Шандаст хурдан "Шарваа хээр"-ийн түүх

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 25 -нд

1952 он Усан луу жилийн хавар малчин Ширнэнгийн адуун сүргийн “Цагаан шилт “ хэмээх хээр гүүнээс анхны төл хээр унага гарсан нь шандаст хурдан хүлэг “Шарваа хээр” байлаа.  Шарваа хээрийн эх цагаан шилт хэмээх гүү нь миний өвөг эцэг Буурал Цэндийн адуун сүргийн удам бөгөөд хүргэн Ширнэнгийнхээ ууган хүү Пүрэвжавын даахинд өгч байсан тухай Ч.Лханаасүрэн гуай ийнхүү түүх өгүүлсэн юм.
Тэрхүү гүүнээс хоёр эр нэг охин  унага гарсан нь Ширнэнгийн шарваа хээр, Чимэддоржийн хурдан халтар хэмээх шандаст хүлгүүд байсан байна.

Ийнхүү 1959 оноос эхлэн миний аав Чимэддорж дээрх хоёр морийг уяж сойсон нь аймгийнхаа наадамд тасралтгүй долоон удаа, үзүүр, түрүүг авч, Алдархаан сум болон тойрсон сумдын наадмын түрүүг тасралтгүй авсан бөгөөд Говь-Алтай аймаг, Жаргалан ,Баян-Уул , Хөх морьт сумдад удаа дараа түрүүлж, дүү халтар морь нь үзүүрлэдэг байсан нь тухайн морьдын удамт хурдан хүлгүүд гэдгийг баталж  байгаа юм.
1972 оны Усан хулгана жилийн өвөл удамт хурдан хүлэг “Шарваа хээр” нь хөгшрөлтийн улмаас турж эцсэн талаархи мэдээг Монгол Улсын ууган нэгдэл Партизан Чойбалсан нэгдлийн дарга Жанчивт мэдэгдсэнээр түүнийг тэжээж онд оруулах, эс чадвал чихмэл хийх тул тэр хэвээр нь авч ирэх даалгаврыг тухайн үеийн нэгдлийн тракторийн жолооч надад үүрэг даалгавар болгосон юм.
Ийнхүү авч ирэхээр аавындаа очтол Улаан хайрханы өвөрт адуундаа байгаа өглөө аваад яв гэлээ. Өглөө нь босоод адуун дээр нь яваад очтол “Шарваа хээр” байсангүй ойр хавьд хайсан боловч олоогүй юм. Ингээд хэд хоногийн дараа нутгийн малчин Дэмиддагва гэдэг хүн морь чинь Бор хайрханы оройд босоогоороо үхсэн гэсэн мэдээллийг өгсөний дагуу өөрийн биеэр очиж үзвэл нэг талыг нь үнэг, чоно идсэн байлаа, чихмэл хийх боломжгүй болсон тул аман хүзүү, толгойг нь аваад тэнд нь оршуулсан түүхтэй юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна