Адууг эмчлэх энгийн аргуудаас

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 17 -нд

Адуу хавар намрын цагт харших өвчин тусах нь элбэг. Энэ үед:
1. Харшсан морийг хонины сүүл, үхрийн богино хавирга, булууны яс, шар тос, өрмөөр ут. Өрөм нь үхрийн сүүнийх бол бүр сайн.
2. Зээрийн шилбэ хэмээх өвс, шавга модны холтос ямааны өөх гурвыг нийлүүлж багсраад утна.
3. Ер нь унаж эдлэх үед, уяаны дундуур морь зүдэрсэн үед саах зөрүүлж буй хургатай  уралдуулдаг байна.
4. Уяа буруудсан үед арвайн гурил зуурч бүх сүвийг арч.
5. Уяандаа уйдсан морийг хонь тууж сажлуулан сэтгэлийг сэргээ.
6. Зоо нуруу нь гэмтсэн, бөгсөн биеэрээ мэдээгүй  болсон адуунд нунтаг элс шар тостой хуураад бараан даавуунд боож эмээлийн хавтсанд даруулах, зоо нурууг нь жигнэх зэргээр эмчилнэ. /Ийм өвчний хиен гэдэг/
7. Ер нь бэртэл /булчин шөрмөсийн/ авсан морийг дээрх адилаар эмчилж болох талтай. Зоо нуруу нь гэмтсэн морийг халуун шар тос асгаж эмчлэх нь олонтаа.
8. Өвлийн цагт зоо нь бээрсэн морийг үхрийн борцоор ут. Шөлийг нь бага зэрэг уулга. /хамрын нүхээр нь их ус  гарах болно/ Нуруунд нь халуун жин тавьж, гам сайн хийх хэрэгтэй.
9. Дэлүү, саванд нь гэм суусан бол цагаан гүүний сүүнд харууц, жамц давс зуурч өг.
10. Зүрх нь үхэж халширсан морид шар будааны шүүс өг. Буцалсан усанд шар будаагаа хийгээд 15-20 минут болсны дараа шүүж, шүүсийг нь уулгана.
11. Шантарсан моринд чонын элэг хэмээх ургамал өгнө.
12. Морь улдвал хонины дэлүүгээр сайн арчиж болно.
13. Цайг нунтаглаж шар тостой хольж нухаад нэрмэл архиар зуурч үрэл хийн 4 хоног амгайд нь уяж өгдөг байна.
14. Бага зэрэг зүдэрсэн харшсан адууг шиврээ бороотой шөнө уяж хонох сайн.
15. Мөн бороотой шөнө хонины шавхайд уяж хоноод өглөө нь уналгүй тавь.
16. Адууны арьсанд олсон механик гэмтэл шархыг сахуугийн антивирусээр угаахад түргэн эдгэрнэ.
17. Түгшсэн моринд хар модны шогшгой буцалгаж өг. Хар модны мөөг болох агилыг нь ч өгч болно.

“Тод магнай” сэтгүүлээс

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна