Аварга хүлгэд амжилтаа бататгасан Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын тойм

Тэлмэн
2013 оны 7-р сарын 15 -нд

Тулгар төрөө төвхнүүлсний 2222, Их Монгол Улсаа тунхаглсаны 807, Ардын Хувьсгалын яруу алдарт 92 жилийн ой үндэсний их баяр наадам нартай, хуртай наргиан цэнгээнтэй өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Манлай төрүүлсэн хязаалангийн уралдаан
 Хүлэг морин шүтээнтэй хөх монголын хийморилог эрсийн  наадгай морин уралдаан самсаа шархируулж, мэлмий чийгтүүлсэн  бахдам үйл явдлаар дүүрэн байсан юм. Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан уламжлал ёсоор  хязаалан насны морьдын өрсөлдөөнөөр эхэлж, шандас шалгахаар бүртгүүлсэн 302 хүлгээс 295 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм. Төрийн наадмын салхийг хагалсан хязаалан насны морьдын уралдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул,  Монгол улсын Алдарт уяач Дамбын Хишигжаргалын шарга магнайдаа тоосгүй түрүүлж, уясан эзэн унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүлсэн. Шарга үрээ 26 минут 16 секунд 92 долл хугацаанд оногдсон замаа туулж, ийнхүү төрийн түмэн эхээр тодорлоо.
Даагандаа төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалж байсан энэ хурдан буян Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу. Бүр тодруулбал  Тод манлайн улсын наадамд айрагдаж байсан саарал азарганы угшилтай, харин эх  нь тойруулга  болон Содномпилын адууны угшилтай шарга гүү бий гэдэг. Шарга үрээ даагандаа давхар уяагаар Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадамд түрүүлж байсныг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн санаж буй бизээ. Дашрамд сонирхуулахад  шарга хязаалангийн энэ түрүү эзнийхээ МУ-ын Манлай уяач цолны болзлыг биелүүлээд байгаа гэсэн шүү.
Хязаалангийн уралдааны аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул,  аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Тэргүүн хул  хурдалсан. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул  Батжаргалын унаган адуу хонгор үрээ дааган цагаас эхлэн хурдлан Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жил, “Шанхын хурд-4” говийн бүсийн уралдаануудад айрагдаж, шүдлэндээ “Их мандал-2012” говийн бүсийн уралдаан болон  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойд тус тус түрүүлж байсан энэ цагийн хурдан буянгуудын нэг. 
Айргийн гуравт  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Т.Зулзүсэмийн сартай хонгор хурдалсан. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Баярмагнайн унаган адуу хонгор халзан үрээний уяаг Нийслэлийн Алдарт уяач Дашцэрэн тааруулж, ийнхүү төрийнхөө их баяр наадамд айрагдуулжээ. Дашцэрэн уяач өмнө нь Н.Ижилбаярын хар бор соёолонг уяж төрийн наадамд түрүүлгэж байсан чадварлаг уяач юм.
Айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Ц.Баярхүүгийн цавьдар хурдалсан. Цавьдар үрээ Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Наранбаатарын унаган адуу бөгөөд өмнө нь уягдаж байгаагүй битүү үрээ Баянчандмань сумынхаа наадамд түрүүлээд төрийнхөө их баяр цэнгэлийг зорьсон нь энэ аж.
 Хязаалангийн уралдааны айргийн тавд  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын Дүү хээр хурдалсан. Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы төрсөн дүү  хээр үрээ өнгөрсөн жил шүдлэндээ  төрийнхөө их баяр наадамд айргийн дөрвөөр хурдалж, давхар уяагаар “Их мандал- 2012” говийн бүсийн уралдаанд айргийн таваар давхиж байсан билээ.  Ийнхүү Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуунууд  монгол төрийн наадамд цахиур хагалан хурдалж байна.
Ховдчуудын хийморь ассан шүдлэнгийн уралдаан
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны шүдлэн насны ангилалд 296 хурдан ажнай бүртгүүлж, 266 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэжээ. Монгол адууг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын дагуу үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гаргасан зөвлөмжинд тулгуурлан  эхний 10 үрээнд дахин үзлэг хийж, Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр /түрүү/, Дундговь аймгийн Хулд сумын уугуул  Ц.Ганхүүгийн хонгор халзан хонгор /аман хүзүү/ Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд /айргийн гурав/ Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан /айргийн тав/ зэрэг түрүүлж айрагдсан үрээнүүдийг хасч тооцсоноо хурдан морины салбар комиссоос мэдэгдсэн юм. Нэг хоногийн дараа гарсан албан ёсны мэдээгээр:
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, Данзандоржийн Одхүүгийн хээр үрээ төрийн наадмын түрүү хүлгээр тодорчээ. /айргийн дөрөвт давхисан ч өмнөх гурван үрээ нь хасагдан ийнхүү урагшилжээ/ Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шижээгийн унаган адуу хээр үрээг 356 дугаартай  14 настай Цэгмидийн Төрболд хүү унаж хурдлуулсан байна.
Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бандиагийн Баярсайханы хээр хурдалжээ.
Шүдлэн насны морьдын уралдааны айргийн гуравт Ховд аймгийн Цэцэг сумын уугуул  Баасанжавын бор үрээ хурдалсан.
Ховдчууд АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд тун чиг өнгөтэй наадсан бөгөөд тэдний нэг нь Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайхан уяач юм. Түүний  Чонон саарал хэмээх хурдан үрээг 108 дугаартай 11 настай Жаргалын Дашзэвэг хүү унаж хурдлуулан айргийн дөрвөөр давхиулжээ.
Сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж буй Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн уяачаар нэрлэгдэж буй. Шүдлэн насны морьдын уралдаанд түүний Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Э.Эрдэнэбилэгийн унаган адуу хүрэн үрээ айргийн таваар хурдалсан.
Шинэ амжилтын эзэн-Дархан түмэн эх Улс халзан
Төрийн наадам албан ёсоор эхэлдэг 7-р сарын 11-ний хурдан морины уралдаан азаргаар эхэлдэг уламжлалтай. АХ-ын 92 жилийн ой үндэсний их баяр наадамд 204 хурдан хүлэг бүртгүүлж, 187 нь гараанаас эргэсэн.  Азарганы уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан азарга өнгөлж, төрийн наадмын түрүү хүлгээр гурав дахь удаагаа тодорлоо. Улс халзан азарга Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Шинэтулгын унаган адуу. Сумынхаа наадамд түрүүлсэн халзан азарга 2011 оны Сүхбаатар аймгийн баруун бүсийн "Мөнххаан хурд- 2011" хаврын бүсийн уралдаанд түрүүлж, давхар уяагаар Талбулагийн уурхайн ойд айрагдсан бол зун нь АХ-ын 90 жилийн ойд түрүүлж, төрийн түмэн эхээр цоллуулсан. Түмэн эх халзан азарга Дундговь аймгийн 70 жилийн ойд айргийн дөрөвт хурдалж, 2012 он гарсаар Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд түрүүлэн, Дүнжингаравын хурд уралдаанд тавлан АХ-ын 91 жилийн ойд алтан жолоо өргүүлэн Даян түмэний эхээр тодорсон билээ.
Сүргийн манлай азарганы уралдааны аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн халтар хурдалсан.  УИХ-ын гишүүн асан Р.Будын унаган адуу халтар азарга өнгөрсөн жилийн баяр наадамд  12-т хурдалж байсан бөгөөд уяа сойлгыг нь С.Эрдэнэбат уяач тааруулдаг юм.
Айргийн гуравт Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Цэлхээгийн Бямбасүрэнгийн хүрэн хурдаллаа. Өнгөрсөн жил төрийн их баяр наадамд аман хүзүүнд хурдалж байсан энэ хурдан буян гарсан цагаас өнгөлсөөр ийнхүү гуравласан юм.
Айргийн дөрөвт  Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд хурдалсан. Амгалан төрийн ажнай шарга азарганы гал төл зээрд азарга 2012 онд төвийн бүсийн хурдан морины уралдаанд аман хүзүүдэж, давхар уяагаар Өвөрхангай аймгийн Есөзүйл сумын наадамд айргийн таваар давхиж байсан билээ.
Азарганы уралдааны айргийн тавд Өвөрxангай аймгийн Өлзийт сумын уугуул, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын xул хурдалсан. Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд дөрвөлж, төвийн бүсийн хурдан морьдын уралдаанд түрүүлсэн энэ хурдан буянгийн уяа Тод манлай уяач Д. Онон тааруулдаг билээ.
Амжилтаа бататгасан Даян түмний эх хүрэн
Уяачийн эрдэм ухааныг шалгадаг их насны морьдын уралдаанд 383 хурдан хүлэг бүртгүүлж, 358 нь гарааны зурхайгаас эргэжээ. Морин уралдаан эрчимтэй хөгжиж буй өнөө цагт амжилтаа  бататган хадгалах гэдэг босго өндөр шалгуур болоод буй. Тэр тусмаа дээд насны морьдын хувьд энэ нь ихээхэн хатуу шалгуур болдог. Тэгвэл энэ жилийн баяр наадмын  хамгийн бахархууштай нь өнгөрсөн жилийн их нас, азарганы уралдааны түрүү хүлгэд амжилтаа бататган төрийнхөө их баяр наадамд дахин магнайлсан явдал байлаа.
300 гаруй хурдан хүлгийн магнайд дүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Даян түмний эх хүрэн морь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Г.Эрдэнэбатын унаган адуу. Улс бүсийн наадамд гурав түрүүлж,дөрөв айрагдаад байгаа энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг хүрэн морины талаар морь сонирхогчид эчнээ мэдэх бизээ.  
Их насны морьдын уралдааны аман хүзүүнд “Хүй мандал” галын уяач Чимэдийн Энхтайваны хонгор халзан хурдалсан. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Баатарын Буян-Оршихын унаган адуу хонгор халзан морь Сэцэнханы хурдад зургаалж байжээ.
Гурван бүсийн түрүү  Ховд аймгийн Чандмань сумын уугуул Г.Ерөөлтийн хүрэн халзан морь төрийнхөө их баяр наадамд айргийн гурваар хурдаллаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул О.Үнэнбаярын  унаган адуу хүрэн халзан морь ийнхүү улс бүсийн наадмын гурван түрүү, нэг айргийн эзэн болоод байна.
Дөрвөн жил дараалан төрийнхөө их баяр наадамд айрагдаад буй Төв аймгийн Баянцогт сумын харьяат Тод манлай уяач С. Ганхуягийн бор шинэ амжилтаа шинэчлэн тогтоолоо. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын унаган адуу бор морины талаар эрхэм уншигчид ихийг мэдэх билээ.
Айргийн тавд  Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Б.Амарбаясгалангийн хүрэн халзан морь хурдалсан. Ийнхүү Алтайчууд төрийн наадмын их насны морьдын уралдаанаас нэг түрүү  нэг айраг хүртэн одтой наадлаа.
Ш.Адьшаагийн хонгор төрийн наадмын хоёр дахь түрүүгээ хүртлээ
Хийморь цогцолсон соёолон насны морьдын уралдаанд 254 хурдан хүлэг бүртгүүлж, 223 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэсэн юм.
Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ширнэнбандийн Адьшаагийн хонгор үрээ магнайдаа тоосгүй түрүүлэн ирж хурсан олноо цэнгүүллээ. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Б.Агвааны унаган хүлэг хонгор үрээ даагандаа Говь-Алтай байгуулагдсаны 70 жилийн ой, баруун бүсийн айрагдаж, шүдлэндээ төрийнхөө их баяр наадамд түрүүлж байсныг уншигчид санаж буй бизээ. Өнгөрсөн жил хязааландаа Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн наадамд түрүүлсэн энэ хурдан буян одоогоор улс бүсийн наадмын гурван түрүү, нэг айргийн эзэн болоод байгаа юм.
Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн үрээ хурдаллаа. Улс бүсийн наадмаас хоёр айраг хүртээд буй хүрэн үрээний  уяа сойлгыг Манлай уяач Б.Бат-Өлзий тааруулдаг юм.
Айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн  Алдарт уяач  Бат-Очирын Цэндбаатарын саарал хурдалсан. Улс халзан азаргаа түрүүлгэсэн Б.Цэндбаатар уяач ийнхүү унаган саарал соёолонгоо айрагдуулж, төрийн наадмаас ганзага дүүрэн буцлаа.
Айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн хурдалсан. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Энхбатын унаган адуу хүрэн үрээ хязааландаа төвийн бүсийн наадамд айргийн дөрвөөр хурдалж байсан бөгөөд өнөө жил уяаг нь “Агт-Эрдэнэ” галын уяач Буянтогтох тааруулжээ.
Соёолон насны морьдын уралдааны  айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын бор үрээ хурдалсан. Бор үрээний уяаг Манлай уяач Б.Мөнхтөр тааруулсан бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу гэдэг.
Өмнийн говийн хоёр дахь түрүү
Алтан шаргал элс нь өрөмтөн байдаг говь нутгаас тэр дундаа Өмнийн говиос төрийн наадмын хоёр түрүү тодорсон нь өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан явдал байсан. АХ-ын 91 жилийн ойд Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнэ Улс халзан азаргаа, тус сумын уугуул Х.Түмэнбаяр Богд халтар соёолонгоо тус тус түрүүлгэж байсан бол энэ жил Д.Бат-Эрдэнэ амжилтаа бататгаж, Ханбогд сумын уугуул аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалан  хул даагаа түрүүлгэн нутгийн нэрийг цуурайтууллаа.
Дааганы уралдааны аман хүзүүнд Говь –Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын сартай зээрд, айргийн гуравт Төв аймгийн Зуун мод хотын харьяат С.Батдоржийн хул, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Лхагвын Батмөнхийн сартай хүрэн, айргийн тавд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн уяач М.Алтан-Очирын  сартай зээрд тус тус хурдалсан юм.
Ийнхүү Хүйн долоон худагийг торгон ногоон хөндийг хотолзуулсан АХ-ын 92 жилийн ой үндэсний  их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Монголоороо бахархаж бахдахын сэтгэлийг дэврээсэн энэ л өдрүүдэд www.todmagnai.mn сайтын хамт олон Хүй долоон худагийг торгон ногоон дэнжээс хурдан морины уралдааныг шуурхай дамжуулан моринд дуртай монгол түмнийхээ мэлмий юуг мялааж байсан билээ.
Шинэ монгол адуу буюу эрлийз ангиллын морьдын уралдааны тоймыг бид маргааш хүргэх болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай.


А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна