Б.Цогтбаатар Алтан гадас одон хүртлээ

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 14 -нд

Монгол улсын Ерөнхийлөгч зарлигийн дагуу  үндэсний бөхийн спортыг хойч үедээ уламжлуулан хөгжүүлэхэд оруулсан олон жилийн нөр их хөдөлмөрийг нь үнэлж,  Монгол Улсын заан Д.Мягмар, Монгол Улсын заан Д.Амгаа нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Монгол Улсын заан Ч.Гочоосүрэн, Ц.Санжаа, Д.Лхагвасүрэн, Монгол Улсын харцага Ж.Бор, Монгол Улсын начин Д.Галдандагва, З.Чинбат, Ц.Лхамаа, Г.Жалаа, Аймгийн арслан Н.Батчулуун, Аймгийн арслан Л.Чимэд-Очир, Аймгийн арслан Д.Болд, ахлах гарын даа С.Сэлэмбаатар, бөхийн засуул Б.Шүрхүү, үндэсний бөх тайлбарлагч, бөх судлаач Б.Цогтбаатар нарыг Алтангадас одонгоор шагнасан билээ.
МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх судлаач Б. Цогтбаатарын дуу хоолой бөх сонирхогчдын хувьд танил болсоор хорь гаруй жил болж байна. Хүүхэд байхын л бөхийн тайлбарлагч болохыг мөрөөддөг байсан хөдөөгийн хүү тухай үедээ үзсэн бөхийн барилдааны тэмдэглэлийг алгасалгүй хөтөлнө. Бас сүүний жижигхэн бедон бариад микрофон болгож бөх тайлбарлана.  Хүүгийнхээ  хүсэл мөрөөдлийг анзаарсан ээж аав нь ч  бөхийн сонин хэвлэл захиалж өгч, бөхийн тухай мэдээ таарвал  хайчилбар, зураг бэлтгэж өгдөг болцгоожээ. Улмаар дунд сургуулийн багш нар ч дэмжих болж, бөх тайлбарлагч Ганбаатарт шавь оруулснаар гараагаа эхлэж байсан юм билээ. Ингээд 1990 оны эхээр МҮБХ байгуулагдахад “данстай” болж, 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойн өмнө засуулч, бөх тайлбарлагчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр бөх тайлбарлах болсон тухайгаа дурссан нь бий. Мөн энэ хугацаанд Б.Цогтбаатарын бөх судлалын чиглэлээр гаргасан хэд хэдэн ном олны  хүртээл болоод байгаа юм. Үүний нэг нь манай  сайтын “Гарьд магнай”-н саатах “Монгол бөхийн аваргууд” билээ. 
Ингээд сайтынхаа хамт олны зүгээс бөх судлаач Б.Цогтбаатарт баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

П.Ундармаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна