“Ардчилал-2012” уралдаанд Эрэндоогийн хээр түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 07 -нд

Дундговь аймгийн төв Мандалговь хотноо ардчилалын баяр наадам болж байгаа. “Ардчилал-2012” нэртэй энэхүү уралдаанд их нас, соёолон, даага уралдах бөгөөд УИХ-ын гишүүн “Мон-Уран”-ны Наранхүү зохион байгуулж байгаа. Энэхүү уралдаанд 61 их морь шандас шалган уралдаж дөнгөж сая барианд орж ирлээ. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат П.Мэндбаярын хар морь түрүүлсэн боловч эрлийз гэх шалтгаанаар хасагдсан ажээ. Ингээд “Ардчилал-2012” уралдааны их насны морьдын цувааг хүргэж байна.
Түрүү магнайд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Эрэндоогийн хээр хурдалсан. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Дамбын Түдэвийн хар давхисан бол айргийн гуравт Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Манлай уяач Жамбалын Содномпилийн хээр, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Содномын Пүрэвсамбагийн хээр, айргийн тавд Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын зээрд халзан тус тус хурдаллаа.
Одоо хурдан соёолонгууд гарааны зурхай руу хөдөлж байгаа бөгөөд тун удахгүй бид энэ талаарх мэдээллийг хүргэх болно.
А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна