Сүхбаатар аймгийн Аварга хүлэг шалгарлаа

Батсайхан
2013 оны 2-р сарын 19 -нд

  Тийн ялгуусан хэмээх Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 7-ны билэгт сайн өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тус аймгийн ЗДТГ, Эрдэнэцагаан сумын ИТХурал,  тус сумын ЗДТГ,  УИХ-ын гишүүн М.Зоригтын үүсгэн санаачилсан  “Мөнхчулуун сан”,  “Жавхлант шарга” МСУХ-ноос ивээн тэтгэж  зохион явуулсан аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны хурдан морьдын уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
     Өглөө эртлэн газар газраас хуран цугласан их насны 189 хүлэг гарааны зурхайгаас мордсоноос :
1. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Батхүүгийн Сүхбаатар аймгийн унаган хүлэг  хул морь түрүүлж тод магнай, торгон жолоогоо өргүүллээ. Хул морь хэдхэн хоногийн өмнө УБ хотод болсон 1.5 сая төгрөгийн өндөр бооцоот морьдын уралдаанд түрүүлж, давхар уяагаар ийнхүү дахин түрүү магнайд хурдлан аргагүй хурдан буян гэдгээ батлав.
2. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Шагдарын Батсүрэнгийн хээр давхив. Энэ хээр морь Монголын анхны “Их хурд” наадамд хул азаргаа айрагдуулж байсан мөн сумын Шагдар гуайн унаган адуу билээ.
3. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн Яруу саарал хурдаллаа. Яруу саарал өнгөрсөн жил Төвийн бүсийн даншиг наадам, Макс группын 20 жилийн наадамд тус тус айрагдаж байсан Дорнод аймгийн Матад сумын Цэрэнжавын унаган адуу бөгөөд уяа сойлгыг нь Матад сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар тааруулдаг юм.
4. Айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн хүрэн морь хурдаллаа. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Б.Энхдолгионы унаган адуу болох хүрэн морины дээд угшил нь тус сумын аймгийн Алдарт уяач Т.Цогтбаатарын адууны гаралтай. Энэ эрхэм уяачийн унаган хоёр азарга болох МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хул, Сэлэнгэ аймгийн уугуул Д.Батсүхийн Бондгор хээр азарганууд төрийн наадамд айрагдаж байсныг хурдан морь сонирхогчид андахгүй бизээ.
5. Айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Ц.Батсайханы цоохор оржээ. Цоохор морь мөн Дорнод аймгийн Халхгол сумын уяач Ц.Амгаланбаатарын унаган адуу бөгөөд өнгөрсөн 2012 онд Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ойн баяр наадамд айргийн 3, аймгийн баяр наадамд аман хүзүүнд хурдалсан хурдан ажнай. Энэ цагт тодорч байгаа хурдан буянг аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар уяа сойлгыг нь тааруулдаг.

6. Төв аймгийн Алтанбулаг сумын Б.Батхүүгийн цоохор
7. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын С.Ууганбаярын хонгор
8. Сүхбаатар аймгийн Онгон сумын Ч.Ихбаярын хүрэн
9. Говь-Алтай аймгийн Дарви сусын С. Нэргүйбаатарын буган
10. Сүхбаатар аймгийн Асгат сумын Ж.Баярсайханы Туулай хүрэн хурдалсан юм.

Ийнхүү хурдны өлгийн нутгийн их насны морьдын уралдаанд Дорнод аймгийн гурван унаган морь, тэр тусмаа Халхгол сумын хоёр морь айрагдаж Монголын МСУХ-ны оны Шилдэг салбар холбоогоор тодорсон “Халхын То ван” МСУХ-ны уяачдыг айргаар мялаалаа.
    Ингээд энэ өдрийн гол баярт үйл явдал болох Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн,  зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах сайд асан, Халхын тамгатай 13 хутагтын нэг, Хатагин Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслолын ажиллагаа боллоо. Баруун-Урт хотод үргэлжилсэн энэ ёслолын үеэр хутагтын эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнг нээсэн нь хурсан олны сэтгэл ихэд нийцэв.
Харин өдрийн 12 цагт 172 хурдан азарга гарааны зурхайгаас мордож:
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, УИХ-ын эрхэм гишүүн, БХ-ын сайд , МУ-ын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарга унаган нутгийнхаа Аварга хүлэг шалгаруулах наадамд хоёр дахиа түрүүллээ. 
2. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Ц.Бат-Эрдэний алаг азарга хурдаллаа. Хавчиг алаг азарга өнгөрсөн жил Алтан-Овооны тахилга, Зүүн бүсийн хурд наадамд хол тасархай түрүүлж гарцаагүй данжаад азарга болох нээ гэж яригдаж байснаа ийнхүү батласан юм.
3. Айргийн гуравт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн соёолон хээр азарга хурдлав. Хээр азарга өнгөрсөн жил хязааландаа Дорнод аймгийн Матад сумын баяр наадамд айргийн гурваар давхиж байсан бол энэ удаа Улс халзан,  хавчиг алаг азарга зэрэг “аваргуудтай” ана мана уралдсаныг цохон тэмдэглэе.
4. Айргийн дөрвөөр Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Хадбаатарын алаг азарга хурдаллаа.
5. Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Д.Гэрэлбадрахын бор
6. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын У.Наранбаатарын саарал
7. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Г.Ганхүлэгийн хонгор халзан (2012 онд тус наадамд айрагдаж байсан)
8. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Д.Батмөнхийн халтар (2012 онд энэ наадамд аман хүзүүнд хурдалж байсан)
9. Төв аймгийн Алтанбулагийн Б.Батхүүгийн хээр
10. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Р.Амарсанаагийн хонгор
Үдийн хойно 14 цагт 189 хурдан соёолон мордож, төхөөрөмжний араас нэгэн зэрэг хөдөлснөөс:
1. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ч.Бат-Эрдэний оготор хээр түрүүллээ. Өмнөх сорилго наадам энэ морин хээр соёолон айргийн тавд хурдалж байсныг манай сайтад мэдээлж байсан билээ.
2. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарын халиун соёолон азарга хурдалжээ. Халиун соёолон өнгөрсөн зун Сүхбаатар аймгийн түүхт 70 жил, Алтан-Овооны тахилга, Зүүн бүсийн наадамд айрагдаж байсан.
3. Айргийн гурваар Халзан сумын Л.Баттулгын соёолон бор азарга давхив.
4. Айргийн дөрвөөр Халзан сумын А.Бумбаярын хар хурдлав. Хар соёолонгийн уяа сойлгыг аймгийн Алдарт уяач У.Адьяахүү тааруулдаг билээ.
5. Айргийн тавд Халзан сумын М.Бямбасүрэнгийн морин хээр соёолон айрагдсныг аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэн уяснаар могой жилийн босгон дээр хүртсэн Монгол улсын Сайн малчин цолоо мялаасан сайхан үйл явдал боллоо.
6. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ч.Төмөрбаатарын хонгор
7. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Э.Амартүвшингийн хар
8. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын М.Ганболдын хонгор
9. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Г.Эрдэнэбатын бор
10. Сүхбаатар аймгийн Халзан сумын М.Энхбаярын хүрэн  эхний арваар хурдлан хурсан олныг баясгалаа. Ер нь соёолонгийн уралдаанд Халзан сумын уяачид одтой сайхан наадацгаалаа.
Түрүүлж айрагдсан морьдыг шинэхэн нээгдсэн Я.Мөнхчулууны нэрэмжит кинотеатрын үүдэнд цоллож үргэлжүүлсэн тус театрт Егүзэр хутагт Ж.Галсандашийн амьдралын тухай түүхэн бодит үнэнийг өгүүлсэн баримтат цувралын эхний хэсгийг үзүүлж хурсан олон, хүндэт зочид, байгалийн үзэсгэлэнт Дарьганга сумын Алтан Дарь овоо, Шилийн богдыг зорьцгоолоо.

Б.Батсайхан
Ө.Хүдэрхангай

Фотог: "Хас" фото студи И.Ариунбат

 

 


    

 

 


    

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна