“Уяачийн эрдэм” сургалт, зөвлөгөөн болов

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 18 -нд

Булган аймгийн “Булганхангай” МСУХ-ны “Уяачийн эрдэм” сургалт, зөвлөгөөн энэ сарын 16-ний өдөр зохион байгуулагдсан юм. Тус зөвлөгөөнд 14 сумын 126 уяач оролцлоо. Төлөөлөгчөөр ММСУХ-ны Ажлын албаны дарга Я.Болдбаатар, 2012, 2013 оны шилдэг уяач Т.Ихбаяр, Төв аймгийн уяач Сашкагийн Эрдэнэбат, “Монхорс” компанийн захирал, малын их эмч, уяач н.Эрдэнэдаваа, н.Нурбул, н.Дорж, Булган аймгийн "Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс"-ийн Хүүхдийн эрхийн мэргэжилтэн Б.Батмөнх нар хүрэлцэн ирсэн юм.
“Уяачийн эрдэм” сургалт, зөвлөгөөний үеэр ММСУХ-ны Ажлын албаны дарга Болдбаатар холбооны зорилго, цаашдын зорилт, мөн энэ сарын 8-нд хуралдсан ММСУХ-ны VI их хурлын талаар мэдээлэл хийлээ. Дараагаар нь Булган аймгийн “Булганхангай” МСУХ-ны тэргүүн А.Лхагвасүндэв салбар холбооныхоо 2013 онд хийсэн ажлыг дүгнэж, мөн цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар уяачидтайгаа санал бодлоо солилцов. Түүнчлэн “Морхорс” компанийн захирал н.Эрдэнэдаваа, н.Нурбул, н.Дорж нар хурдан морины эмгэг, уяаны засал, тус компанийн АНУ-аас импортолж байгаа хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны талаар танилцуулсан нь уяачдын сэтгэлд нийцэж байлаа. Мөн тэд хурдан морины нэмэлт тэжээл, витамин, орчин цагийн эмчилгээ, эмнэл зүйн талаар хичээл заасан юм. Үүгээр зогсохгүй Булган аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн мэргэжилтэн Б.Батмөнх хурдан морины хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартын талаар уяачдад танилцуулсан. Мөн “Миг даатгал” компанийн зүгээс ч хүүхдийн даатгалын талаар мэдээлэл өгөв. Дашрамд дурдахад, тус сургалт, зөвлөгөөнд оролцсон уяачид орчин цагийн уяаны арга барилын талаар илүүтэйгээр сонирхож байв.
“Уяачийн эрдэм” сургалт, зөвлөгөөний дараа буюу орой нь тус аймгийн “Булганхангай” МСУХ-ны шинэ жилийн цэнгүүн болж, тэд шилдгүүдээ тодруулжээ.

У.Энхмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна