Удамт уяачийн унаган зээрд

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 24 -нд

АХ-ын 91 жилийн ойн их баяр наадамд түрүүлж айрагдан түмэн олноо цэнгүүлсэн гурван азарга өнөө жил амжилтаа бататган хурдалсан. Тэдний нэг бол дөрвөн үеийн эрдэмт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн Унаган зээрд азарга юм. Өнгөрсөн жил төрийнхөө наадамд аман хүзүүнд хурдалсан энэ хурдан буян Ц.Бямбасүрэн уяачийн унаган адуу. Тодруулбал Ц.Бямбасүрэн уяачийн цавьдар азарганы төл юм.“Их хурд-3” уралдаанд аравт давхиж байсан цавьдар азарга, аймаг сумынхаа наадамд олонтаа  түрүүлж айрагдаж байсан хурдан буян бөгөөд Дэрэн сумын 80 жилийн ойд түрүүлэн зодог тайлж байсан  билээ.  Цавьдар азарганы дээд удам нь  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул МУ-ын Алдарт уяач Осоржавын Шаравжамцын алдарт Бөгөн хүрэн азаргатай угшил нэгтэй зээрд азарга байсан  гэдэг. Зээрд азаргыг Бямбасүрэн уяачийн аав Цэлхээ Алдарт  авч хурдны үр тарьсан нь ийнхүү хожмоо дэлгэрчээ.Унаган зээрдийн эх зээрд гүү нь морины байнд ирсэн хул  азарганы төл бөгөөд Бямбасүрэн уяачийнд олон хурд төрүүлсэн хэмээдэг. Монгол төрийн наадамд хоёронтоо цулбуур өргүүлсэн Унаган зээрдийн ах зээрд морь аймаг сумын наадамд хэд хэд түрүүлж айрагдсан хурдан буян бөгөөд нутаг орныхон нь анддаггүй юм билээ.
Зээрд азарга дааган цагаас эхлэн уягдаж, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадам болон Баян уулын тахилга наадамд тус тус түрүүлэн, шүдлэндээ Дэрэн сумынхаа наадамд түрүүлж, хязааландаа  Говьсүмбэр аймгийн наадамд магнайлж байсан хурдан буян. Харин соёолондоо Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ойд түрүүлж, давхар уяагаар Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярт очсон ч ханиадны улмаас уралдалгүй өнжиж байсан билээ.  2012 он гарсаар төрийнхөө их  баяр наадамд аман хүзүүдэн, “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд хүүхэдгүй түрүүлж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойд  аман хүзүүнд хурдалсан бол 2013 он гарсаар Дорноговь аймгийн Хутагтын хурд уралдаанд түрүүлж, төрийнхөө баяр наадамд гарсан цагаас өнгөлсөөр айргийн гуравт хурдалсан нь энэ юм. Хоёр жил дараалан төрийнхөө их баяр наадамд цулбуур өргүүлсэн зээрд азарганд моринд дуртай Монгол түмэн  Унаган зээрд хэмээн нэрийг хайрласан бөгөөд эзэд нь түүгээр нь нэршжээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна