Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн Х.Болорчулуун: “Нутгийн адууны генийг хадгалангаа хурдны чиглэлийн торгон сүргийг бий болгох зорилго тавьж байгаа”
-Уяачид ойнхоо арга хэмжээнд сэтгэл дүүрэн байна. Холбооны удирдлагууд нэлээд зүтгэл гаргажээ дээ?
-Тэгэлгүй яахав. Уяачдын маань баяр шүү дээ. Хээрээр гэр хэцээр дэр хийж явдаг уяачид ийнхүү нэг дор цуглаж баярлах боломж тэр бүх тохиохгүй. Тэр тусмаа малчдын хувьд. Тэр утгаар нь холбооныхоо ойд гээд тэр холоос зорьж ирсэн уяачдаа сэтгэл дүүрэн буцаахын тулд хэрдээ л чармайлаа. Медаль, уралдааны бай шагнал гээд та бүхэн анзаарсан байх. Хамгийн гол зүйл бид унаач хүүхдүүдээ 100 хувь даатгалд хамруулж, доргилтоос хамгаалсан малгайгаар бүрэн хангасан.
-Тийм шүү.Улс бүсийн наадамд ч гэсэн 100 хувь хамрагдаж чаддаггүй?
-Хүүхэд гэдэг бидний хойч ирээдүй. Морь айрагдаж, түрүүлэх бахтай сайхан ч хүүхэд морь эсэн мэнд ирнэ гэдэг түүнээс хавьгүй илүү баяр бахдал. Эцэг өвгөд маань хэдэн зуу, мянган жил тийнхүү сургаж, монгол наадмын мөн чанарыг таниулсаар ирсэн шүү дээ. Тэгээд ч ММСУХ-ноос хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар салбар холбооддоо шаардлага хүргүүлсэн. Холбооны маань 15 жилийн ойд зочноор ирсэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ”унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр ийнхүү анхаарч, хүүхдүүдээ 100 хувь хамгаалалтын малгайтай болгосон анхны аймаг нь танайх боллоо” гэж байна лээ. Бид анхдагч байхдаа гол нь биш хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэл тодорхой хэмжээгээр багасч байгаа нь чухал. 2009 онд манай аймагт бүсийн наадам болсон та бүхэн мэдэж байгаа байх. Тэр үеэр нэг хүүхэд унаад, мориндоо өшиглүүлж толгойгоо хагалсан харамсалтай хэрэг болсон. Тухайн үед “хэрвээ энэ хүүхэд каскатай байсан бол” гэсэн харамсах бодол төрж, өр өвдсөн л дөө. Тэгээд тэр хүүгийн эмчилгээний зардлыг дааж Хятад улсад эмчлүүлсэн. Одоо хөөрхөн цовоо цойлгон хүү хичээл номондоо явж байгаа.
-Унаач хүүхдүүдтэй уулзаж байхад ч гэсэн хамгаалалтын малгайтай болохоор айдасгүй уралдсан гэж байна лээ?
-Тэгэлгүй яахав. Тэр бяцхан амьтад хэлж чадахгүй болохоос биш эмээж л байгаа шүү дээ. Одоо манай хүүхдүүд хаана ч очоод уралдсан хамгаалалтын жигдхэн хамгаалалтын малгайтай. Хэн ч харсан Дорнодоос ирсэн хүүхэд байна гэж танихаар болсон.
-Хурдан морьдын уралдаан нэлээд өтгөн боллоо. Зочид ч их ирж?
-Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн уяач, хурдан хүлгэд хүрэлцэн ирсэн байна. Дээр нь хотоос зочид төлөөлөгчид ирсэн. Гурван насны морьдын уралдаанд 600 гаруй хурдан хүлэг уралдлаа. Зөвхөн их насны ангилалд гэхэд 268 адуу мордож байх жишээтэй. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр уяачдын холбооны 15 жилийн ой зөвхөн Дорнодчуудын хувьд биш Хэнтий, Сүхбаатар зэрэг хил залгаа аймгийн уяачдын хувьд ч хүсэн хүлээсэн наадмынх нь нэг байжээ.
-Наадмыг газар газраас ирсэн хос морьтонгууд чимж байлаа?
-Санал нэг байна. Бидний өвөг дээдэс эртнээс сайхан эдлэл хэрэглэл бүхий сайн мориор гангардаг. Наадмын нэг утга учир нь тэр байлаа шүү дээ. Машин техник хөгжсөн сүүлийн жилүүдэд тэрхүү сайхан уламжлал гээгдээд байгаа болохоос биш. МҮОНТ-ийн сэтгүүлч Л.Цагаандалай ярьж байсан. “Монгол наадам гэдэг сайн морио унаж, сайхан дээл хувцсаа өмссөн хүмүүс уулзан мэнд мэдэн хууч хөөрдөг хоёрхон баярын нэг гэж. Гэтэл сүүлийн жилүүдэд наадмаар морь унадаг хүн байхгүй болж, хар теньтэй машины дотроос биенээ сонжиж байгаад л яваад өгч байна” гэж. Энэ үнэн шүү дээ. Монгол наадамд гэдэг зөвхөн морь уралдуулах биш. Түүнийг дагасан үндэсний соёлын салшгүй хэсгүүд бий. Түүнийг сэргээх үүднээс үндэсний дээл хувцсаа өмсөж, сайхан эмээл хазаар, ташуураа барин хос мориор ижиллсэн наадамчдыг шалгаруулах зар тараасан. Цаг хугацааны байдлаас болоод төдийлөн олныг хамарч чадсангүй. Гэсэн хэдий ч наадамчдын нүдийг хужирласан сайхан үзүүлбэр болсон гэж бодож байна. Бид цааш цаашдаа хос морьтон тэмцээнийхээ цар хүрээг тэлж, жил бүрийн улсын наадмаар зохион байгуулдаг болохоор төлөвлөж байгаа. Манай нутаг адууны орон шүү дээ. Тэр утгаараа сайхан морьд зөндөө бий. Ирэх наадмаар илүү олон хүн оролцох байх.
-Цаанаа бас зорилготой байжээ. Бид бол хэлбэрийг нь хараад л сайшааж байлаа?
-Дэлхийд ганцхан монгол наадмаа авч үлдэхийн тулд энэ мэт анзаарагдамгүй хэрнээ чухал соёлын элементүүдээ сэргээх хэрэгтэй.
-15 жилийн ой гээд зөвхөн баяр наадам ярих биш өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээснийг дүгнэх хэрэгтэй байх?
-Манайх ММСУХ-ны ууган салбаруудын нэг. Монгол адуугаа хөгжүүлье морин уралдаанаа сайжруулъя гэсэн хүсэл зорилго нэгтэй эрчүүдийн санаачлагаар бий болсон ММСУХ-ны үйл ажиллагааг дэмжсэн анхны аймгуудын нэг нь манай Дорнод. Тэр утгаараа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн зүйл олон байлгүй яахав. Нөгөө хийсэн юмтай, хэлэх юмтай гэдэг чинь манай холбоо шүү дээ. /инээв/ Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Дорнод аймгаас 16 МУ-ын Алдарт уяач цолтон, 68 аймгийн Алдарт уяач цолтон төрөн гарсан нь манай уяач адуу хэр чансаажныг илтгэх байх. Би өнгөрсөн 12 сард холбооны тэргүүнээр сонгогдсон. Хуралд оролцсон уяачдын маань 80 хувь нь намайг дэмжиж итгэл хүлээлгэн холбооныхоо тэргүүнээр сонгосон. Тэгэхээр өнгөрсөн хугацааны ололт амжилтыг би биш хүндэт тэргүүн Ганбаатар яривал илүү зохистой байх. Харин би цаашид юу хийхээр төлөвлөж байгаа тухай ярьж болж байна.
-За тэгвэл шинэ тэргүүн юу төлөвлөж байгааг сонирхож болох уу?
-Хийхээр төлөвлөж байгаа олон л зүйл байна. Хамгийн наад зах нь уяачдаа нэгдсэн журмаар улсын болон бүсийн уралдаануудад оролцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэдийгээр манай уяачид улс, бүсийн наадамд оролцож байгаа ч бас оролцож чадахгүй сайн байгаа. Тэгж байж Дорнодын адуу илүү танигдана шүү дээ. Ойрын үед хэрэгжүүлэх өөр нэг зүйл бол уралдааныг гараанаас нь бариа хүртэл хүртээмжтэй болгох асуудал.
-Гараанаас бариа хүртэл дүрсээр дамжуулах юм уу?
-Эхний ээлжинд тийм боломж бололцоо тааруу л даа. Тийм учраас гараанаас эхлэн тайлбартайгаар хүргэх юм. Өөрөөр хэлбэл морьд эргэсэн цагаас эхлээд наадамчдад цагаан хоолойгоор хэний ямар морь хаагуур давхиж байгааг тайлбарлах юм.
-Дорнодын адуу хурдан гэдэг нь нэгэнт батлагдчихлаа. Гэхдээ нутгийн уяач, бизнесменүүд шинэ цагийн монгол адуу гаргаж авах тал дээр нэлээдгүй анхаарал хандуулж байгаа бололтой?
-Дорнодын адуу хурдан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Гэхдээ манай адуу сайн гээд л энүүхэн хавьдаа эргэлдүүлээд байвал цус ойртоод чанар нь муудна шүү дээ. Тиймээс аль болохоор адууныхаа цусыг холдуулах тал дээр анхаарал хандуулж байх нь зүйтэй. Холбооны зүгээс ч гэсэн нутгийн адууны цусыг сайжруулах тал дээр анхаарч бодлого барьж ажиллана гэсэн бодолтой байгаа. Сая гэхэд ойн уралдаанд түрүүлсэн морьдын эздэд шинэ монгол даага бэлэглэлээ. Хүмүүс боломж бололцоо нь хүрэхгүй байгаа болохоос биш дор бүрнээ л шинэ монгол азаргатай болохыг хүсч байгаа. Үүнийг л холбоо бодлогоороо дэмжье гэсэн бодолтой байгаа.
-Адуугаа сайжруулах нь зүйн хэрэг ч хэтийдвэл Дорнодын гэх онцлог байхаа болино шүү дээ?
-Адуугаа сайжруулж цус сэлбэнэ гээд бүгдийг эрлийзжүүлчихнэ гэж юу байхав. Тодорхой хэсэгт үржлийн ажил хийнэ шүү дээ. Тэгээд ч монгол адуу шиг 40 хэдэн градусын хүйтэнд тэсвэртэй, салхи шуургыг сөрөх мал ховор. Монгол адуу гэдэг олон тал хээртээ зохицсон тэсвэр тэвчээртэй, хагас зэрлэг амьтан шүү дээ. Товчхондоо нутгийн адууны генийг хадгалангаа хурдны чиглэлийн торгон сүргийг бий болгох асуудал байгаа юм.
-Огт морь мэддэггүй, адуунаас хол хөндий хүнийг холбооныхоо тэргүүнээр залчихаагүй байх. Болорчулуун тэргүүний хурдан морьтой холбогдсон түүх гэвэл?
-Монгол эр хүнийг мориноос салгаж ойлгохын аргагүй юм даа. Би ч гэсэн тэдний л нэг. Нэгдэлд аграномич байхдаа л хурдан морь сонирхож эхэлсэн дээ. Найз нөхдийнхөө уясан морийг балиашигладаг. Тэгээд боломж бололцоо олдохгүй байсаар нэлээд хожуу 2000-аад оны үеэс адуу цуглуулж эхэлсэн. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн хаа очиж надад сайхан хурдан буянгууд заяасан. Жишээлбэл монгол төрийн наадамд зургаан удаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга азаргатай ана мана үзэж байсан хар азарга маань байна.
-Сонирхолтой сэдэв байна. Тэр хэдэн оны наадам бэ?
-2004 онд Сүхбаатар, Хэнтий, Дорнодын уяачид нийлж Хан уулын уралдаан гэж зохион байгуулсан юм. Нэлээд том хэмжээний уралдаан болсон л доо. Тэр жил их хурдан байсан Эрдэнэчулууны шарга азарга ирж уралдсан гээд бодохоор цар хүрээ нь харагдаж байгаа биз дээ. Тэр том уралдаанд миний хар азарга аман хүзүүнд хурдалсан.
-Тэр наадмыг эргэн дурсвал бас их сонин байна?
-Тухайн үед Ононгийн Бат-Оршихын хүрэн азарга бас тоймгүй хурдан байлаа. Аймагт хоёр түрүүлсэн адуу л даа. Тэгээд бид хоёр хэнийх нь азарга түрүүлж ирэх нь вэ гээд нэг шил вискигээр мөрийцлөө. Хоёулаа вискигээ машиныхаа ард хийчихсэн. Азарга эргээд удаагүй байтал шарга азарга зуугаад метрийн зайтай хол тасарчихсан түүний ард Бат-Оршихын хүрэн, Аргамжаагийн саарал, Дивизийн хар гээд манай аймгийн Данжаад азарганууд, мөн Сүхбаатарын сайн азарганууд цуварчихсан тэдний ар дээр л миний хар азарга явж байна. Тэгэхээр нь жаахан явуулчих гэсэн ээж маань хаширлаад “татаатай явж байг” гэдэг юм байна. Ээж маань 16 хүртлээ Хөлөнбуйр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Даваагийн морийг унадаг байсан. Ааруул идвэл шүд бэхждэгтэй адилхан морь унахад бүх булчин чангардаг. Хүмүүс хүүхдийн бөөр өвдөнө гэдэг харин ч бөөрний булчин чангардаг юм гэж ярьдаг хөгшин бий л дээ. Нас өндөр гэхгүй хаана л уралдаан байна намайг дагаад явж байдаг хүн. Тийм болохоор ээжийнхээ үгэнд орохоос өөр аргагүй л дээ. Хар азарга татаатай явсаар барианд орохоос хоёр км орчим дутуу байхад хүүхэддээ хэлээд тавиуллаа. Тэгэхэд хар азарга ухасгээд идсээр байгаад шарга азарганаас долоо найман метрийн зайтай барианд орсон доо. Тэгж л хар азарганыхаа хурдыг таниж өөрийн эрхгүй бахархаж байлаа.
-Эрт тавиулсан бол яагаа ч билээ гэдэг гомдол байдаг юмаа даа?
-Нуугаад яахав. Тэгж бодогддог л юм. Уралдааны дараа манай нутгийн Намжил гуай “хар азаргыг эрт шахах байсан юм. Хар азарганы тоос эрчилж байсан ш дээ. Намайг явуул гэхээр хүүхэд чинь үгэнд орохгүй юм.” гээд бухимдалтай нь аргагүй ярьж байж билээ. Магадгүй нутгийн буурал уяачийн хэлсэнчлэн эрт шахсан бол бас яагаа ч билээ гэж хааяа бодогддог л юм. Гэхдээ хүрэн азарганыхаа урд орж мөрийгөө авсан л даа./инээв/
- Тэрнээс хойш хар азарга яаж давхисан бэ?
- Миний хар азарга хязааландаа тав уралдаж,гурав түрүүлж, хоёр айрагдсан адуу. Уяа энэ тэр гэж сүйд бололгүй хөтөлж аваачаад уралдахад л ийм амжилт үзүүлдэг ясны хурдан буян байсан л даа. Би муудаа хурдыг нь бүрэн таниулж чадаагүй болохоос биш. Үр төлийг нь эцгийн шийрийг хатаах байх гэж горьдохоор охин голдуу гарах юм. Тэгж байгаад хурд төрөх байлгүй дээ.
-15 жилийн ойн уралдаан өтгөн сайхан болсон ч Болорчулуун тэргүүн уяачийнхаа хувьд бас жаахан гонсгор үлдсэн байж болох. Яагаад соёолонгоо татуулчихаваа?
-Загасчны морь усгүй гэдэг л боллоо. Би өмнө нь бүх уралдаан дээр өөрөө очиж морио мордуулдаг юм л даа. Уяач маань энэ удаа ч гэсэн намайг өөрөө ирж үрээгээ мордуулна гэж бодож алгуурлаж байгаад хоцроочихсон. Ядаж байхад суучихсан машин татах гэж байсан найз маань унаач хүүхдийг маань суулгаад явчихсан байж таараад. Тэгээд хойноос давхисан ч 100-гаад метр дутуу байхад морьд эргэчихсэн. Хонгор соёолон маань үнэхээрийн хурдан амьтан учраас өнгөлөөд л гараад ирсэн. Тэгэхээр нь санаа зовоод татуулчихлаа.
-Торны цаана л ороогүй болохоос барианд бараг хүрсэн юм биш үү?
-Гэхдээ зурхайн цаана гараагүй юм чинь асуудал гарна л даа. Тэгээд ч өөрөө зохион байгуулж байж морь нь дутуу эргээд түрүүлчихвэл хэл ам татална шүү дээ. Тэр зэргээс болгоомжлоод татуулчихсан. Хүмүүс болохоор явуулчихаад хасуулчихгүй л гэж байна. Дэмий биз дээ. Хамгийн гол нь хонгор соёолон үнэхээр хурдан байсан юм л даа. Жинхэнэ иртэй үедээ байсан.
-Хонгор үрээ таны унаган адуу юу?
-Хонгор үрээ маань шүдлэндээ улсад арвалсан. Гэхдээ урд нь нэг ч монгол адуу байгаагүй дандаа эрлийзүүд орсон. Хязааландаа өнжсөн. Энэ жил соёолондоо их хурдан байгаа юм. Гэхдээ Болорчулуун гэдэг хувь хүн биш уяачдын холбооны тэргүүн гэдгээрээ асуудалд хандах ёстой учраас хувийн эрх ашгаа хойш тавихаас өөргүй л дээ.
-Хонгор соёолонгийнхоо эцэг хонгор азарганыхаа талаар дэлгэрүүлээч?
-2005 оны зүүн бүсийн наадамд МУ-ын Алдарт уяач Тэрбишдагвын Өлгөр бор хэмээх цэвэр азаргатай хоёулаа тасарч явсаар бариан дээрээ суун гурвалж байсан хурдан буян л даа. Морь сонирхдог хүмүүс андахгүй дээ. Уяаны жаахан юм байсан байлгүй бариан дээр ирээд шогшчихсон.Нөгөө талаараа Араб азаргатай ана мана уралдсан болохоор үрэгдсэн байж ч мэднэ.
-Наадмын цуваан дээр хуучин эзнийхээ нэрээр байдаг билээ?
-Тэгэхэд аваагүй байсан юм. Түүний дараа найман настай азарга авч байсан. Хонгор азарга олон сайхан төл өгсөн. Одоохондоо хурдыг нь таниулж тодруулаагүй байна.
-Адуунууд чинь ийм хурдан байхад яагаад улсад уралдаагүй юм бэ?
-Хоёр удаа ирсэн. Хонгор үрээгээ шүдлэнд нь авчраад аравлуулж, хязааландаа ханиаднаас болоод давхиулаагүй. Наадмын өглөө нутгийн зүг буцаж байлаа. Энд нэг сонирхолтой хууч дэлгэе л дээ. Хар азарга хурдан байхад “Их хурд-3” уралдаанд очсон юм. Манай энд тэжээл энэ тэр гэж мэдэхгүй ш дээ. Тэгсэн аптекийн хүн энэ их сайн гээд нэг дусал өглөө. Уралдаан болоход гурав хоног дутуу байсан юм. Тэгэхээр уулган ч юм шиг гурван шилийг хийчихсэн чинь хар азарга сэлдийгээ унжуулаад уяа нь алдарчихсан. Гэсэн хэдий ч “Их хурд-3”-ын 142 азаргыг нэг хэсэг өнгөлсөн юм даа. Тэр үед Аймгийн Алдарт Ажваа зул хонгор морио аваад надтай хамт явсан юм.
-Болорчулууны нэртэй хурдан хурц адуу хэр олон бэ?
- Хурданы чиглэлийн 100 орчим адуутай. Торгон сүрэг ч гэж хэлж болно. Саяын ярьсан хурдан азарганууд дээр нь хоёр цэвэр азарга бий. Мөн аль л хурдтай гэсэн газруудаас гүү сорчилж цуглуулсан. Одоо бол адуу авахгүй, өөрийн унаган хүлгэдээр уралдана гэж бодож байгаа. Унага цагаас нь харж байсан адуугаараа айраг түрүү авбал уяачийн бахархлыг илүүтэй мэдрэх юм шиг санагддаг.
-Хариулахгүй ч байж болно доо. Сонирхоод асуухад таны авсан адуунаас арай илүү үнэтэй нь ямар хүлэг байсан бэ?
-2001 онд хар азаргаа нэг сая төгрөг, 70 хониор авч байсан. 2005 онд ухаа азаргаа 10 саяар авахад үнэтэйд тооцогдож байсан. Түүнээс Халх гол сумын гаралтай аймгийн наадамд түрүүлсэн их морь нэлээдгүй өндөр үнээр авсан ч харамсалтай нь давхиулж чадаагүй. Гэсэн хэдий ч бас нэг сонирхолтой нь хуучин эзэн Пүрэвдорж нь мориныхоо мөнгийг банкинд хийгээд азтан болж 2008 оны Бээжингийн олимпи үзэж байлаа. Буянт хүлгийн хишиг гэдэг энэ мэтчилэн их л дээ.
-Морь дагасан эр хүн сайн адуунаас гадна сайхан эмээл, хазаар эдлэх хэрэгтэй болдог. Таны хувьд?
-Ааваас миний өвлөсөн хусуур сойз, нэг сайхан хөөрөг бий. Миний аав бас гурван азарга адуутай морь сонирхог, бас жолоо мушгидаг хүн байлаа. Бид эцэг эхээс нь арван нэгүүлээ. Арван нэгэн Болорын хамгийн том нь би. Хүний амьдрал тэгш биш болохоор аав минь энэ хорвоогоос эрт буцаж, ээж минь 0-16 насны арван нэгэнхүүхэдтэй үлдэж байлаа. Айлын том хүүгийн хувьд аавын оронд аав болж, ээждээ туслах гэсээр амьдралын үнэ цэнэ, мөн чанарыг таньсан байж магадгүй.
-Тиймээс ч өдий зэрэгтэй явна гэж бодогддог уу?
-Өнөөдөр өдий зэрэгтэй яваа нь нутгийн минь олны дэмжлэг шүү дээ. Аав ээжийн суурь хүмүүжлээр газар шороо сэндийчихгүй зөв зам мөртэй бизнес хийхийг чухалчилж, орон нутгийнхнаа эрүүл хямд хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг “Дорнод гурил” компанитай. Бизнесмен хүн зөвхөн ашиг орлогын төлөө биш бусдад нийгэмд үр өгөөжтэй үйл эрхлэх ёстой гэж боддог. Тэр зарчмынхаа дагуу ажиллаж, манай хамт олон амжилтын эзэд болсон. Энэ жил гэхэд л
Засгийн газар Худалдаа аж ахуйн үйлдвэрийн танхим хамтран шалгаруулдаг МУ-ын Топ-150 аж ахуй нэгжийн нэгээр шалгарч, улсын хэмжээний 70 шилдэг татвар төлөгчийн нэг болсон.
Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Таныг болон Дорнодын нийт уяачдыг хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл №29
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна