний төлөө дуугардаг. Харин амьдарч сууж байгаа газраар нь харвал өөр юм.
-Сууж байгаа довон дээрээ мэдээж нутгаа л ярина шүү дээ гэж хэлэх гээд байна уу?
- Тэгэлгүй яахав. "Тарвага юуны учир дошин дээрээ уурсан хошгирч байна вэ. Та эх орныхоо төлөө тэр дайны хошгирч чадаж байна уу" гэж асууя л даа. Тарвага дошин дээрээ орчноо цочоон хошгирч байдаг. Тэгвэл, Монголоо сэрээхийн төлөө, Монголын төрийг сэрээхийн төлөө, өнөөдөр миний өгч буй ярилцлага ч гэсэн түүний төлөө байна. Тийм учраас Сүхбаатарынхан жалга, довны үзэлтэй гэдэг худал. Харин ч эх орончид, харин ч баатрууд байдаг. Улс орны тусгаар тогтнолын тулах чулуу нь Сүхбаатар аймаг шүү гэдгийг хэлье.
Өнөөдөр Монгол төрийн соёрхолыг парламентын гишүүний тэмдэгтэй зэрэгцүүлж зүүчихээд Монголынхоо газар, шорооны төлөө тэмцэж явсан хүн ханц Балбар л байна. Тэр Сүхбаатар нутгийн хүү, Горькийн нэрэмжит утга, зохиолын дээд сургуулийг төгсч ирсэн савандаа багтахгүй их авьяас, өөрөө өөртөө багтахгүй их ааг омог байсан. Эцэст нь эмнэг адуу бугуйландаа боож үхдэг шиг, үүнийг би муухайгаар хэлж байгаа юм биш шүү, үнэхээр энэ нийгмийн хар бартаг, бараан дундуур багтарч дууссан. Тэр хэнээс ч айж, хэнийг ч тоож байгаагүй. Ийм агуу их амьтан байлаа. Яруу найраг, уран бүтээл гэдэг хайрга билүү шиг байдаг. Гэтэл нөгөө талд нь манай Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн ах хоёр Балбар тийм их омголон байсан шиг утга, уянгын зөөлөн ай юм. Данзангийн Нямсүрэн гэдэг хүн өөрөө их зөрчилтэй, гаднаас нь харахад яг Балбар шиг ааштай, хайрга шиг ширүүн, дориун. Тэр байтугай залуудаа сайн эр байсан, гутлын түрий эргүүлсэн хатуу гар явсан. Тэр дотроос урссан эгшиг нь зөөлөн аядуу. Ийм сонин хийцтэй уран бүтээлч байлаа. Сүхбаатарын ард түмэн тийм амгалан ард түмэн, мөн омголон ч ард түмэн. Энэ ард түмний нэг хэсэг, хайрга билүүнийх нь хугархай би. Намайг хүмүүс нас чинь явлаа, тогтуухан бай, хайрга билүү аятай юм битгий бич гэдэг; Би "Билүүний үүргийг хайрга гүйцэтгэхгүй, хайрганы үүргийг билүү гүйцэтгэхгүй шүү дээ, еөрийнхөөрөө байя даа" гэж хэлдэг. Жалга, довны үзэлтэй гэж шүүмжлээд байгаа тэр хүмүүст хариу барихад ийм л байна даа, дүү минь.
-Та шүлэг, морь уяхаас гадна сонгууль болгонд улстөрчдийн уяа сойлгыг тааруулж ирсэн хүн. Энэ сонгуулийн өнгийг хэрхэн харж байна?
-Олимпийн аваргуудыг дөрвөн жилд нэг удаа төрүүлдэг шиг сонгуулийн аваргуудыг төрүүлэх гэж байх шиг байна. Сонгууль ард түмэнд ээлтэй, нааштай болоосой гэж бодож сууна.
-Өнөөдрийн нийгэмд болж буй үйл явдалд шүүмжлэлтэй зүйл олон байгаа байх. Та юу гэж үзэж байна?
-Олон зүйл байгаа ч Монголоо шүүмжлээд яахав, би ямар Их хурлын гишүүн биш. Гэхдээ би жалганд хуцдаггүй нохой юмуудаа, миний "Болор цом”-д уншсан шүлгүүдийг ард түмэн сонсдог. Саяхан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн миний шинэ номын өмнөтгөлд "Ай.Төмөр-Очир гэдэг чинь барагтайхан яруу найрагчид айж яв гэсэн үг юм шүү.Түүнийг шүлгээ уншаад гарсаны дараа уншигч, үзэгчид аавдаа юм уу, ахдаа нэг сайхан алгадуулсан юм шиг санаа нь амардаг" гэсэн байсан. Би ийм л хүн. Үнэн үгийг сүү шиг хөхөж ирсэн болохоос үнс шиг хийсгэх дургүй. Өнгөрсөн жил би өвдөж Тайвань руу хоёр удаа явж элгээ эмчлүүлсэн. Тийшээ явж ирэхэд надад Монголын ард түмэн л тус болж байсан. Одоо бие сайн байна. Гэхдээ "Бадарчин баярлах болоогүй гэдэг шиг гам алдах эрхгүй. Гэхдээ хятад хүний сургааль "Өнөөдөр үхнэ гэхэд маргааш ногоо ургаасай" гэдэг шиг Монгол эр хүний, монгол сэтгүүлчийн, монгол яруу найрагчийн, монгол зоригтны үндсэн философи нь маргааш үхнэ гэхэд өнөөдөр үнэн үгээ хэлж явах эр зориг надад бий.

Л.ХЭРЛЭН

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна