Улсын баатар Ш.Гонгорын мэндэлсний 100 жилийн ой маргааш болно

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 01 -нд

Монгол улсын анхны баатар Шагдарын Гонгорын нэрэмжит уралдаан маргааш буюу аравдугаар сарын 2-нд төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Баянхутагт болох гэж байна. Тэрээр 1912 онд Сэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, одоогийн Баянхутаг сумын нутагт төрсөн. 1936 оны нэгдүгээр сарын 28-нд Булан дэрсийн харуулын Хуурай тойрмын зүүн хойд этгээдэд орших Цагаан ухаагийн морьт харуулд гарч байх үед цасан шуурга, харанхуй шөнөөр далимдуулсан хил зөрчигч 10 гаруй дайснаас долоог нь устгаж байсан гэдэг. Ийнхүү зоригт хилчин Ш.Гонгорт 1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор  анх удаа БНМАУ-ын баатар цол хүртээжээ. Мэргэн бууч Ш.Гонгор эх орны дайны үед фронтод бэлэг хүргэхэд мөн оролцсон байдаг юм. Баатар Ш.Гонгор “Анхдугаар хичээл” Монголын анхны баримтат уран сайхны кинонд өөрийнхөө дүрд тоглосон байдаг бол “Тамсаг булагийн хязгаарт” ном бичиж олны хүртээл болгож байлаа.
 Ийнхүү Улсын баатар Ш. Гонгорын мэндэлсний 100 жилийн ойн баяр наадмаар их нас, соёолон, дааганы уралдаан болох юм байна. Уг уралдааныг Ш.Гонгорын үр хүүхэд, төрөл төрөгсөд нь зохион байгуулах гэнэ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна