Луу жилийн шилдгүүд шагналаа гардан авлаа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 10 -нд

ММСУХ-ны луу жилийн шилдгүүд шагналаа гардан авлаа.  2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү,  /их насны морь/ арван айраг хүртсэн амжилтаараа ММСУХ-ны шилдэг есөн уяачийн нэгдүгээрт эрэмблэгдсэн “Од” галын гишүүн, МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзий ийнхүү өнгөрсөн жилийн хамгийн хийморилог эрхэм гэдгээ дахин баталлаа. Харин шилдэг залуу уяачаар Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Нийслэлийн Алдарт уяач Т.Ихбаяр шалгарчээ. Тэрээр өнгөрөгч луу жилд улс бүсийн наадмаас  гурван түрүү, найман айраг  хүртсэн билээ. Луу жилийн шилдэг унаач хүүхдээр  Гансүхийн Сүхбат шалгарчээ. “Од” галын унаач хүү 2012 онд улс, бүсийн наадмаас хоёр түрүү, найман айраг хүртсэн амжилтаараа 32 оноо цуглуулан бусдыгаа хошуучилсан билээ. Харин шилдэг галаар өнгөрөгч онд улс бүсийн наадмаас хоёр түрүү, 13 айраг хүртсэн “Од” галынхан шалгарч, шинэхэн Тод манлайнхаа хамтаар ирж шагналаа гардан авлаа. МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр тэргүүнтэй тус гал уяанд Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Манлай уяач Б.Бат-Өлзий, Б.Содномцог нарын хийморилог эрс багтдаг юм.
Шилдгийн шилдэг аймгийн салбар холбоогоор Г.Бямбаа тэргүүнтэй Сэлэнгэ аймгийн морин спорт уяачдын “Буган халиун ажнай” холбоо шалгарсан бол сумдын шилдэг салбаруудаар:
-Завхан аймгийн Сонгино сумын "Сонгино хурд"морин спорт уяачдын холбоо
-Говь-Алтай аймгийн  Цээл сумын "Таянгийн хурд" морин спорт уяачдын холбоо
-Дундговь аймгийн Луус сумын морин спорт уяачдын холбоо
-Булган аймгийн Баяннуур сумын морин спорт уяачдын холбоо
-Дорнод аймгийн Халхгол сумын морин спорт уяачдын холбоо тус тус шалгарлаа. 
 Ийнхүү уламжлалт шагналуудаас гадна энэ жилийн тухайд хоёр хурдан хүлэгт цол чимэг олгох болсон нь урьд жилүүдийнхээс өвөрмөц байсан юм.
Бага дөрвөн насандаа буюу АХ-ын 63, 64, 65, 66 жилийн ойн баяр наадмуудад завсаргүй айрагдсан Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Түвдэн агсны алдарт Хилэн хар азарганд-Эрхэм төрийн Идэр түмний эх, мөн дааган цагаасаа хурдалж улс бүсийн наадмаас дөрвөн түрүү, хоёр айраг хүртсэн Идэр даян түмний эх Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар үрээнд - Эрхэт төрийн идэр түмний эх цолыг  тус тус олголоо.

Нийт шагнал хүртэгсдэдээ "Тодмагнай" сайтынхаа хамт олны өмнөөс баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна