Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Дамбажав: Багаасаа хурдан моринд хорхойтой хүүхэд байсан

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 26 -нд

- Төрийнхөө наадамд хязаалан айрагдуулсан танд баяр хүргэе?
- Баярлалаа, та бүхэнд. Ардын хувьсгалын тэгш ойн босгон дээр төрийнхөө их баяр наадмаас анхны айргаа хүртлээ. Сэтгэл их өндөр байна. Улсын наадамд морь айрагдуулна гэдэг тэр бүр тохиолдоод байдаггүй завшаан. Монгол наадам сайхан болж өндөрлөлөө. Морь айрагдах тэр хормыг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан.
- Таныг “Босоо хүлэг” галын гишүүн гэдгийг мэдэх юм байна. Хэзээнээс хурдан морьтой холбогдох болсон бэ?
- Би одоо “Босоо хүлэг” галын бүрэлдэхүүнд байхаа больсон. Ерөнхийдөө өөрийгөө сорьж бие дааж үзмээр санагдаад тусдаа уяж байгаа. Хурдан морь сонирхох болсон тухайд өвөө маань уяач хүн байсан. Түрүүлж айрагдаад сүйд болохгүй ч насаараа морь уясан хөгшин байсан юм. Тэр хүний ген нөлөөлсөн байх л даа. Би багаасаа хурдан моринд хорхойтой хүүхэд байсан. Өөрийн нэр дээр морь уралдуулах болсон нь 2000 он юм байна.
- Эргээд харсан 10  жил болчихож?
- Тийм байна. Цаг хугацаа гэж хурдан юм даа. Энэ дашрамд  “Босоо хүлэг” галынхаа хамт олонд болон Манлай уяач Мөнхбатдаа баярласнаа илэрхийлмээр байна. Энэ хамт олны дунд байхдаа морины захтай болсон.
- Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар амжилт үзүүлсэн бэ гэдгийг асуух гэсэн юм?
- Улс, бүсийн чанартай томоохон наадмуудад уралддаг ч төдийлөн сайн амжилт үзүүлээгүй ээ. Харин аймаг сумын чанартай наадмуудад морь гайгүй давхичихдаг. Энэ жил гэхэд л бор халзан үрээ маань Өнжүүл сумын наадамд аман хүзүүдэж, Баяннуурын 30-н жилийн ойн наадамд түрүүллээ. Харин хар бор маань төрийнхөө наадамд айргийн тавд хурдалж, Сайхан сумын 80-.н жилийн ойн баяр наадам,
“Сэлэнгэ-2010” төвийн бүсийн хурдан морины уралдаанд тус тус түрүүлж сайхан наадлаа. Сэтгэл их өндөр байна даа.
- Наадмын өмнөх сунгаанууд ерөнхийдөө өнгө тодорхойлдог гэдэг. Таны үрээний хувьд яаж давхиж байсан бэ?
- Хүй долоон худагийн сунгаануудад бор үрээ маань ер нь л өнгөнд уралдаж байсан. Энэ жил ямар ч байсан гайгүй давхичих байх гэсэн маань талаар болсонгүй:
- Хурдан морины босоо цагаан хийморьт сүслэн яваа танд баяр хүргэе. Цаашид үргэлж тод магнай торгон жолоогоо  өргүүлж яваарай.
- Та бүхний ажилд амжилт хүсээд тусалж дэмжиж байсан ах дүү, найз нөхөддөө  сайн сайхныг ерөөе.

"Тод магнай" сэтгүүл дугаар №7

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна