Мөлүү хээр

Сэтгүүлч
Өчигдөр, 16:05 минут

Төрийн наадамд их насны морь түрүүлгэх нь эрт, эдүгээгийн их хувь, ерөөл хэмээдэг. Үгүйсгэх ч аргагүй юм. Уяа нь жигдэрч, ир нь ханасан тэр олон хүлгээс нэг нь л алтан жолоо өргүүлэн, төрийн наадмын шаргал цуваанд мөнхөрнө.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Баатарчулууны Өнөрбаян хэмээх залууд тэр хувь тохиосон. Тохиохдоо тэгш ойн жил буюу АХ-ын түүхт 90 жилийн ойн баяр наадамд хээр адуу түрүүлгэн их асрын хойморт суухаар бичигдсэн байжээ.

Өдгөө тэнгэрийн хүлгүүдийн уяаг тааруулан суугаа залуу Алдарт ерөөс хээр адууны абшигт нэгэн байсан мэт. Учир нь түүний Мөлүү хээр азарга нь төрийн зарлигт наадамд гурвантаа айрагдан, уугуул нутаг удам судрынх нь алдрыг дуудуулж байв.

Өнөөдөр та бүхэндээ ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан Мөлүү хээр хэмээх хурдан хүлгийнх нь талаар дуулгая.

Удам угшил:

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат МУ-ын Алдарт уяач Жамбалын Шунугийн унаган адуу.

Эцэг нь: МУ-ын Алдарт уяач Ж.Шунугийн Шүүлэн удамтай сумынхаа баяр наадамд хоёр түрүүлж, хэд хэд айрагдсан хээр азарга.

Эх нь: МУ-ын Алдарт уяач Ж.Шунугийн Банди удмын зээрд гүү. Зээрд гүүнүүд төлүүд сум орон нутгийн наадамд хэд хэд айрагдсан.

2011 оны намар авсан Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Тод манлай уяач Б.Батхүү Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул найзаасаа мөлүү чихтэй битүү хязааланг сая гаруй төгрөгөөр худалдан авч, дараа жил нь Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд айрагдуулж байжээ.

Хээр азарга 2014, 2015 оны улсын наадамд арав гаргаж давхисан бөгөөд 2015 онд ид хурдалж, хоёр ч бүсийн уралдаанд айрагдан эзэн, уяачаа баясгасан юм.  

Амжилтын товчоон:

2012 онд соёолон

Сүхбаатар аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөв

2015 онд наймтай:

Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн тав

ММСУХ-ны 20 жилийн ой бүсийн уралдаанд айргийн тавд тус тус хурдалсан юм. 

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна