Манлайн хийморийг сэргээсэн ажнай хүлгэд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

Соёмбот зээрд :

 Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, сумын Алдарт уяач Цэнджавын унаган адуу. Сумынхаа наадамд айрагдан, АХ-ын 83 жилийн ой, Алтан-Овооны их тахилгын наадам, зүүн бүсийн уралдаанд тус тус 14-т хурдлан “Соёолонгийн тоос” уралдааны түрүү магнай болж байжээ.
Төрийн түмэн эх -аварга зээрд:

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  уугуул Борчулууны унаган адуу. Соёолондоо буюу 2000 он, их нас буюу 2002 оны сумынхаа наадамд түрүүлж байсан бөгөөд уяач сойлгыг нь Доржхүү гэгч тааруулж байжээ. 2004 оны өвөл төвийн бүсийн бооцоот уралдаанд зургаад  давхиж, АХ-ын 83 жилийн ой, Алтан-Овооны тахилга наадамд тус тус түрүүлэн “Түмэн эх” цолыг хүртсэн.  Түүнчлэн тэр жилээ зохиогдсон шигшмэл хурдан морьдын “Их хурд-3” уралдаанд гуравт хурдлан айрагдаж, 2006 онд Зуунмод хотноо болсон өвлийн уралдаанд тавд хурдалсан. Энэ цагийн хурдан буянгуудын нэг.

 Алдар халзан :

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Бадарчингийн унаган адуу. 2004 оны сумынхаа наадамд айрагдан, Дарьганга суманд болсон төрийн Түмэн эх-Аварга зээрдийн нэрэмжит уралдаанд аман хүзүүдэн, бичин жилийн өвлийн уралдааны нээлт, шилдэг хурдан морьдын уралдаан, Бага Хэнтийн уяачдын  холбооны  таван  жилийн ойн  уралдаанд тус тус түрүүлсэн. Зуунмод хотноо болсон “Түмний хурд-2005” хаврын шигшмэл морьдын бооцоот уралдаан, Түргэний голд зохион байгуулагдсан Увс аймгийн уяачдын холбооны нэрэмжит  уралдаан болон төвийн бүсийн “Дүнжингаравын хурд” уралдаанд тус тус гуравт хурдалсан. Мөн 2006 оны төвийн бүсийн өвлийн уралдааны түрүү магнайгаар тодорч, Зуунмод хотноо болсон өвлийн уралдааны нээлтэнд аман хүзүүнд хурдалсан.

Мөнгөн хөлт халиун:

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул  Загджавын унаган адуу. Архангай аймгийн 80 жилийн ойд 14-т, Завхан аймгийн 80 жилийн ойд 17-д хурдалж, 2004 оны Налайх дүүргийн уралдаанд айргийн гуравт хурдалсан.

Бүжин хонгор:

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Чулуунбаатарын унаган адуу. Чулуунбаатар нь Ч.Улааны эхнэрийнх нь хамаатан гэгддэг. Алдарт уяачийн хоёр том охин морь жилтэй, аавыгаа дуурайсан хурдан моринд хорхойтой. Морь жилтэй моринд дуртай дунд охин Бүжинлхамдаа Ч.Улаан хонгор морийг зүслэн өгч Бүжин хонгор хэмээн нэрийдэх болжээ.

Бидэрт хул:

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Халзанбухын  унаган адуу. Даагандаа сумынхаа наадамд аман хүзүүнд хурдалж, АХ-ын 82 жилийн ой улсын баяр наадамд 39-өөр давхиж байсан. Харин 83 жилийн ойн баяраар 13-т, АХ-ын 84 жилийн ойн баяраар 37-д давхиж, төрийн тахилгат Алтан-Овооны наадамд аман хүзүүнд хурдалж байсан буян. Мөн Зуунмод хотноо болсон  бичин жилийн өвлийн уралдааны нээлт болон “Түмний хурд-2005” хаврын шилмэл морьдын уралдаанд тус тус гуравт хурдалж тэр жилээ Налайх дүүрэгт болсон Тод манлай уяач Г.Сандуйжавын нэрэмжит  уралдаанд дөрөвт давхисан.

                                                                                                         "Тод магнай" сэтгүүл дугаар №9

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна