Шигшмэл бөхчүүдийн барилдааныг нээж ерөнхийлөгчийн хэлсэн үг

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 02 -нд

Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй шигшмэл бөхчүүдийн барилдааныг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бөхийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 101 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
 
Монголын энэ сайхан ой оны төгсгөлд, шинэ гарах оны эхэнд таарч байгаа нь үнэхээр тэнгэрийн таалал буй за. Энэ их ойг жил бүр ард түмнийхээ их баяр цэнгэл болгон тэмдэглэж байхаар зарлиг гаргасан. Энэ 2012 онд хамгийн сайн барилдсан шигшмэл 128 бөхийг ойн ёслолд барилдуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо шийдвэрлэлээ.
 
Түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог уламжлал тогтоосон. Монгол Улсын төрийн тамга дарсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй өргөмжлөлийг шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд гардуулна.
 
Өнөөдрийн баяр бол төрт ёсны хүндэтгэлийн их баяр. Хүчит бөхчүүд үнэн хүчийг үзэж шударга сайхан барилдана. Ард иргэдээ сайхан баярлуулна гэдэгт итгэж байна. Миний ард түмэн ирэх жил хийморь нь өндөр, сүр сүлд нь өндөр, ажил бүтээл нь өндөр, айл бүхэнд аз жаргал бялхсан сайхан жил гарах болтугай. Хурай, хурай, хурай” гэлээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна