Итгэл даан хурдлах эрэмгий зээрд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

Төр түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй, өргөсөн тангарагтай цагдаагийн байгууллагынхан өнөө жил төрийнхөө наадамд одтой сайхан наадаж, галынх нь ахлагч А.Эрдэнэбаярын зээрд үрээ соёолонгийн уралдаанд дөрөвт хурдлан наадамчин олноо баясгалаа. Бага, дунд  сунгаануудад айрагдан, их сунгаанд түрүүлсэн зээрд үрээ эзнийхээ сэтгэлд найдвар түрүүлэх болсон бөгөөд Төв аймгийн Угтаалцайдам сумын  Отгоо,  Сэргэлэн сумын харьяат С.Хэрлэн хэмээх хоёр залуухан уяачид уяа сойлгыг нь тун ч нямбай тааруулан улсынхаа наадамд айрагдуулаад байгаа нь энэ. Итгэл даан хурдалсан зээрд үрээний эх хүрэн гүү нь тойруулга гаралтай бөгөөд  А.Эрдэнэбаяр уяач Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Э.Ганбат  найзаасаа худалдан авч байсан билээ.Залуухан уяач маань хүрэн гүүгээ ах дүүсийн барилдлагатай  МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн Англи  азарганд хураалгаж өнөө жил тодроод буй зээрд үрээг гарган авсан юм.
Шинэ Монгол адууг бий болгон Монгол адуугаа сайжруулахын төлөө хөрөнгө, хүчээ зориулан ажиллаж буй А.Эрдэнэбаяр уяач, бага насны адууг аль болох уралдуулахгүй, хайрлаж байхыг боддог бөгөөд зээрд үрээгээ “хэнз, нялх юм” гэж хайрлан, битүүхэн итгэл хүлээлгэсээр хязааланд нь уяж эхэлсэн юм. Зээрд үрээ анхныхаа буюу түрүү жилийн улсын баяр наадамд 11-т давхин давхар уяагаар Баянхонгорын даншигт есөөр хурдалсан. Тиймээс ч А.Эрдэнэбаяр  зээрд үрээндээ ихээхэн найдвар тавьж хавар эрт хоёр гүү хураалган ороог нь гаргаад, хүч суулган улсынхаа наадамд           “дасгалжуулж” эхэлсэн бөгөөд                “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдаанд уралдуулж  шалгалт авчээ. Зээрд үрээ нарийн уяа шаардаад байдаггүй, бэлэн давхилтай, галбир сайтай шинэ цагийн Монгол адууны төлөөлөл юм. Нас залуу хүлэг, жудагтай Монгол эрийн амжилтын цуваа тасрахгүй ээ.

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна