Дарханы Болд буюу Даваадоржийн Болдбаатар

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 26 -нд

2005 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны 18 насны ангилалд алтан медалийг Дархан-Уул аймгийг төлөөлөн оролцсон Б.Болд, мөнгөн медалийг Сэлэнгэ аймгийн Б.Золбаяр, хүрлийг Төв аймгийн Ө.Даваадорж нар хүртсэн байдаг. Мөн дараагийн байруудад Ж.Бат-Эрдэнэ, Р.Пүрэвдагва, Б.Сангисүрэн нар шалгарч байжээ. Энд өгүүлж буй хүмүүс бүгд улсын өндөр цолд хүрцгээж ард олноо баясгаж барилдаж буй өнөө цагийн шилдэг бөхчүүд. Ө.Даваадорж бол мэдээж улсын харцага Өлзийбатын Даваабаатар. Сэлэнгийн Золбаяр агсны тухайд ард түмэн мэдэх учир олныг нуршаад илүүц буюу. Харин түрүү бөх Б.Болд гэж хэн бэ? Энэ хүн бол Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, ХЦ-ийн 0186-р анги, “Бүрэн цутгамал” компаний бөх аймгийн арслан Даваадоржийн Болдбаатар.
Анх сумынхаа наадамд жил дараалан түрүүлж сумын заан цол хүртэж, сумын заан цолоо батлаж байсан бол 2006 онд гурван ч сумын наадамд дараалан манлайлж “гайхуулж” байлаа. Тэр намраас дараа зуны наадам хүртэл бөхийн өргөөнд аймаг цэргийн цолтны барилдаанд урамтай сайхан барилдаж тухайн үеийн а.а Н.Ганбаатар, Б.Соронзонболд, Н.Батзаяа, Б.Ганзориг, О.Өлзиймөнх нарыг өвдөг шороодуулж шөвгийн найм, шөвгийн дөрөвт цөөнгүй үлдсэн дээ. Зуны наадмаар аймагтаа хүч үзэхээр явахдаа улсын баярт бүртгүүлээд амжиж. Аймгийнхаа наадамд Хужиртын Даваахүүгийн Цэвэлсодномыг орхин түрүүлж “аймгийн арслан” болов. Улсын баяр наадамдаа нэгэнт бүртгүүлсэн тул зорин ирж барилдаад нэгийн даваанд залуу бөхөөр давлаа. Харин хоёрын даваанд ид залуу Пүрэвжав харцагатай таарчээ. Харцагын хөлд хамж дайраад их л хялбархан шороодуулав. Харцагыг ийм доогуур унана гэж наадамчид ч тэр, харцага өөрөө ч тэр төсөөлөөгүй нь тодорхой. Гэсэн ч тухайн өдөр хэн азтай одтой, зоригтой барилдсан нь давдаг хойно доо. Харцагаар хоёр давсан залууг улсын арслан Ганбаатар амлаж тахим буулгав. Дөрвийн оноолтод нэг нутгийн ахмад аваргатай таарч төдий л хүч үзсэнгүй өвдөг шороодлоо.
Тэр наадмаас хойш бөх сонирхогчид түүнийг бүр ч илүү мэдэх болж “Энэ жил Өвөрхангайд түрүүлсэн юм гэнэ ээ. Наадмаар Пүүжээ харцагыг хаясан залуу шүү дээ.” гэхчилэн ярилцах нь дуулдах. Хойтон жилийн наадмаар хоёрын даваанд Хонгорын Давж.Батбаяртай таарч дархан зүүн этээнд нь тогтсонгүй. Дараа жил нь мөн л хоёрын даваанд Дорнодын Басгаадайн Батхуягт гуядуулж шороодов. 2009 оны наадмын өмнөхөн улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит аймаг цэргийн цолтны барилдаанд а.н П.Бүрэнтөгсийг дагуулж хөмрөөд тун чиг уран орхиод улмаар аймгийн арслан Шарын Мөнгөнбаатартай үзүүрт үлдэн түрүүлж бас ч “горьдлоготой” байгаа нь харагдаж байсансан.
2010 оны наадмаар Баян-Өлгий аймгийн арслан Х.Асенаар хоёр давав. Гурвын даваанд залуу начин Ж.Бат-Эрдэнэд амлуулж удтал хүч үзээд сонгосон барьцнаас мордож шороодуулав. Дөрвийн даваанд арал дүүрэн Баяржавхлан заантай таарч аргагүй арал, бяр дутаж шороодов. Наадмаас хэдхэн хоногийн дараа төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Авто тээврийн байгууллагын 85 жилийн ойн барилдаанд Болдбаатар арслан сайхан барилдаж 3-ын даваанд у.н Н.Бүрэнбаатар, 4-ийн даваанд у.з Ц.Мягмарсүрэн, 5-ын даваанд у.г Н.Ганбаатар, 6-ийн даваанд у.а Д.Азжаргал нарыг тус тус өвдөг шороодуулж залуу начин Содномдоржид унаж үзүүрлэсэн юм.  Энэ барилдааны 5-ын даваанд у.г Н.Ганбаатарыг зүүн хутгаж хаясан бол Азаа арслангийн баруун хөлийг шүүрч өргөөд давсан билээ. Цэнгэлдэхэд томчуудын барилдаанд үзүүрлэснээс хойш бөхийн өргөөнд аймаг цэрэгт нэг үзүүрлэв. Тэр барилдаанаас төдий л удсангүй 90 жилийн ойн наадамтай золгож 3-ийн давааны төгсгөлийн нугалаа буюу тунаанд Сүхбаатар аймгийн арслан Бо.Батжаргалтай таарч хөлд нь орж дэрлэж дараад давснаар улсынхаа наадамд гурав дахь удаагаа гурав давав. 4-ийн оноолтод дахин нэг Батжаргалтай таарч мөн давлаа. Ямартай ч өмнө нь хоёр удаа тулж ирээд даваагүй даваагаа давлаа. Тавын даваанд улсын цолтнууд амаа авсаар хамгийн сүүлд улсын начин Ц.Содномдорж нэр сонсохоор ирэв. “За байз яах вэ. Санги, Болдоо хоёрын нэгийг л авъя даа.” гэснээ “За за төвөг, Болдоог авчихъя” гээд эргэв. Өмнө нь наадамд биш гэлээ цэнгэлдэхийн зүлгэн дээр барилдаж үзсэн бөхтэйгээ дахин барилдахаар өрлөө, арслан маань. Нэлээн удаан хүч үзэж давхар золгооноос өвдөг шороодов. Ид сайн барилдаж буй шилдэг бөхөд амлуулж сайн барилдсанд нь баярламаар ч цолд хүрчихсэн бол гэж бодохоор л... Болдоо арслан нэгэн ярилцлагадаа “Жаргалсайхан, Содномдорж хоёртой л барилдаан таардаггүй” хэмээсэн байна лээ. Ортой л болов уу.
2012 оны хавар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах нутгаа дуурсгана барилдаанд ганц унаатай тэргүүлж явсан а.з Т.Баасанхүүтэй барилдаж өрөөлдөж суйлаад давснаар өмнөх цэргийн наадмаар унасан даагаа нэхэж амжив. Энэ жилээ улсын наадмаар гурвын даваанд Жаргалсайхан начинд амлуулж шороодлоо. Харин өнөө жил хоёрын даваанд дэндүү гэмээр харамсалтай уналаа даа. Гэхдээ яахав нас залуу наадам олон гэдэг дээ. Нээлтийн барилдаан дээр тун ч өнгөтэй аятайхан байна лээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна