Ахмад харваачдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 23 -нд

Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баяр ялгуусан  хэмээх модон морин жил гарч байгаатай холбогдуулан 2014 оны 1-р сарын 21-нд Үндэсний сурын  холбоо ахмад харваачдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ арга хэмжээнд 90 нас зооглож буй МУ-ын Гавьяат тамирчин, Гарамгай мэргэн А.Цэвээн, улсын мэргэн  Б.Сүхбаатар, Б.Батжаргал,  Б.Цэцэг,хүндэт мэргэн Б.Рэнчинханд , спортын мастер Б.Өлзийдэлгэр, Г.Санжаацэрэн,  Х.Борхүү, Г.Пүрэв, улсын мэргэн Балдандоржийн охин Жавзмаа, улсын мэргэн Ядамсүрэнгийн гэр бүл Жавзан нарын 60-аад ахмадууд хүрэлцэн иржээ. Энэ үеэр сурын холбооны дэргэдэх ахмадын зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, даргаар нь спортын мастер Б.Өлзийдэлгэрийг сонголоо.
Эрийн гурван наадмыг эх орон даяар сурталчилан таниулж яваа  олны унших дуртай хэвлэлийн нэг "Тод магнай" сэтгүүлийн газраас  энэ жил 84 нас сүүдэр зооглож буй спортын дэд мастер Чимиддорж, 79 настай Б.Бадамцэрэн нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.  Мөн энэ үеэр буриад сурын холбооноос А.Цэвээн Гавьяатад хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ жилийн ахмадын хүндэтгэлийн хүлээн авалтанд 1960,1970-аад оны үед сурын талбайд цэц мэргэнээ уралдуулж явсан цөөнгүй ахмдадууд шинээр хүрэлцэн ирсэн содон үйл явдал болж сонин сайхан хууч яриа өрнүүлэн байхыг  харах бахархалтай байсныг зориуд тэмдэглэн  хэлмээр байна. Сурын холбооноос хүлээн авалтанд ирсэн ахмад  харваачдадаа хадаг, тавгын идээ бэлэг болгон гардуулж, золгож буй модон морин жилдээ эрүүл саруул байж, залуу харваачдадаа сургаалиа айлдаж, уламжлалт соёлоо хадгалуулан хамгаалж явахыг хүсэн ерөөлөө.
 Энэ жилийн хүндэтгэлийн хүлээн авалт өргөн дэлгэр болж, ахмадууд маань уухайн дуугаа хадуулан буцацгаалаа.
П.Гарамдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна