“Жокей” клубын уралдаан 3-р сарын 30 нд болно

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 22 -нд

“Монгол Жоки” клубээс цэвэр үүлдрийн болон эрлийз адууны ойрын зайн уламжлалт уралдааныг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Хурдан морины сонгодог уралдааныг хөгжүүлэх зорилготой монгол жокичид энэ удаад гуравдугаар сарын 30-ны бямба гарагийг сонгоод байгаа гэнэ. Анхны уралдааны хязаалан насанд А.Ариунсайханы зээрд хязаалан, шүдлэнд Б.Батсүхийн хээр түрүүлээд байсан юм. Улмаар Ариунсайханы зээрд улсын наадмын эрлийз морьдын уралдааны дунд насны ангилалд, Б.Батсүхийн хээр өндөр бооцоот хурдан дааганы “Ирээдүйн түмэн хурд” уралдааны шүдлэнгийн уралдаанд тус тус түрүүлсэн нь чанар чансааг төвөггүй илтгэнэ хэмээх юм билээ. Өөрөөр хэлбэл улсын наадам хүртэлх томоохон уралдааныг өнгийг эндээс тольддог гэлцдэг. Энэ сарын сүүлээр болох шүдлэн, хязаалан насны уралдааны бай шагнал нь түрүү адуу нийт хураамжийн 50%, аман хүзүү 20%, айргийн гурваас тавын адуу тус бүр 10% байх ажээ. Цагаанхөтөлд болох тус уралдаанд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, Б.Наранхүү, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзийгийн хүү Б.Оргил, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Дамбажав, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ц.Алтаншагай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Д.Тамир, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Б.Жамдаан, Завхан аймгийн Яруу сумын уугуул Б.Эрдэнэдалай, Булган аймгийн Баяннуур сумын уугуул С.Манлайбаяр, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Г.Баттулга нарын уяачид бүртгүүлээд байгаа ажээ.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна