Т.Батбаяр: Хүйн долоон худагийг нэгдсэн эрчим хүчээр хангана

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 03 -нд

Баяр наадам хаяанд дөхсөн энэ л өдрүүдэд Хүйн долоон худагийн торгон ногоон дэнжид бүтээн байгуулалтын их ажил буцалж буй. Хурдан моринд дуртай хэн бүхэн гурван өдрийн турш аргамжигддаг энэ дэнж хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар тодруулахаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяртай уулзаж цөөн асуултанд хариулт авлаа. 
-Хүйн долоон худагийн  тохижуулт ямар шатандаа хэдэн хувьтай яваа вэ?
-Хүйн долоон худагт "Монгол наадам" цогцолбор байгуулах төслийн хүрээнд энэ жилийн хувьд хамгийн түрүүнд автомашины зогсоол, үйлчилгээний талбай, авто замын асуудлыг шийдвэрлэхээр тогтсон. Дээрх гурван чиглэлийн бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж байна. Бид энэ сарын 5-нд хүлээж авах ёстой. Хоёр хэсэг бүхий 20 га талбайд 7000 орчим машины зогсоол засч байна. Зогсоолыг байгал орчинд хор хөнөөлгүй байх үүднээс эко хавтан буюу нүхтэй хавтангаар хийж байгаа. Жил бүрийн наадмаар замын түгжрээний асуудал наадамчин олныг бухимдуулдаг. Энэ хүндрэлийг арилгахаар Хүйн долоон худагаас 61-ийн гарам руу 8,9 км хатуу хучилттай замыг барихаар төлөвлөж байна. Ингэснээр Хүйн долоон худаг руу ирэх, буцах  зам нэг урсгалтай болж, түгжрэхээ болино болно хэмээн тооцоолж байгаа. Хүй долоон худагийн бүтээн байгуулалттай холбоо дараагийн асуудал бол үйлчилгээний талбай. Жил бүр наадамчин олны хөлд шороо тоос босч хоол хүнсний эрүүл ахуй аюулгүй байдалд хүндрэл учруулдаг. Энэ байдлыг арилгахаар нийт дүнгээрээ 12,6 га талбайд нарны цацраг хэлбэртэй голдоо зүлэгтэй хоёр том тойргон үйлчилгээний талбайг барьж байгаа. Тойргийн диаметр нь 280 метр байх ба хоёр тойргийн голд  LED дэлгэц байрлуулан бөх, морь, сураа үзэх боломжийг олгох юм.
-Наадамчин олны тав тухыг хангах тухайд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Үзэгчдийн суудлыг нэмэгдүүлэх ажил нэлээд эрчимтэй явагдаж байгаа. Энэ жил хуучин байсан цөөн хэдэн суудал дээр 3000 хүний шинэ суудал нэмж тавьж байгаа. Саяхны авсан мэдээллээр  суудлаа угсрах шатандаа явж байна гэсэн. Хүйн долоон худагт гардаг өөр нэг том хүндрэл бол бие засах газрын асуудал байдаг. Хэтрүүлж хэлсэн хүнд морь үзэхээсээ илүүтэй бие засах газарт дугаарласаар хамаг цагаа бардаг гэдэг. Тиймээс энэ тал дээр анхаарал хандуулж 24 ширхэг контейнерон жорлон, 30-аад ширхэг био  жорлон тавьж өгч байгаа. 
-Наадмын дараа хогондоо дарагдсан Хүйн долоон худагаа харах таатай санагддаггүй. Энэ тухайд ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа юу?
-Наад асуудал дээр чинь анхаарал хандуулж байгаа. Иргэд маань тав тухтай суудалд суун, эрүүл хүнс хэрэглэж, чөлөөтэй бие засан хог хаягдлаа зориулалтын саванд хийж, соёлтой сайхан наадаж сэтгэл хангалуун үлдэх ёстой. Бид энэ бүхний төлөө ажиллаж байна. Хогны асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжинд хогийн сав нь хангалттай байх ёстой гэж үзсэн. Одоо хотын гудамжинд байгаатай адилхан 400-гаад жижиг хогийн савнуудыг байрлуулж байгаа. Түүнчлэн дунд оворын  буюу 240 л багтаамжтай, дугуйтай түрээд явдаг 200 ширхэг хогийн савыг тавьж байна. Энэ жилийн баяр наадам "Цэмцгэр Монгол наадам" гэсэн уриатай шүү дээ. Дээр ярьсанчлан хоёр янзын хогийн савнуудыг байршуулахаас гадна хогийн уут барьсан оюутнууд наадамчин олны дундуур явж  тэдний гар дээр байгаа хог хаягдлыг цуглуулах юм. Эцэст нь мэдээж  Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилчид маань цэвэрлэнэ.
-Хүйн долоон худагийн энэ жилийн бүтээн байгуулалт тохижилт үйлчилгээнд нийтдээ хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Бүтээн байгуулалтын ажлууд 14 тэрбум төгрөгөөр хийгдэж байгаа. Суурь дэд бүтцийн ажлууд хамгийн их мөнгө шаарддаг шүү дээ. Энэ жилийн хувьд Хүйн долоон худагт хийгдэх  өөр нэг ажил бол эрчим хүчний үүсвэр, гэрэлтүүлгийн асуудал. "УБЦТС" ХК үйлчилгээний талбайд дөрвөн том цахилгааны шит байршуулж, түүнээс айлууд кабель утсаар цахилгаанаа татаж авах боломжтой болж байгаа юм. Өөр нэгэн онцлог нь зөвхөн Төв цэнгэлэхэд наадмын нээлт хийхээс гадна, Хүйн долоон худагт наадмын комиссын дарга Тэрбишдагва  очиж  нээлт хийхээр болсон.
-Сайхан сонсогдож байна. “Монгол наадам” цогцолборын төлөвлөлт бүтээн байгуулалттай холбоотойгоор уяачдын гал буух газруудад хориг тавих уу?
-Энэ жилийн хувьд газрыг айхтар нарийн хувиарласан зүйл байхгүй. Гэхдээ “Монгол наадам” цогцолбор баригдах хэсэгт уяачдын галыг оруулахгүй гэсэн шийдвэр Ерөнхий төлөвлөгөөний газраас гарсан. Бусад газрууд бол энэ жилийн тухайд ямар нэг хориглох зүйлгүй байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна