Эрлийз дээд насанд Ч.Ган-Очирын хүрэн түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 13 -нд

1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Ган-Очирын хүрэн үрээ түрүү магнайд хурдаллаа. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн унаган адуу болох хүрэн үрээ нь “Дүнжингаравын хурд 2013” уралдаанд айргийн тавд хурдалж, Эрдэнэтийн бүсэд айргийн есөөр орж байсан юм.
2. Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн  сартай хээр. Улс, бүсийн наадмын хоёр түрүү, таван айрагтай сартай хээр нь Төв аймгийн Цээл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн унаган адуу бөгөөд эх нь Төв аймгийн Алтанбулаг сумын “жаал” хэмээх Шаравын адуу юм. Харин эцэг нь Англи, Оросын Будённый үүлдрийн азарга. Дааган цагаасаа эхлэн төрийнхөө их баяр наадамд айргийн таваар давхиж, давхар уяагаар Говь-Алтай аймаг үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд түрүүлсэн хээр үрээ шүдлэндээ төрийн наадмын эрлийз дунд насны ангилалд зургаалж, Сэлэнгэ аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд түрүүлээд байгаа юм. Харин хязааландаа “Дүнжингаравын хурд-2012” уралдааны эрлийз ангилалд аман хүзүүдэж, хэдхэн хоногийн дараа болсон “Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд хүүхэдгүй долоод давхин, өнгөрсөн зун төрийн болон төвийн бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд тус тус аман хүзүүнд хурдалсан.  Харин 2013 он гарсаар “Дүнжингаравын хурд 2013” уралдааны айргийн дөрөв, Эрдэнэтийн бүсийн түрүү магнайн амжилтаа ийнхүү улсын наадмын айргаар үргэлжлүүлж байна.
3. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы зээрд. Даагандаа баруун бүсэд айрагдаж, Төрийнхөө баяр наадамд зургаалж, өнгөрсөн жилийн улсын баяр наадмын эрлийз дунд нас болон төвийн бүсийн түрүүг тус тус хүртээд байгаа юм.
4. Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Уламбаярын Буяндэлгэрийн  бор үрээ. Дааган цагаасаа төрийнхөө наадамд тоосоо өргөж байгаа бөгөөд энэ удаад ийнхүү айргийн дөрвөөр давхилаа. 
5.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул аймгийн Алдарт уяач Дондовын Бадрахын хээр халзан. Төрийнхөө их баяр наадамд ноднин эрлийз дээд насанд аман хүзүү, Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой төвийн бүсийн даншигт айргийн дөрөв, Эрдэнэтийн бүсэд 18-аар давхисан амжилтаа энэ удаад айргийн таваар үргэлжлүүллээ.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна