Улсын начин Д.Лхагвадоржийг давсан нь ч, унасан нь ч цол ахидаг

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 12 -нд

МУИС-д сурч байхаасаа л бөхөд хорхойссон тэрээр 2002 онд өөрийн багш сумын заан Ж.Бандихүүтэй төрөлх сумынхаа наадамд үзүүрт үлдэн түрүүлж сумын заан болжээ. Түүнээс хойш хоёрхон жилийн дараа цэргийн арслан цол хүртэж тун ч удалгүй улсын начин хэмээх эрхэм цолны эзэн болж заан аавыгаа баярлуулав. Зүгээр ч нэг цол хүртсэнгүй улсын хүчит заан О.Одгэрэл, аваргуудыг айлгадаг улсын начин Д.Рагчаа нарыг орхин улсын цолтны их гэр бүлд багтжээ. Түүнээс хойш улсын баяр наадамд гурван ч удаа 4 давж цолондоо эзэн гэдгээ харуулсан. “Унана гэж барилддаг бөх байдаггүй болохоор учраа бүхэн хэцүү байдаг” гэж нэгэн том цолтой бөх хэлсэн байдаг. Тэгвэл Лхагвадорж начин “хэцүү” учраануудыг тун төвөггүй орхичихдог “гэмтэй”. Яагаад ингэж хэлж буйг бөхийг бие сэтгэлээрээ мэдэрдэг хүн бүр мэдэх лавтай. Гэхдээ мэдэхгүй заримд сануулъя хэмээн доорхийг сийрүүлэв.
2004 оны наадмын тавын даваанд у.н Д.Рагчаа, 2007 оны наадмын дөрвийн даваанд у.н Г.Эрхэмбаяр, 2009 оны наадмын хоёрын даваанд а.н П.Бүрэнтөгс, 2010 оны наадмын дөрвийн даваанд ц.а Ч.Санжаадамба, 2012 оны наадмын гурвын даваанд з.б Э.Оюунболд нар түүнд тахим өгчээ. Түүнд унасан хүмүүс одоо ямар цолтой яаж барилдаж байгаа бөхчүүд вэ гэдгийг бөх сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Тэгвэл тэр 2005 оны наадмын хоёрын даваанд а.а Д.Баасандоржид, 2006 оны наадмын тавын даваанд у.н Ц.Магалжавт, 2007 оны наадмын тавын даваанд у.з Х.Мөнхбаатарт, 2008 оны наадмын дөрвийн даваанд у.н Т.Амартүвшинд, 2009 оны наадмын дөрвийн даваанд дөрвийн даваанд у.н Т.Өсөх-Ирээдүйд, 2010 оны наадмын тавын даваанд у.з Б.Ганбатад, 2011 оны наадмын хоёрын даваанд а.н С.Ням-Очирт, 2012 оны наадмын дөрвийн даваанд у.н Л.Нямсүрэнд, 2013 оны наадмын хоёрын даваанд а.н Э.Элбэгбаярт тус тус өвдөг шороодсон. Түүнийг орхисон бөхчүүдээс хоёр нь тэр жилээ улсад түрүүлсэн бол нэг нь заан, гурав нь харцага болжээ. Үлдсэн гурвын нэг С.Ням-Очир хэмээх жүдоч залуу Лхагвадоржийг орхиж сүрхий шуугиан дэгдээж байсан тэрээр өнгөрсөн жил бүр илүү шуугианыг тарьж олимпийн хүрэл медаль хүртэж гавьяат тамирчин болсон билээ. Харин Нямсүрэн начны тухайд унаа холтой, хийцтэй, уран барилддаг сайхан бөх. Удахгүй цолоо ахиулж батлах ерөөлтэй болов уу. А.н Э.Элбэгбаярын хувьд ч улсын наадамд дөрөв давж байсан их бяртай, биеэ сайн сулладаг онцлогтой залуу. Тун удахгүй аймгийн арслан цаашлаад улсын цолд зүтгэх байлгүй. Ингэж хэлэх учир юун гэвэл у.н Лхагвадоржийг давсан нь ч, унасан нь ч цол ахидаг “уламжлалтай” шүү дээ.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна